Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 311/ШШ/2026/00216

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан, ......... баг, ........... гудамж ... тоот хаягт оршин суу, .....овогт ........ын ..............ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал болон П..........тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д..........шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 оны 1 сарын 1-нээс эхлэн Завхан аймгийн ..........сумын ........... бригадад аав ...........ын хамт мал маллаж байсан. Тэгээд 1990 онд гэр бүл болж тусдаа гарч нөхөр ...............гийн хамт 1993 оныг дуустал мал малласан юм. Энэ талаар баримтгүй болоод шүүхэд хандаж байна. Мөн анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх хугацаанд ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан. Энэхүү шаардлага дээрээ нэмж намайг ..........тай 1990 оны 8 сарын 23-ны өдрөөс 2005 оны 1 сарын 17-ныг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмж байна. Учир нь бид хоёр хурим найраа 1990 оны 8 сард хийчихсэн байсан бөгөөд хөдөө мал маллаж байсан учраас гэрлэлтээ тухайн үед бүртгүүлж чадаагүй, түүнээс хойш мартагдаж явсаар 2005 онд бүртгүүлсэн юмаа. Иймд миний хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д...........ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д............. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал, мөн хуулийн 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай шаардлага гаргах эрхтэй болно.

Тэрээр 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл,

-мөн 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл  Завхан аймгийн .......... сумын ...........бригадад малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ........... сумын .......... ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Аймгийн архивын тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/686 тоот лавлагаа, мөн архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/667 тоот лавлагаа, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын Завхан аймгийн ..........сумын ......... 70-р дансны баримтууд, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/1636 дугаартай Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын /өрхийн хуудас/ баримтад “.............. ........., 18 настай, эмэгтэй, байнга суудаг, хоньчин...” гэх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “............., ...........  нэгдэл .......... бригадад хоньчин, 1986 он...” гэх баримт, мөн хаягийн хуудас №7 баримт, уг баримтын 10-т “........... сумын ............ бригадад малчин, 1987.02.07...” гэх баримт,

нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч Г...........гийн өгсөн мэдүүлгийн: “...Би Завхан аймгийн ............ сумын ............ нэгдлийн ...........бригадад 1983 оноос хойш бригадын дарга, мал зүйч хийж байхад Д........... аав, ээжийн хамт тус нэгдэлд мал малладаг байсан. ...хэдэн онд гэр бүл болсныг сайн санахгүй байна. ..........тай гэр бүл болсон юм. ...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Хэдийгээр Завхан аймгийн .......... сумын ............ нэгдлийн 1986, 1987 онуудын цалингийн картад нэхэмжлэгчийн нэр дээр тооцогдсон хөлс байхгүй, харин түүний эцэг ..........ын нэр дээр хөлс тооцсон байх бөгөөд тухайн үед аав, ээжийн хамт мал маллаж, дээрх онуудын цалин өрхийн тэргүүлэгч дээр бичигддэг байсан талаар нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул дээрх лавлагаа болон баримтуудыг Д.........ын мал маллаж байсныг нотолсон баримт гэж үзсэн болно.

Мөн нэхэмжлэгч ..........ын ........., .........ийн ......... нар нь 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хуримаа хийж, 2005 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний дундаас 1988 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин ........ын ........., 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү .........ын ............р, 2004 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин ........ын ........ нарын төрсний бүртгэлийн лавлагаанууд, Завхан аймгийн ........сумын ........ багийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ....... тоот тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг П.........тай хамтын амьдралтай байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д...........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ......... овогт ..........ын ..............ыг  1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл,

-мөн 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл  Завхан аймгийн ......... сумын ........... нэгдлийн ......... бригадад малчнаар,

-1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ..........сумын ........... ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14 дэх заалтыг баримтлан .........овогт ..........ын ........., ...... ........... овогт ...........ийн ........ нарыг 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2005 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д...........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ