Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

 

2026          01            08                                                     2026/ДШМ/03

 

 

                                   Н.У, Ц.Ц нарт холбогдох

                                                            эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Уянга,

Хохирогч С.Н, түүний өмгөөлөгч Б.Билгүүн

Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч А.Мөнхтулга

Шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.У, Ц.Ц нарт холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч А.Мөнхтулга, хохирогч С.Н, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарын тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн тухайн шүүх 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Н.У, 1988 оны 5 дугаар сарын 29-нд ........суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ........сумын Засаг даргын тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .......,

 

2. Ц.Ц, 1976 оны 6 дугаар сарын 02-нд .........суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймаг, .... сум, 5 дугаар баг, .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ......

 

3. Шүүгдэгч Н.У нь ........сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын Төрийн Албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжүүлэлтийг хангах" гэснийг,

Мөн хуулийн 39 дүгээр зүйл "Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-т "албан эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.4-т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл "Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хориглох зүйл"-ийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох бүртгэлийн журмын 2.2 дугаар зүйл “газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээ хийсэн боловч түүнийгээ сумын Тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно" гэж заасныг тус тус зөрчиж,

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ....хоршооны захирал С.Нын эзэмшлийн "........сумын Угалзат 4 дүгээр баг "Талын баян" гэх газарт 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалалт хийсэн 240 тн улаан буудайд тус хоршоотой газар тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй "Эрдэнэ дэлгэрэх булаг" хоршооны захирал Ц.Ц-д2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг олгож эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,

 

Шүүгдэгч Ц.Цнь ........сумын Засаг даргын Тамгын газрын Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Уг эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж ....хоршооны захирал С.Нын эзэмшлийн 240 тн улаан буудайд ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал, үүслийн гэрчилгээг гаргуулан авч ....ХХК-д 171,502,902 төгрөгөөр худалдан борлуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

4. Төв аймгийн прокурорын газраас Н.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Ц-дЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

5. Анхан шатны шүүх: Н.У-гЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.У-гнийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч Ц.Ц-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг тус бүр 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уд оногдуулсан 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/  төгрөгийн торгох ялыг,

шүүгдэгч Ц.Ц-доногдуулсан 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг тус тус шүүхээс тогтоосон 01 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Шүүгдэгч Н.У, Ц.Ц нарт шүүхээс оногдуулсан торгох ялуудын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Уд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,

шүүгдэгч Ц.Ц-доногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тус бүр торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тус тус тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-с102,559,551 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нт олгож, хохирогчийн нэхэмжилсэн үлдэх 68,943,351 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн ......... дугаартай хэрэгт хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг “CD”-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Н.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгч Н.Угийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн А-105 дугаар тушаальш 2 дугаар зүйлийн 2-т Газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хийгээгүй, гэрээ хийсэн боловч түүнийгээ уг сумын тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол ут талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно." гэж журамласан.

Шүүгдэгч Н.У нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр талбайн эзэмшигч болох .....-нд эхэлж олгосон байдаг. Мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл буюу 1 дүгээр хавтаст хэргийн 102-109 дугаар хуудсанд авагдсан гарал үүслийн гэрчилгээ олгосон жагсаалтын товьёог байна. Үүний 15 дугаарт "2021.10.26-нд Дэлгэрэх булаг хоршоонд 15 дугаар эрхийн актаар" гарал үүслийн гэрчилгээг эхэлж олгосон. Үүний дараа буюу 16 дугаарт Ц.Ц-н .....-нд гарал үүслийн гэрчилгээ олгосон.

Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн Ц.Ц-н .....-нд гарал үүслийн гэрчилгээг олгож, С.Нын .....-нд гарал үүслийн гэрчилгээг олгоогүй мэт дүгнэлт хийн хууль буруу тайлбарлан хэрэглэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1-т "...бусдад давуу байдал бий болгосон..." гэж зохицуулсан бөгөөд ижил нөхцөл байдалд нэг этгээдэд эрх олгож нөгөө этгээдэд эрх олгохгүй байх агуулгатай бөгөөд үүнийг шууд үйлдлээрээ эсвэл эс үйлдэж гүйцэтгэдэг гэмт хэрэг юм.

Гэтэл шүүгдэгч Н.У нь дээрх нөхцөл байдлын хүрээнд хэн нэгэнд давуу байдал олгох санаа, сэдэл зорилгогүй бөгөөд эхэлж С.Нын хоршоонд олгож, дараа нь Ц.Ц-н хоршоонд адилхан олгосон байдаг.

2. Шүүгдэгч Н.У нь гарал үүслийн гэрчилгээг цаасан хэлбэрээр С.Н болон Ц.Цнарт хүлээлгэн өгөөгүй. ........сумьн Тамгын газрын бичиг хэргийн архивд эдгээр хүмүүсийн гарын үсэг зурагдаж хүлээн авсан талаар тэмдэглэл байхгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.У гарал үүслийн бичгийг бэлдсэн боловч түүнийг холбогдох этгээдүүд болон бусад байгууллагад хууль ёсны дагуу шилжүүлж хүргүүлээгүй.

Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 214 дугаар тогтоолоор Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд баримталдаг "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"'-ыг баталсан. Энэ журмаар төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагааг баримтжуулах, баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, хүлээн авах, бүртгэх, илгээхтэй холбоотой ажиллагааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ........сумын Тамгын газраас гарч буй эрх зүйн акт бичиг хэргийн ажилтан албан хэрэг хөтлөлтийн шатанд баримт бичгийн хууль ёсны болон бүрэн бүтэн байдлыг хангаж тус журмын 2.5 дугаар зүйлийн 2.5.4-т "Цаасан хэлбэрээр зохион бүрдүүлж. баталгаажуулсан баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэн илгээх тохиолдолд албан бичиг солилцооны дундын систем болон албаны цахим шууданг ашиглах" гэж журамласан.

Гэтэл ....ХХК-ийн хуулийн мэргэжилтэн Б.Б хувийн social хаяг болох өөрийн facebook хуудсаар дамжуулан шүүгдэгч Н.Утай холбогдож гарал үүслийн гэрчилгээг асууж mеssanger чатаар авсан байдаг. Ингэхдээ шүүгдэгч Н.Угийн эхэлж явуулсан " Дэлгэрэх булаг хоршоо" биш байна. Манай компанитай ..... гэрээ байгуулсан явуулж өгөөч гэж хүссэн байдаг.

Бодит нөхцөлд ........сумьн Тамгын газраас түүхий эдийн "Гарал үүслийн гэрчилгээ" гэхийг албан тоотоор эсвэл эх хувиар нь ....ХХК-д хүргүүлэх, эсвэл тус компанийн албан ёсны цахим емайл хаягт хүргэгдэж очсон бол илгээсэн гэж үзэхээр байна.

Гэтэл ....ХХК-д ажилладаг хуулийн зөвлөх гэх Б.Б нь ямар учраас хувийн хаягаар эхэлж Н.Утай холбогдсон. Яагаад Ц.Ц-гбичгээр эх хувиар нь өөрөө явж авчир гэдэг шаардлага тавиагүй, компанийн баримт бичгийн бүрдүүлбэрийг хэрхэн хангасан, энэ үйл явдльн дараа мэдүүлэг өгөөд удалгүй ажлаас гарсан зэрэгт шүүхээс дүгнэлт бүрэн хийж чадаагүй байна.

Хэрэв гэмт хэрэг мөн бол Б.Бат-Эрдэнийн үйлдэл оролцоо байгаа нь хавтаст хэрэг авагдсан чат болон өөрийн өгсөн мэдүүлэг зэрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Үүнийг шүүхээс бүрэн гүйцэт дүгнэх, дүгнэх боломжгүй бол мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хууль зүйн боломжийг ашиглаагүй.

3. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дутаар сарын 21-ний өдрийн 465 дугаар шийтгэх тогтоол нь 20 хуудас байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан үндэслэл, шүүх хуралдаанд мэтгэлцсэн дүгнэлт зэргийг шийтгэх тогтоолд нэгч дурдаагүй бүгдийг нь орхиж бичсэн байна. Тус шийтгэх тогтоолын 15 дугаар хуудсанд "...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нараас "шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул тэднийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэх 32 үг орсон нэг өгүүлбэрийг өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны танхимд хэлээгүй.

Тухайлбал өмгөөлөгч П.Эрхэмбаяр миний бие зөвхөн Н.Угийн өмгөөлөгч болохоос Ц.Ц-н өмгөөлөгч биш. Энэ 2-ийг хамтад нь өмгөөлж "...тэднийг цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэж хэлсэн зүйл байхгүй.

Шүүх хурлын танхимд бүтэн өдөржин хуралдахад өмгөөлөгч миний хууль зүйн дүгнэлт тус шийтгэх тогтоолд байхгүй байна. Өмгөөлөгчийн хийсэн хууль зүйн дүгнэлтэд няцаалт хийсэн зүйл байхгүй байна. Энэ нөхцөл байдал нь шударгаар мэтгэлцэх, өмгөөлөгч авах зэрэг үндсэн эрхийг ноцтой зөрчиж байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг нотлох баримтын хүрээнд тогтоож шүүхээс дүгнэлт хийж чадаагүй.

Өөрөөр хэлбэл Н.У нь гарал үүслийн бичгийг эхэлж тухайн газрын эзэмшигч болох С.Нын нэр дээрх .....-нд гаргаж өгсөн байдаг. Тухайн бичиг нь хуулийн шаардлага хангадаггүй бөгөөд ....ХХК-нд эх хувь эсвэл цахим хаягаар хүргэгдээгүй байдаг. Үүнийг тухайн компанийн хуулийн зөвлөх Б.Б гэх этгээд өөрийн цахим хуудсаар шаардлага хангах эрх зүйн актыг хүлээн авч, компанидаа хэрхэн бүрдүүлж өгсөн талаар дүгнэлт хийгдээгүй байдаг. Н.У нь бусдад давуу байдал олгож өөрийн эрх ашиг дээрдсэн зүйл хавтас хэрэгт авагдаагүй. Тухайлбал дансаар нь     мөнгө орсон зүйл байхгүй, хөрөнгө орлогьн мэдүүлэг нэмэгдсэн зүйл байхгүй, хүүхэд гэр бүлийн амьдрал дээрдсэн зүйлгүй, албан тушаал дэвшсэн зүйл байдаггүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь үйлдэл дээрээ гэмт хэргийн шинжийг агуулахгүй бөгөөд хэсэг хугацааны дараа тухайн субьектийн эрх зүйн байдал дээрдэж түүний хөрөнгө орлогын мэдүүлэг болон данс, өмчлөх хөрөнгө, хамаарал бүхий этгээдийн хөрөнгө зэргийг холбогдуулан тулгаж гэмт хэргийн шинжийг нягтлах нь хүн хэлмэгдүүлэхээс сэргийлэх ач холбогдолтой.

Түүнээс төрийн жирийн алба хаагч бүрийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй, санаандгүй байдлаар зөрчсөн төдийд шууд гэмт хэргийн шинжтэй гэж яллах нь ардчилсан, ажиллах хүчингүй болж буй Монгол улсад зохимжгой шийдвэр биш байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2.4-т "Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюульн хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй" гэж хуульчилсан. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 465 дугаар тогтоолд шүүгдэгч Н.У нь бусдад төлөх төлбөргүйг дурдсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гарал үүслийн бичгийг бичиж өгсөн зөрчилд холбогдох хуулийн хариуцлага хүлээсэн байдаг.

Шүүгдэгч Н.У нь 4 хүүхдийн хамт ........суманд их сургууль төгсөж ирсэн цагаас эхлэн төрийн албан хаагчийн ажлыг тасралтгүй хийж ирсэн. Хөдөө орон нутагт ажиллах хүч байхгүй өнөөдрийн нөхцөлд үнэнч шударгаар ажиллаж, 6 ам бүл зөвхөн цалингаараа амь зууж байсан.

Иймд шүүгдэгч Н.Уг цагаатгаж, гэрч Б.Б болон Ц.Цнарын үйлдлийг тодорхойлж, хамтран ажилласан гэх хэлцэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох зэргийг зөв зүйлчлэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

7. Шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2025/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд: Шүүх шүүгдэгч Ц.Ц-гэрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Түүний үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзнэ. Үйл баримтын хувьд иргэний эрх зүйн харилцаа буюу ....хоршоо, "Эрдэнэ Дэлгэрэх булаг" хоршоо хамтран ажиллах хэлцлийг амаар хийж хамтран үр тариа тарьсан байдаг.

Хамтарч үр тариа, тэжээлийн ургамал тарьсан, хөрөнгө оруулсан, үрийн будаа худалдан авсан, бензин шатахуун, ажилчдын цалин хөлс, хоол унд, сэлбэг хэрэгсэл, тээврийн хэрэгслийн хөлс зэрэг зардлуудыг Ц.Цгаргасан гэдэг дээр хэн аль нь маргадаггүй. Маргааны гол зүйл нь Ц.Ц-н "Эрдэнэ Дэлгэрэх булаг" хоршоо 240 тн үр тариа ....ХХК-д тушааж 170 сая төгрөгтэй болсон нь үндэслэлгүй, энэ будааг хохирогч ....хоршоо тушаагаад ашгаа хуваах ёстой байсан өөрөөр хэлбэл гэрээний нэг тал болох газар өмчлөгч эзэмшигч ....хоршооны нэр дээр тушаах ёстой яагаад гэвэл бидний хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй гэдэг. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын "Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг тогтоох бүртгэлийн журам"-ын 2.2 дахь заалтад "газар эзэмшигч, өмчлөгчтэй тариалан эрхлэх тухай албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй, гэрээ хийсэн боловч түүнийгээ сумын тамгын газарт албан ёсоор бүртгүүлээгүй бол уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээг зөвхөн тухайн талбайг өмчлөгч, эзэмшигчид олгоно" гэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтаар тариалалт явуулахаар хамтран ажиллах хэлцэл байгуулснаа талууд харилцан мэдүүлдэг, ашгаа хуваахаар харилцан тохиролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг, хамтарсан гэдгийг гэрч нар мэдүүлдэг, шүүгдэгч Н.Угийн  мэдүүлэгт тариалалтын хяналт хийж байхад Ц.Ц-н хүү ажиллаж байсан, хамтарч тариалалт хийж байсан гэдэг.

Хоёр хоршооны хооронд Иргэний хуулийн 39.1, 40.1, 42.1, 42.8 дахь заалтад зааснаар амаар хэлцэл хийгдэж мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэл хийсэн гэж үзэх шаардлагыг хангасан байдаг. Энэ тохиолдолд зөвхөн газар өмчлөгч эзэмшигчид гарал үүслийн гэрчилгээ олгох ёстой юу гэдэг бодит байдалд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. Мөн дээрх журмын заалтыг зөрчөөд надад гарал үүслийн гэрчилгээ олгочих гэж хатгасан үйлдэл шүүгдэгч Ц.Цгаргасан уу. Хатгасан гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ" гэж хуульчилсан.

Ц.Ц-н утсаар ярьж гарал үүслийн гэрчилгээ авсан, бичгээр гаргасныг очиж авсан үйлдэл нь дээрх хуулийн заалтад хамаарах уу үгүй гэж үзнэ. Шүүгдэгч Н.У өгөх боломжгүй ийм журамтай болохгүй гэхэд нь болгочих, бүтээчих, гаргаад өгчих гэсэн үйлдэл гаргасан бол хатгагчийн асуудал байх магадлалтай. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар утсаар ярьсан, ....ХХК-ийн хуульч цахимаар авсан, эх хувиар нь очиж авсан үйлдлүүд байдаг. Энэ үйлдлүүд нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм.

Мөн шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоохдоо бодит байдалтай нийцээгүй хохирол хор уршгийг тогтоосон. Хавтаст хэрэгт шинжээч нарын дөрвөн дүгнэлт авагдсан бөгөөд аль шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, эсхүл аль дүгнэлтийг няцаан үгүйсгэснээр 102,559,551 төгрөгийг гаргуулж хохирогч С.Нт олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй шийдвэр болсон. Шүүгдэгч Ц.Ц-н өмнө өгсөн болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдэд " анх 2021 оны 5 дугаар сарын 06-нд үрийн будаанд явсан, Хөдөө аж ахуйг дэмжих санд урьдчилгаа 21 сая төгрөгийг тушаасан.

Үрийн будаагаа авчраад бүх зардал буюу ажилчдын хөлс, хоол, хүнс, бензин тос зэрэг зарлагыг "Эрдэнэ Дэлгэрэх Булаг" хоршоо гаргасан, дансны хуулга өгсөн, нийт 123,500,000 төгрөгийн зарлага гаргасан. Хаврын тариалалтын ажилчдын цалин, хор, бордоо, усалгаа, намрын тариа хураалт, ажилчдын цалин, будаа ачсан, хураасан бүх тээврийн зардал, трактор комбайны сэлбэг, засвар өөрийн хоёр машинаар зөөж тээвэрлэсэн бүх зардлыг гаргасан, мөнгөгүй гээд нэг ч мөнгө гаргаагүй бүх зардлаа даалгуулсан. 45 тн үрийн будаа нь намар хөнгөлөлт үзүүлээд 1050 төгрөгөөр бодоход 47,250,000 төгрөг болно. Үүнээс 21 сая төгрөгийг манай хоршоо төлсөн... 72 тн будаа "Ургац" гурилын үйлдвэрт хохирогч өөрөө тушаагаад 48,960,000 төгрөгийг авсан. Надад нэг ч төгрөг энэ мөнгөнөөс өгөөгүй ....ногоон тэжээл 2600 боодлыг хохирогч авсан. Энэ нь 26 сая төгрөг болно ... үрийн будаа 50 кг-ийн 600 шуудай буюу 30 тн үрийн будаа авч үлдсэн нь 20,400,000 төгрөг болно" гэсэн байдаг.

Түүний дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан. Бодит байдалд түүний гаргасан зардал, олсон ашиг зэргийг шинжээч нарын дүгнэлттэй уялдуулан хохирол хор уршгийг тооцох ёстой байсан. Тухайлбал 170 сая төгрөгийг Ц.Цавсан байж, хохирогч С.Нын авсан, зарж борлуулсан дээрх 85 орчим сая төгрөгний орлогыг хэрхэн тооцох ёстой вэ. Хохирол хор уршгийг шүүх бодитоор тооцож чадаагүй гэж үзнэ. Иймд шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг нотлох, 1.7-ийн 1, 2-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах бүрдлийг зааж өгсөн. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруутайд тооцох хэсгийн 2.1-д "гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн нөхцөл байдал", 2.2-т " .... шүүгдэгч бүрийн үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр", 2.3-т "шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн няцаан үгүйсгэсэн дүгнэлт", 2.4-т "шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт"-ийг тусгахаар хуульчилсан.

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2025/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь дээрх хуулийн заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь 2 дугаар хуудаснаас эхэлж 12 дугаар хуудасны тал хүртэл хуулийн 2.1, 2.2, 2.3 заалт үргэлжлэх бөгөөд бичигдсэн зүйлс нь оролцогч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтын жагсаалт, шинжээч нарын дүгнэлтийг тусгаад эцэст нь цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчөөгүй, хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэжээ. Уг нь дээрх заалтуудад зааснаар хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхой заан бичих, хамтран оролцсон хэлбэрийг тодорхой тусгах, ялангуяа өмгөөлөгчийн санал болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг огт дурьдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс холбогдсон хэрэг нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм уу, иргэний гэрээ хэлцлийг юу гэж үзэж байгаа болох, гарал үүслийн гэрчилгээ гэж юу болох, тухайн журам нь иргэний хуультай зөрчилдөж байгаа эсэх гээд гэм буруугүй болохыг нотолсон цагаатгах, хэрэгсэхгүй болгох хууль зүйн дүгнэлт гаргасан боловч тодорхойлох хэсэгт түүнийг няцаасан дүгнэлтийг шүүх хийгээгүй гэж үзнэ. Шийтгэх тогтоолын гэм буруу болон хууль зүйн дүгнэлт хэсэг нь 12 дугаар хуудаснаас 16 тал хүртэл бичигдсэн бөгөөд ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл мөн л оролцогч нарын мэдүүлгүүд, нотлох баримтыг дурьдаад нотлогдон тогтоогдсон гэж үзсэн гэсэн нь ойлгомжгүй, өмгөөлөгч нарын дүгнэлтийн агуулгыг товч дурьдаад хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэсэн нь шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Угтаа хууль зүйн дүгнэлт нь гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн гарсан, цаг хугацаа, сэдэлт санаа зорилго нь юу байв, гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь юу байв, хэрэглэж байгаа хууль тогтоомж нь ямар үндэслэлээр шаардлага хангаж байгаа, иргэний эрх зүйн маргаанаас юугаараа ялгагдаж байгаа, гарал үүслийн гэрчилгээ гэж юу болох, тэр нь төлбөр тооцооны хэрэгсэл мөн юм уу биш юм уу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан гэж үзнэ.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 2025/ШЦТ/465 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү..” гэв.

8. Хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүгдэгч нарт ял завшуулах боломжийг олгосон.

Ц.Цнь хохирогч С.Нын ..:...хоршоонд 2021 оны тариалалтын үйл ажиллагаанд зориулан тодорхой хэмжээний төгрөгийг шилжүүлж, тариалалтын үйл ажиллагаанд тодорхой хэмжээний зардлыг гаргасан боловч ажил хэргийн хүрээнд олж авсан итгэлийг далимдуулан хураан авсан 267 тн улаан буудайг "Эрдэнэ дэлгэрэх хоршоо"-ны нэрийн өмнөөс тус хоршоог Төв аймгийн Эрдэнэсан суманд буудай тариалсан хууль бус нөхцөл байдлыг зориудаар бий болгон ....ХХК-д тушааж, .....-нд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үйлдсэн, тухайн үйлдлээ төгс гүйцэлдүүлэхийн тулд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна.

Гэтэл тухайн үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнээгүй, мөн гарал үүслийн бичгийг хууль бусаар гаргуулан авсаны дараа өөрийн дансаар шүүгдэгч Б.Уугантуяа нь шүүгдэгч Ц.Ц-схахууль авсан нь түүний дансны хуулгаар тогтоогдсон байхад тухайн нөхцөл байдлыг үгүйсгэж үндэслэл бүхий дүгнээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

9. Хохирогч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “миний бие анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Тус шийтгэх тогтоолоор Ц.Ц-д6000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хохирлоо төлөх, төлөхөө илэрхийлээгүй байхад тухайн ял шийтгэлийг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн хэрэг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд ........сумын нутаг 1-р багийн Даланбаяр гэдэг газарт 270 га талбайд улаан буудай тариалж, нийт 237.5 тонн улаан буудай хураан авсан нь тогтоогдсон. Уг тариалалтыг ....хоршооны захирал С.Н, Эрдэнэдэлгэр хоршооны захирал Ц.Цнар амаар харилцан тохиролцож хийсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. С.Н нь улаан буудай тариалахдаа тус хоршооны эзэмшлийн талбайг түрээслэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, мөн уг хэлцлийг сумын Засаг даргын Тамгын газарт бүртгүүлээгүй байна. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны хооронд 72 тонн улаан буудайг ....ХХК-д худалдан борлуулж, орлогыг өөрөө авсан үйл баримт тогтоогддог. Харин Ц.Цнь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 25-ны хооронд 240 тонн улаан буудайг ....ХХК-д борлуулж, 171,009,120 төгрөгийг өөрийн дансанд авсан нь тогтоогдсон. Уг улаан буудайг тушаахад заавал шаардагдах гарал үүслийн гэрчилгээг сумын Засаг даргын Тамгын газрын газар тариалан, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн жинхэнэ албан хаагч Н.Угаас авсан байна. Н.У нь 20 гаруй жил төрийн жинхэнэ албан хаагчаар ажилласан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын баталсан “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр тогтоох бүртгэлийн журам”-ыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Уг журмын дагуу газар эзэмшигч, өмчлөгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээг сумын Тамгын газарт бүртгүүлээгүй тохиолдолд уг талбайд ургуулсан бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг зөвхөн тухайн газрын өмчлөгч, эзэмшигчид олгох ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.У нь тухайн талбайн эзэмшигч С.Наас тогтмол мэдээ авч бүртгэж байсан, харин Ц.Ц-согт мэдээ аваагүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Гэсэн хэдий ч Ц.Цнь улаан буудайн мөнгийг авахын тулд Н.Утай утсаар холбогдож, гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан байна.

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Н.У нь ковид-19 цар тахлын хязгаарлалтад орсон тул ажлын байран дээр байгаагүй боловч цахимаар баримт бичгийг илгээж, гарал үүслийн гэрчилгээ бичиж өгсөн. Анх ....хоршооны нэргүй, аж ахуйн нэгж тодорхойгүй 15 дугаартай гарал үүслийн гэрчилгээг олгосон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Дараа нь Ц.Цболон Бат-Эрдэнэ нарын хүсэлтээр “Эрдэнэдэлгэр” хоршооны нэрээр 16 дугаартай гарал үүслийн гэрчилгээг дахин олгосон байна.

Иймд хавтаст хэрэгт хоорондоо зөрүүтэй хоёр гарал үүслийн гэрчилгээ авагдсан. Эдгээр үйлдлүүдийг шинжлэн судалж дүгнэхэд анхан шатны шүүхээс Н.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “албан тушаалын байдлаа ашиглан бусдад эдийн засгийн давуу байдал олгосон” гэмт хэргийг үйлдсэн гэж зөв дүгнэсэн. Ц.Ц-н хувьд уг гэмт хэрэгт хамжигчаар оролцсон нь тогтоогдсон. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт хамжигчаар оролцсон этгээд нь заавал нийтийн албан тушаалтан байх шаардлагагүй бөгөөд санаатайгаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байхад хангалттай. Ц.Цнь гарал үүслийн гэрчилгээг хууль бусаар авснаар улаан буудайн борлуулалтын орлогыг өөртөө авах боломж бүрдүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзсэн. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан завших гэмт хэргийн шинж байхгүй гэж яллах дүгнэлтэд тусгасан.

Хохирол, нөхөн төлбөрийн тухайд нийт 245 тонн улаан буудайтай холбоотой 171 сая төгрөгийн асуудал яригдсан. Талуудын оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардлыг харгалзан гурван удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлсний үндсэн дээр анхан шатны шүүхээс 102 сая төгрөгийг Ц.Ц-сгаргуулан С.Нд олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр нарын хамтран гаргасан, шүүгдэгч Ц.Ц-н өмгөөлөгч А.Мөнхтулга, хохирогч С.Н, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.

2. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ........сумын ....хоршооны дарга С.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргажээ. /1хх-н 212-213/

Уг өргөдлийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 213400400 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолоор дээрх гэмт хэргийн талаарх гомдол /мэдээлэл/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /1хх-н 211/

2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой О.Онь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 213400400 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтийн 223400357 дугаартай хэрэгт нэгтгэх саналыг прокурорт гаргасан. /1хх-н 210/

Энэ саналыг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Мөнхсаруул хүлээн авч улмаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн 213400400 дугаартай хэргийг 223400357 дугаартай хэрэгт нэгтгэсэн. /1хх-н 208-209/  

Мөн мөрдөгч 223400357 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай" 23/200117 дугаар саналыг прокурорт хүргүүлэхдээ /2хх-н 157-159/ "........сумын ....хоршооны итгэмжлэн хариуцуулсан 270 тн будааг 2021 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрүүдийн хооронд итгэмжлэн хариуцуулсан эзэн нь завшиж үрэгдүүлсэн" гэх гомдлын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийн талаар огт тусгаагүй байх ба уг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах эсэх саналыг гаргаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналын аль нэгийг гаргаж, хэргийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлэхээр хуульчлан заасан.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар ч ажиллагаа  хийлгүй  орхигдуулсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэснийг бодит байдалд болон шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд халдахаас гадна эд хөрөнгийн эрхэд халдаж бодит хохирол учруулсан байх шинжээр нь хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон зүйлчилдэг онцлогтой.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэргийн улмаас 171,502,902 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Мөн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны 162А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч С.Нт 102,559,551 төгрөгийн хохирол учирсан талаар тусгажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд тусгасан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т зааснаар “их хэмжээний хохирол” байхад прокуророос Н.У, Ц.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэн нь ойлгомжгүй байна.  

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” зэргийг заавал тусгах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруутай эсэх талаар хийсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй, энэ талаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Эрхэмбаяр, А.Мөнхтулга, хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

6. Иймд дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримт, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

8. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.У, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Эрхэмбаяр, А.Мөнхтулга, хохирогчийн өмгөөлөгч Б.Билгүүн нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.У, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         А.ЦЭРЭНХАНД

 

                                     

                                             ШҮҮГЧИД                                          З.ТҮВШИНТӨГС                                                                                                                

 

                                                                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ