| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2209014710878 |
| Дугаар | 2026/ДШМ/193 |
| Огноо | 2026-02-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2026/ДШМ/193
2026 02 11 2026/ДШМ/193
А.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхбат,
шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,
хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Д.Очирваань,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Уд холбогдох 2209014710878 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.У, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/;
урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан хувийн байдалтай.
Шүүгдэгч А.У нь Б.Э-гээр дамжуулан хуурамч цаг гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Б-д оригинал “Ролекс” брэндийн цаг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж заруулан Э.Б-гаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Э-д өгсөн 10,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлэн авч залилсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Э-д “Ванс Леф Апрел 20” загварын цэцэгтэй зүүлтийг 20,000,000 төгрөгөөр зараад өгөөч” гэж түүнийг хуурч, өөрт байхгүй эд зүйлийг заруулахаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, худалдан авалт хийхээр О.Х-гаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.О-гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.У-г Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, А.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-ын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 471 хоног, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 хоног буюу энэ хэрэгт нийт 536 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хугацааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №998 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан шүүгдэгч А.У-ын эдлээгүй үлдсэн ялд оруулан тооцон хасаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 100 дугаартай магадлалаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, удаагүй байхад Б.Э-гийн гомдлоор Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 9 үйлдэлд холбогдуулан шалгахаар 2209014710878 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги руу шилжүүлж, 1 жил, 3 сар, 26 хоног цагдан хорьж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 407 дугаар нээлттэй хорих анги руу буцаан шилжүүлсэн. Би эхэндээ энэ хэргийн учрыг ойлгоогүй, 2023 оны 08 дугаар сард прокуророос шүүхэд шилжүүлсэн нэг хавтаст хэрэгт байсан. Хавтаст хэрэгтэй танилцсаныхаа дараа надад холбогдуулсан 9 үйлдлийг үндэслэлгүй байсан гэдгийг нотолж чадсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор энэ 9 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2216360179 дугаартай тогтоол, мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаартай тогтоолоор энэ 2 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулсан. Анхан шатны шүүх намайг энэ 2 үйлдэлд гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, өнөөдөр хянан хэлэлцэгдэж байна. Эхний үйлдэл нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Э.Б гэх хүн Б.Э-гээс хуурамч цаг худалдан авч, 10,500,000 төгрөгийг бэлнээр өгч хохирсон асуудал байгаа. Дараагийн үйлдэл нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр О.Х гэх хүн Ж.О, Б.Э нараас хүзүүний зүүлт авахаар 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж хохирсон асуудал байгаа. Энэ нь шууд Б.Э-д холбогдох үйлдлүүд бөгөөд бодитоор хохирсон хүмүүсийн үгийг сонсооч, юугаар ч хохироогүй хүнийг хохирогчоор тогтоож, жинхэнэ хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хохирсон хүмүүс нь баримттай мэдүүлэг өгч, өөрсдийг нь залилсан хүмүүс Б.Э, Ж.О нар гэж зааж хэлээд байхад хамааралгүй намайг холбогдуулж, яллаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, утга учиргүй удаан хугацаанд цагдан хорьсон учраас намайг гэм буруутай болгон харагдуулах ёстой юу, энэ хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлээр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэж Цагдан хорих 461 дүгээр анги руу намайг шилжүүлж, цагдан хорьсон. Би “2209014710878 дугаартай эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох боломжтой байхад намайг цагдан хорьж, эрх зүйн байдлыг битгий дордуулаач, яг энэ хэрэгт өмнө нь 1 жил, 3 сар, 26 хоног цагдан хоригдсон хоног миний эдлэх ялаас хасагдахгүй байгаа. Одоо би суллагдахад цөөхөн сарын хугацаа үлдсэн” гэж зөндөө гуйсан. Би 2 жил, 6 сарын хорих ялыг эдэлж дуусган суллагдах хугацаа хэдийн болсон. Би өнөөдрийн байдлаар нийт 3 жил, 11 сар, 8 хоног хоригдсон. 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр цагдан хоригдож, ял шийтгүүлснээс хойш нэг ч удаа хорих ангиас гараагүй. Энэ хэрэгт удаан хугацаагаар шалгагдаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, өөр бусад зүйлээр хохирч байна. Энэ хэргийн цааш санаа, зорилго нь Б.Э өөрийнхөө хийсэн хэргийг надад холбогдуулан шалгуулж, шийтгэх тогтоол гаргуулах байсан. Одоо энэ нь бүтсэн. Хохирогчид нь одоо мөнгөө нэхэхээр “А.У гэдэг хүнээс аваарай” гээд өөрөө хариуцлагаас мултарч үлдэж байна. Энэ санааг зөв олоод харчихгүй, намайг ийм удаан хугацаанд хорьж, хохироосонд гомдолтой байна.
Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, миний эрх зүйн байдал, эрх чөлөөнд хохиролтойгоос гадна хохирогч Э.Б, иргэний нэхэмжлэгч О.Х нарын хүсэл шаардлагын эсрэг шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Иймд энэ хэрэгт миний үйлдэл байгаа эсэхийг хянаж, намайг цагаатгаж өгнө үү. ...Мөн шийтгэх тогтоолд манай талаас шинжлэн судалсан нотлох баримтууд бичигдээгүй байсан тул хянаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Уянгын өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх А.У-д холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа түүний таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг хэрэгт цагдан хоригдсон 536 хоногийг өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 сар, 23 хоногийн хорих ялаас хасаж тооцоогүйд гомдолтой байна. Хэрвээ цагдан хоригдсон хоногийг хасаж шийдвэрлэсэн бол А.У суллагдах байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар “цагдан хоригдож байгаа шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана” гэж зохицуулсан байхад тус заалтыг зөрчиж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.
2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болж, энэ өдрөөс хойш цагдан хоригдсон хоног нь өмнөх ялаас хасагдаж байгаа. Энэ тооцооллоор тооцож үзэхэд, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 23 хоногийг хорих ял нь энэ сарын 17-ны өдөр дуусгавар болохоор байна. Шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, цагаатгах байр сууринаас оролцож байна. 2021 оны 12 дугаар сарын цагны үйлдлийн тухайд, А.У энэ цагны тухай огт мэдэхгүй, Б.Э нь Э.Б-д цаг зарах гэж очиж, мөнгийг нь авсан. Энэ мөнгийг А.У-д өгсөн гэж хэлдэг боловч үүнтэй холбоотой баримт байдаггүй. Хохирогч “энэ цаг хуурамч байна, ирж аваарай” гэхэд яг өөрийнхөө цагийг зарсан юм шиг шалтаг, шалтгаан тоочиж, сүүлдээ өөрийнх нь ажиллуулдаг онлайн шоп руу бичиж байж цагаа авсан байсан. Хэрвээ А.У хуурамч цаг өгсөн бол түүнд буцааж өгч, эсхүл А.У-ыг зааж өгөх боломжтой байсан. Түүнчлэн Б.Э-д холбогдох н.Э хохирогчоор тогтоогдсон хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт н.Э-т 2 цагийг үзүүлж, “хохирол төлбөртөө цагийг авчих” гэж хэлэн ятгаж байсан үйл баримт тогтоогддог. Хэрвээ бусдын цагийг зарж өгөх гэж байсан бол ийм үйлдэл гаргахгүй байх байсан. Хавтаст хэрэгт авагдсан Э.Б, Б.Э нарын хооронд чаталсан чатаар энэ үйл баримтууд тогтоогддог. А.У энэ үйлдэлтэй огт холбоогүй.
Хоёрдугаарт, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бэлнээр 20,000,000 төгрөг авч, гэрийнх нь гадаа хүргэж өгсөн гэх үйлдлийг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь энэ мөнгийг аваагүй, “ийм зүүлт захиалж байгаа” гэж зарж борлуулах тухай огт яригдаагүй, ковидын шинжилгээний хариу эерэг гарсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж шинжилгээний хариу, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх “Ж.О гэх гэрчтэй юм байна, Ж.О цуг аваачиж өгсөн гэж мэдүүлж байна” гэж дүгнэсэн. Гэтэл энэ хэргийн талаар үнэн, бодитой мэдээлэл өгөх гэрч мөн үү, шүүх энэ гэрчийн мэдүүлгийг үнэлэхүйц хэмжээх үү гэдэг нь эргэлзээтэй. Учир нь гэрч Ж.О нь Б.Эд дансаа ашиглуулдаг, хамтран онлайн дэлгүүр ажиллуулдаг, “тусалдаг сайн эгч нь, найз, нөхдийн харилцаатай” гэж хэлдэг. Өөр бусад баримтаар тогтоогдохгүй байхад миний үйлчлүүлэгч А.Уянгыг гүтгэж, гэм буруутайд тооцсонд нь гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаар дурдаж, шүүхээс үүнд дүгнэлт хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үйлдэлд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар татаж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдэлд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татах тогтоол гарсан боловч уг тогтоолд яг энэ үйлдэл нь байдаггүй. Өөрөөр хэлбэл, О.Х-гаас 20,000,000 төгрөг авсан гэх үйлдэл байдаггүй. 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа энэ үйлдлийг оруулж, алдаа гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон. А.У тус хэрэгт 536 хоног цагдан хоригдож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хоригдож байна.
Түүний цагдан хоригдсон хоногийг өмнөх буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас хасаж тооцоогүй нь алдаатай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгтээ цагдан хоригдсон нийт 536 хоногийг өмнөх хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 23 хоногийн хорих ялаас хасаж тооцож, А.Уянгыг хорих ялаа эдэлсэнд тооцох үндэслэлтэй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэл болон хэргийг гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Э-гийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч А.У төрөл бүрээр ял завшсан гэж үзэж байна. Шүүгдэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Өөр хэрэгт цагдан хоригдсоноо өмнөх шийтгэх тогтоолын ял эдэлсэн хугацаанд тооцуулъя гэж байна.
Энэ бол 2 тусдаа зүйл, үүнийг шүүх шийдвэрлэх байх. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10,500,000 төгрөгийн Э.Б-гийн цаг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр н.Н гэдэг хүнээс Б.Э “ориг зүүлт авна” гэдэг захиалга авч, энэ мөнгийг А.У-д өгсөн. 11,500,000 төгрөгийн зүүлтний захиалга орж ирэхгүй байгаатай зэрэгцэж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр н.Э “Ванс Леф брэндийн зүүлт, бугуйвч захиалъя” гэж 22,000,000 төгрөгийг Б.Э-д өгч, захиалга өгсөн. Б.Э захиалга авахаасаа өмнө “танд ийм юм байгаа юу” гэж тодруулж, видео колл хийхэд “би Камбожоос ээждээ авч өгч байсан юм, манай энд байна, би аваад өгье, чи наад захиалгыг нь авчих” гэж, мөн “наад зүүлт чинь байгаа юм чинь 22,000,000 төгрөгөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11,500,000 төгрөгийн н.Н-ийн буцаалтыг хийчих” гэж хэлсэн. н.Э-ийн 22,000,000 төгрөг орж ирэнгүүт 11,500,000 төгрөгийг н.Н-ийг залилсан үйлдлийн буцаалтыг хийсэн. “А.У-тай зээлсэн мөнгө байсан, өмгөөлөгч нарын хөлсийг төлсөн” гэж иргэний эрх зүйн харилцаа Б.Э, А.У 2-ын хооронд үүссэн өөр агуулга байгаа. Б.Э “үүнийхээ төлбөрт суутгаж авсан” гэж тайлбарладаг. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийг шүүх өмнө нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож байсан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “хохирлын тооцоогоо нэг мөр болго” гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцаасан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 22,000,000 төгрөгтэй холбоотойгоор Б.Э-д холбогдуулан мөргөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Б.Э 22,000,000 төгрөгөөс 11,500,000 төгрөгийг А.У-д залилуулсан 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр н.Н-ийн мөнгөнд шилжүүлсэн. 5 дугаар хавтаст хэргийн 17-24 дүгээр талд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зарим яллагдагч нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол авагдсан. Уг тогтоолын 24 дэх заалтад “иргэний эрх зүйн шинжтэй үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, А.У-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, А.У-д 22,000,000 төгрөгөөр залилуулсан н.Энхчимэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож” гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр н.Н-ийг залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй. Хэрэгсэхгүй болгоогүй үйлдлийг яллах дүгнэлтдээ дурдаж ирүүлээгүйгээс энэ үйлдэл орхигдсон. н.Энхчимэгийн мөнгөнөөс Б.Э мөнгийг нь өгч, дараа нь өөрөө шүүгдэгчээр оролцсон хэрэг дээрээ 22,000,000 төгрөгийг бүхэлд нь төлсөн. 29,247,600 төгрөгийг иргэний эрх зүйн харилцаа шинжтэй буюу нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан 2 үйлдэл байна. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн үйлдэл дээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр /3хх 147-148/ яллагдагчаар татсан байсан. н.Н-тэй холбоотой үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгоогүй, шүүх рүү шилжүүлээгүй орхигдсон. Энэ үйлдэлд Б.Э-г хохирогчоор тогтоож, гэм буруутайд тооцсон. Энэ агуулгаараа ял завшсан гэж үзэж байна. Б.Э-гийн н.Э-ийг залилсан үйлдэлд А.У-ын оролцоо байхад тусгаарлагдсан гэдэг агуулгаар тэнд өнгөрсөн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хууль зүйн дүгнэлт хийх болов уу гэж бодож байна. Давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Цагдан хоригдсон асуудалтай холбоотой тайлбар хэлье, анх 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүгдэгч ял эдэлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ял эдэлж байгаа ялтантай холбоотой хэргийг шүүх шийдвэрлэхийн тулд ялтныг шилжүүлэх талаар хуульчилсан. Энэ утгаараа 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэхийн тулд ялтныг шилжүүлж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл шүүгдэгч цагдан хоригдсон.
Прокурорын шатанд шүүгдэгч 1 сарын хугацаагаар цагдан хоригдож, шүүхийн шатанд хэрэг хянан хэлэлцэхтэй холбоотойгоор цагдан хоригдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, давж заалдах шатны шүүх “хохирлын тооцоо тодорхойгүй байна” гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.
Прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулж, анх хохирогч Б.Э-гээс шүүгдэгч А.У-д холбогдуулан 9 үйлдэлд нь гомдол гаргасны дагуу зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. 2025 оны 09 дүгээр сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтанг шилжүүлэхийн тулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шилжүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс шүүгдэгч “үндэслэлгүйгээр цагдан хоригдсон” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Прокурорын шатанд 4 сар цагдан хоригдож, бусад нь шүүхийн шатанд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон асуудал байгаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана” гэж давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч А.У нь ял эдэлж байгаагүй бол шүүх хуралдааны танхимаас шууд суллах боломжтой байсан.
Гэвч шүүгдэгчид урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан, эдлээгүй үлдсэн ялыг биелүүлэх шаардлагатай, мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байсан учраас түүнийг суллах боломжгүй байсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дурдсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцох талаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж, нэгтгэх боломжгүй буюу өмнөх шийтгэх тогтоолд халдах эрх хэмжээ байхгүй учраас цагдан хоригдсон хугацааг хорих ялаас хасаж тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч А.У болон түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч А.У-ыг Б.Э-гээр дамжуулан хуурамч цаг гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Б-д оригинал “Ролекс” брэндийн цаг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж заруулан Э.Б-гаас 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Э-д өгсөн 10,500,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлэн авч залилсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Э-д “Ванс Леф Апрел 20” загварын цэцэгтэй зүүлтийг 20,000,000 төгрөгөөр зараад өгөөч” гэж түүнийг хуурч, өөрт байхгүй эд зүйлийг заруулахаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, худалдан авалт хийхээр О.Х-гаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.О-гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлнээр авч залилсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжлүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
А.У-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2025/ШЦТ/2697 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч А.У-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэрт бүрэн тусгаж чадаагүй, хэрэгт авагдсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц зарим нотлох баримтыг хэрхэн яаж няцаан үгүйсгэсэн талаарх дүгнэлтийг огт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч А.У-ын эхний үйлдэл буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Э-гээр дамжуулан хуурамч цаг гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Б-д оригинал “Rolex” брэндийн цаг гэж хуурч 10,500,000 төгрөг бэлнээр авсан үйлдэл,
2 дахь үйлдэл буюу Б.Эд “Ванс Леф Апрел 20” загварын цэцэгтэй зүүлтийг 20,000,000 төгрөгөөр зараад өгөөч” гэж түүнийг хуурч, өөрт байхгүй эд зүйлийг заруулахаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, худалдан авалт хийхээр О.Х-гаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.О-гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлнээр авч залилсан үйлдлийн талаар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2209014710878 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан байна. /1хх 04-05/
Өөрөөр хэлбэл, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2209014710878 дугаартай яллагдагчаар татсан тогтоолд шүүгдэгч А.У-ын дээрх 2 үйлдэл холбогдлыг түүний зарим үйлдэлтэй хамтатган 1 яллагдагчаар татах тогтоолоор ял сонсгожээ.
Тодотговол, шүүгдэгч А.У-ын эхний үйлдэл буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Э-гээр дамжуулан хуурамч цаг гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Б-д оригинал “Rolex” брэндийн цаг гэж хуурч 10,500,000 төгрөг бэлнээр авсан үйлдэл,
2 дахь үйлдэл буюу Б.Э-д “Ванс Леф Апрел 20” загварын цэцэгтэй зүүлтийг 20,000,000 төгрөгөөр зараад өгөөч” гэж түүнийг хуурч, өөрт байхгүй эд зүйлийг заруулахаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, худалдан авалт хийхээр О.Х-гаас 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.О-гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлнээр авч залилсан хэргийн үйл баримт, үйлдлийн арга, эд зүйл, мөнгөн дүн зэрэг нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2209014710878 дугаартай яллагдагчаар татах тогтоолд тусгагдсан байна.
Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан яллагдагчаар татсан тогтоолд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр дан ганц 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үйлдэлд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үйлдэлд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2209014710878 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татсан тогтоолд шүүх эрх зүйн дүгнэлт хийсний эцэст хөөн хэлэлцэх хугацааны талаар үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай болно.
2. Шүүгдэгч А.У-ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.Э-гээр дамжуулан хуурамч цаг гэдгийг мэдсээр байж хохирогч Э.Б-д оригинал “Rolex” брэндийн цаг гэж хуурч 10,500,000 төгрөг бэлнээр авсан үйлдэл,
2 дахь үйлдэл буюу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ж.О-гийн эзэмшлийн Хаан банкны 00000000 тоот данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 00 дугаар байрны гадна Б.Э-гээс бэлнээр авч залилсан үйлдэлд хэн хохирогч этгээд болох талаар хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.
Иймд, анхан шатны шүүхээс огт хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх байдлаар дүгнэлт хийх боломжгүй, мөн дээр дурдсан нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч А.У-ын “...цагаатгаж өгнө үү. ...” , түүний өмгөөлөгч А.Буянжаргалын “...энэ хэрэгтээ цагдан хоригдсон нийт 536 хоногийг өмнөх хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар, 23 хоногийн хорих ялаас хасаж тооцож, А.У-ыг хорих ялаа эдэлсэнд тооцож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2697 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.У-д урьд авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ