Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01014

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       “МИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01423 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн хариуцагч “ЭЭП” ХХК-д холбогдуулан гаргасан зөвлөх үйлчилгээний төлбөрт 81,034,975 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос, хариуцагчийн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: “ЭЭП” ХХК-аас гэрээний төлбөрт нийт нийт 81,034,975 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Талууд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээний дүнг НӨАТ орсон дүнгээр 52,618,500 төгрөгөөр  тохиролцсон. Хариуцагч эхний тайланг хүлээн авснаар ажлын төлбөрийн 20 хувь, явцын тайланг 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар 20 хувь, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр драфтыг илгээснээр 30 хувь, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр эцсийн тайланг илгээж, сүүлийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч огт төлбөр төлөөгүй. Уг ажлын зарим хэсгийг “ЭК” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Хариуцагч төлбөрөө төлөөгүй учраас нөгөө компанид гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн алданги төлсөн. Гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн бол 10,000,000 төгрөгийн хохирол манайд учрахгүй байсан. Алдангийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 77 хоногоор тооцоход 18,475,000 төгрөг болно. Нэхэмжлэгч ажлаа хугацаанд нь гүйцэтгэсэн. Мэдээллээ хоцорч аваад хийсэн гэдэг дээр маргаж байгаа. Татвар төлөгч учраас НӨАТ авах үүрэгтэй гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Талууд НӨАТ ороогүй дүнгээр 47,835,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс гэрээний дагуу 16,742,250 төгрөгийн алдангийн суутгал хийсэн. 31,092,750 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд урьдчилсан тайлан, явцын тайлан, нэгдсэн тайлан, эцсийн тайлан гэх 4 тайланг ирүүлэх байсан. Захиалагч компаниас ирүүлсэн хугацааг нэхэмжлэгч рүү явуулж байсан. 4 удаагийн тайланд нийт 77 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги нь 16,72,250 төгрөг болно. Нэхэмжилж байгаа алданги болон гуравдагч этгээдэд төлөх алданги хариуцагчид хамааралгүй, хэнийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах нь өөрсдийнх нь асуудал. Тооцооллууд нь цагтаа ирээгүй тул гэрээгээр тохирсон графикаа зөрчсөн. Гэрээний 3.1-т зөвлөх нь компаниас алданги шаардах талаар зохицуулаагүй. Нийт 47,835,000 төгрөгөөс алдангийг хасч 31,092,750 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Хариуцагчийн тооцсон алданги төсөл хэрэгжиж байсан үед хамаарна. Бүх мэдээлэл өгөгдсөн, мэдээлэлтэй байх хугацаанд алданги шаардсан. Акт үйлдэн, засвар оруулахаар буцаасан. Хэмжээ стандарт бус, танигдахгүй шрифтээр явуулж ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй. Тайлан ирээгүй хугацаанаас алданги тооцсон.  Туслан гүйцэтгэгчээс болсон зүйлийг хариуцахгүй. 31,092,750 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭЭП” ХХК /5801176/-аас 47,835,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МИ” ХХК /2587807/-д олгож, нэхэмжлэлээс 33,199,975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ЭЭП” ХХК-аас 397,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МИ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

4.1. НӨАТ-ыг хэрэгсэхгүй болгосон тухайд,

4.1.а. “МИ ХХК, “ЭЭП” ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан. Ажлын хөлс НӨАТ ороогүй 47,835,000 төгрөг гэж талууд гэрээндээ тусгасан. Талууд ажлын хөлсийг НӨАТ ороогүй үнэ гэж гэрээгээр тодорхой тогтоосон. Хариуцагчаас гэрээний төлбөрийг нэхэмжлэхдээ НӨАТ-г суутгах үүрэг хуулиар олгогдсон болохыг дурьдаж НӨАТ-ын 10 хувийг нэмж нэхэмжилсэн. Шүүх НӨАТ-ыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч компани нь НӨАТ төлөгч бөгөөд НӨАТ суутгах үүргийг хуулиар хүлээсэн. Хуулийн дагуу борлуулсан ажил үйлчилгээний орлогод НӨАТ 10 хувийг нэмж суутгаж төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй байдаг. Мөн Иргэний хуульд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний үнийг тогтоож уг үнэд НӨАТ багтаагүй болохыг дурьдсан. НӨАТ төлөгч аж ахуйн нэгж нь НӨАТ-ыг суутган авна гэдгийг үүнээс тодорхой ойлгохоор байхад шүүх хуулийг буруу тайлбарласан. Мөн худалдан авагч, ажил гүйцэтгүүлэгч нэг бүр нь НӨАТ төлөгч эсэхээс үл хамааран худалдан авсан болон ажил гүйцэтгүүлэхэд төлсөн үнийн дүндээ 10 хувийн НӨАТ-ыг суутган төлөгчөөр дамжуулан төлдөг. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Хохирлыг хэрэгсэхгүй болгосон тухайд,

4.2.а. Туслан гүйцэтгэгч “ЭК” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу алданги төлснийг зохигчдын хооронд байгуулсан АВВ-19-17 тоот гэрээтэй хамааралгүй, харилцан нөхцөлдөхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчаас гэрээний төлбөрөө авсаны үндсэн дээр туслан гүйцэтгэгчид төлбөрийг төлөхөөр төлөвлөн ажилласан тул “ЭК” ХХК-д төлсөн алданги нь хариуцагчаас төлбөр төлөөгүй үүргийн зөрчлөөс шууд хамааралтай хохирол тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хохирол нэхэмжлэх эрхтэй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж компанид учирсан шууд хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийн НӨАТ 4,783,500 төгрөг, компанид учирсан хохирол болох туслан гүйцэтгэгчид төлсөн 10,000,000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож хариуцагчаас нийт 14,783,500 төгрөг нэмж гаргуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 17,835,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

5.1. Хууль буруу хэрэглэсэн талаар,

5.1.а. Талуудын хоорондын тооцоо нийлсэн акт нь хэлцлийн хэлбэр, агуулгатай байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Татгалзах эрхийг гэрээнд оролцогч нарт хуулиар олгосон. Энэхүү эрхээ эдлэхгүй байхаар зохигч нарын хооронд байгуулсан тооцоо нийлсэн актанд тусгасан. Хариуцагч нь актанд бичигдсэн алданги шаардах эрхээсээ татгалзсан зөвшөөрлөөс татгалзсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч татгалзсан мэдэгдлийг хүлээн авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүгч хэлцэл байгуулсан учраас “хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь ямар хуулийн ямар зохицуулалтаар хариуцагч татгалзах эрхээ алдсан, татгалзал нь үндэслэлгүй гэдгийг шүүхийн шийдвэртээ бичээгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Гэрээ, хэлцэл байгуулсан учраас татгалзал үндэслэлгүй гэх Иргэний хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд хуулиар байгуулагдсан, хүчин төгөлдөр болон гэрээ, хэлцлээс татгалздаг журамтай.

5.2. Нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй талаар,

5.2.а. Зохигч нарын хүсэлтээр талуудын эрх бүхий албан тушаалтнуудын цахим шуудангийн харилцаанд үзлэг хийсэн. Уг үзлэгээр нэхэмжлэгч нь хэзээ тайлан ирүүлсэн, хариуцагчаас тайланг хэзээ буцаасан, тайлан нь шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдож байсан. Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэж байгаа этгээдийн ажлын үр дүн хангалтгүй байгаа тохиолдолд доголдлыг арилгах хугацаа өгдөг. Хариуцагчийн зүгээс тайлантай холбоотой хийх засварын шаардлагыг тухай бүрт нь өгч засуулж  байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүсээгүй. Гэтэл шүүгч хариуцагчийг шүүхэд хандаагүй учраас нэхэмжлэгч нь тайлан хугацаандаа ирүүлсэн гэж дүгнэж хариуцагчийн алданги суутган тооцох эрхийн үндэслэл болсон нэхэмжлэгч тайланг хугацаандаа ирүүлж байгаагүйг нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.3. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан талаар,

5.3.а. Шүүх хариуцагчийн татгалзах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, уг хязгаарласан хууль зүйн үндэслэл байхгүй, ямар хуулийн зохицуулалтаар татгалзал нь үндэслэлгүй гэдэг нь ойлгомжгүй, нотлох баримтыг зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар дүгнэсэн, хуулийг нэхэмжлэгчид ашигтайгаар хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлтүүдийг хангаагүй, харъяалалын бус хэргийг шийдвэрлэсэн. Үндсэн хуулийг зөрчиж шийтгэл ногдуулсан шүүгч нь уг хэргийг өөрөө шийдвэрлэх чин хүсэлтэй байгааг харуулж хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нэхэмжлэгчид давуу байдал олгосон, хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхийг алдагдуулсан тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн дүнгээс 16,742,250 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд алдангийн талаар зохицуулсан боловч гэрээний талуудын тэгш эрхийн харилцаа гэж байдаг. Нэг тал нь алданги төлөх, нөгөө тал нь алданги төлөхгүй байх үндэслэл байхгүй. Хариуцагч тал гэрээнээс татгалзсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар тайлбартаа тодорхой тусгаагүй. Талууд гэрээ дүгнэсэн актад ажлаа хүлээлцээд төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, энэ хугацаанаас хойш алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Гэрээний талуудын тэгш эрхийн зарчмын дагуу Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч гэм буруутай эсэхээс  үл хамааран мөнгөн төлбөрийн хүү, анз авах эрхээ алддаг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т зааснаар захиалагч талд нэн даруй мэдэгдээгүй учраас нөгөө талын буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа хэтэрсэн нь алданги тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгчийг доголдолтой ажил үйлчилгээ үзүүлсэн гэх боловч нотлох баримт гаргаагүй, ажлаа 100 хувь хүлээж авсан учир гомдол нь үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг нь хуулийн этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн тохиолдолд үүсдэг. Талууд гэрээний үнийг НӨАТ төлөхгүйгээр тохиролцсон тул энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Мөн “Эрхэм констракшин” ХХК-д төлсөн алдангийг хариуцагчаас нэхэмжилж байна. Гэтэл хариуцагч нь зөвхөн  “МИ” ХХК-тай гэрээ байгуулсан, нэхэмжлэгч цаашаа ямар компанитай гэрээ байгуулсныг мэдэхгүй. Талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа бол тухайн гэрээнд оролцогч нарын хүлээх үүрэг бөгөөд гуравдагч этгээдийн хүлээх үүрэг биш учраас “Эрхэм констракшин” ХХК-д төлсөн 10,000,000 төгрөгийн алданги нь “Эй Эс Партнер ХХК”-д хамааралгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “МИ” ХХК хариуцагч “ЭЭП” ХХК-д холбогдуулан зөвлөх үйлчилгээний гэрээний төлбөр 47,835,000 төгрөг, НӨАТ 4,783,500 төгрөг, алданги 18,416,475 төгрөг, хохирол 10,000,000  төгрөг, нийт 81,034,975 төгрөг нэхэмжилснээс хариуцагч тал 31,092,750 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

4. Талууд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “МИ” ХХК нь “...” ХК-д аж үйлдвэрийн паркийн эрчим хүчний ТЭЗҮ-ийн баримт бичгийг боловсруулах буюу техникийн анализ хийх, дүгнэлт гаргах ажлыг тодорхой үе шаттайгаар 133 хоногт хийж гүйцэтгэх, хариуцагч “ЭЭП” ХХК ажлын хөлсөнд 47,835,000 төгрөг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. Ажлын хөлс буюу гэрээний нийт төлбөр нь /НӨАТ ороогүй/ 47,835,000 төгрөг байна, гүйцэтгэгч нь ажлын даалгаврыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр заажээ. /1хх5-8/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

4.а. Гэрээний төлбөр 47,835,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Талууд гэрээний 1 дүгээр хавсралтаар ажил гүйцэтгэх хугацааг тогтоосон байх бөгөөд ажлын үр дүнг нэхэмжлэгч нь хариуцагчид хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоодож байна. /хх 9/

2 дугаар хавтаст хэргийн 4-38 дахь тал дахь шүүхийн журмаар хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч компани нь ... и-мэйл хаягаас хариуцагч компанийн гүйцэтгэх удирдлагийн ... и-мэйл хаягт ажлын гүйцэтгэлийг явуулж байсан нь тогтоогдсон. Мөн талууд гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн акт үйлдсэн нь хэрэгт авагдсан байна. Хариуцагч ажлын гүйцэтгэл доголдолтой байсны улмаас засвар оруулахаар буцаасан, хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Анхан шатны шүүхээс ажил гүйцэтгэсэн хугацаа, гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас төлөх алдангийн талаар хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.     

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хариуцагчийн и-мэйл хаягаар эхний тайланг 2019.07.09 өдөр, явцын тайланг 2019.08.15 өдөр, ТЭЗҮ драфтыг 2020.03.23 өдөр, ТЭЗҮ эцсийн тайланг 2020.05.26 өдөр тус тус илгээсэн, хариуцагч нь үндсэн гэрээнд заасан 47,835,000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/-ийг төлөөгүй болохыг баталгаажуулсан байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний төлбөр болох 47,835,000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/-ийг шаардах эрхтэй. /1хх15/

4.б. НӨАТ 4,783,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Гэрээний 3.1-д компани нь ажлын хөлс буюу гэрээний нийт төлбөрт /НӨАТ ороогүй/ 47,835,000 төгрөг төлнө гэжээ. Мөн талууд тооцоо нийлсэн актдаа гэрээний үнийн дүн 47,835,000 төгрөг /НӨАТ ороогүй дүн/ гэж тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг үндэслэн талууд ажлын хөлсийг НӨАТ оруулахгүйгээр 47,835,000 төгрөг байхаар тохирсон гэж үзэв. Түүнчлэн анхан шатны шүүхээс НӨАТ 4,783,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

4.в. Алданги 18,416,475 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эцсийн төлбөрийг төлж дуусгахаар тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй тул алдангийг 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 77 хоногоор тооцон нэхэмжилсэн гэж тайлбарласан. 

Зохигчид гэрээгээ дүгнэж тооцоо нийлсэн актад “уг актыг үйлдэх хүртэлх хугацаанд харилцан нөгөө талдаа хугацаа хоцорсны алданги төлөхгүйгээр тохиролцож гэрээний үнийн дүн 47,835,000 төгрөгийг захиалагч “ЭЭП” ХХК нь гүйцэтгэгч “МИ” ХХК-д төлнө” гэсэн байна. Иймд энэ актад заасан  үндэслэлээр алданги шаардах эрхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хчнан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. 

4.г. Хохирол 10,000,000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Нэхэмжлэгчийн “хариуцагч төлбөрөө төлөөгүй учраас “ЭК” ХХК-д 10,000,000 төгрөгийн алданги төлсөн, хэрэв хариуцагч төлбөрөө төлсөн бол 10,000,000 төгрөгийн хохирол учрахгүй байсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 “МИ” ХХК-ийн “ЭК” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ нь “ЭЭП” ХХК-тай байгуулсан гэрээнээс тусдаа өөр үүргийн харилцааг зохицуулсан бие даасан гэрээ байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн “ЭК” ХХК-д төлсөн  алданги нь энэ хэргийн зохигчдын байгуулсан гэрээний үүргийн зөрчилтэй хамааралгүй. Түүнчлэн дээрх гэрээний үүргүүдийг харилцан хамаатуулсан бичиг баримт, хэлцэл талуудын хооронд үйлдэгдээгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхгүй гэж үзэв. /1хх48-49/

5. Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.а. Хэргийн 126-127 дугаар тал дахь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн алдангиас чөлөөлөх тохиролцооноос татгалзсан нэг талын хүсэл зориг бүхий албан бичгийг үндэслэн хоёр талын харилцан алданги төлөхгүй байхаар тохиролцсон тооцоо нийлсэн актыг үгүйсгэх боломжгүй. Зохигчид уг актаар өмнөх гэрээний хариуцлага болох  алдангийг авахгүй байхаар тохиролцсон байхын зэрэгцээ гүйцэтгэвэл зохих үүргийн хугацааг тодорхойлоогүй байна. Иймд хариуцагчийн “ .., талуудын тооцоо нийлсэн актаар алданги төлөхгүй байх тохиролцооноос татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хэлцэл байгуулсан учраас хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн” гэх гомдлыг хангахгүй орхив.

            5.б. Хэргийн харьяаллын талаарх гомдол үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хариуцагч компанийн гүйцэтгэх захирал В.Мандахыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоосон ажиллагааны баримт зэргээс үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /1хх58, 90/    

Дээрх үндэслэлээр хариуцагчийн “татгалзах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, нотлох баримтыг нэхэмжлэгчид ашигтай байдлаар дүгнэсэн, хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг хангаагүй, харъяалалын бус хэргийг шийдвэрлэсэн, хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, нэхэмжлэгчид давуу байдал олгосон, хууль, шүүхийн өмнө тэгш байх эрхийг алдагдуулсан” гэх гомдлуудыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,870 төгрөг, хариуцагч талын төлсөн 241,690 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

                   ШҮҮГЧИД                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                       А.МӨНХЗУЛ