| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00214/И |
| Дугаар | 315/ШШ2025/00289 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00289
2025 08 29 315/ШШ2025/00289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* гэх газарт нутаглах, утас *******,*******,
ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч , 2025 оны 6 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 8-р ангиа төгсөөд 1982 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд туслах бригадад ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд явсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1986-1989 онуудад нэгдлийн захиргаа аж ахуй, уурын зууханд галч, малчин зэрэг ажлуудыг хийсэн. Тиймээс миний дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11/30 дугаар лавлагаа гаргах тухай албан бичиг, цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1982 оны 9 сараас 1983 оны 6 сарыг хүртэл, 1986 оны 10 сараас 1989 оныг дуустал нэгдлийн захиргаа аж ахуй, уурын зууханд галч, малчинаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11/30 дугаар лавлагаа гаргах тухай албан бичиг, цэргийн алба хаасны архивын лавлагаа,
4. Гэрч *******ын: ...******* нь 1984 оноос эхэлж Сүхбаатар аймгийн Онгон суманд 1 дүгээр бригад, Хөндлөн гэх газар эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Хэзээ тусдаа гарсныг сайн мэдэхгүй байна. Нэг хүнтэй суучхаад тэр хүнээсээ салаад нэлээн сүүлд хүнтэй суусан.Одоо Сүхбаатар Онгон сумын 1 дүгээр бригадад мал маллаж байгаа. Цэргийн алба хаасан. 3 жилийн үед хаасан байх. Яг хэзээ хаасныг мэдэхгүй байна. ******* малчнаас өөр ажил хийгээггүй. Дандаа малчин хийсэн.Одоо хүртэл малчин хийж байгаа байх. Би Сүхбаатар аймагт орж ирээд олон жил болчихлоо. Онгон суманд байгаа. Малаа маллаж байгаа гэж хэлсэн гэх мэдүүлэг,
5. Гэрч*******ийн: ...*******тай Онгон сумын 10 жилийн дунд сургуульд хамт суралцаж байсан.Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Онгон сумын Хөгжилт нэгдэлд туслах малчнаар ажиллаж эхлээд 1985 онд цэрэгт явсан. Цэрэгт яваад дахин нэгдэлд ороогүй, цэргийн хүн болоод явсан. ******* 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд 1985 он хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Би 1985 онд цэрэгт явснаас хойших ажиллаж байсан байдлыг нь мэдэхгүй.1986-1989 онд ажиллаж байсан байдлыг мэдэхгүй.Би цэрэгт яваад цэргийн хүн болсон түүнээс хойшхыг огт мэдэхгүй. Намайг нэгдэлд ажиллаж байхад малчнаар ажиллаж байсан нь үнэн. Ээлжийн амралтаараа ирэхэд нэгдэлд ажиллаж байсан. 1990 он хүртэл нэгдэлд ажиллаж байсан байх. Аав ээж нь удмаараа малчин хүмүүс байсан.Нэгдэл 1991 онд хувьчлалаар тарсан.Малчин л хийж байсан. Одоог хүртэл малчин хийж байгаа. Мэргэжилгүй хүн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1982 оны 9 сараас 1983 оны 6 сарыг хүртэл, 1986 оны 10 сараас 1989 оныг дуустал нэгдлийн захиргаа аж ахуй, уурын зууханд галч, малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1982 оны 9 сараас 1983 оны 6 сарыг хүртэл, 1986 оны 10 сараас 1989 оныг дуустал нэгдлийн захиргаа аж ахуй, уурын зууханд галч, малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 30 минутад товлож, нэхэмжлэгч *******д 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаарын утсанд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд За, ойлголоо гэх хариуг өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Лхамсүрэнгийн Адъяажаргалыг Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1982 оны 9 сараас 1983 оны 6 сарыг хүртэл малчнаар, 1986 оны 10 сараас 1989 оныг дуустал нэгдлийн захиргаа аж ахуй, уурын зууханд галч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН