Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 155

 

 

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

       Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Э.Ууганзаяа,    

        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,                  

      Шүүгдэгч: Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Э.Ууганзаяагаас Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Н-т холбогдох  1835002610151 дугаартай  эрүүгийн хэргийг 2018  оны 8  дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 18-нд Увс аймгийн Сагил суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, 2 ах, 1 дүүгийн хамт Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Ж.Н /регистрийн дугаар: ОЮ98071852/.

       Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 7 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Нархан” 3 дугаар цэцэрлэгийн дэргэд хохирогч Б.Бын самсунг эс-7 загварыг гар утас, хаан банкны виза картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Шүүгдэгч Ж.Н-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

        Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 7 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Нархан” 3 дугаар цэцэрлэгийн ойрлцоо хохирогч Б.Б-ын самсунг эс-7 загварыг гар утас, хаан банкны виза картыг дээрэмдэж авсан болох нь хохирогч Б.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө найз А-ын гэр  очиж архи уучихаад согтуу ганцаараа харих гээд явж байтал миний эхнэр залгааад хаана байна гэхээр нь би явж байгаа газраа мэдэхгүй байсан болохоор хажуугаар өнгөрч явсан дугуйтай хүүхдүүдийг дуудаж эхнэртээгээ яриулж байгаа газраа заалгасан. Би “Нархан” 3 дугаар цэцэрлэгийн хажууд байгаа мэдээд утсаа аваад эхнэртэйгээ яриад нарийн гудамжаар нэвт гараад доошоо эргээд явж байтал араас нэг хүн ирээд миний утсыг булаагаад зугатаасан. Би араас нь гүйхэд дугуйтай хүүхэд тааралдахаар нь би бариад авахад цаанаас 2 хүүхэд ирээд “Ах аа та наадах хүүхдээ тавичхаач” гэхээр нь би “Утсаа авна” гэхэд “Утсыг тань аваагүй” гээд байсан. Тэр хүүхдийг бариад зогсож байтал миний эхнэр Н ирээд цагдаа дуудсан. Тэр хүүхдүүдтэй хамт явсан хүүхэд миний утсыг булаагаад зугатаасан гэдгийг сүүлд мэдсэн. Надаас утас булаахдаа зодож, цохиогүй, хүч хэрэглээгүй. Утасны хамгаалалтын гэр дотор банкны виза карт хамт байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 19-р талд/,

        гэрч Ж.Н-гийн хэрэг бүртэлтийн шатанд өгсөн: “Манай нөхөр Б 2018 оны 7 дугаар сарын 21-ний 02.00 цагийн үед утсаар залгаад “Хаана байгаагаа мэдэхгүй байна. Ирж ав” гэж согтуу ярихаар нь би “Хажууд чинь хүн байвал хаана байгаагаа заалгачих” гэж хэлэхэд “Дугуйтай хүүхдүүд явж  байна” гэж хэлээд нэгэнтэй нь яриулахад “Нархан” цэцэрлэгийн урд талд байна гэхээр нь би Жавзандулам эгчийн хамт машинтай яваад очиход байхгүй болохоор нь утас руу нь залгаад хаана явааг нь асуухад “Онцгой байдлын газар харагдаж байна” гэж хэлээд утас нь тасарсан. Дахин залгахад таслаад авахгүй байж байгаад холбогдох боломжгүй болсон. Бид хоёр машинтайгаа “Хишигт” дэлгүүрийн урд талаар тойроод эргэхэд манай нөхөр нэг хүүхдийг барьчихсан бидний урдаас ирж байсан. Б “Эд нар миний гар утсыг булаачихлаа” гэж хэлэхээр нь би гар утсыг нь буцаагаад өгчих гэхэд тэр хүүхэд “Би аваагүй. Би дугуйтай явж байтал танай нөхөр татаад унагачихлаа” гэж хэлсэн. Ч.Жавзандулам эгч цагдаа дуудаад цагдаа дээр очиход Н гэдэг хүүхэд утсыг нь булаасан талаар мэдэгдэж байсан бөгөөд нь маргааш нь Н гэдэг хүүхдээс хурааж авсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

         гэрч Ч.Ж-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би 2018 оны 7 дугаар сарын 21-ний 02-03 цагийн үед манай хүргэн дүү Б.Б согтуу гэрээ олохгүй байна гэхээр нь түүний эхнэр Ж.Н-гийн хамт машинтай явж хайсан. Б утсаар ярихдаа байгаа газраа мэдэхгүй байна гээд танихгүй хүнээр “Нархан” цэцэрлэгийн урьд байна” гэж байгаа газраа заалгасан. Тэгээд Н бид хоёр “Нархан” цэцэрлэгийн хажууд яваад очиход Б байхгүй болохоор утас нь залгахад “Байгаа газраа мэдэхгүй байна. Онцгой байдлын газар харагдаж байна” гэтэл утас нь тасарчихсан. Дахин 2-3 удаа залгахад салгаад байсан. Бид хоёр “Хишигт” дэлгүүрийн урд гудамжаар тойроод ирэхэд Б.Б үл таних хар цамцтай, өндөр, туранхай, бор царайтай залуутай барьцалдчихсан “Миний утсыг эд нар булаагаад авчихлаа” гээд утсаа нэхэж байсан. Хажууд нь түүнээс гадна 2 залуу байсан. Би цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

        гэрч П.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний 02-03 цагийн үед  найз О.З, Ж.Н, Х.О нарын хамт “Нархан” цэцэрлэгийн урд талд явж байтал үл таних согтуу эрэгтэй хүн тааралдаад “Би хаана явж байгаагаа мэдэхгүй байна. Чи миний утсаар яриад намайг хаана байгааг тодорхой заагаад өгөөч” гэхээр нь би утсаар эмэгтэй хүнтэй ярьж тэр хүний байгаа газрыг зааж өгсөн. Тэр хүн утсаа аваад “Нархан цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамж руу орсон. Араас нь Н, О нар явахаар нь З бид хоёр араас нь явж байтал Н урдаас гүйж ирээд “Ог нөгөө ах бариад үлдчихлээ. Би утсыг нь аваад зугатчихлаа” гээд гар утас үзүүлсэн. Тэгээд Огийн араас очиход нөгөө согтуу хүнтэй барьцалдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

     гэрч О.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний  шөнө 1 дүгээр сургуулийн саравчинд   найз О.З, Ж.Н, Х.О нарын хамт пиво уучихаад 02-03 цагийн үед “Нархан” цэцэрлэгийн урд талд явж байтал үл таних согтуу эрэгтэй хүн бид нарыг дуудаад “Би хаана явж байгаагаа мэдэхгүй байна. Чи миний утсаар яриад намайг хаана байгааг тодорхой заагаад өгөөч” гэхээр нь П.Г утсаар ярьж тэр хүний байгаа газрыг зааж өгөөд утсыг нь буцааж өгсөн. Тэр хүн утсаа аваад “Нархан цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамж руу орсон. Араас нь Н, О нар явахаар нь З бид хоёр араас нь явж байтал Н урдаас гүйж ирээд “О-г нөгөө ах бариад үлдчихлээ. Би утсыг нь аваад зугатчихлаа” гээд гар утас үзүүлээд “О-г салгая” гэж хэлээд О-гийн араас явж байгаад би бөөлжөөд сууж байтал Г, Н хоёр буцаж ирээд “О-г цагдаа аваад явчихлаа” гэж хэлээд бид нар гэр гэр рүүгээ харьцгаасан. Гар утсыг Н аваад харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,

       шүүгдэгч Ж.Н-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний  шөнө 1 дүгээр сургуулийн саравчинд   найз О.З, П.Г, Х.О нарын хамт пиво уучихаад 02-03 цагийн үед “Нархан” цэцэрлэгийн урд талд явж байтал үл таних согтуу эрэгтэй хүн бид нарыг дуудаад “Би хаана явж байгаагаа мэдэхгүй байна. Чи миний утсаар яриад намайг хаана байгааг тодорхой заагаад өгөөч” гэхээр нь П.Г утсаар ярьж тэр хүний байгаа газрыг зааж өгөөд утсыг нь буцааж өгсөн. Тэр хүн утсаа аваад “Нархан цэцэрлэгийн зүүн талын нарийн гудамж руу орсон. Гэнэт тэр хүний утсыг авья гэсэн бодол төрөөд араас нь очиход тэр хүн нарийн гудамжаар гараад доошоо эргээд утсаараа яриад явж байхад би утсыг булааж аваад зугатаасан. Тэгтэл тэр хүн миний араас унадаг дугуйтай явж байсан  Ог бариад авчихсан. Би утсыг нь аваад Г, З нар дээр очоод “Ог нөгөө ах бариад үлдчихлээ. Би утсыг нь аваад зугатчихлаа” гээд гар утас үзүүлээд “Ог салгая” гэж хэлэхэд Г, З хоёртой хамт очихоор явж байтал Г бөөлжөөд үлдсэн. Г бид хоёр яваад очиход тэр хоёр барьцалдчихсан байсан бөгөөд удалгүй машинтай хоёр эмэгтэй ирээд цагдаа дуудахаар Г бид хоёр буцаад З дээр ирээд “Ог цагдаа аваад явчихлаа” гэж хэлээд бид нар гэр гэр рүүгээ харьцгаасан. Би гар утсыг авч хариад гэртээ байлгаж байгаад маргааш нь цагдаад гаргаж өгсөн. Ийм хэрэг үйлдсэндээ  харамсаж байна. Надад сурч боловсрол эзэмших боломж олгож хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

         Шүүгдэгч Ж.Н-ын нь хохирогч Б.Б-оос дээрэмдэж авсан самсунг эс-7 загварын гар утас нь 260.000 төгрөг, гар утасны хамгаалалтын гэр нь 15.000 төгрөг, Хаан банкны виза карт нь 5000 төгрөг, нийт 280.000 төгрөгийн үнэтэй болох “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ий 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн УВ/01/454 дугаартай  дүгнэлт /хх-ийн 33-р тал/-ээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан  “бага бус хэмжээний хохирол”-д хамаарч байна.

       Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.

       Шүүгдэгч Ж.Н нь 2018 оны 7 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Нархан” 3 дугаар цэцэрлэгийн ойрлцоо хохирогч Б.Б-ын  барьж явсан самсунг эс-7 загварыг гар утас, хаан банкны виза картыг гараас нь хүчээр булааж авсан боловч уг хүч хэрэглэж байгаа үйлдэл нь хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюултай шинжгүй, өөрөөр хэлбэл хохирогчийн эсрэг биеийн болон сэтгэхүйн ямар нэг үйлдэл хийгдээгүй байгаа тул түүнийг хүч хэрэглээгүй гэж үзнэ.

      Иймд шүүгдэгч Ж.Н-ын дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

    Х.О-г энэ хэрэгт холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар татасныг прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/12 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Ж.Н  “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эд хөрөнгө дээрэмдэж авсанаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

      2. Шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

     Шүүгдэгч Ж.Н нь бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Хохирогч Б.Б “Н-т гомдолгүй, нэхэмжлэх хохирол төлбөргүй” гэсэн тодорхойлолт авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

     Шүүгдэгч Ж.Н нь эцэг, эх, хоёр ах, нэг дүүгийн хамт Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 78-1 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна.

       Түүний хувийн байдлын талаар гэрч Н.Отгоны “Би Н-ыг 1998 онд төрүүлсний дараа Ж-тэй гэрлэсэн. Н сэргэлэн цовоо, зөөлөн сэтгэлтэй хүүхэд бөгөөд урлагийн авьяастай, дуулж, бүжиглэдэг, зураг зурах дуртай. 12 дугаар анги төгсөөд Урлах эрдмийн сургуульд суралцах эрх авч байсан боловч төлбөрийг нь төлж чадаагүйн улмаас явуулж чадаагүй. Барилгын коллежийг 1.5 жилээр барилгын техникч мэргэжлээр төгссөн. Энэ намраас инженер мэргэжлээр суралцах гэж байгаа”, гэрч Б.Ж-гийн “Н эхнэр Отгоныг дагаж ирсэн миний дагавар хүүхэд  бөгөөд их сэргэлэн цовоо, зөөлөн сэтгэлтэй хүүхэд юм. Урлагийн авьяастай, дуулж, бүжиглэдэг,  сайхан зураг зурдаг. 12 дугаар анги төгсөөд Урлах эрдмийн сургуульд суралцах эрх авч байсан боловч төлбөрийг нь төлж чадаагүйн улмаас явуулж чадаагүй. Барилгын коллежийг 1.5 жилээр барилгын техникч мэргэжлээр төгссөн. Энэ намраас инженер мэргэжлээр суралцуулах гэж байгаа” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

     Шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлийн заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн  хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хянал тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах  үндэслэл болохыг тайлбарлах нь зүйтэй.

        Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

        Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.   

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

       1. Шүүгдэгч Б овогт Ж.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.

       3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

         4. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Н-т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ