Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Ж.Уранцэцэг,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Уранцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1714003290204 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн байх “Антентай хөтөл” гэх газарт шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдон зам тээврийн осол гаргаж, Э.Нын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би талийгаач Нтай утсаар яриад бичиг баримт юу болж байна гэсэн чинь одоо ингээд Баян-Овоо сум руу гарлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал 14:00 цаг өнгөрч байхад осолд орсныг нь би мэдсэн ... *******ийн зүгээс талийгаачийн оршуулгын зардалд 1.000.000 төгрөг өгсөн. ... Надад нэмж нэхэмжлэх зүйл алга. ******* нь манай хүргэн гээд явж байсан болохоор одоо ямар нэгэн гомдол санал алга ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-57, 90-91/,

Иргэний нэхэжмлэгч *******гийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... Бүжинлхамын гэрийн гаднаас манай дүү Б машиныг жолоодоод явсан ... антентэй хөтөл өнгөрөөд цаашаа явж байхад машины бөгс хаяад шарвах шиг болсон чинь гэнэтхэн онхолдчихсон ... Бүжинлахмын гэрийн гадаа очоод би Бийг чи машин барьчих ах нь хойд талд нь суучихъя гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 97-99/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 13:00-14:00 цагийн хооронд би үдийн цайндаа очоод гэртээ очсон байж байсан чинь 13:00 цаг өнгөрч байхад манай сувилагч утсаар яриад осол болсон гэнээ хурдан ирж хүн үзээрэй гэхээр би эмнэлэг дээр очсон чинь тэр үзүүлэх хүнийг эмнэлэг рүү оруулсан байсан ба орон дээр хэвтүүлж байхад нь би очоод даралтыг нь үзээд, зүрхийг нь чагнаад, судасны цохилтыг нь тоолж үзсэн чинь ямарч амьсгаагүй, зүрх цохилохгүй, даралт унасан, нүд гэрлийн урвалд хариу өгөхгүй нас барсан байсан. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... би машинд суугаад явсан ба машиныг манай гэрийн гаднаас Б жолоодоод явсан. Тэгээд манай гэрийн гаднаас хөдөлж яваад Баянхонгор сумын баруун талд байдаг шатахуун түгээх станцаас машиндаа бензин аваад цаашаа Баян-Овоо сум руу гараад явсан. Тэгээд явж байгаад антентай хөтөл өнгөрөөд гэнэт машин зам дээр хөндөлдөөд буруу харсан, тэгснээ гэнэт эргэлдээд онхолдсон. Тэгээд бид нар машины цонхоор нь гарч ирээд харахад талийгаач Н машинд толгой нь дарагдчихсан байж байхаар нь Б бид хоёр машиныг цааш нь түлхээд Б машины доороос татаж гаргасан. Тэгээд Баянхонгор аймгийн чиглэлээс цагдаагийн машин ирж яваа харагдахаар нь би урдаас нь гүйж дуудаад тэр машин ирээд талийгаачийг машины ар талын суудал дээр хэвтүүлээд бид нар цуг суугаад Баян-Овоо сумын эмнэлэг дээр авчирсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Баян-Овоо сумын чиглэлд явж байхад миний явж байгаа замын хажуу талд байх шороон замаар саарал өнгийн аллион маркийн автомашин явж байгаад намайг гүйцэж түрүүлээд намайг өнгөрөөд явсан, тэгээд би араас нь жаахан явж байхад Антентай хөтөл дээр гараад машинаа зогсоож утсаар хүнтэй ярьчихаад цаашаа хөдөлж яваад антентай хөтөл даваад уруудаж явахад нэлээд урд талд машин онхолдсон харагдаж байсан. Тэгээд би наанаас нь дөхөөд очиход машин онхолдсон байсан ба урдаас нэг эмэгтэй хүүхэд гүйгээд ирсэн ба ирээд тэнд машин онхолдчихлоо, хүн нь дарагдчихлаа гэсэн, тэгэхээр нь би эмнэлэг дуудсан уу гэсэн чинь дуудсан гэсэн, тэгээд онхолдсон машин дээр очиход машин хажуу талаараа онхолдсон байсан, нэг эмэгтэй хүн машины хажууд газарт хэвтэж байсан, тэгээд тэр хүнийг нь машиндаа суулгаад хамт явсан 4 хүнийг нь суулгаад шууд Баян-Овоо сумын эмнэлэг рүү яваад тэнд очиж эмч нарт нь үзүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс Баян-Овоо сумруу явахаар болоод манай ах Бгийн эзэмшлийн ******* дугаартай автомашинаар манай ах Б, найз охин Н, манай дүү ******* бид нар явж байгаад Бүжинлхамыг гэрээс нь авах гээд гэрийнх нь гадаа очоод тэндээс манай ах Б би жаахан ядраад байна чи машин барьчих гээд надад хэлэхээр нь би Бүжинлхамын гаднаас машиныг нь жолоодоод Баян-Овоо сумруу явсан. Тэгээд Баянхонгор сумын төвөөс гарж Баян-Овоо сумруу яваад Антентай хөтөл даваад цаад талд нь явж байгаад машин шарваад бөгсөө шидээд рүл жолоодлоггүй болоод тэгээд машин онхолдчихсон. Тэгээд Б, ******* бид гурав машин дотроо байж байсан, харин талийгаач Н машины гадаа уначихсан машинд хүзүү хэсгээрээ дарагдчихсан байсан. Тэгээд машинаа жаахан цааш нь түлхсэн чинь хөндийрээд доороос нь талийгаач Ныг гаргаж ирэхэд ухаангүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 233-235/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 43 дугаартай шинжээчийн ... Талийгаач Э.Нын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны урд хонхор самалдаг ясны ялтаснаас турк эмээлийг дайрч 2 салаалж зүүн дунд, хонхрын чулуулаг ясны дотор талаар гарч зүүн чамархай хүрсэн. Зүүн дунд хонхрын чулуулаг ясны гадна хэсгээр гарч зүүн ар хонхрын гол хэсэг хүрсэн, турк эмээлээс баруун салаалж баруун дунд хонхрын чулуулаг ясны гадна хэсгээр дайрч баруун ар хонхрын уртавтар тархины гарах хэсэг хурсэн цөмөрсөн хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай дагз, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай дагз, бага тархины орой хэсгийн аалзан хальсны цоорох цус харвалт, элэг, зүрх, уушгины эдийн задрал, зүүн 3-9 хавирга, баруун 3-6-р хавирга, 7-9-р хавирганы хугарал, доод эрүү, баруун эгэм, хамар ясны хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, толгойн хуйхны дотор гадаргуун дух, баруун чамархайн цус хуралт, хөхлөг сэртэнд шарх, дух, зовхи, хамар, хацар, дээд уруул, чих, доод эрүү, чамархай хүзүү, цээж, бугалганы зулгаралт, зовхи, шуу, шилбэ тавхай, өвдөг, гарны цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайлбал автомашины ослын улмаас үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1..3, 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ..., Талийгаач нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ ... гэсэн шинжэээчийн дүгнэлт /хх-ийн 179-183/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 3-26/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-31/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-35/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 36-40/,

*******цосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 42-59/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /хх-ийн 63, 64/,

Талийгаач Э.Нын иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 75/,

Баянхонгор аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 152-154/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 162-163/,

“ЭНХ НАХИА” ХХК-ийн эд зүйл үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 205-206/,

Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 18/02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 213-216/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 217-217/,

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 237-250/,

Хохирогч *******аас шүүгдэгч талаас 1.500.000 төгрөгийг оршуулгын зардалд хүлээн авсан цаашид гаргах гомдол санал байхгүй тухайгаа илэрхийлсэн шүүхэд гарган өгсөн хүсэлт, Иргэний нэхэмжлэгч *******гээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа илэрхийлсэн шүүхэд гаргасан өгсөн хүсэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн байх “Антентай хөтөл” гэх газарт шороон зам дээр allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2.7-ийн б-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн урд суун зөрчиж явсан Э.Нын амь насыг нь хохироож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ж.Уранцэцэгээс шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Хохирогч ******* нь шүүгдэгч талаас талийгаачийн оршуулгын зардалд 1.500.000 төгрөг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн ба шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохиролд 3.000.000 төгрөг нэмж төлсөн талаархи санхүүгийн баримтыг гаргаж өгсөн мөн иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөн бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийн жолоодож явсан allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийнх байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч ******* олгов.

Мөн шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн dell маркийн зөөврийн комьпютерыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон уг автомашины урд дугуй зэргийг эзэмшигч *******, 3 ширхэг рентген зураг болон амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийг шүүгдэгч *******д тус тус буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******ийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч *******, dell маркийн зөөврийн комьпютерыг шүүгдэгч *******д тус тус буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан allion маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон уг автомашины урд дугуй зэргийг эзэмшигч *******, 3 ширхэг рентген зураг болон амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргийг шүүгдэгч *******д тус тус буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА