| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2534002960228 |
| Дугаар | 2026/ДШМ/07 |
| Огноо | 2026-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2026/ДШМ/07
2026 01 22 2026/ДШМ/07
А.А, Г.С нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Хохирогч, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг /цахимаар/
Хохирогч, шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
............. сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны .. дугаар сарын ...-ны өдрийн 20.../ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.А, Г.С нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг шүүгдэгч Г.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн шүүх 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А.А, 19... оны 02 дугаар сарын 13-ны өдөр ..... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт .... аймгийн .... сумын Баянгол 3 дугаар баг ............ оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .........,
2. Г.С, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт ... аймгийн ... сумын ................ оршин суух бүртгэлтэй, урьд нь
.............. сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны .. дугаар сарын ..-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцлагаас чөлөөлсөн,
.............. дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны .. дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар: .....
3. Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................ гэх газар 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Хтай маргалдаж түүнийг заамдаж унагаан нүүр, толгойн тус газарт нь цохиж, зодсоны улмаас Г.Хын эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд 2-р шүдний хугарал, эрүү, зүүн дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, дух, зүүн зулайн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Г.Х нь ............................ гэх газар 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А.Атэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, чирч, боож биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, эрүү, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
4. Төв аймгийн прокурорын газраас Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт тус тус үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг,
шүүгдэгч Г.Х-г,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймаг, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Шүүгдэгч А.А, Г.С нарт шүүхээс оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,
Эрүүгийн ......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А, Г.Х нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Г.Хын нэхэмжилсэн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
6.Хохирогч, шүүгдэгч Г.Х давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ...Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт яллагдаж, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, тус ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож өөрчилж солихыг сануулсан ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна.
Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж ойлгож байгаа ба хохирогчийн хувьд гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан... бас өгсөн байгаа. Би ..............3-р багийн Баянголын 2-8 тоотод ээжийн хамт амьдардаг ба өвлийн улиралд тус багийн Хиагт хэсэгт отроор өвөлждөг юм. Тус хэсэгт харилцаа холбооны сүлжээгүй, цахилгаан эрчим хүчний холбоогүй, өндөр настай ганц бие ээжийгээ асран хамгаалдаг. Энэ байдлаар миний байгаа газраас ял шийтгэлээ 1 сарын хугацаанд эдлэх гэхээр холбоо сүлжээгүй учир дээрх ялаа биечлэн эдлэх болж миний ар гэр, өөрийн эрх зүйн байдал хүндрэх нөхцөл байдалтай байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэл, хэргийн талаар маргаан байхгүй, бусдад төлөх төлбөргүй, талууд хоорондоо эвлэрсэн, хэн аль нь холбогдох хохирол төлбөрийг төлсөн. Харин гагцхүү ял, шийтгэл эдлэхтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгч Батсүмбэр суманд мал маллаж, өндөр настай ээжийн хамт амьдардаг. Тухайн байгаа газар нь тог, цахилгаангүй, сүлжээ холбоо барьдаггүй нөхцөл байдалтай. Иймд гав зүүх, электрон хяналтын төхөөрөмж зүүх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч А.Аийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Миний үйлчлүүлэгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүгдэгч Г.Хын гаргасан давж заалдах гомдолтой холбоотой тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.
9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна..." гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Х, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Хын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ............................ гэх газар 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Г.Хтай маргалдаж түүнийг заамдан унагааж нүүр, толгойн тус газарт нь цохиж, зодсоны улмаас Г.Хын эрүүл мэндэд нь зүүн хацар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд 2-р шүдний хугарал, эрүү, зүүн дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, дух, зүүн зулайн хуйханд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Г.Х нь ............................ гэх газар 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн А.Атэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж, чирч, боож биед нь халдаж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, эрүү, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь
хохирогч Г.Хын “...А.А намайг заамдаж унагаасан. Намайг унасан хойно А.А гартаа чулуу барьчихсан чулуутай гараараа миний толгой тархи руу цохисон. А.А нь нүүр рүү 2 удаа цохиж нэг удаа өшиглөсөн...” /хх-н 9/ гэх,
хохирогч А.Аийн “...Намайг Г.Х ах цохиж бас боож гол руу чирсэн чирэгдэх үед өвдөг халцарсан. Нүүр лүү цохих үед хамар хугарсан, боох үед хүзүү зулгарсан...” /хх-н 12/ гэх,
иргэний нэхэмжлэгч Б.-ийн “...Г.С-н эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 655.400 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” /хх-н 17/ гэх,
гэрч М.Б-ийн “...Би 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ орой 20 цаг өнгөрч байхад Г.Х утсаар залгаад “Би хүнд зодуулаад зугтаад явж байна намайг ирээд аваач” гэж ярьсан. Би хувцсаа өмсөөд алхаад зааж өгсөн газар нь болох ..............Баянгол 3 дугаар баг ахмад настны үндэсний төвийн ард байх модон гүүрэн дээр очсон. Намайг очих үед Г.Х ирчихсэн хүлээж байсан. Би утасны гэрэл тусгаад харах үед нэлээн зодуулсан нүүр нь цус болж, нүд нь тагларсан байсан...” /хх-н 21-22/ гэх,
гэрч Б.Г-ийн “...Архи уугаад маргалдсан чинь Г.Х намайг уруул руу нэг удаа цохиод ухаан алдаад сэрсэн чинь А.Аийг боочихсон цохиж зодож байхаар нь би очоод салгах гэтэл намайг дахин толгой руу нэг удаа цохиод ойртуулахгүй байсан.., А.А Г.Х хоёр хоорондоо ноцолдоод байсан. Г.Х буу авчирч та хоёрыг буудна гээд яваад өгсөн...” /хх-н 19/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5471 дугаартай “...Г.Хын биед зүүн хацар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын салстад няцарсан шарх, цус хуралт, зүүн дээд 2-р шүдний хугарал, эрүү, зүүн дээд, доод зовхи, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, дух, зүүн зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн дээд 2-р шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” /хх-н 26-27/ гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5495 дугаартай “...А.Аийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, эрүү, баруун шуунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хх-н 33-34/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
яаралтай тусламжийн хуудас /хх-н 63-66/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг ба гэмт үйлдэл, хохирогчид учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн хохирогчийн биед учруулсан гэмтэл нь аюултай гэмтлийн шинжгүй, гэмтэл түүнээс үүссэн өвчин, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги алдсан байх бөгөөд хүний биед хохирол учруулсан санаатай үйлдэл, учирсан хор уршиг, үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд объектив талын шинжийг хангасан байхыг шаарддаг тул Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзлээ.
4. Шүүгдэгч Г.Х, А.А нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
5. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “...Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
...хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн, хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх ба шүүгдэгч А.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн болон хууль ёсны зарчмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
Харин шүүх гэмт хэргийн улмаас хохирогч А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Г.Хт оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь түүний биед хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч А.Аэд оногдуулсан ялаас хүнд байгааг хууль ёсны байх хуулийн шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байна.
6. Шүүгдэгч Г.Х “...Би ..............3-р багийн Баян-голын 2-8 тоотод өндөр настай ганц бие ээжийгээ асран хамгаалан амьдардаг ба өвлийн улиралд тус багийн Хиагт хэсэгт отроор өвөлждөг. Тус хэсэгт харилцаа холбооны сүлжээгүй, цахилгаан эрчим хүчний холбоогүй байдаг тул, шүүхээс оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялаа биечлэн эдлэх боломжгүй, өөрийн эрх зүйн байдал хүндрэх нөхцөл үүсэж байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэхдээ шүүхээс түүнд оногдуулсан ял гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхэд дараах дүгнэлтийг хийж шүүхийн шийдвэрт гомдлын агуулгаас өөр үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
7. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
8. Анхан шатны шүүх Г.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр буюу үндсэн ялын төрлөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулж шийтгэсэн атлаа А.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг дээрх зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн мөртлөө шүүгдэгч Г.Хт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болох “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр өөрчлөлт оруулав.
9. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Хт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолийн тогтоох хэсгийн 2, 3, 6 дугаар заалтад өөрчлөлт оруулж, мөн зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхтэй холбоотой 4, 5 дугаар заалтыг хасах нь зүйтэй гэж үзлээ.
10. Шүүгдэгч Г.Х, А.А нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг мөрдөгчийн тогтоолоор тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь хохирогч Г.Хт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн 655,400 төгрөгийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардсан байдаг. /хх-н 17/
Хавтаст хэрэгт уг мөнгийг шүүгдэгч А.А төлж барагдуулсан гэх баримт авагдаагүй. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх 655,400 төгрөгийг шүүгдэгч А.Аээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч А.Аийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж шийдвэрлэжээ. Иймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 655,400 төгрөгийг шүүгдэгч А.Аээс гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дугаар заалтыг хассан тул тогтоох хэсгийн 1-11 гэсэн дугаарлалтыг 1-9 гэж өөрчлөн дугаарлаж, бусад заалтыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аэд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Г.Хт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай...” гэж,
6 дахь заалтын “...Шүүгдэгч А.А, Г.С нарт шүүхээс оногдуулсан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай...” гэснийг
“...Шүүгдэгч А.А, Г.С нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай...” гэж,
7 дахь заалтын “...Эрүүгийн ......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А, Г.Х нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Г.Хын нэхэмжилсэн 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. ...” гэснийг
“...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Аээс 655,400 /зургаан зуун тавин таван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дансанд олгож, хохирогч Г.Хын нэхэмжилсэн 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүгийн ......... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.А, Г.Х нар цагдан хоригдсон хоноггүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай....” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 4, 5 дахь заалтыг хасаж, 1-11 гэж дугаарласныг 1-9 гэж дугаарлан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Хын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ