Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Ж.Т,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тд холбогдох 1814000040227 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт Ж.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнийн 01 цагаас 02 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянбулаг рестораны гадна талбайд Х.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах үгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ж.Т нь 2017 оны 12 сарын 25-ны шөнө 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянбулаг рестораны гадна талбайд Х.Аг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Х.Агийн ... Баянбулаг буудлын үүдэнд Ж.Ттай би муудалцаад барилцаж аваад Ж.Т эхэлж намайг цохиод бид 2 харилцан цохилцсон. Ж.Т миний нүүр рүү 3-4 удаа цохисон байх. Тэгээд миний уруул хэгзэрч хүзүү бага зэрэг зулгарсан. Хүзүүний зулгаралт бол Т намайг заамдсанаас болсон байх. Ттай зодоо хийхээс өмнө миний биед гэмтэл учраагүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Гэрч *******ийн ... буудлын гадаа 3-лаа гарчихсан А, Т хоёр дээр доороо орчихсон зодолдож байсан ... Баянбулагаас гарч ирээд Ттай зодолдсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/,

Шүүгдэгч Ж.Ты ... 2017 оны 12 дугаар сарын 24-нд Сөүл ресторанд ардчилсан намын шинэ жил болсон. Тэгээд тэр шинэ жил тараад би гэртээ харьсан тэгж байхад Дүүрэнбилэг утсаар залгасан тэгээд Баянбулаг зочид буудалд очоод Дүүрэнбилэгт баяр хүргэж ганц шил архи Дүүрэнбилэг *******, ******* тэр гуравтай хамт уусан. Тэр үед *******тай би үл ялих зүйлээс болж хэрүүл хийсэн. Тэр үед ******* буюу А чи мөнгөтэй байж надтай харьцаарай гэж хэлсэн. Тэгээд доромжлоод байсан тэгж байгаад буудлаас гарч ирээд Атэй зодоо хийсэн намайг гарч ирээд цохисон одоо юу болсон талаар сайн санахгүй байна тэр үед би согтуу байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-77/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн ... Х.Агийн биед уруулд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Х.А, шүүгдэгч Ж.Т нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 97 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Ты үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Ты эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт Ж.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Ты цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Тд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Ты эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА