Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01035

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00681 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч Ерөнхий боловсролын “Н Н С” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 262,485,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагчийн төлөөлөгч Н.Номин, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий боловсролын “Н Н С” ХХК-аас түрээсийн үлдэгдэл төлбөр 174,990,902.83 төгрөг, алданги 87,495,000 төгрөг, нийт 262,485,000 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Б” ХХК 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нь Н Н Стай түрээсийн гэрээ байгуулж, ..., өөрийн эзэмшлийн 5 давхар барилгыг боловсрол, сургалтын зориулалтаар түрээслүүлэхээр тохиролцсон. Сургуулийн үйл ажиллагааг 2021 оны 2 дугаар сар хүртэл тасралтгүй явуулсан. Хариуцагч түрээсийн төлбөрийг 2017 оны санхүүгийн жилд 181,000,000 төгрөг 8 сар, 2018 оны санхүүгийн жилд 288,000,000 төгрөг 4 сар, 2019 оны санхүүгийн жилд 470,500,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг 8 сар тус тус хугацаа хэтрүүлсэн. Боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжих үүднээс хугацаа хоцроосон төлбөрт алданги тооцолгүй, хөнгөлөлт дэмжлэг үзүүлж ирсэн. 2020 оны санхүүгийн жилд Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнийг харгалзан түрээслэгчид 2020 оны түрээсийн төлбөрт 19 хувийн хөнгөлөлт үзүүлж, түрээсийн үлдэгдэл төлбөр төлөх хугацааг нийт 3 удаа 6-15 сараар хойшлуулсан. Хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албан бичгээр түрээсийн гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах санал ирүүлснийг үндэслэн актаар түрээсийн гэрээгээ дүгнэсэн. Хариуцагч түрээсийн төлбөрийн үлдэгдэл 174,990,902.83 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлбөрийг дахин хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул түрээслүүлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, түрээсийн гэрээний 15.1, 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээ дүгнэсэн актын 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөр 174,990,902.83 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож 87,495,000 төгрөг, нийт 262,485,000 төгрөг нэхэмжилсэн.

“Б” ХХК-ийн барилгыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын коммис хүлээж авсан. Ашиглалтад ороогүй байрыг сургалтын зориулалтаар ашиглаж байсан гэдэг нь үндэслэлгүй. 2016 оны 9 дүгээр сард сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ үед талууд гэрээгээ солилцоод явж байсан, тодорхой зорилгоор боловсролын үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ авахын тулд гэрээ хэрэгтэй байсан гэж ойлгосон. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ гэрээний хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг  төлбөрөөс хасч нэхэмжилсэн гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Н Н С “Б” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай объектыг 2016 оны 08 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ерөнхий боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааны чиглэлээр түрээслэсэн. 2016 оны 8 дугаар сараас тус объектын 1-3 давхрыг, 2018 оны 8 дугаар сараас нэмж 4 дүгээр давхрыг, 2019 оны 8 дугаар сараас эхлэн 5 дугаар давхрыг нэмж түрээслэн үйл ажиллагаагаа явуулсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт нийт 1,883,844,672.45 төгрөг төлсөн. “Б” ХХК-ийн захирал Б.Батжаргал түрээсийн байрыг 2016 оны 07 дугаар сард түрээсэлж ашиглахад бэлэн болсон гэж сурталчлан Н Нсургуулиар байрандаа их хэмжээний засвар үйлчилгээ хийлгэж оруулсан боловч сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах үйл явцад тус барилгыг Улсын комисс хүлээн аваагүй, ашиглалтад оруулах зөвшөөрөлгүй байсан нь илэрч, сургуулийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангалгүйгээр засварын зардал, хууль бус түрээсийн төлбөр гаргуулан байгууллагын стратеги төлөвлөгөөнд саад учруулсан. “Б” ХХК түрээсийн гэрээний 6.11 дэх хэсгийг зөрчиж  түрээсийн төлбөрөө үндэслэлгүйгээр 5 удаа, нийт 63,3 хувиар нэмэгдүүлж хүссэн үедээ гэрээ цуцлах, тог цахилгаан, дулаан хязгаарлах гэх мэт гэрээний зүйл заалтаар шахалт үзүүлэн санамж бичиг үйлдэж байсан. Ковидын нөхцөл байдал үүссэнээр 2020 оны түрээсийн төлбөрт 19 хувийн хөнгөлөлт үзүүлсэн гэдэг. Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс орон даяар хөл хорио тогтоосны улмаас Н Н С нь 2020 онд “Б” ХХК-ийн байранд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 4 хоног, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 52 хоног, нийт 56 хоног буюу 2 сар орчим хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж санхүүгийн томоохон алдагдал хүлээж эхэлсэн боловч түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөхийг шаардаагүй. “Б” ХХК 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр санамж бичгээр нийт 8 сарын хугацааны түрээсийн төлбөрийг 19 хувиар хөнгөлөх талаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг нэг сарын 8 хувиар нэмэгдүүлж, нийт 8 сарын төлбөрийг 19 хувь хөнгөлсөн нь гамшгийн нөхцөл байдалд түрээсийн төлбөрөө 5,7 хувиар өсгөн, нэмж алданги тооцсон байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Сүүлийн 2 жилийн хугацаанд бүх аж ахуй нэгж алдагдалтай хөл хорионд байсан. Давагдашгүй хүчин зүйлийн эрсдлийг талууд харилцан адилхан хүлээх ёстой. Гэтэл энэ хугацаанд түрээсийн хөнгөлөлт, хэрхэн ажиллаж байгаа, ямар асуудал тулгарч байгаа талаар түрээслүүлэгчийн зүгээс уулзалт хийгээгүй. 2020 оны 09 сар болох үед түрээслэгч, аж ахуйн нэгжүүд татварын хөнгөлөлтөд орох хугацаа дуусах гэж байна гээд санамж бичигт гарын үсэг зуруулсан. Ковидын 1 жилийн хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 16 хоног буюу 29-ний өдөр хүртэл, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 52 хоног нийт 56 хоног буюу 2 сар хүрэхгүй хугацаанд хичээллэсэн. Бусад хугацаанд “Б” ХХК-ийн өмнөөс бэлэн байдалд халдваргүйжүүлэх гэх мэт бүх аж ахуй нэгжүүдэд өгсөн үүргийг Н Н С гүйцэтгэж байсан. Тухайн үед түрээсийн үйлчилгээ аваад ажиллаж байсан учраас актад нь зурсан. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт зааснаар тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаагаа тодорхойлоод эцэслэх ёстой. 2016 оноос хойш 4, 5 гэрээ байгуулагдсан байдаг. Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сараас хойш засвар үйлчилгээ хийж ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнд тухайн өдөр “Б” ХХК-ийн үл хөдлөхийн гэрчилгээ гарсан өдөр шууд гарын үсэг зурагдсан байдаг. Өмнөх гэрээнүүдийг ямар үйл ажиллагаанд зориулах гэж байгааг ойлгоогүй. Түрээслэгч энэ хугацаанд 1,465,951,947 төгрөг төлөхөөс 1,8 тэрбум гаруй төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ерөнхий боловсролын “Н Н С” ХХК-аас 262,485,000 /хоёр зуун жаран хоёр сая дөрвөн зуун наян таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,470,875 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 1,470,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хариуцагч Ерөнхий боловсролын “Н Н С” ХХК-аас 262,485,000 төгрөг, тогтоох хэсгийн 2 дахь заалтын улсын тэмдэгтийн хураамжид 1,470,875 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч байна.

4.1. Нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн тухайд,

4.1.а. “Б” ХХК-ийн захирал Б.Батжаргал 2016 оны 07 дугаар сард Н Н Стай түрээсийн гэрээ байгуулахдаа ашиглалтын шаардлага хангаагүй, биет байдлын болон эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгийг урьдчилан мэдэгдэхгүйгээр, түрээсийн нөхцөлийг хангасан гэж түрээсийн гэрээ удаа дараа байгуулсан. Өөр байгууллагатай түрээсийн гэрээг давхар хийлгэн, амаар түрээсийн төлбөрийг урьдчилан авч, дуусаагүй барилгынхаа засвар үйлчилгээг хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авснаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг шинээр байгуулсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар үндэслэлгүй гэж бичсэн. Нэхэмжлэгч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актын төлбөрийн задаргааны хавсралтад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн АА2017/02 тоот гэрээний хугацаанаас өмнө Н Нсургуулиас түрээсийн төлбөр авч байсныг тэмдэглэсэн байдаг. Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрээнүүд болон бусад нотлох баримтуудыг бүхэлд нь хянахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.1.б. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар нар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи 4 гэрээг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу дараа хасаж тооцно гэсэн хоорондын тооцоо болох 214,260,000 төгрөгийг нэхэмжлэгч түрээсийн төлбөрт урьдчилгаанд авсан гэж тайлбарласаар байтал шүүх хэт нэг талыг барьж, дээрх хугацааны илүү төлсөн мөнгийг хасаж тооцоогүй нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

4.1.в. Түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан талаар 2 тал хүлээн зөвшөөрч, түрээсийн байрыг 2016 оны 07 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 5 жил ашиглаад гарсан, 4 жилийн хугацааны түрээсийн гэрээгээр 5 жилийн мөнгө аваад 5 жил түрээслэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байтал шүүх мөн хэт нэг талыг барьж хариуцагчийг хохироож байгаад гомдолтой байна. 5 жилийн түрээсийн төлбөрөө бүрэн төлж дуусгасан гэж үзэж байгаа тул зөвшөөрөхгүй. Түрээсийн төлбөрийг 2018 оноос эхлэн улирлаар тооцож эхлэнэ гэж гэрээний 6.2-т заасан. Нэхэмжлэгч шүүх хурал дээр урьдчилгаа төлбөр авснаа хүлээн зөвшөөрсөн байхад шүүх 262,485,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.1.г. 5 жилийн хугацаанд гэрээний дагуу төлбөл зохих төлбөр 1,456,412,126 төгрөг байхад хариуцагч 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт 1,883,844,672 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа 2016-2017 оны хичээлийн жилд хариуцагчийн төлсөн төлбөрийг хэлсэн ёсоор тооцолгүй сургуулийн үйл ажиллагаанд дарамт учруулж, түрээслүүлэгчийн давуу эрхээ ашиглан гэрээ цуцлах, ус, цахилгаан, дулаан хязгаарлах, бүтэн өдрийн турш ариун цэврийн өрөөнүүдийг хааж багш сурагчдыг хэвийн ажиллаж суралцах эрхэд бүдүүлгээр халдсан. Мөн түрээсийн гэрээний 6.11-т заасныг зөрчиж удаа дараа түрээсийн төлбөрөө нэмэгдүүлж 427,432,546 төгрөгийн илүү төлөлттэй байгааг шүүх анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьж хариуцагч талыг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.1.д. Хөнгөлөлт дэмжлэг үзүүлсэн гэх боловч бодит байдал дээр хөнгөлт үзүүлээгүй. Харин ч сургуулийн үйл ажиллагааг явуулах боломжгүй, шаардлага хангаагүй барилгыг түрээслэсэн. Хариуцагч өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж улсын комисст хүлээлгэн өгөхөд маш их үүрэг гүйцэтгэсэн гэдгийг шүүх шийдвэртээ дурдаагүйд гомдолтой байна.

4.1.е. Нэхэмжлэгч гэрээгээ зөрчиж түрээсийн төлбөрийг жил бүр нэмэгдүүлж байсан. Тухайлбал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сар хүртэл сарын  төлбөрийг 8 хувиар нэмэгдүүлсэн, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн санамж бичиг дээрх 8 сарын хугацааны төлбөрийг 19 хувиар хөнгөлөх биш эсрэгээрээ сарын 5,7 хувиар нэмэгдүүлсэн. Ковидын нөхцөл байдалд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаагүй атлаа санхүүгийн аргаар нэмэгдүүлсэн. Хариуцагч түрээсийн төлбөр төлж үйл ажиллагааны алдагдал хүлээн хохирч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд ковид цар тахлын улмаас аж ахуй нэгж байгууллагууд бүх нийтээрээ санхүүгийн хүнд нөхцөлд байсан, гэрээний 10.1-т “давтагдашгүй хүчин зүйлийн улсаас үүссэн нөхцөл байдалд, талууд асуудлыг харилцан тохиролцож зөвшилцөх замаар шийдвэрлэнэ” гэж заасан байхад нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй, түрээсийн төлбөрийг зөвшилцөөгүй, өмнөх нэг жилийн хугацаанд урьдчилж авсан төлбөрийг тооцохгүйгээр түрээсийн төлбөр шаардаж байгаа нь гэрээ болон Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

4.1.ё. Нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банк дахь төгрөгийн ... тоот байгууллагын харилцах дансыг битүүмжлэн, орлого олох эх үүсвэрийг хааснаар сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цаашид сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон нь тус сургуульд ажиллаж буй 70 гаруй багш ажилчид, 412 суралцагчдын эрх ашигт нөлөөлсөн.  Шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтгүй хүсэлттэй харьцуулсан дүн шинжилгээ хийхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж ерөнхий боловсролын сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хариуцагч талыг тайлбар хэлэх боломжоор хангахгүйгээр шүүх хуралдааныг дуусгасанд гомдолтой байна.

4.1.ж. Н Нсургуулиас “Б” ХХК-д 2016.08.01-2016.12.31 өдрийн түрээсийн төлбөрт 108,380,250 төгрөг, 2017.01.01-2017.05.01 өдрийн түрээсийн төлбөрт 96,339,926 төгрөг, 2017.05.01 -2017.12.31 өдрийн түрээсийн төлбөрт 228,899,088 төгрөг, 2018.01.01 -2018.08.14 өдрийн түрээсийн төлбөрт 213,208,424 төгрөг, 2018.08.15-2018.12.31 өдрийн түрээсийн төлбөрт 177,326,130 төгрөг, 2019.01.01 -2019.07.01 өдрийн түрээсийн төлбөрт 254,003,580 төгрөг, 2019.07.01-2019.12.3 өдрийн ттүрээсийн төлбөрт 268,771,230 төгрөг, 2020.01.01 -2020.08.16 өдрийн түрээсийн төлбөрт 292,267,744 төгрөг, 2018.08.17-2020.08.31 өдрийн түрээсийн төлбөрт 25,648,379 төгрөг, 2020.09.01-2020.11.18 өдрийн түрээсийн төлбөрт 168,878,221 төгрөг, нийт 1,833,722,975 төгрөг төлсөн. 2016 оны 07 дугаар сараас 2017 оны 05 сар хүртэл хугацаанд барилгаа улсын комисст хүлээлгэн өгөх зорилгоор түрээсийн төлбөрт 214,260,000 төгрөг авсан. Түрээсийн төлбөрт нийт 61,744,950.96 төгрөгийг илүү төлсөн. Нэхэмжлэгч нь анх түрээсийн төлбөрт тооцохгүй гэж хэлж байсан хүний бие махбодийн суурь хэрэгцээ шаардлагыг хангах ариун цэврийн өрөө, давхар хоорондын дамжин гарах шат, дамжин өнгөрөх коридор зэрэг бүх ашиггүй талбайн хэмжээг түрээсийн гэрээнд багтаасан. Улмаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бол гарч болно гэсэн шахалтаар үйлдэн нийт 184,79 м.кв ашиггүй талбайгаасаа 151,427,596 төгрөгийг түрээсийн төлбөрт авсан. Нэхэмжлэгчид нийт 427,432,546 төгрөгийг илүү төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 5 гэрээ байхгүй, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нотариатаар баталгаажуулсан 1 гэрээ байдаг. Н Н С нь сургуулийн зөвшөөрөл боловсролын газраас авахын тулд түрээсийн гэрээ зайлшгүй шаардлагатай гэсний дагуу гэрээ байгуулж, боловсролын газар өгсний дараа сургуулийн гэрчилгээг 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр авсан. 2016 оны 09 дүгээр сард Н Н С үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бэлэн биш барилгыг ашиглалтад оруулсан гэх гомдол үндэслэлгүй. Тус барилга бүрэн баригдаж дууссан, доторх засал нь дутуу байсан. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Түрээсийн гэрээний 4.5-д хэрэв түрээслүүлэгч барилгын засвар хийхээр бол түрээсийн зардлаас суутгаж тооцно гэж заасны дагуу өмнө нь төлсөн гэх 20,000,000 төгрөгийг дараагийн түрээсийн төлбөрөөс суутгаж тооцсон. Талууд жил бүр гэрээний үнэ, нийт түрээслэх талбайг зөвшилцөн санамж бичиг байгуулсан.  Цар тахлын үед сургуулийн үйл ажиллагаа зогсоогүй, хэвийн явагдаж, сургуулийн хүүхдүүд төлбөрөө төлсөн байдаг. 2020 онд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 1 м.кв талбайн үнийг 19 хувиар бууруулсан. Түрээсийн объектийг иж бүрэн байдлаар нь ашигласан атлаа түрээсийн төлбөр төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Талууд гэрээ дүгнэсэн актыг удаа дараа үйлдсэн. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу хүсэл зоригоо илэрхийлж, тус үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн. Хүлээн зөвшөөрсөн төлбөр тооцоог хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үгүйсгээгүй, үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Ерөнхий боловсролын Н Н С” ХХК-д холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний үүрэгт 174,990,902.83 төгрөг, алданги 87,495,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг зөв тогтоосон байна. 

4. Нэхэмжлэгчийн өмчлөлийн ... 88 тоот хаягт орших нийт 2,500 м.кв талбайтай үйлчилгээ, автомашины зориулалттай 5 давхар үл хөдлөх хөрөнгийн 1-3 давхарын талбайг хариуцагч 2016-2018 онуудад эзэмшиж, ашиглаж байсан нь талуудын тайлбар, 4 удаагийн түрээсийн гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнээс өмнөх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй боловч хариуцагч нь объектыг бодитойгоор эзэмшиж, ашигласан тул энэ хугацааны төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /1хх14-22, 171-188/     

4.а. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн АА2017/02 тоот түрээсийн гэрээгээр хариуцагч тал дээр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгийн 1-3 давхарын 1445,07 м.кв талбайг ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1 м.кв талбайг НӨАТ багтсан дүнгээр 19,800 төгрөгөөр түрээслэх, гэрээний хугацаа уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байхаар тохиролцсон байна. Талууд уг гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

4.б. Мөн уг гэрээгээр “жил бүр нэмэлт гэрээ байгуулах замаар гэрээний хугацааг сунгах, нэмэлт гэрээ үндсэн гэрээний нэгэн адил хүчинтэй байхаар тохиролцсон байх ба гэрээний хугацаанд талууд санамж бичиг, түрээсийн төлбөрийн тооцоолол гэх баримт үйлдэж түрээслэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг тооцоолон гаргаж байжээ. /1хх6-9, 68-70, 79-81/

4.в. Зохигчид 2016 оны 07 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдлийг түрээсийн төлбөр болон бусад харилцааг зохицуулсан санамж бичиг, тооцоо нийлсэн актаар 195,040,902.83 төгрөг гэж баталгаажуулан, 117,024,541.70  төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор, 78,016,361.13 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх тухай акт үйлдсэн байна. /1хх11-12/

Хариуцагч гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 20,000,000 төгрөг төлсөн байх ба анхан шатны шүүх талуудын харилцан баталгаажуулсан актыг үндэслэн хариуцагчаас түрээсийн төлбөрт 174,990,902.83 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.

7. Харин алдангийн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

7.а. АА2017/02 тоот түрээсийн гэрээ болон уг гэрээг дүгнэсэн актаар түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлөхөөр тохиролцсон, түрээслэгчид үүргийн зөрчил үүссэн учраас алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ. Харин түрээслэгчид үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд цар тахалын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгах нь зүйтэй.  

Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр 174,990,902.83 төгрөг, алданги 43,747,500 төгрөг /87,495,000 төгрөг*50%/, нийт 218,738,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

8. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8.а. Түрээслүүлэгч ашиглалтын шаардлага хангаагүй, биет байдлын болон эрхийн доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн, түрээслэгчээр  объектод их хэмжээний засвар үйлчилгээ хийлгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсонгүй.

8.б. Гэрээний зүйлийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2016/382 дугаар актаар ашиглалтад оруулж, хариуцагч  сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр авсан боловч уг барилгыг хариуцагч эзэмшилдээ 2016 оны 07 дугаар сард авсан байх тул эзэмшил, ашиглалтанд байсан хугацааны төлбөрөө төлөх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт нийцнэ. /1хх94-96, 191/

Гэрээний 6.11-д “түрээслүүлэгч нь бараа үйлчилгээний үнийн өсөлтийн түвшин болон бусад үзүүлэлтүүдийг харгалзан санхүүгийн ажил эхлэхээс 2 сарын өмнө түрээсийн төлбөрийг шинэчлэн тогтоож болох бөгөөд шинэчилсэн төлбөрийг түрээслэгчид албан бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна. Талууд санамж бичиг, түрээсийн гэрээ дүгнэсэн актаар COVID 19 цар тархалтаас хамаарч 2020.02.01-2020.09.01-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс 19 хувийн хөнгөлөлтийг үзүүлэх, 2020 оны санхүүгийн жилд хариуцагчийн төлбөл зохих дүнгээс хөл хорио эхлэх хугацаа хүртэлх дүнд тооцсон алдангиас дулааны төлбөрийг хасч тооцон, төлбөл зохих дүн, хугацаа зэргийг тохиролцон тогтоосон байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг зөв тодорхойлжээ.   

Дээрх үндэслэлээр хариуцагчийн “шүүх нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлээгүй, хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, хэт нэг талыг баримталсан” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/00681 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ерөнхий боловсролын Н Н С” ХХК-аас 218,738,402 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас    43,746,598 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “... 56.2...” гэж, “... 1,470,875 ...” гэснийг “... 1,251,642 ...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,664,907 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                      ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                  А.МӨНХЗУЛ