Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 154

 

 

         Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

          Шүүгдэгч: Л.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Л.У-т холбогдох 1835002960173 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эхнэр, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 17-06 тоотод оршин суух Б овогт Л.У РД:ОП86060111.

    Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.У нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутагт хохирогч Н.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Шүүгдэгч Л.У-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

         Шүүгдэгч Л.У нь 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт хохирогч Н.Т-ийг зодсон болох нь хохирогч Н.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “4-н замын арын найрамдлын хорооны эхэнд миний таньдаг 4 хөгшин суухаар нь тэд нар дээр яваад очиход 500 граммын “Ерөөл” нэртэй архи ууж байсан. Би тэд нартай юм яриад зогсож байтал 2 согтуу залуу ирээд тэд нарыг хөгшин дөгцөг, банди гэх мэтээр хэлээд байхаар нь би тэр 2 залууд та нар боль хөгшин хүмүүстэй ингэж харьцаж болохгүй гэж хэлэхэд тэр 2 залуу яваад өгсөн. Тэгээд би харих гээд гэрлүүгээ хар зам дагаад алхаж байтал нөгөө 2 согтуу залуугийн нэгэн болох Мааяа гэх залуу зогсож байсан. Би хажуугаар нь зөрж явтал Мааяа намайг дуудаад  “Та одоо яах гээд байгаа юм бэ? Ална шүү” гэхээр нь “Би яасан юм бэ?” гэхэд намайг заамдаж аваад найрамдлын хорооны эхний гудамж руу ороод намайг боохоор нь урдаас заамдаад авсан. Тухайн залуутай зодолдолгүй салаад явж байтал Мааяатай хамт явж байсан залуу гарч ирээд миний баруун мөрөн дээр нэг удаа өшиглөөд, толгой руу 2-3 удаа дэвсэж, хавирга руу нэг удаа өшиглөөд явсан. Зодуулснаас үүдэн 4 шүд хөдөлж, нүүр, баруун мөр, цээжний хэсэгт гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-р талд/,

        гэрч Д.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэрийнхээ хашаанд байж байтал манай хашааны урд талд нэг жижиг биетэй хүнийг хүн унагаад өшиглөж байгааг хашааны зайгаар харсан. Зодуулж байсан хүн нь босож ирэхэд  Н.Т болохыг таньсан. Би “Чи хүн аллаа ш дээ” гэж орилоход тэр залуу зодохоо больсон. Тийн нүүр цус болсон байсныг гэрээс ус авч ирж угаалгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

      гэрч К.Н мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад 18 цагийн гэртээ ирэхэд манай нөхөр Н.Т гэртээ ирсэн байсан. Намайг гэртээ ирэхэд “намайг хүн зодчихлоо” гээд орон дээр хэвтэж байсан. Үүдэн дөрвөн шүд нь хөдөлсөн, толой, нүүр нь шалбарсан гэмтэлтэй, баруун гар нь хөдлөхгүй, цээжиндээ гэмтсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

     Шүүгдэгч Л.У-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 8  дугаар сарын 10-ны өдөр найз Б.Бын хамт гадуур явж жаахан архи уусан. Улаангом сумын хойд 4 замын уулзварын тэнд эхний хашааны хажууд хэсэг хүмүүс архи уугаад сууж байсан. Тэдгээр хүмүүс дээр би нэг шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи аваад хамт уусан. Тэр үед Н.Т гэх согтуу орилоод бацаанууд зүгээр байгаараа ална шүү гэж Б.Б бид хоёр луу агсамнасан. Б.Б, Н.Т хоёр маргалдаад хамт явсан. Би Н.Т-ийг урьд нь архи уусан үедээ хүмүүст байнга агсам тавьж, хэрүүл, маргаан, зодоон хийдэг байсныг мэддэг болохоор Б.Б, Н.Т хоёрын хойноос очсон. Тэр үед Н.Т манай найз Б.Бтай барилцалдаад авчихсан байсан. Би очоод Н.Т-ийг нэг удаа шанаадаад унахаар нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд явчихсан. Би Н.Т-ийг зодож гэмтэл учруулсандаа гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

      Шүүгдэгч Л.У нь хохирогч Н.Т-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид доод үүдэн шүднүүд /31, 32, 41, 42/ ганхаж хөдөлсөн, буйл үрэвсэлтэй, хацар нүүрний хэсгийн өнгөц зулбаралт, баруун мөрний үе, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцралт гэмтэлүүд  үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 547 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

    Иймд шүүгдэгч Л.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч Л.У нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         2. Шүүгдэгч Л.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

       Шүүгдэгч Л.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Хохирогч Н.Т нь “Би Улаангом сумын 9-р багийн иргэн Л.У-аас шүдний мөнгө 110.000 төгрөг авсан тул надад одоо надад нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн тодорхойлолт гаргаж өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

     Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

    Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Б овогт Л.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

        4. Шүүгдэгч Л.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ