| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00446/И |
| Дугаар | 315/ШШ2025/00353 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 315/ШШ2025/00353
2025 10 02 315/ШШ2025/00353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүгээр багт оршин суух, *******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 9 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие 1981-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд ажиллаж байсан бөгөөд 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж Ардын намын 152-р цэргийн ангид цэргийн алба хаагаад 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Цэрэгээс халагдаж ирээд Дарьганга нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эргэн орж 1990 оныг хүртэл ажилласан. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байгаагийн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн алба хаасан лавлагаа, хувьсгалт залуучуудын эвлэл, 1982 оны баярын бичиг, 1989 оны фото зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. ******* нь 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл,
*******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар,
1981 оны 6 дугаар сарын 17-нд *******д олгосон Хөдөө аж ахуйн нэдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр,
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2025 оны 02 дугаар сарын 04-ний 08/652 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
*******ийн 447879 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх,
1982 оны баярын бичиг, 1989 оны фото зураг,
Гэрч *******ын ...Би 1987 оны 6 сард Дарьганга суманд намын үүрийн даргаар очоод 1992 оны 4 сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд Дархан хүү. Би сайн таньдаг. Нэгдлийн туслах үйлдвэрт ажилладаг. Мөн трактор барьдаг, хөдөө гадаа бараа материал зөөдөг, малын ноосонд явах, өвс зөөх гэх мэтээр нэгдлийн ажил хийдэг хүн байсан. Нэгдлийн туслах үйлдвэрт ажилладаг, шаардлагатай ажилд томилогдон явдаг хэсэг залуучууд байсан. Тэдний нэг. Хөдөө гадаа явах, хашаа хороо барих зэрэг ажлыг нь удирдах ажилтны хувиар шалгах зэргээр уулздаг байсан. Сайн танина.Нэгдлийн туслах үйлдвэрт тракторын жолооч байсан. Хөдөө гадаа явж хашаа хороо барих, өвс зөөх гэх мэт ажилд явдаг байсан. Дуулгавартай залуу байсан гэх мэдүүлэг,
Гэрч*******ын ...Манай нутгийн хүүхэд. Бид нар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хүмүүс. Нэг газар ажиллаж байсан. Би мал маллаж байсан. Сүүлд бригадын тоо бүртгэгч, сүүлд нэгдлийн аж ахуйн эрхлэгч, нярав байсан. 1981 оноос нэгдлийн аж ахуйн эрхлэгч, нярав. Тэр үед цэргээс халагдаж ирээд 1988, 1989 онд нэгдлийн туслах бригадад ажиллаж байсан. Бүхий л зүйлд туслах ажил хийдэг байсан.1988-1990 оныг хүртэл туслах бригадад ажиллаж байсан. Хадлан, трактор, өвс гэх мэт бүхий л ажилд тусалдаг хүн байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 17-нд Дондов овогтой / 1965/-д олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн мэдээлэл нь нэхэмжлэгч *******-ийн иргэний үнэмлэхтэй тохирч байх ба дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн 1 дугаарт 1981 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс Баотлга хашааны бригадад ажилчнаар томилсон бөгөөд уг дэвтэрт 1987- 1990 онуудад авч байсан цалин хөлс бичигдэж тэр үеийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажжээ.
*******ийн Монгол хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүн байсан ба 1988 оны 6 дугаар сараас цалин хөлснөөсөө уг байгууллагад татвар төлж байсан нь түүнд олгосон 447879 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхээр нотлогдоно.
6. Иймд хэргийн дээрх баримтаар нэхэмжлэгч Очир овогт /ЛГ 65071311/-ийн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан нь нотлогдох тул энэ хугацааны ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч *******-ийн 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Дарьганга нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН