Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01039

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01039

 

 

 

                                        Ё.Снэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01095 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ё.Схариуцагч Б.М, Ж.Бнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.С, хариуцагч Ж.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Б.М, Ж.Бнараас зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 2,600,000 төгрөг, алданги 2,300,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нийслэлийн Ерөнхий боловсролын 76 дугаар сургуулийн 3-4 хүнд мөнгө зээлдүүлсэн. Б.М, Ж.Бнар 2019 оны 10 дугаар сарын эхээр 1,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй зээлж, буцааж төлсөн. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буцааж төлөхөөр гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 1 удаа сунгасан. Зээлийн хүүнд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг нийт 800,000 төгрөг төлсөн. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2,600,000 төгрөг, үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3-д заасны дагуу алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь 2,300,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөг болсон гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: Сургуульд ажиллаж байхад мөнгө хэрэгтэй болоод үйлчлэгчээр ажиллаж байсан хүн Ё.С гэх хүн мөнгө зээлүүлнэ гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг 9 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөг төлсөн. Ковид-19 цар тахлын үе таарч хөл хорионд орж зээлээ төлж чадаагүй. Зээлийн гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сараар сунгасан. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээ 4 хувааж төлье гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Өндөр хүүтэй зээлийн өрөнд оруулсан. Үндсэн зээл 2,000,000 төгрөгийг төлнө. Хүү 2,600,000 төгрөг, алданги 2,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Коронагийн үеэр бүх аж ахуй нэгж хөл хорионд орж, банкны бүх чиглэлийн зээл царцанги байдалд орсон байхад нэхэмжлэгч хүү, алданги тооцсоор байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Б.М, Ж.Бнараас 2.000.000 төгрөгийг гаргуулан Ё.Сод олгож, нэхэмжлэлээс 4.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М, Ж.Бнараас 46,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ё.Сод олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Гэрээний 5 дугаар зүйл “гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож бусдын дарамт шахалт бусад хүчин зүйлд автахгүйгээр байгуулж, гэрээнд өөрсдийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж чадсан болно”, 6 дугаар зүйл “үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар биелүүлэхээр талууд урьдчилан тохиролцов” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй. Б.М автомашин авахад 2,000,000 төгрөг зээлдүүлээч гэж гуйсан учраас гэрээ байгуулж мөнгө зээлдүүлсэн. Сайн танихгүй учраас итгэл алдахгүй шүү гэж итгэлийн зээл гэж бичиж өгсөн. 4,900,000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Өмнө нь зээл аваад төлөөд явж байсан. Энэ удаагийн зээлийн хувьд манай нөхрийн төрөл садангийн хүн өвдөж, хагалгаанд орсон. Тухайн үед мөнгө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ё.С хариуцагч Б.М, Ж.Бнарт холбогдуулан зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 2,600,000 төгрөг, алданги 2,300,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөг нэхэмжилнээс хариуцагч нар 2,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

4. Хариуцагч Б.М, Ж.Бнар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ё.Соос 2,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдэн авах тухай итгэлийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Талууд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээж авсан, хариуцагч нийт 800,000 төгрөг буцааж төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээнд маргаж байна. /хх8/

4.а. Хариуцагчийн “... нэхэмжлэгч багш нарт өндөр хүүтэй мөнгө зээлдүүлдэг, 76-р сургуулийн багш нар бүгд зээл авсан, анх мөнгө хэрэгтэй болоод сургуульд хамт ажилладаг багшаар дамжуулж нэхэмжлэгчээс зээл авч байсан” гэх тайлбар, нэхэмжлэгчийн 76-р сургуульд манай дүүгийн ээж нь ажилладаг, сургуулийн 3-4 хүнд зээл өгсөн ...” гэх тайлбар, хэргийн 6, 8 дугаар тал дахь итгэлийн зээлийн гэрээ, зээл олгосон баримтуудыг харьцуулан үзэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөлгүй зээлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. /хх22-23/

4.б. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх журамтай.

Иймд талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан үндэслэлээр өгсөн 2,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

4.в. Хариуцагч нар 2,000,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж төлсөн, нэхэмжлэгч үлдэх 1,200,000 төгрөгийг шаардах эрхтэй боловч хариуцагч нар 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул шүүх энэ хэмжээгээр хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн байна. 

Нэхэмжлэгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

 

                                                  А.МӨНХЗУЛ