Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/189

 

2026           02            11                                                                        2026/ДШМ/189

 

 

    Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Гантулга,

шүүгдэгч Х.Г-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, М.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1800 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-, шүүгдэгч Х.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн 2202000560159 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Э-ийн Б-, ......., /РД:Э-/,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөлөөр суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дээрх 2 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн;

2. Б- овгийн Б-ын М-, ........, /РД:Б-/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 344 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

3. У- овгийн Х-гийн Г-, ....., /РД:Х-/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

1. Э.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н-” зочид буудлын 302 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй уутны хамт 0.4820 грамм, цэвэр жин 0.0305 жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн өдөр Н- УНЧ улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авсан гялгар ууттай жин 0.4524 грамм, цэвэр жин нь 0.1845 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-оос 8.000.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 7.6372 грамм, цэвэр жин нь 5.1306 грамм жинтэй 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

2. Б.М- нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бөмбөгөр” худалдааны төвийн орчим түүнээс 8.000.000 төгрөг авч, дээрх мөнгөний хариуд мөн өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,

3. Х.Г- нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэрэгт,

мөн өдөр үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.600.000 төгрөг бэлнээр авч, дээрх мөнгөний хариуд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.М-, Х.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт Э-ийн Б-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч У- овогт Х-гийн Г-, Б- овогт Б-ын М- нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 3 (гурав) жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-,  шүүгдэгч Б.М- нарыг 3 (гурав) жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 (дөрөв) жил 8 (найм) сар 12 (арван хоёр) хоногоор тогтоож, шүүгдэгч Э.Б-, Х.Г-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 292 (хоёр зуун ерэн хоёр) хоног, шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 497 (дөрвөн зуун ерэн долоо) хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Х.Г-ийн хүүхдүүд болох хүү Г.Б- (РД:Б-, 7 настай), Г.М- (РД:М-, 7 настай) нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байна. Энэ гэмт үйлдэл хэдий санаатай биш боловч надаар эцэслэн төгсөж, гэмт хэрэг болохоос урьдчилан сэргийлж, улмаар бусдын буруутай үйлдлийг дэмжихгүй байх боломж надад байсан гэдгийг би даанч хожуу ойлгож, ухаарч байгаадаа маш их харамсаж байна. Хэдий би нас биед хүрсэн ч өдий болтол хүнээ зөв олж нөхөрлөөгүй гэдгээ маш сайн ойлгож байна. Би бага насны 2 ихэр хүүхэдтэй, өрх толгойлсон ээж хүн. Энэ жил хоёр хүү минь сургуулийн босго алхаж, 1 дүгээр ангид орж байгаа. Хоёр хүүгийн минь ирээдүйд сурч боловсрон, ямар хүн болж төлөвшиж, хэн болох зэрэг амьдралынх нь чухал мөчид ээж хүний хувьд хамт байж чадахгүй байгаа минь юу юунаас ч илүү харамсалтай байна. Мөн би 2024 онд элэгний хатуурал болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэж оношлогдон 1 дүгээр эмнэлгийн хяналтад байж одоог хүртэл эмийн эмчилгээ хийлгэдэг. Миний хоёр хүүгийн минь алс ирээдүй болон биеийн байдлыг минь харгалзан үзэж, надад оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн үед гэртээ харих замд Б- ах залгаж “хаана явж байгаа юм, Бөмбөгөр худалдааны төвийн гадаа хүрээд ирээч” гээд бид хоёр уулзсан. Б- ах АТМ-с 5.000.000 төгрөгийг бэлнээр авч өөрт байсан 3.000.000 төгрөгийг нэмж, надад 8.000.000 төгрөг өгөөд харих замдаа бид хоёрын танил болох Х-ын дансанд хийгээд өгөөч гэсэн. Би Х-ын дансанд 8.000.000 төгрөг хийгээд Б- ахад хэлсэн. Би Б- ахтай Теди төвийн тэнд уулзаагүй. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө өөрийн оршин суух байрны гаднаас эрүүгийн цагдаа нарт баригдан байцаагдаж байх явцад Б-ын хэрэг 2022 оны 08 дугаар сарын дундуур миний хэрэгтэй нэгтгэгдэн шалгагдсан. Уг хэрэг нь мөрдөгчөөс прокурорт шилжих үед мөрдөгч, прокурор нар дуудаж уулзаад “чи Б-ын хэрэгт холбогдолгүй” гэж хэлсэн. Хэргийг 2 салгаж гарын үсэг зуруулан шүүх рүү шилжүүлсэн. Баянзүрхийн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар дахин татсан. Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байсан боловч намайг олдохгүй байсан гэх шалтгаанаар надад тухайн 2025/ШЦТ/1800 гэх тогтоолыг танилцуулаагүй. 2022 оны 12 сард хорих 461 дүгээр ангиас 417 дугаар ангид 1 жилийн хорих ялаа эдлэж байх үед 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Мөнгөнморьт сумын мөрдөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг танилцсан. Би хорих ангидаа ажил хөдөлмөр эрхлэн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шагналын 20 хоног авч, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 461 дүгээр хорих анги руу дуудлагаар ирэн энэ өдрөөс эхлэн 271 хоног цагдан хоригдсон. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Баянгол дүүргийн цагдан хорионы хурлаар 417 дугаар хорих анги руу буцаж үлдсэн 8 сар 15 хоногийн ялыг биеэр эдлэж 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 сар 29 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Энэ хэргийг нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх ёстой байтал хоёр тогтоол болгон үйлдэж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Прокурор тухайн хэргийг салгаж хоёр шийтгэх тогтоолоор шийдвэрлэж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 1 дэх хэсэг болгон өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би энэ хугацаанд маш их гэмшиж дахин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж, улс эх орондоо хувь нэмрээ оруулж амьдрах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны Эрүүгийн хуулиар урьд нь гэмт хэрэг үйлдсэнийг давтан гэж яллахгүй, ялтай байдал гэж байхгүй болсон. Хуулийн зорилт урьд нь үйлдсэн гэмт хэрэгтээ ял шийтгэл авч, ялаа эдэлсэн байхад дахин урьд гэмт хэрэг үйлдсэн гэж яллах нь шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би гэм буруутай үйлдэл дээрээ анхнаасаа огт маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн саад учруулж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй. Би М-той уулзаж 8.000.000 төгрөг Х- луу шилжүүлээд өг гээд мөнгийг нь өгсөн. М- өөрт байсан мөс гэх бодисыг надад өгөөгүй. Харин Х-аас надад мөсний байршлын зураг ирсний дагуу би мөсийг авсан. М- дүүгээ ийм гэмт хэрэгт татан оролцуулсандаа харамсаж байна. Мөн шүүхээс Э.Э-гийн өмчлөлийн “Mercedes Benz E200” загварын Н- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Би автомашиныг өөртөө мөс гэх бодис олж авахдаа унаж явсан. Тухайн бодисыг олж аваад машинаа “Н-” зочид буудлын зогсоолд байрлуулаад буудлын өрөөнд орж бодисоо хэрэглэж байгаад эрүүгийн цагдаа нарт баривчлагдсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэм буруугаа хүлээж байна. Иймд надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авсныг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч Э.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдал, хэргийн талаарх бодит байдлыг тогтоох ажиллагаанд дэмжлэг үзүүлж, улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч оролцсон. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан түүнд 3 жилийн хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Анхан шатны шүүх Э.Б-ыг урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж байсан гэдэг үндэслэлээр түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүх гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж, диспозицод заасан “олж авсан, хадгалсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт багтаж байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хорих ялыг багасгах боломжтой гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Н- УНЧ улсын дугаартай бенз загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 6.955.197 төгрөгийг шүүгдэгч Э.Б-аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор ... хөрөнгө, орлогыг албадан гаргуулна” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэж орлого олсон, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг худалдаж, орлого олсон үйл баримт байхгүй, худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл шүүгдэгч Э.Б-ын эхнэр Э.Э-гийн өмчлөлд байсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авна” гэж зохицуулсан. Тиймээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч О.СайнГ- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх хэргийг шийдвэрлэхэд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байсан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хэргийг дахин хянан хэлэлцэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрт дурдсан он, цаг хугацаанаас өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн учраас Б.М-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор байтал анхан шатны шүүх түүнийг дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдлийг шалгаж байгаа субъектүүд нь өөрсдөө үргэлжилсэн үйлдлийг нэгтгэхгүйгээр тус тусад нь шийдвэрлэж, шийтгэх тогтоол гарсны дараа 417 дугаар хорих анги буюу Мөнгөнморьтын хорих ангиас Хорих 461 дүгээр анги руу шилжүүлж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Б.М-ын үйлдлийг нэг мөрдөгч буюу мөрдөгч н.Сайнбаяр шалгаж, нэг прокурор хяналт тавьж байсан. Хэрвээ хэргийг нэгтгэж шалгасан бол миний үйлчлүүлэгч одоо ялаа эдэлж дуусах байсан. Энэ нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хуульд зааснаас бусад онцгой нөхцөл байдалд хамаарах болов уу гэж бодож байна. 4 дүгээр хавтас хэргийн 53 дугаар талд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан. Тус тэмдэглэлд “Э.Б-тай ... дугаарын утсаар холбогдох гэтэл авахгүй байна” гэж дурдсан. Э.Б- батлан даалтад гарч хэдэн сар болсны дараа энэ үйлдлийн талаар ярьсан. Миний үйлчлүүлэгч н.Х- гэдэг хүн рүү тухайн өдрөө 7.995.000 төгрөгийг шилжүүлж, өөртөө ямар нэг байдлаар ашиг олоогүй. Бусдад мөнгө дамжуулж гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр н.Х-ын Э- дугаартай дансны хуулгыг авахад яг энэ дүнгээрээ шилжиж орсон байдаг. Б.М- ашиг олоогүй, идэвхтэй үйлдлээр оролцоогүй, хатгалгаар энэ хэрэгт оролцсон. Миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө хөдөлмөр эрхэлж байсан. Тухайн үед ажиллаж байсан компани нь “цаашид ажиллуулъя, манай компанид менежер хийж байсан, ажиллуулж болохуйц зан суртахуунтай хүүхэд байсан” гэж захирал нь албан бичиг өгсөн. Шүүгдэгч эхээс хоёулаа, төрсөн дүү н.У-тай хамт амьдардаг байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын садан төрлийн тодорхойлолтууд авагдсан байдаг. /1-р хх 211, 4-р хх-8, 17, 52/ Шүүгдэгчийн дүү н.У- нь 6 сартай жирэмсэн. Б.М-ын эмээ н.Р- нь бусдын асрамжид байдаг, дүү нь төрчихөөр эмээг нь асрах хүн байхгүй. Шүүгдэгч тодорхой хугацаанд хоригдож, гэм буруугаа ухамсарласан гэж үзэж болохоор байна. Залуу хүн учраас хөдөлмөр эрхэлж, нийгэмших боломжоор хангаж өгнө үү. Хэдийгээр эрүүгийн хариуцлага нь шийтгэж, хариуцлага оногдуулах ч төр энэрэнгүй байх зарчмын үүднээс нийгэмшиж, хамт олонтой болж, гэр бүлээ халамжлах боломжоор хангаж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч өөрөө “тайлбар байхгүй” гэж байгаа боловч “надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөөч, энд удаан хоригдохоор хэцүү байдаг юм байна” гэж хэлсэн. Анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн зүйл ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-, өмгөөлөгч Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгчийг “Н-” зочид буудлаас баривчилсан. Анхан шатны шүүх ““Н-” зочид буудалд мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж үзэж, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулсан. Мөн тээврийн хэрэгслээс мансууруулах бодис олж, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсээс мансууруулах бодис авч, зарим хэсгийг тээврийн хэрэгсэлд үлдээж, зарим хэсгийг зочид буудалд авч орж хэрэглэсэн. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүхийн хэлэлцүүлэг болохоос өмнө шүүгдэгчийн эхнэр над руу залгаж “юу гэж ярих вэ” гэж асууж, “хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэрээр миний хэргийн зүйлчлэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, эдгээр хүмүүсийн хэргийн зүйлчлэл мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг байхад адилхан ял, шийтгэл оногдуулсанд гомдолтой байна гэдгээ хэлнэ” гэж байсан боловч яагаад сая “нэмж хэлэх тайлбар байхгүй” гэснийг мэдэгдэхгүй байна. Мөн 10 хоногийг дутуу тооцсон гэж хэлсэн. Өөрөө хэднээс хэдний хооронд хоригдсон гэдгээ мэдэж байгаа учраас 10 хоногийн асуудлын талаар дурдаарай гэж хэлсэн боловч дурдсангүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй гэдэг үндэслэлээр хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан. Анхан шатны шүүх 6.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эд хөрөнгө хураасантай холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Х.Г- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр Х.Г- гэртээ хүүхдээ харан ямар нэг гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлгүй байхад шүүгдэгч Э.Б- түүнийг дуудаж, “...чамд таньдаг хүн байгаа гэж байна. Чи яаж, ийж байгаад хямд үнээр ахдаа олоод өгөөч” гэж гуйн хүнтэй холбон 10 дугаар хороолол руу машинаар авч яван, мөнгийг нь дамжуулж өгч, олсон. Хоёр дахь удаагаа Х.Г-ээр мөнгийг нь дамжуулсан боловч түүнийг буулган, буцаж очин мансууруулах бодис авсан болох нь тогтоогддог. Х.Г- энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч, “тухайн үед татгалзаж, гэмт хэргийг таслан зогсоох боломжтой байсан боловч таслан зогсоолгүй, гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзнэ үү. Х.Г-ийн өндөр настай ээжийн асрамжид түүний 2 хүүхэд байгаа боловч төрсөн эх шиг нь асарч, хайрлах нөхцөл байдал хязгаарлагдаж байгааг илэрхийлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эрүүл мэндийн байдалтай холбоотой эмчийн хяналтад байдаг, чихрийн шижин, элэгний вирустэй талаарх баримт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтыг гаргаж өгсөн. Улсын дээд шүүхээс “яагаад Х.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлсэн бэ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх баримт, үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хэргийг буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Х.Г- өвчтэй, өрх толгойлсон ганц бие эх болох баримтууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбарууд авагдсан байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн гэж үзсэнд гомдолтой байна. Эдгээр баримтуудыг үндэслэж түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн хувьд “Э.Б- нь Х.Г-, Б.М- нараас бага ял авах ёстой” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хэргийн зүйлчлэл хөнгөн боловч энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдлыг бүх шатны шүүх хянаж байгаа. Гэртээ гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлгүй байсан хүнийг дуудаж, гэмт хэрэгт татан оролцуулчихаад яагаад би энэ хүнээс бага ял авах ёстой гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. ...” гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарын өмгөөлөгчид “хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураасан нь үндэслэлгүй” гэдэг агуулгаар давж заалдах гомдол гаргаж, тайлбарлаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсныг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шийдвэрлэсэн” гэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг хамааруулж үзээгүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч Э.Б- урьд энэ төрлийн гэмт хэргийг 3 удаа, шүүгдэгч Х.Г- мөн нэг удаа үйлдэж байсан. Шүүгдэгч Б.М- энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн боловч гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тохирох ялыг оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй. Мөн “тээврийн хэрэгслийг хураасан нь үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгслийг ашиглаагүй, тээврийн хэрэгсэл зочид буудлын гадаа байсан” гэж тайлбарлаж байна. Э.Б- тухайн тээврийн хэрэгслээр Х.Г-, Б.М- нартай очиж уулзан мансууруулах бодис худалдан авч, буцаж зочид буудалдаа ирсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг Э.Б-аас гаргуулсан нь үндэслэлтэй. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцэж, “шүүгдэгч Х.Г-, Б.М- нар шүүгдэгч Э.Б-д сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэм буруутайд тооцсон боловч шүүхэд үүрэг болгосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийгээгүй байна” гэж үзсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Г-ээс 3.100.000 төгрөг, Б.М-оос 8.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Б.М-, Х.Г-, Э.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ-, шүүгдэгч Х.Г- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н-” зочид буудлын 302 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн өдөр, Н- УНЧ улсын дугаартай Бенз загварын тээврийн хэрэгсэлд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.Г-ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авсан хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б.М-оос 8.000.000 төгрөгөөр худалдан авсан 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.М- нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн баруун талд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 5.1306 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д 8,000,000 төгрөгөөр худалдсан гэмт хэргийг,

шүүгдэгч Х.Г- нь 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Э.Б-д “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт түүнээс 1.500.000 төгрөг бэлнээр авч, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.8 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэргийг

мөн өдөр, үргэлжилсэн үйлдлээр Э.Б-аас 1.600.000 төгрөг бэлнээр авч, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн талд 0,1845 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Д.Г-ын “...манай буудлын 302 тоот өрөөнд байрлах эрэгтэй хүн 20 гаруй хонож байгаа. Эмэгтэйг нь өнөөдөр л анх удаа харж байна. Өмнө нь ирж байсан эсэхийг мэдэхгүй. ...3-4 хоноод өрөөгөө солиод байх шиг байдаг. ...” /1хх 185-186/,

гэрч Ш.З-гийн “...буудлын өрөөний ширээн дээр байсан мөс гэх бодис нь Б-ынх. Түүнийг Б- 2022 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед буудлаас гараад 23 цагийн үед буцаж орж ирэх үедээ авчирсан. Бид хоёр хамт хэрэглээд юм яриад сууж байх үед гаднаас энгийн хувцастай цагдаа нар орж ирээд барьсан. ...” /1хх 188/,

гэрч А.Г-ын “...Б- ахыг цагдаад баригддаг өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би мөн гэрээсээ цагдаад баригдсан. Гэртээ шавар гэх мансууруулах бодис хадгалсан байсан учраас шалгагдаж байгаа. Б- ахын тухайд өмнө нь хүнээс худалдан авсан “мөс” гэх бодис хадгалж байгаад баригдсан байсан. Цагдаад баригдахаас нэлээд хэд хоногийн өмнө Б- ах намайг 19-ийн үйлчилгээний төвийн ардаас машинтайгаа ирж аваад бид хоёр замаараа Г-ээ гэх эмэгтэйг Мишээл экспо төвийн эсрэг талаас замын хажуугаас авсан. Б- ах Г-ээтэй “мөс” гэх бодис худалдан авах талаар болон олдох талаар асууж, Г-ээ "олдоно, 10 дугаар хороолол руу явъя” гээд хамт явсан. Замаараа Барс захын эсрэг талаас О- гэх залууг авч 4-үүлээ 10 дугаар хороолол орж автобусны буудлын хойд талд зогсож Б- ах бэлэн мөнгө өгсөн, хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Г-ээ машинаас буугаад удалгүй буцаж ирээд гялгар ууттай мөс гэх бодисыг Б- ахад өгч тэндээсээ хөдлөөд нэг байрны хажууд очиж Г-ээ, Б- ах хоёр мөсөө хэрэглэсэн. ...Б- ах Г-ээгээс авсан мөсөө хэрэглэж үзээд дахиж авахаар болоод Андуудын автобусны буудлын замын урд очиж Г-ээ Б-гаас дахин бэлэн мөнгө аваад машинаас бууж мөс авчирч өгөөд Г-ээг Нарны гүүр даваад гэрлэн дохио өнгөрч буулгаад, би гэрийнхээ гадаа бууж үлдээд Б- ах явсан. Түүнээс хойш цагдаад баригдах хүртлээ уулзаагүй. ...” /1хх 190-191, 3хх 64/,

Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М-той утсаар холбогдож уулзаад “мөс” олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч, хамт явж Бөмбөгөрийн АТМ-аас 8 сая төгрөгийг данснаас бэлнээр авч М-од өгсөн. М- мөнгө аваад салаад явсан. 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй “мөс” гэх бодис авчирч өгсөн. Хэнээс авсан талаар асуухад Турк-д байдаг Хосоо гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж, бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн. Би саарал өнгийн жинг 45,000 төгрөгөөр худалдан авч явж байсан учраас М-оос “мөс” гэх бодисыг авахдаа жинлэж авсан, ууттайгаа 7 грамм орчим байсан. Би өөрөө хэрэглэсэн, үлдсэн нь өнөөдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үеэр хураагдсан. Машинаас илэрсэн олон жижиг уутны хамт хийсэн мөсийг би Г- буюу 60-н Г-ээ гэх хочтой эмэгтэйгээс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1.5 сая төгрөгөөр 0,8 грамм, мөн 1,6 сая төгрөгөөр 2 удаа худалдан авсан. ...Г- гэх таньдаг дүүгээ дагуулж 19 дүгээр хороололд байх гэрийнх нь хойд зам дээрээс, замаараа М-ыг авч 4-үүлээ 10 дугаар хорооллын автобусны замын хойд талын буудал дээр очиж Г-ээг буулгаад удалгүй Г-ээ буцаж ирээд “мөс” гэх бодисыг өгч байсан. ...Г-, М- нар мэдэж байгаа. ...” /1хх 239-241, 3хх 73-75/ гэсэн мэдүүлгүүд,

“...Шинжилгээнд ирүүлсэн “1”, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар гуурс, өнгөгүй гялгар уут, “4” гэж дугаарласан зиплок гялгар уут тус бүрээс метамфетамин илэрсэн. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2550 дугаартай дүгнэлт /1хх 194-196/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “1" гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан “Лидокайн” гэх бичиглэлтэй тарианы шил мэт зүйл тус бүрээс метамфетамин илрэв. ...Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2551 дүгээр дүгнэлт /1хх 202-204/,

“...“Э.Б- Э- 2022.05.03" гэж хаягласан шээснээс метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаардаг. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2597 дугаартай дүгнэлт /1хх 210-211/,

“...Э.Б- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй. ...” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 560 дугаартай дүгнэлт /1хх 222-224/,

Э.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад OBPT илэрсэн гэх тест ашигласан тухай тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 154-156/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 136-143/, “Mercedes-Benz Е200” загварын Н- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлтүүд /1хх 144-149/, “Mercedes-Benz Е200” загварын Н- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ /1хх 226-231/, Э.Б-, Б.Х-, Б.М- нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх, 120/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Б-ын “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Х.Г-, Б.М- нарын “мөс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримталж тээврийн хэрэгслийн үнийг гаргуулсан нь үндэслэлгүй, ... хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...”, шүүгдэгч Х.Г- “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.М- болон түүний өмгөөлөгч О.СайнГ- нар  “...хэргийн үйл баримттай зүйлчлэл тохироогүй, эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

1. Шүүгдэгч Э.Б- нь гэм буруу дээр маргаагүй боловч анхан шатны шүүхээс Э.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу түүний “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр шүүгдэгч Б.М-оос 8.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Х.Г-ээс 3.100.000 төгрөгөөр худалдан авч, буудлын өрөө, тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдон хорих ялаар шийтгүүлж байсан, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа бусдыг гэмт хэрэгт татан оролцуулсан, өөртөө дүгнэлт хийгээгүй зэрэг хувийн байдал, шүүгдэгч Б.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Б-д 8.000.000 төгрөгөөр худалдсан, түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч Х.Г-ийн  “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 3.100.000 төгрөгөөр Э.Б-д худалдсан болон түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, бага насны 2 хүүхэдтэй, ар гэрийн байдал, Б.М-, Х.Г- нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон хорих ялаар шийтгүүлж байсан хувийн байдал, шүүгдэгч нар эдгээр үйлдэлдээ дүгнэлт хийлгүйгээр дахин мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл заалтад зааснаар тус бүр 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд тэдгээрт оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүгдэгч Б.М- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж /4хх 44-52/, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. /5хх 115/

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нууц далд аргаар, илрүүлэх боломжгүй нөхцөл байдлаар үйлдэгддэг ба тогтооход хүндрэлтэй, удаан хугацааны турш гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагаагаар шалгагддаг бөгөөд тэрээр энэ гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өөр гэмт хэрэгт хорих ялаар шийтгүүлж, тухайн ялаа эдэлж дууссан тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргүүдийг нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх асуудал хөндөгдөхгүй болно.

Түүнчлэн анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Б.М- өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/1665 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар /4хх 44-52/ шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 29 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд уг хугацаа дууссан. ...” талаар хийсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох:

- Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М-той утсаар холбогдож уулзаад мөс гэх бодис олдох талаар асуухад “8 сая төгрөгт 7 грамм мөс олоод өгье” гэхээр нь зөвшөөрч 8 сая төгрөг авч М-од өгсөн. М- мөнгө аваад салаад явсан. 2 цаг орчим болоод надад гялгар уутанд боосон 7 грамм хэмжээтэй мөс гэх бодис авчирч өгсөн. Хэнээс авсан талаар нь асуухад Турк-д байдаг Хосоо гэх найз руугаа мөнгийг нь шилжүүлж, бодисоо нэг газар тавиулаад авсан гэж хэлсэн. ...” /1хх 239-241/,

- гэрч Ш.З-гийн “...21 цагийн үед Б- хүнтэй утсаар яриад “найз нь гарч хүнтэй уулзчихаад буцаад ирье” гэхээр нь “хамт гаръя" гэхэд “удахгүй ороод ирнэ, түр зуур хүлээж байгаач” гэсэн тул өрөөнд нь ганцаараа үлдсэн. 2 цаг гаран болоод буцаж ирснийхээ дараа жижиг гялгар ууттай мөс гэх бодисыг гаргаж ирээд, хамт хэрэглэсэн. ...” /1хх 188/ гэх мэдүүлгүүд, дансны хуулга зэрэг нотлох баримтаар Э.Б- нь Б.М-оос “мөс” гэх бодис олдох талаар асууж, тухайн өдрийнхөө орой Э.Б-тай хамт явж түүнээс 8,000,000 төгрөг авч, 7 грамм “мөс” гэх бодисыг Э.Б-д өгсөн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хэдийгээр өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч шүүгдэгч, гэрч нарын хоорондоо уялдаатай үйл баримтыг зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэх боломжтой бөгөөд Э.Б-ын яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогджээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон Б.М-ын Э.Б-д хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар худалдсан гэх үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж буй шүүгдэгчийн үйлдлийг “хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

Тухайлбал, Б.М-од 8.000.000 төгрөгийг өгсний дараа С.Б- нь сэтгэцэд нөлөөт бодисыг түүнээс авсан байх бөгөөд энэ нь тодорхой үнэ өртгөөр дээрх эд зүйлийг худалдах болон худалдан авч буй явдал мөн тул төлбөрийг хүлээн авсан шүүгдэгчийн үйлдлийг уг гэмт хэргийн “худалдсан” шинжид хамааруулан үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчийн өмчлөх эрхийг хязгаарлах, хориглох байдлаар эд хөрөнгийн гарз, хомсдол үүсгэж, таагүй үр дагавар бий болгож буй цээрлэл юм.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь түрээсийн болон бусдын өмчлөл, барьцаанд байгаа эсэхээс үл хамаарч тухайн хөрөнгийг үнэлж болохуйц, мөнгөөр илэрхийлэгдсэн тохиолдолд уг үнийн дүнгийн хэмжээгээр хураан авч улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн 4.а)-д “Тал бүр 1 дэх хэсгийн дагуу тогтоосон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэргийн ноцтой шинж байдлыг харгалзан хорих, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасах, торгох болон хөрөнгө хураах ял оногдуулахаар зааж болно” гэж тус тус заасантай нийцэх учиртай.

Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Н- УНЧ улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн автомашинд нэгжлэг хийсэн тэмдэглэлд “...Машины хаалгыг Э.Б-д байх машины түлхүүрээр нээн, дотор хэсэгт үзлэгийг явуулахад машины урд голын хайрцагнаас хар болон саарал өнгийн 2 ширхэг гар жин, машины зүүн талын урд хаалганы хавтаснаас гадуураа хар өнгийн гялгар цаасаар ороосон, дотроо гялгар /өнгөгүй/ цаасаар ороосон “мөс” мэт бодис байсныг машинаас хураагдсан гар жин дээр жинлэхэд 7.5 грамм жинтай байв. ...Мөн ёроол хэсэгтээ “мөс” мэт бодистой, зиплок түгжээ бүхий уут байсныг жинлэхэд 0.03 грамм байв...” гэж бичигдсэн байна.

Шүүгдэгч Э.Б- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй бодисыг Н- УНЧ улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгсэл дотор хадгалсан, тэрээр тухайн бодисыг хадгалахдаа уг тээврийн хэрэгслийг өөрөө ашиглаж байсан тул гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ.

Харин Н- УНЧ улсын дугаартай “Мерседес Бенз” маркийн тээврийн хэрэгсэл нь Э.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй тул үнэлгээгээр тогтоосон үнэ 6.955.197 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд нарын “...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг баримталж тээврийн хэрэгслийн үнийг гаргуулсан нь үндэслэлгүй, ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Б.М-, Х.Г- нар нь шүүгдэгч Э.Б-д худалдсан гэм буруутайд тооцсон боловч шүүхэд үүрэг болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Г-ээс 3.100.000 төгрөг, шүүгдэгч Б.М-оос 8.000.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд, шүүгдэгч Х.Г-, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.М-, Х.Г-, Э.Б- нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 204 хоног цагдан хоригдсон байгааг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1800 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ээс 3.100.000 төгрөгийг, шүүгдэгч Б.М-оос 8.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, Г.Энхболд, шүүгдэгч Х.Г-, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч О.СайнГ- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Х.Г-, Э.Б- нарын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 204 /хоёр зуун дөрөв/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Л.ГАЛБАДАР

 

ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН