Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 147

 

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч: М.Мөнхөө,

          Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А.Б-т холбогдох 1735000740066 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  дөрвөд  ястан, 1973 оны 12 дугаар сарын 26-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Улаан сарнай” ХХК-д харуул ажилтай , ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангос сумын 3 дугаар баг, “Сарнай” рестораны хашаанд оршин суух Ш овогт А.Б. РД:ОП73122610.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч А.Б нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Н.Д-гийн баруун нүдэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Шүүгдэгч А.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч А.Б нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг, “Өгөөмөр” төвийн урд хохирогч Н.Д-гийн баруун нүдэнд нь цохиж “Баруун нүдний солонгон бүрхүүлийн урагдал, татагдал, хавчуулагдал нэвт гэмтэл учруулсан болох нь

      Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаангом суманд “Өгөөмөр” төв дээр Улаанбаатар хотоос сууж ирсэн машинаа хайж очиход байгаагүй. Тэнд согтуу явж байгаад танихгүй залуутай нийлж 0.5 литрийн архи авч уучихаад ганцаараа “Өгөөмөр” төвийн ойролцоо явж байтал нэг танихгүй залуу миний нүд рүү цохьсон. Намайг ямар шалтгааны улмаас хэдэн удаа цохисныг би хэлж мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор тэр хүнийг гадна төрх, хувцас зэргийг санахгүй байна. Тэр залууд цохиулснаас хойш юу болсныг би санахгүй байна. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөө ээж Ггийн гэрт сэрэхэд миний баруун нүд юм харахгүй байсан. Би 2012 оны 5 дугаар сард зүүн нүдээ авахуулж, хиймэл нүд хийгэсэн байсан. Бичиг баримт байхгүй болохоор Увс аймагт эмнэлэг үзүүлж чадалгүй 2017 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн ах Э, түүний эхнэр Б нарын хамт тэдний машинаар Улаанбаатар явж, 8 дугаар сарын 24-нд гэртээ ирээд 2017 оны 8 дугаар сарын 25-нд Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон боловч нүдэнд хараа ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 22-24, 25-27, 28-30-р тал/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Н.Д Увс аймаг явж байгаа талаараа над руу утсаар ярьж хэлээд хоолны мөнгө аваад явсан. 2017 оны 8 дугаар сарын 19-ний 14.00-15.00 цагийн үед танихгүй дугаараас танихгүй эрэгтэй хүн залгаад “Д-гийн эхнэр үү? Д надаас 100.000 төгрөг аваад архи уучихлаа. Над руу 100.000 төгрөг шилжүүл” гэж хэлэхээр нь би “Юу яриад байгаа юм бэ? хамт архи уучихсан бол хохь чинь” гэж  хэлээд тасалсан. Дахиж яриагүй. Би 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 09.00 цагийн үед охин Эрдэнэцэцэгийг ажилд нь хүргэж өгчихөөд явж байтал охин Э “аавын баруун нүд юм харахгүй байна” гэж утсаар яриахаар нь гэртээ ирэхэд А.Б ирчихсэн байсан бөгөөд баруун нүд нь дотроо хүрэнтрээд улаачихсан, юу ч харахгүй байсан юм. Биед нь өөр ямар нэгэн шарх сорви байгаагүй. Юу болсон талаар асуухад “2017 оны 8 дугаар сарын 19-нд Улаангомд Өгөөмөр хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байгаад танихгүй хүнээр цохиулчихлаа” гэж хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 25-нд 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орж 21 ширхэг оёдол тавиулсан боловч хараа ороогүй. 2018 оны 3 дугаар сард Болор мэлмий эмнэлэгт баруун нүдний шилэн бүрхүүлийн хагалгаанд орох гэж байгаа. Д зүүн нүдээ 2012 оны 5 дугаар сард авахуулж, хиймэл нүд хийгэсэн, хараагүй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 31-34, 37-38, 82-83-р тал, II хавтасны 49-50-р тал/,

     Гэрч Г.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Н.Д нь зүүн нүд авагдсан /протез/ нэвт гэмтэл авсан үндэслэлээр групп-т байдаг. Зүүн нүд авагдсан учраас баруун нүдэндээ нөлөөлөхгүй. Н.Д-гийн баруун нүд 6 метр хардаг, -0.5 гэдэг шил зүүвэл 100% харж байсан. Намайг үзэхэд Н.Д-гийн баруун нүдний солонгон бүрхүүлийн урагдал, таслагдал, солонгон бүрхүүлийн хавчуулагдал, болор цайлт, салстын цус харвалт бүхий гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 35-36-р тал/,

      Гэрч О.А-гийн мөрдөн байцаалтанд  өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байх ногооны лангуун дээрээ зогсож байтал биеийн тамирын цагаан, хар өнгө хосолсон хувцастай архи уучихсан байдалтай хүнийг цуг явж байсан хүн нь захын тойрог замын хашлагатай хэсэгт зогсоож үлдээчихээд яваад өгсөн. Тухайн архи уучихсан байдалтай хүн хэсэг зогсож байгаад өөрийнхөө хажуугаар зөрсөн цэнхэр өнгийн фудболк, саарал өнгийн өмдтэй хүнд юм хэлэх шиг болоход зөрөөд өнгөрч байсан цэнхэр өнгийн фудболктай хүн буцаж нөгөө архи уучихсан байдалтай хүний хажууд явж очоод тухайн хүний баруун нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохичихоод цааш эргээд Сарнай рестораны чиглэлд яваад өгсөн. Архи уучихсан байдалтай хүн цохиулсныхаа дараагаар хойш ухраад замын хашлагыг түшиж доош суусан. Тэр хүн хэсэг хугацаанд суусан газраасаа огт хөдлөөгүй. Тэгээд би өөрийнхөө ажлыг хийж байтал миний хажууд байсан хүмүүс “Гурилын контейнер /чингэлэг/ дээр хүн гарчихсан байна” гээд хоорондоо ярилцаад байхаар нь би контейнер лүү харахад цэнхэр өнгийн фудболктай ахад цохиулсан хүн контейнер дээр гарчихсан байсан ба контейнерийн ойролцоо байсан хүмүүс тэр ахыг контейнерээс буулгаж авсан. Тухайн хүн контейнер дээрээс буугаад хаашаагаа явсан болохыг би хараагүй. ...Н.Д гэх хүнийг цохисон цэнхэр өнгийн фудболк, саарал өнгийн өмд өмссөн ах миний ногоо зардаг лангууны хажуугаар урьд нь хэд хэдэн удаа явж байхыг би харж байсан. Хүмүүсийн хэлснээр Сарнай ресторанд ажилладаг гэж байсан.  Би тэр хүнийг хараад танина. Ойролцоогоор 45 настай, 165-аас 170 см өндөртэй, бага зэрэг бөгтөр нуруутай, өргөн шанаатай, шингэн үстэй хөмсөгтэй, зүүн хөмсөгний дээд хэсэгтээ сорвитой, монхор хамартай, махлаг биетэй зэрэг содон дүр төрхтэй байсан. Би таниулах ажиллагаанд оролцоод шилний цаанаас тэр хүнийг шууд таньсан.  Миний таньж олсон хүн буюу А.Б нь тэр өдөр Д-г цохисон хүн гэдгийг би баттай хэлж чадна” гэх мэдүүлэг /хх-ийн  I хавтасны 39-40, 41, 102-103-р тал, II хавтасны 51, 52-р тал/,

       гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд Улангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр худалдааны төвийн зүүн талд байх ногооны лангуун дээрээ зогсож байтал цэнхэр өнгийн фудболк, саарал өнгийн өмд өмссөн хүн биеийн тамирын цагаан, хар өнгө хосолсон хувцастай, архи уучихсан байдалтай хүний баруун нүдний хэсэгт нэг удаа цохьчихоод яваад өгсөн. Харин цохиулсан хүн нь хойш ухраад замын хашлага түшээд газар суусан ба тэр хүн тэр орчмоосоо хэсэг хугацаанд холдоогүй. Тэгээд наймаагаа хийгээд зогсож байтал хүмүүс “Контейнер /чингэлэг/ дээр нэг хүн зогсож байна” гэж хоорондоо яриад байхаар нь би контейнер рүү харахад контейнерийн дээвэр дээр нөгөө хүнд цохиулсан хүн зогсож байсан. Тухайн үед тэр хавиар явж байсан хүмүүс тухайн хүнийг контейнер дээрээс буулгасан. Тэр хүнийг цохисон хүн нь 165-аас 170 см өндөртэй, богино үстэй, магнай болон хоёр нүдний доод зовхины хэсгийн арьс нь суларч үрчлээс тогтсон, хөмсөгний үс нь шингэн, зүүн хөмсөгний хэсэгтэй сорвитой, монхор хамартай, бага зэрэг махлагдуу, хүзүү хэсгээрээ бөгтийж явдаг, содон нүүр царайтай хүн байсан. Би харвал танина. Таниулах ажиллагаа хийж надад шилний цаана байхад нь харуулахад миний таньж заасан хүн  тэр хүнийг цохьсон хүн яг мөн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 48-49, 98-99-р тал,  II хавтасны 53, 54-р тал/,

      гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би дүү Д.А-ийн хамт гэртээ байж байтал  2017 оны 8 дугаар сарын 24-ний 09.00 цагийн үед аав гэрийн гадна цэнхэр өнгийн портер машинтай ирж буугаад “Аав нь юм харахгүй байна. Хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь гэрт оруулж ирээд нүд рүү нь харахад нүдний доторх цагаан хэсэг нь улаан болчихсон байсан. Энэ талаар ээжид утсаар хэлэхэд ирээд аавыг дагуулаад явж эмчид үзүүлээд маргааш нь хагалгаанд оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 46-47-р тал/,

       гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаангомд ээжийнхээ гэрийг бариад дуусаж байтал дүү Д хүнд зодуулчихлаа гээд халамцуу байдалтай ирсэн. Тухайн үед нүдээ дараад байсан. Өглөө босож ирээд миний зүгээр байсан нүд юм харахгүй байна. Өчигдөр намайг хүн зодчихсон юм шиг байна гэхээр би нүдийг нь харахад хавдсан болон хөхөрсөн зүйл байгаагүй. Харин улайсан байсан. Тэгээд би нүдээ эмнэлэгт үзүүл, хүнд зодуулсан бол цагдаад мэдэгд гэж хэлсэн боловч аль алинд нь мэдэгдээгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 50-51, 78-79-р тал/,

       гэрч С.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Бид нар 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хадам ээжийн  гэрийг бариад дуусаж байтал 19.00 цагийн үед хадам дүү Д хүнд зодуулчихлаа гээд ирсэн. Тухайн үед нэлээн согтуу байсан бөгөөд шөнө ёолоод байхаар нь шартаж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй. Өглөө босож ирээд миний нүд юм харахгүй  байна гэхээр нь нөхөр Э бид хоёр нүдийг нь харахад хөхөрч, хавдсан зүйлгүй, дотроо улайсан байсан. Ээжийн гэрт хэнтэй ирснийг нь асуухад өөрөө согтуу байсан учраас мэдэхгүй гэсэн. 2017 оны 8 дугаар сарын 22-нд манай гэр бүлийнхэн машинаараа Улаанбаатар явахад Д хамт яваад Архангай аймгийн Цэнхэр суманд машин эвдэрээд Д нүд өвдөөд байна гэхээр нь замын машинд суулгаад Улаанбаатар руу түрүүлж явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 52-53, 76,77-р тал/,

        насанд хүрээгүй Э.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 19-нд эмээ Ггийн гэрт байтал орой гэгээ тасарсан байхад Д ах архи уучихсан ирсэн. Тэгээд “миний нүдийг хэн цохьчихов?” гээд байхаар нь нүдийг нь харахад дотроо их улайсан байсан. Та хаана, хэнд цохиулчих юм бэ? гэж асуухад аймгийн задгай захын тэнд хүнд цохиулсан  гэж л хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 80-81-р тал/,

      шинжээч Н.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Дгийн баруун нүд нь гэмтэл авахаас өмнө 0.5 хараатай байсан. Баруун нүд нь  нэвт гэмтэл авч солонгон бүрхүүлийн урагдал, таслагдал, солонгон бүрхүүлийн хавчуулагдалын улмаас хараа 0.01 болж буурсан бөгөөд дээрх гэмтэл нэг цаг хугацаанд нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 118-119-р тал/,

        гэрч О.А-гаар шүүгдэгч А.Б-ийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн II хавтасны 42-45-р тал/, 

      гэрч С.Б-ээр шүүгдэгч А.Б-ийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн II хавтасны 46-48-р тал/, 

      шүүгдэгч А.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр манай захирал Улаанбаатар хот явсан байсан болохоор би рестораны хоолны материал цуглуулах ажлаар зах руу хэд хэдэн удаа орсон. Тэр өдөр хохирогч Д надтай согтуу хэд хэдэн удаа зам дээр тааралдсан бөгөөд эхнэртэй хамт явж байхад бас тааралдаад архи авч өг гэхээр нь архи байхгүй би яарч явна гээд явсан. Д тэр зам дагуу явж байсан хүмүүсийг хоргоосон байдалтай, зарим хүнийг барьж аваад байсан. Захаас 15 кг чинжүү хоёр торонд хувааж хийгээд хоёр гартаа барьчихсан ганцаараа ажил руугаа явж байтал дахин тааралдаад эхлээд архи авч өг гэхээр нь мөнгө байхгүй гэхэд авч яваа юмаа зараад архи авч өг гэхээр нь албаны юм болохгүй гэж хэлээд цааш эргээд явтал “Сая чамтай хамт явсан хүүхэн чинь янхан ш дээ” гэж миний эхнэрийг доромжлохоор нь би уурлаад буцаж очоод түлхэж унагачихаад явчихсан юм. Миний түлхэлтийн улмаас ийм гэмтэл учирсан гэдэгт итгээгүй болохоор би Дг зодоогүй гэж мэдүүлж байсан. Би уурласан байсан учраас түлхэхдээ хаанааас нь түлхэснээ мэдэхгүй байна. Одоо тогтоогдсон болохоор би гэм буруугаа ойлгож байна. Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

       шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10981 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 116-р тал/-ээр хохирогч Н.Д-гийн биед баруун нүдний нэвт гэмтэл, солонгон бүрхүүлийн урагдал, татагдал, хавчуулагдал гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун нүдний болор цайлт, салстын цус харвалт үүсэж, баруун нүд  0.5 хараатай байснаа 0.1 болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.5.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл гэж дүгнэжээ.

         Шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 830 дугаартай нэмэлт шилжилгээний дүгнэлт /хх-ийн II  хавтасны 65-67-р тал/-ээр “Н.Д-гийн баруун нүд 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө 0.5 буюу 50 хувийн хараатай байсан нь гэмтлийн улмаас 0.01 болж буурсан. баруун нүдний нэвт гэмтэл, солонгон бүрхүүлийн урагдал, татагдал, хавчуулагдал гэмтэл, гэмтлийн улмаас баруун нүдний болор цайлт, салстын цус харвалт  гэмтэл мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Энэ гэмтлүүд нь зүүн нүдний гэмтэлтэй шалтгаант холбоогүй” болохыг тус тус тогтоожээ.

     Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн нүдний их эмч Г.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “Н.Д нь зүүн нүд авагдсан /протез/ нэвт гэмтэл авсан үндэслэлээр групп-т байдаг. Н.Д-гийн баруун нүд 6 метр хардаг, -0.5 гэдэг шил зүүвэл 100% харна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 35-36-р тал/, хохирогч Н.Дгийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн I хавтасны 132-р тал/-нд 2016 оны 11 дүгээр сарын 16-нд нүдний эмчийн үзлэгээр зүүн нүд нь 0.5 хараатай, зүүн нүд протез /хиймэл нүд/-той гэх тэмдэглэлүүдээр 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг өртөгдөхөөсөө өмнө баруун нүд нь 0.5 хараатай буюу 50 хувийн хараатай, зүүн нүд хараагүй байсан болох нь тогтоогдож байна.

      Хууль зүйн сайд, Эүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.1-д “хараагүй болох гэдэг нь хоёр нүд бүрмөсөн харахгүй буюу нүдний хараа 0.04 ба түүнээс доош буурахыг хэлнэ” гэж тодорхойлон үүнийг гэмтлээс үүссэн үлдэц уршигт хүнд гэмтэлт хамруулжээ.

        Хохирогч Н.Д-гийн баруун нүд 0.5 буюу 50 хувийн хараатай байснаа шүүгдэгчийн үйлдлийн улмаас 0.01 болж буурч, хараагүй болсон байна. Хохирогчийн зүүн нүд урьд нь хараагүй байсан тул шүүгдэгчийг хохирогчийн хоёр нүдийг хараагүй болгосон гэж үзэх үндэслэлгүй юм.

       Иймд гэмтлийн зэрэг тогтоох журмын 7 дугаар бүлгийн гэмтлийн дараах хараа бууралтын улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34 дэх хэсэгт зааснаар гэмтлийн зэргийг тогтоох нь зүйтэй.

      Гэмтлийн зэрэг тогтоох журмын 7 дугаар бүлгийн гэмтлийн дараах хараа бууралтын улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 34 дэх хэсгийн 6-д 0.5 буюу 50 хувийн хараатай нүдийг 0.04 буюу түүнээс бага хараатай болгосон бол ерөнхий хөдөлмөрийн чадвараа 20 хувь алдсан гэж үзэхээр тогтоожээ.

       Хохирогч Н.Д-гийн баруун нүдний хараа 0.5 буюу 50 хувийн хараатай байснаа гэмт хэрэгт өртөгдөж гэмтэсний улмаас 0.01 болж буурсан тул энэ хэсэгт хамаарах бөгөөд ерөнхий хөдөлмөрийн чадвараа 20 хувь алдсан гэж үзнэ.

     Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар бүлгийн 2.3.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-30 хувь тогтонги алдагдсан бол гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна гэж заажээ.

       шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10981 дугаартай дүгнэлт /хх-ийн I хавтасны 116-р тал/-ээр хохирогч Н.Д-гийн биед баруун нүдний нэвт гэмтэл, солонгон бүрхүүлийн урагдал, татагдал, хавчуулагдал гэмтэл, гэмтлийн улмаас баруун нүдний болор цайлт, салстын цус харвалт үүсэж, баруун нүд  0.5 байснаа 0.1 болж буурсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.5.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй боловч хэргийн нотолбол зохих нөхцөл байдал, хохирогч гэмт хэрэгт өртөгдөхөөс өмнөх болон дараах эрүүл мэндийн талаарх үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдсон тул шүүх хууль зүйн дүгнэлт хийх замаар дээрх шинжээчийн дүгнэлтийн үндэслэлийг зөвтгөн хохирогч Н.Д-гийн баруун нүдэнд учирсан гэмтлийг хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна гэж дүгнэв.

        Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

        Иймд шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцно.

     Шүүгдэгч А.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус буюу хүний биед халдаж болохгүй гэдгийг ухамсарлаж байсан атлаа хохирогчийг цохиж, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

       шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Д тааралдаад эхлээд архи авч өг гэхээр нь мөнгө байхгүй гэхэд авч яваа ямаа зараад авч өг гэхээр нь албаны юм болохгүй гэж хэлээд цааш эргээд явтал “Сая чамтай хамт явсан хүүхэн чинь янхан ш дээ” гэж миний эхнэрийг доромжлохоор нь би уурлаад буцаж очоод түлхэж унагачихаад явчихсан юм. Би уурласан байсан учраас түлхэхдээ хаанааас нь түлхэснээ мэдэхгүй байна. Би гэм буруугаа ойлгож байна. Хүний биед гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэж  мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

       2. Шүүгдэгч А.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлийн талаар: 

          Шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон бөгөөд уг гэмт хэрэгт “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” ял шийтгэхээр хуульчилжээ.

        Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”  гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг нь хорих оногдуулахгүйгээр хуульчлагдсан тул энэ заалтанд хамаарна.

      Энэ гэмт хэрэг нь 2017 оны 8 дугаар сарын 19-нд үйлдэгдэж, 2018 оны 8 дугаар сарын 19-нд нэг жилийн хугацаа өнгөрч Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн  1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

          2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 1735000740066 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, А.Б-ийг яллагдагчаар татасны дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 19-нд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Хохирлын талаар: Хохирогч Н.Д нь хараагүй болсны улмаас өөрийн эрх, ашиг сонирхолоо хамгаалж чадахгүй гэж түүний эхнэр Д.М-ыг түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь үндэслэлтэй байна.

            Хохирогч Н.Д нь 2018 оны 7 дугаар сарын 22-нд энэ гэмт хэрэгт хамаарахгүй шалтгааны улмаас нас барсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгч болох эхнэр Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй этгээд байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д “...гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно, ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

        Иймд шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Дгийн баруун нүд хараагүй болсон  нь шууд хохиролд, түүний эмчилгээ хийлгэхэд гарсан бодит зардал болон сэтгэл санаанд үүсч буй хямрал, зовиур шаналал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдоно. 

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирогчийн эмчилгээнд 6.937.918 төгрөгийн зардал гарсан нь  баримтаар нотлогдсон, мөн өөрийнхөө сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, нийт 11.937.918 төгрөгийн хохирол нэхэмжилсэнээс шүүгдэгч шүүхийн шатанд 4.700.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгчээ.

     Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн эмчилгээ /мэс засалд орсон/, эм, эмнэлэгийн хэсэгсэлд 4.700.526 төгрөгийн хохирол гарсан нь тогтоогдсон, 2.237.392 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй /хоол, хүнс, шатахууны баримт, хуулбар болон огноо зөрүүтэй гэх мэт/ байх тул нэхэмжлэлээс 2.237.392 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, баримтаар тогтоогдсон 4.700.526 төгрөгийн зардлаас шүүгдэгчийн төлсөн  4.700.000 төгрөгийг хасаж, 526 төгрөгийг бодит хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-д олгох үндэслэлтэй байна.

      Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор, уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заасан.

     Хохирогч Н.Д-гийн нүд хараагүй болсны улмаас өөрөө бие даан амьдрах чадваргүй болж, түүнийг нас барах хүртэл хугацаанд эхнэр нь болох Д.М байнга өөрийн асаргаанд байлгаж, эмчилгээ хийлгэх, түүний өвдөж, зовиурлахыг харах бүртээ сэтгэл санааны хувьд хямралд орох зэргээр зовиур шаналалыг мэдэрч байсан нь хүн ёсны үзэгдэл юм.

     Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогдсон, хохирогчийн эхнэр Д.М өөрийн сэтгэл санааны хохирол гэж 5.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүх үгүйсгэх, өөрөөр хэлбэл түүний сэтгэл санаанд хохирол учраагүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

     Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн тогтоож, гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 5.000.000 гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

     Шүүгдэгч А.Б-өөс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 5.000.526 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хуул ёсны төлөөлөгч Д.М /Улаанбаатар хот, СХД, 32-р хороо, Эмээлт баруун дэнж 3-28 тоотод оршин суух. РД: ОН72110161/-д олгох үндэслэлтэй байна.

     Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А.Б-т холбогдох 1735000740066 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

         2. Шүүгдэгч Ш овогт А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Б-өөс 5.000.526 /таван сая таван зуун хорин зургаа/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 2.237.392 /хоёр сая хоёр зуун гучин долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ГАНСҮХ