| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334003910217 |
| Дугаар | 2026/ДШМ/06 |
| Огноо | 2026-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2026/ДШМ/06
2026 01 15 2026/ДШМ/06
Х.Г, Ж.Г, Л.М, Д.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
......... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Лувсанцэрэн
Хохирогч, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Л.Бурмаа
Хохирогч, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч А.Оюун, Ц.Цэрмаа
Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр
Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Ж.Мөнгөнзул /цахимаар/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
......... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 20.. оны .. дүгээр сарын ...-ны өдрийн 20../ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Г, Ж.Г, Л.М, Д.А нарт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар эсэргүүцэлд үндэслэн тухайн шүүх 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Х.Б, 19... оны 4 дүгээр сарын 23-ны өдөр .... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, .... ХХК-нд оператор ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт ...................... тоотод оршин суудаг, урьд нь
.............. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20...... оны . дугаар сарын ..-ны өдрийн 20../ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, регистрийн дугаар ..........,
2. Д.А, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр, ....... аймгийн ...... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, .... ХХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........,
3. Ж.Г,19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр, ........ аймгийн ...... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, .... ХХК-нд оператор ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .................... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ..............,
4. Л.М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймгийн ........ суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, .... ХХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................багт оршин суудаг, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .........
5. Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Атай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............гэх амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн эрүү хэсэг руу өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............гэх амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн баруун хөл хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Г нь ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............гэх амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Х.Быг "М зодсон гэх шалтгаанаар" баруун шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохисон, хэвлий, гэдэс хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.М нь ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18-19 цагийн үед Д.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр цохиж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
6. ......... аймгийн прокурорын газраас Х.Б, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар, шүүгдэгч Ж.Г, Л.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
7. Анхан шатны шүүх: ......... аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч .......... М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Х.Г, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж” “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ж.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-ыг 3,200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Д.А, Ж.Г нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б, Д.А, Ж.Г нарт тус тус сануулж,
шүүгдэгч Х.Б, Д.А, Ж.Г нарт тус тус оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч Л.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М-дхолбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,509 дүгээр зүйлийн 509.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар хохирогч нарын сэтгэцэд учирсан хохиролд шүүгдэгч Ж.Гоос 3,293,400 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бад,
гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хор уршгийн зардал 16,869,250 /арван зургаан сая найман зуун далан мянга хоёр зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Х.Баас,
17,364,250 /арван долоон сая гурван зуун жаран таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг Д.Ааас тус тус гаргуулж хохирогч Л.Мд олгож,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ааас 1,904,000 /нэг сая есөн зуун дөрвөн мянга/ төгрөг, шүүгдэгч Х.Баас 3,290,000 /гурван сая хоёр зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулж,
эрүүгийн ...... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг “CD”-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,
иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х.Б, Д.А, Ж.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Б нь хохирогч Л.Мд 495,000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг, шүүгдэгч Ж.Г нь хохирогч Х.Бад 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлснийг, шүүгдэгч нараас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Д.А, Ж.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
8. Прокурор Б.Лувсанцэрэн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлд хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9-т "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" үндэслэлд тус тус хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Өөрөөр хэлбэл нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй буюу уг гэмт хэргийн хохирол, хор уршигт шалтгаант холбоотой эсэх нь нотлогдоогүй болохыг ойлгодог.
Гэтэл хэрэгт цугларсан хохирогч Д.Аын "...Би 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын ажилчидтайгаа ............. нутаг дэвсгэрт амралтад байж байгаад караокены үүдэнд шатан дээр тамхи татаад зогсож байтал толгойн араас цохиод би урагшаа шатан дээрээс хайс хашаа дагаж газарт унаж ухаан алдсан. Ингээд сэрээд хэн цохисон бэ гэж асуухад Баярбаатар гэх залуу чамайг М гараараа цохичхоод явчихлаа гэж хэлсэн. Ингэж унаснаас болж миний зүүн талын 2 хавирга хугарч эрүүл мэндээрээ хохирсон..." гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/
Гэрч ..........ийн "...Тухайн өдөр манай ээлжийн 30 орчим хүн ээлжээс буугаад Өвөр уртын амралтын газарт очиж амрахаар болсон. Эхлээд М, Ц Батболд гэх нэр бүхий 10 орчим хүн түрүүлж очоод биднийг очиход архи уугаад байцгааж байсан. Ингээд ямаагаа янзлаад ууж идээд орой 19 цагийн орчимд хөл холбож уралдах тэмцээн болоод түүнд М, Ц, Э нар нэг баг болоод хөлөө боож уралдах тэмцээнд оролцсон. М тухайн үед хөл эвгүй болчихлоо гэж байсан. Тэмцээн дууссанаас хойш М согтчихоод хүмүүстэй муудалцаад яваад байсан. Намайг саданд сууж байхад М ирээд ажлын талаар ярилцаад хоорондоо маргалдсан. Тэгтэл Н, Э 2 ирээд бид хоёрыг болиулсан. Ингээд би 1 дугаартай шовгорын гадаа тамхи татаад сууж байхад М А-г караокены үүдэнд А-г цохиж унагаачихад над дээр хүрээд ирэхээр нь би босоод очтол шууд намайг заамдаж аваад Г энэ үед намайг бариад авахаар нь би зууралдаад байж байтал А ирээд Гийг салгасан. Ингээд би өөрийн байрлаж байсан шовгор руу орж унтсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,
Гэрч Ц.Ч-ийн "...Аын өөдөөс хараад зогсож байхад М араас нь хүрч ирээд үгийн зөрөөгүй мэдээгүй байхад нь дагз руу гараараа 2-3 удаа угсруулаад цохиод авсан...." гэсэн мэдүүлэг,
Сэжигтэн Д.Аын "...2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ....М гүйгээд ирж байсан. Би юм бодоогүй цаашаа хараад тамхи татаад байж байтал ардаас намайг цохиод авсан. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороод хэн намайг цохисон вэ асуухад манай ажлын М цохиод явчихсан гэж манай ажлын Баярбат, Г нар хэлсэн..." гэсэн мэдүүлэг
......... аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Б-н2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 493 дугаартай "...Д.Аын биед зүүн 9, 10-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Дээрх нотлох баримтуудаар Л.М нь ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Өвөр-Урт амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Д.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр цохиж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар шууд зааж мэдүүлсэн хохирогч Д.А, гэрч Н.Б, гэрч Ц.Ч, А.Д нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Л.Мгийн хууль бус үйлдэл болон хохирогч Д.Аын эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогддог.
Гэтэл Л.Мгийн хохирогч Д.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэрч Н.Б, гэрч Ц.Ч, А.Д нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй" гэх үндэслэлд хамаарч байна.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Мгийн үйлдлийг дүгнэхдээ хэргийн материалд цугларсан гэрч Н.Б, Ц.Ч, А.Д нарын мэдүүлэг болон шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 493 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаараа шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд ......... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20... оны ... дүгээр сарын 03-ны өдрийн 20.../ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч Л.Мгийн өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүх Л.Мгийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх уг хэргийг үндэслэлтэй, зөв шийдвэрлэхийн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хоног хүртэлх хоногоор хойшлуулж, 2-3 удаа мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр буцаасан. Энэ хүрээнд хангалттай мөрдөн шалгах ажиллагааг шүүх хийлгэсэн...Д.А болон уг хэргийн гэрчүүд хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгдөг...М Д.Аыг цохих шалтгаант холбоо байгаагүй...Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч А.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаанд явагдсан боловч дутуу ажиллагаа олон байгаа. Тухайлбал, Э гэдэг хүний мэдүүлгийг дахин авах шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргахад тухайн хүн олддоггүй, өөр газар байна очихгүй, ирэхгүй гэдэг зэрэг нөхцөл байдал үүсдэг. Мөн Батболд гэдэг хүнээс дахин мэдүүлэг авах шаардлагатай байна гэхэд хамаатан садны холбоотой учраас ирдэггүй...Д.А Л.Мг гэмтээсэн эсэх талаар Даваасамбуугийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл аль мэдүүлгийг нотлох баримтад тооцож, аль мэдүүлгийг тооцохгүй байгаа нь ойлгомжгүй байна... Л.Мгийн үйлдлийг нотлох баримтын хүрээнд зөв тогтоож шийдээгүй гэж үзэж байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар “Л.М гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохдоо ямар нотлох баримтыг үндэслэж, ямар нотлох баримтыг үгүйсгэсэн нь ойлгомжгүй...“бүхий л ажиллагааг хийсэн” гэж дүгнэсэн атлаа ямар ажиллагаа хийсэн, яагаад тогтоогдоогүй талаар тодорхой тайлбарлаагүй. Иймд ажиллагаа дутуу хэвээр байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Ц.Цэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэргийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянаж байгаа тул хохирол, төлбөрийн асуудалд мөн үндэслэлтэй дүгнэлт хийж өгнө үү. Хэрэгт авагдсан 35 е-баримтаас зөвхөн 3-4 баримт нь эм, эмчилгээний зардалтай холбоотой бөгөөд бусад нь бүгд шатахууны зардал байхад эдгээрийг ялган үнэлээгүй...Түүнчлэн 2023 онд болсон үйл явдалтай холбоотойгоор 2024 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн баримтууд хавсаргагдсан байна. Мөн эхнэр нь өөр байгууллагаас авсан тодорхойлолтыг хохирлын тооцоонд оруулсан нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Бын өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна...Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна...Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхтэй тул хохирлын тооцооны асуудлыг мөн анхаарч өгнө үү... Хүний эрх, шударга ёсны зарчим хангагдах ёстой бөгөөд зарим этгээд ял хүлээж, зарим нь хэрэгсэхгүй болж, хохирогч ганцаараа үлдэж байгаа байдал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нотлох баримтын хүрээнд дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.
13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Гийн өмгөөлөгч Ж.Мөнгөнзул тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна... шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаатай шууд холбогдож нотлогдоогүй тул Л.Мг Д.Аад гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Д.Аын 10 дугаар хавирга хэзээ, хэрхэн, ямар нөхцөлд хугарсан нь тодорхойгүй хэвээр байна. Мөрдөгч, прокуророос нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн нотлоогүй...Анхан шатны шүүхээс хийгдэх ёстой ажиллагаа дутуу байна гэж үзэн 2 удаа тус бүр 60 хоногоор хойшлуулж, прокурорт даалгавар өгч нэмэлт ажиллагаа хийлгэсэн. Гэсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, хэн үйлдсэн нь бүрэн тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна...Шүүгдэгч Ж.Гийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн шатанд хүртэл гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
14. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.
15. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Д.Аыг цохиогүй, Д.А бид хоёрын хооронд зодолдох, маргалдах ямар ч шалтгаан байгаагүй. Мөн гэрчүүдийн мэдүүлгийг сонсоход Баярбат гэдэг хүн намайг Д.Аыг цохиж байсныг харсан гэж худал мэдүүлсэн байсан. Тухайн зодоон болсон үед Баярбат нь Болд гэдэг хүнтэй хамт архи ууж байгаад гарч ирсэн, бид хоёрыг гарч ирэхэд зодоон аль хэдийн болсон, Д.А эвгүй болсон байсан бөгөөд дүү нар нь түүнийг машинд суулгаад эмнэлэг рүү авч явж байсан. Ийм нөхцөл байдалтай байхад Баярбат намайг Д.Аыг цохиж байсныг харсан гэж мэдүүлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, худал мэдүүлэг гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахиснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангаж байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.
3. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл шүүгдэгч Х.Б, Д.А нар нь бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............гэх амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Л.Мгийн эрүү хэсэг болон баруун хөл хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ж.Г нь ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............гэх амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн үед Х.Быг "М зодсон гэх шалтгаанаар" баруун шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараараа цохисон, хэвлий, гэдэс хэсэг рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Л.М нь ............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18-19 цагийн үед Д.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр цохиж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримтын талаар тусгагджээ.
4. ......... аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т,
шүүгдэгч Ж.Г, Л.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь торгох ял оногдуулж, шүүгдэгч Л.Мд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
6. Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгадаг.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Тайж овогт Лхагвасүрэнгийн Мийн холбогдсон “............. Тосон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг .............амралтын газарт 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 18-19 цагийн үед Д.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр цохиж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх хэргийг “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулах, бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэхдээ дараах дүгнэлтийг хийв.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг заавал тусгах учиртай.
Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлсэн А.Дгийн “...Намайг сааданд сууж байхад М ирээд ажлын талаар ярилцаад хоорондоо маргалдсан. Тэгтэл Наранмандах, Э хоёр ирээд бид хоёрыг болиулсан. Ингээд би 1 дугаартай шовгорын гадаа тамхи татаад сууж байхад М А-г караокены үүдэнд цохиж унагачхаад над дээр хүрээд ирэхээр нь би босоод очтол шууд намайг заамдаж аваад Г энэ үед намайг бариад авахаар нь би зууралдаад байж байтал А ирээд Гийг салгасан. Ингээд би өөрийн байрлаж байсан шовгор руу орж унтсан...” /1хх-н 15/ гэх,
Д.Баярбатын “...М бол өөрөө эхэлж зодооныг өдөөсөн. А бид нар караокены өрөөний гадна ...архи тойруулаад зогсож байхад М Аын араас гүйж ирээд шилэн хүзүүний араас нь нэг удаа цохиод А газар дээрээ унаад өгсөн. Ингээд хүмүүс М цааш нь салгаж холдуулаад зарим нь Аын хажууд сэргээх гээд байсан, удалгүй А сэргэсэн...” /2хх-н 246/ гэх мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны эсэх талаар болон шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Мгийн гэм буруугийн талаар улсын яллагчийн хийсэн дүгнэлт, хохирогч Д.Аын өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг няцаан үгүйсгэж, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн хохирогч Д.Аын: “...Би 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын ажилчидтайгаа ............. нутаг дэвсгэрт амралтад байж байгаад караокены үүдэнд шатан дээр тамхи татаад зогсож байтал толгойны араас хүн цохиод би урагшаа шатан дээрээс хайс хашаа дагаж газарт унаж ухаан алдсан. Ингээд сэрээд хэн цохисон бэ гэж асуухад Баярбаатар гэх залуу чамайг М гараapаа цохичхоод явчихлаа гэж хэлсэн. Ингэж унаснаас болж миний зүүн талын 2 хавирга хугарч эрүүл мэндээрээ хохирсон...” /1хх-н 25/ гэх мэдүүлэг, ......... аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 493 дугаартай “Д.Аын биед зүүн 9, 10-р хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /1хх-н 55-56/ гэх дүгнэлт зэргийг анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан боловч эдгээрийг хэрхэн үнэлсэн талаар шийтгэх тогтоолд огт дүгнээгүй орхигдуулсан.
9. Мөн анхан шатны шүүх А.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй гэсэн нь ойлгомжгүй байх тул шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
11. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х.Г, Ж.Г, Л.М, Д.А нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ......... аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 20... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн 20../ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Лувсанцэрэнгийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Г, Ж.Г, Л.М, Д.А нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ