| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00340/И |
| Дугаар | 315/ШШ2025/00342 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00342
2025 09 24 315/ШШ2025/00342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* гэх газарт оршин суух, *******,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад, 2025 оны 7 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний бие одоо 55 настай эрэгтэй. 16 наснаасаа эхлэн мал маллаж өссөн. 1988-1990 оныг дуустал Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд үхэрчнээр ажиллаж байсан бөгөөд энэ байдлыг архиваас сарууд нь дутуу гарсан байна. Иймд намайг энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс хэрэгт Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11/201 дугаар цалингийн лавлагаа гаргах тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11/202 дугаар албан бичиг, 1996 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, 1995 оны жилийн эцсийн мал тооллогын баримт, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын баримт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1988 оны 01 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гарагсан тайлбар,
1986 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11/201 дугаартай Цалингийн лавлагаа гаргах тухай албан бичиг,
гэрч*******ын Аав ******* нь *******т 1980-аад оноос 1990 оныг хүртэл нэгдлийн үхэр маллаж байгаад 1990 онд хувьчлал тараад үхрээ өгсөн. ******* нь 2-3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Түүнээс хойш хөдөө аавтайгаа мал малласан. гэх мэдүүлэг,
гэрч *******ы ...Би 1990 онд цэргээс халагдаж ирсэн. ******* 1970 оных. Намайг цэргээс ирэхэд хөдөө мал маллаж байсан. Сургуульд сураагүй. Намайг цэрэгт явахаас өмнө 1987 он гэхэд хөдөө мал дээр байсан 16,17 настай хүүхэд байсан. Насаараа хөдөө мал малласан.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хуучнаар 2 багийн нутагт байрлах Мөнххаан уулын ард Бумбат гэх газар насаараа малласан. Намайг 2008 онд Мөнххаан суманд байхад мал маллаж байсан. 1990 онд нэгдэл тарсан. Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
4. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлээс 1986 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******гийн Ариунболдод олгосон Хөдөлмөрийн дэвтрийг үндэслэвэл, тухайн дэвтрийн эзэмшигчийн овог нэр, төрсөн он, сар нь нэхэмжлэгч *******ын Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирох бөгөөд харин төрсөн өдрийг 10 гэж тус дэвтэрт ташаа бичжээ.
Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11/201 дугаартай Цалингийн лавлагаанд эзэмшигчийг , ******* гэж өөр өөрөөр бичсэн байх бөгөөд түүнийг Болдоо гэж дудддаг байсан талаар тэрээр шүүх хуралдаанд мэдүүлжээ.
Дээрх Хөдөлмөрийн дэвтэрт *******ын 1988 он 01 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарыг дуусталх хугацааны цалин бүтэн бичигдэж, тухайн үеийн холбогдох этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан хийгээд 11/201 дугаартай Цалингийн лавлагаанд 1980 оны 01, 03-12 дугаар сар, 1989 оны 2-3, 9, 11-12 дугаар сар, 1990 оны 1-3, 6-9 дүгээр сарын цалинг тэмдэглэгдсэн байна.
5. Харин *******ын 1990 оны 11-12 дугаар сард Сүхбаатар аймгийн сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ хугацааны ажилласан байдлыг Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу тогтоогдсон болох нь 1207000023 дугаар Баталгаажилтын хуудсаар хэрэгт нотлогдсон байгааг дурдъя.
6. Иймд нэхэмжлэгч *******ын 1988 оны 01 дүгээр сараас -1990 оны 10 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд 1988 оны 01 дүгээр сараас -1990 оны 10 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН