| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00220/И |
| Дугаар | 315/ШШ2026/00265 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2026/00265
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* байрны 3-23 тоотод оршин суух, утас *******, *******ын *******ын,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Ү.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ү.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуулийг 1987 онд төгсөж илгээлтээр Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1987 оны 12 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Тус нэгдэлд ажиллаж байх хугацаандаа үхэр сүрэг малладаг байсан. 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тархинд цус харваж, уг өвчний улмаас 2026 оны 01 дүгээр сарын 07-нд эмнэлгийн магадлалын комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож группт орсон. Гэтэл нийгмийн даатгалын газраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул 1987 оны 12 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026.03.02-ны өдрийн 34 дугаартай Ү.*******ын 1987-1990 онуудад ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ү.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ыг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ү.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Миний бие Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуулийг 1987 онд төгсөж илгээлтээр Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1987 оны 12 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Тус нэгдэлд ажиллаж байх хугацаандаа үхэр сүрэг малладаг байсан гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2026.03.02-ны өдрийн 34 дугаартай Ү.*******ын 1987-1990 онуудад ажиллаж байх үеийн цалингийн лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хх-2-5-р хуудас),
5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Ү.******* нь дунд сургуулиа төгсөөд хөдөө илгээлтээр гарч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар томилогдон ажилласан. 1986-1990 оны сүүл үеийг хүртэл Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд үхэр сүрэг маллаж тус сумын Члуут-Ухаа, Гогцоо гэх газруудад хамт нутаглаж байсан. Миний бие тухайн үед Ү.*******ынхтай хамт нутаглаж үхэр сүрэг малладаг байсан тул түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэх мэдүүлэг (хх-13-р хуудас),
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Миний бие Сүхбаатарын зам нэгдэлд үхэр сүрэг малладаг байсан ба Ү.******* миний сайн санаж байгаагаар 1987 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд хөдөө илгээлтээр үхэр сүрэг маллахаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд томилогдон тус нэгдэлдээ 1987 оны 10 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал үхэр сүрэг хариулж байгаад цэргийн албанд татагдсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-12-р хуудас)
7. Иймд Ү.*******ыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ын Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА