| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0195/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/227 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,
Шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б, Т.А, Л.Б нарт холбогдох 1814000550169 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
1. Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт Ч.Б,
2. Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 сарын 16-ны өдрийн 43-а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Т.А,
3. Монгол улсын иргэн, ******* овогт Л.Б,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орчим Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг Баянцагааны ам гэх газраас иргэн Т.Бгийн эзэмшлийн 5 тооны үхрийг бүлэглэн хулгайлж иргэн Т.Бд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Манайх 2017 оны 12 дугаар сарын 20-23-ны хооронд Галуут сумын нутаг “Довцог хайрхан” гэх газраас 30 гаруй тооны үхрээ бэлчээрт гаргаад олохгүй байж байгаад 12 дугаар сарын 28-ны өдөр үхрээ Бор хайрхны нуруунаас олоход манай үхрээс 5 тооны үхэр дутсан байхаар нь цагдаад хандсан юм. Тэгээд тэр үхрүүдийг Б гэх хүн хулгайлсанаа хүлээгээд нэг үхрийг нь 500,000 төгрөгөөр бодоод 5 үхрийн төлбөрт манайд 2.500.000 төгрөг төлсөн байгаа. Манай нөхөр алдсан үхрээ хайж явж байгаад манай үхрүүдийг нядалсан газраас нь нэг жи мобайлын гар утас олсон гэсэн, тэгээд тэр гар утсаар нь хөөцөлдөж явж байгаад эзнийг нь олсон гэсэн. Төлбөрийг нь буюу 2.500.000 төгрөгийг Б нь манай нөхөрт аваачиж өгөөд битгий цагдаад хэлээрэй гэж гуйсан гэсэн. Яг надтай бол уулзаагүй. Намайг гэртээ байгаагүй өвөл аймагт байх үед Б нь манай гэрт ирээд манай нөхөрт 2.500.000 төгрөг өгөөд нэг үхэр алдсан гээд хэлчихээчээ гээд гуйхаар нь манай нөхөр тэгж хэлж мэдүүлэг өгсөн гэсэн. Яг үнэндээ бол таван үхэр алдаад тавууланг нь олоогүй. Манай нөхөр болохоор Быг гуйгаад байхаар нь л тэгж 4 үхрийг нь олсон гэж мэдүүлэг өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... Б надад би нэг үхрийг чинь алаад идчихсэн шүү, 5 үхэр аваагүй гэж хэлсэн. Хар үнээ, 2 бор бяруу, 1 тарлан гунж байсан юм. 1 бор шүдпэнг нь олоогүй бусдыг нь олсон. Б надад 200,000 төгрөг өгч хохирлыг нь барагдуулсан байгаа... Б надад хохирлын мөнгө гэж 2,500,000 төгрөг өгсөн. Өгөхдөө ганцаараа манай гэрт авчирч өгөөд 1 үхэр алдсан гээд хэлчих гээд гуйгаад байхаар нь би 1 үхэр алдсан гэж хэлсэн нь миний буруу. Би 5 үхэр алдаад тавууланг нь олоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-50, 52-54/,
Шүүгдэгч Ч.Бы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 20-дын үеэр би яг өдрийг нь санахгүй байна. Би Галуут сумын 3 дугаар багийн нутаг Баянцагааны ам гэдэг газар ганцаараа явж байсан чинь Б, А хоёр морьтой явж байхаар нь тааралдаад тэр хоёр надад энд баахан үхэр байна, танай үхэрүү гэхээр нь манай үхэр бишээ гэсэн. Тэгвэл энэ хаанаас цувж ирсэн үхэр юм болоо гээд тэгээд бид гурав гурвуулаа нэг нэг үхэр авчихъя гэж яриад тэр үхрүүд дээр цуг очоод 5 тооны үхэр тасдаж туугаад явж байгаад би гэрлүүгээ нэг үхрийг нь туугаад явсан. А, Б хоёр нэг нэг үхрийг нь тууж яваад 2 үхрийг нь хээр тууж явж байгаад орхиод үлдээчихсэн ийм л юм болсон. Би хохирогчид 200,000 төгрөг төлж барагдуулсан, бусдыг нь хэдэн төгрөг өгсөнийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би өөрийн авсан бор зүсмийн үхрээ тууж яваад Галуут сумын 3 дугаар багийн нутаг “Дөтийн эх” гэдэг газар байсан. Тэр үхрийг нядлах үед манай гэрт надаас өөр хүн байгаагүй. Тэр үед би гэртээ ганцаараа байсан, нядлахдаа би тэр үхрийг ганцаараа нядалсан, тэгээд тэр үхрийг нядлаад махаар нь борц хийгээд 2017 оны хавар борцыг нь зараад дуусгасан, үхрийн ширийг нь хаячихсан. 2017 оны 01 дүгээр сард би 200,000 төгрөг гаргаад, бусад мөнгийг нь А, Б хоёр гаргаад тэгээд намайг тэр хоёр очиж уулзаад хохирлын мөнгийг нь өгчихөөд чи Баянмөнхийг таньдаг юм чинь уулзаад ир гэсэн. Тэгээд би 2017 оны оны 1 дүгээр сард тэр 2,500,000 төгрөгийг нь аваад Баянмөнхийн гэрт нь очиход гэртээ Баянмөнх нь ганцаараа байсан ба би очоод 2.500.000 төгрөгийг нь өгөөд цагдаад битгий хэлээчээ гэсэн чинь би мэдэхгүй ээ, манай эхнэр л мэднэ гэсэн. Тэгэхээр нь би мөнгийг нь өгөөд та 1 үхэр алдсан гээд хэлчихээчээ гэж гуйсан чинь авгай мэднэ л гэсэн. Тэгээд би Баянмөнхийг за ч гэхгүй, үгүй ч гэхгүй болохоор нь би мөнгийг нь өгчихөөд яваад өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-91/,
Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... А бид хоёр 2 үхрийг нь тууж яваад эхлээд Агийн гэрт нь очоод нэг үхрийг нь Агийн гэрийн гадаа нядлаад, дараа нь манай гэрт ирээд нэг үхрийг нь манай гэрийн гадаа А бид хоёр төхөөрч нядалсан. Тэр үхрүүд нь тавуулаа шүдлэн насны үхрүүд байх шиг байсан. Би л лав үхрийн ширийг нь явуулын түүхий эд авч яваа танихгүй хүнд 20,000 төгрөгөөр зарж борлуулсан, Толгой шийрийг нь хаячихсан, харин махыг нь хүнсэндээ хэрэглээд идэж дуусгасан. Тэр хоёр үхрийг нядлах үед Агийн гэрт болон манай гэрт надаас өөр хүн байгаагүй. Би өөрийнхөө жи мобайлын гар утсыг Баянцагааны ам гэх газарт тэр үедээ гээгдүүлсэн байсан. Одоо тэр гар утас надад байхгүй, эвдрээд хаягдчихсан. А, Б бид гурав нийлээд хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн, үүнээс би 700,000 төгрөгийг нь гаргасан. Бид гурав 2017 оны 12 дугаар сарын 20-дын үеэр л байсан, яг хэдний өдөр байсныг нь би санахгүй байна, би бодохдоо 2017 оны 12 дугаар сарын 20-д гарчихсан үеэр л хулгайлсан гэж одоо бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Шүүгдэгч Т.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би хар зүсмийн нэг шүдлэн насны үхрийг нь аваачаад гэртээ нядалсан, махыг нь би өөрөө хоол хүнсэндээ хэрэглэсэн, ширээр нь би сур хийгээд хэрэглээд дууссан, толгой, шийрийг нь хуйхлаад идчихсэн. Тэр үед манай гэрт хүн байгаагүй, би угаасаа хөдөө малаа маллаж ганцаараа байдаг, манай эхнэр хүүхдүүд сумын төвд байдаг юм. Тэр үед Бгийн гэрт мөн хүн байхгүй байсан. Тэр хоёр үхрийг Б бид хоёр хоёулахнаа хамжиж байгаад нядалсан юм. Б, Б бид гурав нийлээд хохирогчид 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-107/,
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60/,
“ЭНХ НАХИА” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15-29/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 109-155/ зэрэг болно
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 20-27-ны өдрийн орчим Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутаг Баянцагааны ам гэх газраас иргэн Т.Бгийн эзэмшлийн 5 тооны үхрийг бүлэглэн хулгайлж иргэн Т.Бд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Б, гэрч ******* нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дээрхи нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.Б нь алдагдсан 5 тооны үхрийн хохиролд 2.500.000 төгрөг хүлээн авч хохирол гомдолгүй болсон тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Ч.Б нь өөрийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээтэй хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг, М.А нь өөрийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээтэй хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг, Л.Б нь өөрийн эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэлгээтэй хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морийг тус тус мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шүүгдэгч тус бүрээс 350.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, дээрх 3 морийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт Ч.Б, ******* овогт Т.А, ******* овогт Л.Б нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарт тус бүр 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарт оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нар нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарт оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Баас хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морины үнэ 350.000 төгрөгийг, шүүгдэгч М.Агээс хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морины үнэ 350.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Бгээс хээр зүсмийн нас гүйцсэн бүдүүн морины үнэ 350.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б, Т.А, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА