Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2025/00272

 

 

 

2025  08  14  315/ШШ2025/00272

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоот хаягт оршин суух, *******,

Хариуцагч: *******,*******,******* давхарт байрлах ******* холбогдох,  

Дуудлага худалдааны дэнчин 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 25ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зарласан төрийн өмчийн буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Landcruiser 200 маркийн, 34-20 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулах нээлттэй дуудлага худалдааны дэнчин 6,900,000 төгрөгийг дуудлага худалдааны зар мэдээнд тавигдсан Төрийн сангийн*******0120000954 тоот дансанд тушаасан. Дуудлага худалдаа 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 9.00 цагт болж, дуудлага худалдаанд 3 оролцогч оролцсоноос дуудлага худалдааны шаардлагыг ******* миний бие хангаж, Landcruiser 200 маркийн авто машиныг авахаар болсон. Би дуудлага худалдааны зард тавигдсан худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөлд зааснаар 14 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлж, машинаа авахаар очиж, машины моторыг сөхөж үзэхэд машины моторын боолт хамаг юм нь сул байсан. Би энэ талаар аймгийн Тамгын газрын жолоочийн утсыг олж, жолоочтой утсаар ярьж, тухайн машины талаар тодруулж асуухад наад машины чинь мотор цохиж, чирч аваачсан гэж хэлсэн. Би энэ талаар Орон нутгийн өмчийн газрын даргад мэдэгдэхэд миний нэмж төлсөн машины үнийг надад буцаан олгоод дэнчинд тавьсан мөнгийг өгөхгүй, уг асуудлыг шийдэж өгөхгүй байгаа тул Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газраас дэнчинд тавьсан 6,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдуулан дуудлага худалдааны дэнчин 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр асуудлаа эвийн журмаар шийдвэрлэсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр ирүүлсэн хийгээд түүний татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна,

56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө,

59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Энэ хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно. гэж тус тус зохицуулжээ.

 

Иймд хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,350 төгрөгийн тал хувь 62,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сүхбаатар аймгийн орон нутгийн өмчийн газарт холбогдуулан дуудлага худалдааны дэнчин 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,350 төгрөгийн тал хувь 62,675 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  С.НАСАНБУЯН