Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 315/ШШ2025/00343

 

 

 

2025 09 24

315/ШШ2025/00343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, *******,

Хариуцагч:*******,******* гэх хаягт оршин суух, ******* холбогдох,  

Гэм хорын хохиролд 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв рүү өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашинаараа явж байхад 22 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд Дөтлүүрийн даваа уруудаад явж байхад гэнэт түс гээд машиныг минь араас маш хүчтэйгээр мөргөсөн. Ухаан алдаад сэрэхэд эмэгтэй хүн хаалган дээр ирчихсэн зогсож байсан. Цагдаа ослыг шалгаад улсын дугаартай Тоёота клугер маркийн автомашиныг жолоодож явсан *******гийн буруутай үйлдлийн улмаас уг осол болсон гэж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. ******* нь миний эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээний дагуу төлж барагдуулсан. Гэвч одоо миний толгой байнга маш ихээр өвдөж байгаа учир удаа дараа эмчилгээ хийлгэж, өвчин намдаах эм тариа байнга хэрэглэж байгаа. Цаашид MRI шинжилгээ өгөх шаардлагатай байна. Мөн анх автомашинаа 28,000,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо энэ машиныг зарахад дээрх ослын улмаас үүссэн хохирлоос болж зах зээлийн ханшнаас 5,000,000 төгрөгийн доогуур үнэлгээгээр зарагдахаар байна. Иймд *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас надад учирсан хохирол буюу эмчилгээ, шинжилгээ, замын зардал 1,500,000 төгрөг, автомашинд учирсан хохиролд 4,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг гарсан үед хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол болон унаа тээврийн зардалд гарсан хохирол нийт 5,000,000 төгрөгийг барагдуулсан...гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг зарах гэхээр үнэлгээ нь 5,000,000 төгрөг буурч байгаа, MRI шинжилгээ хийлгэх төлбөр зэргийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж ойлгосон. Хариуцагч ******* тухайн үед 5,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 5,000,000 төгрөг шилжүүлсний үндсэн дээр тухайн үеийн осол нь зөрчлийн хэрэг учраас сайн дураараа эвлэрсэн. Та өөрөө ч гэсэн мэдүүлэг өгөхдөө би эмчид үзүүлэхгүй гээд зам тээврийн осолд нь 100,000 төгрөгөөр торгоод хэргийг шийдвэрлэсэн юм байна. Тухайн үед гэмтлээ үзүүлээд явсан бол энэ хэрэг одоо иргэний журмаар биш, эрүү, зөрчлийн журмаар шийдвэрлэгдэх боломжтой байсан. Тухайн үед энэ талаар нэхэмжлэлээ гаргаагүй юм байна. Өмнө нь эмчид үзүүлэхгүй гэснээ сүүлд нь эмчид үзүүлнэ гээд байгаа нь аваарын дараагийнх юм уу, хэзээнийх гэдгийг мэдэхгүй. Одоо MRI-д харуулна гэдэг таны шаардлага өмнө нь хийх ёстой байсан зүйлээ хийгээгүйгээс одоо үүнийг хүлээж авах нь хууль зүйн талаасаа харахад боломжгүй гэж үзэж байна. Тухайн аваарын үед бүх баримтаа гаргаж өгөх ёстой байсан. Жилийн дараа гаргаж байгаа нь үнэхээр аваараас болсон юм уу, өөр журмаар юм уу гэдгийг мэдэхгүй. Аймгийн нэгдсэн эмнэлгүүд дээр MRI үнэ төлбөргүй хийдэг гэсэн. Таны ярьж байгааг сонсохоор эмнэлэгт ажилладаг гэж байна. Тийм боломж байдаг юм уу үгүй юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Танд өмнө нь 5,000,000 төгрөг, буудлын мөнгө гэж 200,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөг танд өгсөн байна. Үүнээс үзэхэд машинаа засуулж, MRI-д харуулах хэмжээний мөнгө өгсөн байна. MRI-д ороход 1,500,000 төгрөг биш, 800,000 төгрөг байдаг. Машинаа зассан юм уу, үгүй юм уу гэдэг нь тодорхой биш байна гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, амулаториор эмчлүүлэгсдийн карт, тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын үеийн фото зураг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Вендо ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтын магадлагаа, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт тайлбар мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл, түргэн тусламжийн дуудлагын хуудас, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудас, торгуулийн төлбөр төлсөн баримт, бензин авсан болон эм, тариа авсан баримт, *******гийн хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас хариу тайлбар, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч *******гаас хариуцагч *******д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь анх автомашинаа 28,000,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо энэ машиныг зарахад дээрх ослын улмаас үүссэн хохирлоос болж зах зээлийн ханшнаас 5,000,000 төгрөгийн доогуур үнэлгээгээр зарагдахаар байна. Ослын улмаас миний толгой байнга өвдөж байгаа учир удаа дараа эмчилгээ хийлгэж, өвчин намдаах эм тариа байнга хэрэглэж байгаа. Цаашид MRI шинжилгээ өгөх шаардлагатай байна. Иймд *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас надад учирсан хохирол буюу эмчилгээ, шинжилгээ, замын зардал 1,500,000 төгрөг, автомашинд учирсан хохиролд 4,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Хариуцагч ******* тухайн хэрэг гарсан үед *******гийн автомашинд учирсан хохирол болон унаа тээврийн зардалд гарсан хохирол нийт 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг Дөтлүүр гэх газар Тоёота клүгер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад *******гийн жолоодож явсан Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж *******гийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол,

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл,

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын үеийн фото зураг,

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Вендо ХХК-ийн авто машины техникийн үнэлгээний тайлан,

2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэлийн хуудас, зохигчийн тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. /хх-1-8, 11-16, 33 х/

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч ******* нь тус гэмт хэргийн улмаас түүний эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

6. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Вендо ХХК-ийн *******гийн Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн тайлангаар авто машины эвдрэлийн үнэлгээг 4,557,500 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг төлбөрийг ******* нь хаан банкны тоот данснаас 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 5360295009 тоот дансанд 2288 СҮЭ 80223335 гэсэн утгатайгаар 5,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

8. Харин нэхэмжлэгч *******гаас осолд орсон өөрийн Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай машиныг 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо энэ машиныг зарахад ослын улмаас болж зах зээлийн ханшаас 5,000,000 төгрөгөөр доогуур үнэлгээгээр зарагдахаар байна гэж хариуцагч *******гээс автомашинд учирсан хохирол 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

9. Хариуцагч *******гийн, *******гийн жолоодож явсан Тоёота Приус 30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөргөж хохирол учруулсан үйлдэлд Төв аймгийн Цагдаагийн газраас зөрчлийн хэрэг үүсгэн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Шийтгэлийн хуудсаар Зөрчийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар холбогдогч *******д 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн,

холбогдогч *******гээс Вендо ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон үнэлгээний дагуу автомашинд учирсан 4.557.500 төгрөгийн хохиролд 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэргийн баримтаар нотлогдоно.

10. Харин нэхэмжлэгчээс *******гаас өөрийн Тоёота Приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Дамно ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд уг үнэлгээгээр Тоёота приус-30 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд монголд орж ирсэн ижил төрлийн автомашин нь 2025 оны 6 дугаар сарын байдлаар 17,000,000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд *******гийн автомашины хувьд элэгдэл хорогдлоос шалтгаалан 14,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэх дүгнэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгч *******гаас өөрийн хохирогчоор тогтоогдсон зөрчлийн хэрэгт автомашины талаар гарсан Вендо ХХК-ийн гаргасан 4.557.500 төгрөгийн үнэлгээг эс зөвшөөрч байгаа талаар ямар нэгэн гомдол гаргаагүй атлаа уг машиныг 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан, одоо энэ машиныг зарахад ослын улмаас болж зах зээлийн ханшаас 5,000,000 төгрөгөөр доогуур үнэлгээгээр зарагдахаар байна ослын улмаас зах зээлийн ханшаас 5,000,000 төгрөгөөр доогуур үнэлгээгээр зарагдахаар болчихлоо гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д 510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Нэхэмжлэгчийн хувьд зөрчлийн хэрэгт гарсан автомашины үнэлгээг үндэслэлгүй гэж үзсэн бол дахин дүгнэлт гаргуулах, мөн адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх шаардлага гаргах зэргээр зөрчлийн хэрэгт гомдол гаргах эрхтэй байсан ба энэ эрхийг хэрэгжүүлээгүй хийгээд Вендо ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээ гарснаас хойш 6 сар гаруйн дараа шүүхэд нэхэмэлэл гарагсан ба энэ хугацаанд тухайн автомашин ямар элэгдэл, эвдрэл учирсаныг шүүх шууд тогтоох боломжгүй хийгээд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Дамно ХХК-н үнэлгээг бодит байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Дамно ХХК-н хөрөнгийн үнэлгээний ТЦ25-67 дугаартай тайланд улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл 2014 онд үйлдвэрлэгдсэн, 2022 онд Монголд импортлогдсон, импортоор орж ирэх үед 50 % -ийн элэгдэлтэй байсан. Тус тээврийн хэрэгэслийн ашиглалтын хушацаанаас хамаарах нийт элэгдэл 68,74 %. 13 эд ангиас 1 дугаар- бүхээг буюу кузов, 4 дугаар- цахилгаан, 6 дугаар- сэв замаска засварлах шаардлагатай. Ижил төрлийн автомашин нь 2025 оны 6 дугаар сарын байдлаар 17,000,000 төгрөгийн үнэтэй байх бөгөөд *******гийн автомашины хувьд элэгдэл хорогдлоос шалтгаалан 14,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна тайлан нь тухайн машины одоогийн үнэлгээнд хамааралтай байна.

11. Мөн нэхэмжлэгч ******* нь одоо миний толгой маш ихээр өвдөж, удаа дараа эмчилгээ хийлгэж, өвчин намдаах эм тариа байнга хийлгэж байгаа, цаашид MRI хийлгэх шаардлагатай байна гэх үндэслэлээр эмчилгээ, шинжилгээ, замын зардалд 1,500,000 төгрөгийг *******гээс гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

12. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

13. Хэрэгт авагдсан зөрчлийн хохирогч *******гийн мэдүүлэгт Ослын улмаас миний баруун өвдгөн дээр бага зэргийн хөхөрсөн байсан. мөн толгой хэсэгт бага зэргийн хонхойсон байгаа. ослын дараа толгой хэсэг хугацаанд өвдөөд эм уусан. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Үнэлгээгээр 4,557,500 төгрөгийн хохирол учирсан байгаа, гомдолтой байгаа, хохирлоо бүрэн гаргуулж авмаар байна гэж /хх- 7/ мэдүүлсэн,

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд Автомашины аваарт орж уд салхины шил толгойгоороо мөргөсөн, тогой өвдөнө, ухаан балартана гэх зовиур,

2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 10335 дугаартай Яаралтай тусламжийн хуудсанд үндсэн онош: толгойн тодорхойгүй хэсгийн өнгөц гэмтэл гэж тэмдэглэгджээ.

14. Нэхэмжлэгч *******д тухайн ослын улмаас эрүүл мэндэд хохирол учирсан эсэх, тухайн үед мэргэжлийн байгууллагаар үзүүлж, оношилгоо, шинжилгээ хийлгэж байсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд түүний толгой өвдөж өвчин намдаах эм тариа хэрэглэх болсон гэх тайлбар нь *******гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд: 2025.06.27-нд онош: толгойн архаг өвдөлт/ толгойд гэмтэл авч байсан/ автомашинаар/.. гэх мэдээллээр тогтоогдох боловч энэ нь ослын улмаас болсон эсэх нь тогтоогдоогүй ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

16. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

17лсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн, хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.НАСАНБУЯН