| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0207/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/232 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох 1814004380239 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-27 тоотод *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-5-27 тоотод иргэн *******г зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Насанд хүрээгүй хохирогч *******н ... 2018 оны 07 дугаар сарын 30 өдөр ажлаасаа тараад найз *******ын гэрт нь очоод тэнд байж байхад гаднаас Б, ******* тэр хоёр орж ирсэн. Б, бид 2 хажуу хашаанд байх найз *******г дуудах асуудлаас болж хоорондоо маргалдахад Б гадагшаа гаръя гээд хамт гарахад хоёулаа зодоон хийе гэж хэлсэн. Би зодолдохгүй гэж хэлсэн тэгтэл Б намайг мангасдаж /нүүрэнд түлэхсэн/ би зөрүүлээд түлхэж, цохиход тэрний дараа Б намайг хамарт цохиж цус гарсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн.. Надад гомдол санал байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 17-22/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын ... Манай хүү ******* нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хамар нь чихэгдчихсэн байдалтай миний ажил дээр ирэхээр нь юу болсон талаар асуухад надад хэлэхгүй, таньдаг хүн мөргөсөн гэж хэлсэн. Би тэр өдөр нь хүүхдээ эмнэлэгт үзүүлээд зургийг нь авхуулаад 2 ширхэг рентген зургийн хамт цагдаад хандан шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Цагдаа дээр байхдаа манай хүүхэд найз Б хамрыг нь цохиж гэмтээсэн гэж хэлсэн … гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,
Гэрч *******ын .... тэр хоёр гэрээс гараад жоохон байж байхад нэг нь орилж дуу гарсан. Тэгээд ******* бид хоёр гарч ирэхэд манай хажуу айлын хашааны үүдэн дээр Г нүүрээ дараад доош харсан байдалтай газар сууж байсан. Тэгээд би яав юу болов гэж очиход Ггийн хамар нь баруун тал руу далийчихсан хамраас нь цус гарчихсан гар нь цус болчихсон байсан. Тэгээд би гэртээ оруулж гар нүүрийг нь угааж өгөөд байж байхад Г ээжгэйгээ ярих гэсэн юм гэж хэлээд өөрийнхөө утсаар ээжтэйгээ ярьж ээж нь хүрээд ир гэсэн. Тэгээд манай гудамжны үзүүрээс такси барьж шууд ээжтэй нь очиж уулзсан. Тэгээд би яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч Д.*******ийн ... Тэгж байгаад тэр хоёр гэрээс гарч явсан ******* бид хоёр Баацагаан явах талаараа ярьж байхад хүн орилоод байх шиг байхаар нь гарч ирэхэд Г Б хоёр хашааны үүдэн дээр зодоон хийсэн байдалтай Г доош тонгойгоод гар нь цус болчихсон байсан. Тэгээд ******* бид хоёр очоод би Бийг юу гэж тэнэг юм шиг хоорондоо зодолдоод байгаа юм гэж хэлээд Г дээр очиж зүгээр үү гэж хэлээд асуухад би жоохон сууж байгаад явъя гэж хэлсэн. Хамраас нь цус гарчихсан харагдаж байсан. Тэгээд би Бийг авч явлаа шүү гэж *******т хэлээд Бийг гэрт нь хүргэж өгөөд явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Шүүгдэгч *******ийн ... Би Гд найз *******г дуудчих гэж хэлсэн. Тэгтэл Г лай чи өөрөө дууд гэсэн. Би чи ямар сүртэй юм гэж хэлээд бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгж байгаад хоорондоо хэрэлдэж *******ын гэрээс цуг гарсан. Гараад хэрүүл хийж яваад хашаанаас гарч би Гг мангасдаж нүүрэнд нь түлхсэн. Тэгтэл миний урууланд гараараа цохьсон. Би зөрүүлж цохиод бид хоорондоо цохилцож зодолдсон. Тэгж байхад Ггийн хамарнаас цус гарч доош тонгойсон. Энэ үед *******, ******* нар хашаанаас гарч ирсэн. ******* намайг авч явж Г, ******* нар үлдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 480 тоото шинжээчийн .... *******гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн доод зовхинд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи болон алимны салстад цус хуралт, хамар, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 8 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА