| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00229/И |
| Дугаар | 315/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 315/ШШ2025/00288
2025 08 29 315/ШШ2025/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,******* гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, Намжилдоржийн Идэрборгилын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 6 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1987-1989 он дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Малчнаар ажилласан жилээ тооцуулаад тэтгэвэрт гарах гэтэл Нийгмийн даатгалын газар нь 1987-1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга бүдэг, зарим хуудсандаа тамгагүй байна гэсэн үндэслэлээр шүүхээр шийдүүл гэсэн. Иймд миний бие Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987-1989 он дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/215 дугаар албан бичиг, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/216 дугаар албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлах, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, түүний эцэг ******* тэтгэврийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Л.Туяа, Ш.Алтантуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987-1989 он дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/215 дугаар цалингийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний эх Л.Хорлоозовын олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр, түүний эцэг ******* тэтгэврийн дэвтрийн хуулбар,
4. Гэрч *******: ...******* нь багаасаа эцэг эх дээрээ мал дээр байсан. Багад нь ******* гэж дууддаг байсан.Би 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд түүнээс хойш мал малласан.Намайг 1995 онд сургуулиа төгсөөд 16 настай мал маллахад ******* хөдөө мал малладаг байсан. ******* нь надаас 3 насаар дүү. Бага ангиасаа сургуулиас гарсан санаж байна.1985 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа. ******* бид хоёр Хөгжилт нэгдэлд харъяалагдаж байсан. Нэгдэл 1990-1991 онд тарсан. Тарах хүртэл нэгдэлд мал маллаж байсан гэх мэдүүлэг,
5. Гэрч *******: ...******* багаасаа сургууль гэж яваагүй. Багаасаа эцэг эх дээрээ мал маллаж ирсэн.Би тухайн үед багш байсан. *******ын эгч нь манай анги. Нэг сум болохоор мэддэг. Эднийх аав ээж нь дандаа хөдөө мал малладаг байсан. Би Сүхбаатар аймгийн Онгон сумын 10 жилийн сургуульд багшилж байсан. ******* нь 1996 онд тусдаа гарсан. Манай ангийн багшийн охинтой гэр бүл болсон. Тэрнээс өмнө аав ээжтэйгээ мал малладаг байсан.Аав ээж нь 3 дугаар бригадад малчин хийж байсан.Манай сум ганцхан Хөгжилт гэх нэгдэлтэй байсан. Хөгжилт нэгдэлд харъяалагдаж байсан. Нэгдэл 1990 оны хувьчлалаар тарсан гэж бодож байна.1970 оны хүүхэд. Тухайн үед 17,18 настай байсан.1987-1990 онд Хөгжилт нэгдэл эцэг эхтэйгээ хамт мал малладаг байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987-1989 он дуустал малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987-1989 он дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Намжилдоржийн Идэрборгилыг Сүхбаатар аймгийн Онгон сумын Хөгжилт нэгдэлд 1987-1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН