Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/202

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Рэгзэдмаа,

хохирогч Д.Д-гийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Д.Энхтунгалаг, Ж.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2629 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-д холбогдох 2305041610884 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

С овгийн Г-гийн Э, 1980 онд Төв аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа ... хариуцсан ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Д.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 188,292,500 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Э-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Г.Э-аас 162,100,00 төгрөг гаргуулж, хохирогч Д.Д-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Хохирогч Д.Д-тэй амаар ярьж тохирсны үндсэн дээр талуудын ашиг сонирхолд нийцүүлэн мөнгө босгож, Сонгинохайрхан дүүрэгт байрлах автотээврийн “А” ХХК-д нэр дээр нь хүн тээвэрт явах зориулалттай автобус авч, тендерт оруулан ашиг олохоор холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай Д.Д- бид хоёр уулзаж ярьсны дараа байраа зарах шийдвэрийг өөрөө гаргасан.

Байр зарахад заавал засвар оруулах болон байрны ордероо хаясан байсан, мөн автобус авах гэж яарч байсан болохоор Д.Д- өөрөө Ц.Ц-ын нэр дээр байсан байрыг барьцаанд тавиулж, 65,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан. Автобусанд би 3,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, хохирогчтой цуг очин, сонгосон автобус руу 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хохирогч өөртөө үлдээсэн. Энэ банк бусын барьцаанд байсан байрыг хүүтэй нь гэрч Г.Г-ээс авсан урьдчилгаа болон өөрийн машиныг оролцуулан чөлөөлсөн нь урьдчилгаа төлбөрөөс шийдсэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй орхисонд гомдолтой байна. Шалгасан бол нотлогдох байсан.

Автобус авч тендерт оруулахад 19,000,000 төгрөг болсон, мөн хүн тээвэрт явах учраас стандарт шаардлагад нийцүүлэх урсгал зардал бүгд надаас гарсан нь миний дансанд аудитын дүгнэлт хийлгэсэн бол нотлогдох байсан. Мөн бэлнээр төлсөн нь гэрчлэгдэнэ. Энэ мэтчилэн бүх урсгал зардал, хохирогч Д.Д-гийн байрны засвар, эм тариа, хүмүүст өгөх ажлын хөлс, байрны хэрэглээ, хуримтлагдсан төлбөрийг төлсөн.

Хохирогч Д.Д-гийн байрны ордер барьцаанд байгаагүй, дур мэдэж гэрч Г.Г-т шилжүүлж өгөөгүй. Харин байрны ордероо хаяж үрэгдүүлж байсан нь Д.Д- нь таньдаг хүнээрээ Баянгол дүүргийн үл хөдлөхөөс ордероо гаргуулж авсан ба тухайн хүнийг гэрчээр татвал нотлогдоно. Автобус тендерт оруулж гэрээ хийхэд “А” компани гэрч Ц.Т-тэй гэрээ хийж шугамд явуулахаар болсон. Гэтэл Д.Д- нь Ц.Ц-ын нөхөр н.М-ыг явуулна гэж удирдлагуудтай уулзсан ч удирдлагууд зөвшөөрөөгүй.

Баянгол дүүргийн Цагдаагийн газраас н.Ганболд гэх хүн холбогдож “яаралтай ир” гэсний дагуу очиж мэдүүлэг өгөөд мөрдөгчийн хэлснээр шугамд явж байсан автобусыг зогсоож, хохирогч Д.Д-д “А” ХХК-ийн хашаанаас өгч явуулсан ба хохирогч өөрөө автобусыг зарсан. Би үүнийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа хэлж байсан ч энэ талаар хэрэгт авагдаагүй, орхигдуулсан байгаа тул хэргийг дахин шалгаж, бодит үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн нөхцөл байдалтайгаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн.

Хохирогч Д.Д- “Би байраа 175,000,000 төгрөгөөр зарахаар болж, Г.Э-аар дамжуулж Г.Г-тэй танилцсан. Мөн тэр байраа зарахаар тохиролцсон. Байрны түлхүүрийг Г.Э-д өгч байрыг Г.Г-т үзүүлсэн” гэж мэдүүлсэн. Мөн “Байрыг зарсан асуудлыг мэдэхгүй. Намайг хуурч нүд юм харахгүй байгааг далимдуулж гарын үсэг зуруулсан” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Гэтэл гэрч Ц.А- “Д.Д- орон сууц зарна, байрны урьдчилгаа авч, үлдсэн төлбөрийг дараа нь авна гэж гэрээ хийсэн. Гэнэт би гэрээ хийхгүй, манай дүү гэрээ хийнэ гээд эмэгтэйг заасан. Ингээд байрны эзэн өөрөө зөвшөөрсөн учраас итгэмжлэлийг Г.Э-ын нэрээр хийсэн” гэжээ.

Эндээс хохирогч Д.Д- бусдад орон сууцаа худалдах хүсэл зориг байсан ба өөрийн нэрээр бус Г.Э-д итгэмжлэл хийж өгөх замаар Г.Г-т худалдсан үйл баримт тогтоогдож байна. Г.Э-ын зүгээс хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн орон сууцыг шилжүүлэн авч залилсан субьектив болон объектив шинж үгүйсгэгдэнэ. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд зөрүүтэй, худал мэдүүлэг их өгдөг ба энэ талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Г.Э-, хохирогч Д.Д- нар урьд нь бие биеэ таньдаг байсан ба орон нутгийн зорчигч тээврийн шугамд явуулах зорилгоор автобус худалдаж аван хамтран ажиллах талаар харилцан тохиролцоо хийсэн. Энэ ч үүднээсээ хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай болсон ба Гансүх гэдэг хүний орон сууцыг ББСБ-д барьцаанд тавьж зээл авсан. Энэ эх үүсвэрээрээ бусдаас автобус худалдаж авсан ба зорчигч тээврийн шугамд гэрээ байгуулсан. Гэтэл бусдын орон сууцыг чөлөөлөх зайлшгүй шаардлагын улмаас Д.Д-гийн өмчлөлийн орон сууцыг Г.Г-т худалдах замаар ББСБ-ын зээлийг хааж дуусгасан үйл баримт мөн тогтоогдсон.

Дээрх үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нарын хооронд бизнес хийж хамтран ажиллах энгийн тохиролцоо байсан нь тогтоогдож байна. Хохирогчийн зүгээс Г.Э-аас олон удаагийн гүйлгээгээр бензин шатахуун, өвс тэжээл авах мөнгө, хүүхэд Д.С-гийн данс руу 8,000,000 шилжүүлж авах, маргаан бүхий орон сууцанд засвар хийлгэсэн, автобусны сэлбэгт зарцуулах зардал шаардаж авсан, хийлгэсэн байдаг.

Хохирогч Д.Д-гийн данс руу Г.Э-ын зүгээс нийт 40,000,000 орчим төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог. Шүүгдэгч болон хохирогч талын зүгээс дансны хуулганд дүн шинжилгээ хийн өөрсдийн хохиролд тооцогдох болзошгүй тооцооллыг хийсэн ба харилцан зөрүүтэй байр суурийг баримталсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тоо, тооцооны тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилох санал гаргасан ба хүсэлтийг хохирогч, улсын яллагч харилцан зөвшөөрч, улмаар шинжээч томилох тухай шүүгчийн захирамж гарсан. Гэтэл шүүхийн зүгээс уг захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхойлоогүй.

Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хохирогч Д.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 85,000,000 төгрөгийн автобусыг хохиролд тооцож аваад бусдад худалдсан, гэрч Ц.Ц-ын өмчлөлийн орон сууцыг “НК” ББСБ-д барьцаанд тавьсан зээлийг Г.Э- төлсөн, түүнээс хохирол хасаж тооцогдох талаар үндэслэл, хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй. Шүүгдэгчийн дээрх бизнесийн харилцааг үндэслэж гэм бурууг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн сэдэлт, зорилго, цаг хугацаа, хоорондын мэдээлэл солилцоо, эрсдэл зэрэг бүхий л субьектив болон объектив нөхцөл байдлыг анхаарч үзээгүй.

Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 661 дүгээр тогтоолд “Гэрээ хэлцлийн эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэгт тооцохгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу бодит үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр.өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ” гэж тайлбарлажээ. Гэтэл Г.Э- төөрөгдүүлэх, бодит байдлыг гуйвуулах, итгэл эвдэх тодорхой үйлдлийг шунахай сэдэлт, шууд санаатай субъектив байдлаар нөхцөлдүүлж үйлдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Прокурорын зүгээс Г.Э-ыг Д.Д-гийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн ба шүүхээс мөн үндэслэлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлээр олгосон орон сууц худалдах эрхийг хэрэгжүүлсэн ба орон сууцны өмчлөх эрхийг шүүгдэгчийн зүгээс өөртөө шилжүүлэн авч, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл баримт тогтоогдоогүй. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаант нөхцөлийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Хохирогч Д.Д- гэх хүн анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө орон сууцтай холбоотой асуудлын талаар буюу 65,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг авахын тулд орон сууцыг “НК” ББСБ-ын нэр дээр тавьж зээл авсан, түүнийгээ дараа нь төлсөн, бусдын өрийг төлөхийн тулд байраа шилжүүлсэн гэдэг талаараа тайлбарласан. 85,000,000 төгрөгөөр худалдаж авсан автобусыг хохирогч Д.Д- аваад захиран зарцуулсан. Энэ үнийн дүнг яагаад хохиролд оруулж тооцоогүй юм бэ. Гэмт хэрэг гарсан шалтгаант нөхцөлийг анхан шатны шүүх анхаарч үзээгүйгээс болж шүүгдэгч Г.Э-ын хувьд ашиггүй шийдвэр гарсан. Өмгөөлөгч нарын зүгээс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн өдөр өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Г.Э- болон хохирогч Д.Д- нарын дансны хуулгыг шүүсэн. Дансны хуулганы шүүлтээр анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 6,000,000 гаруй төгрөгийн хохирол биш болох нь тогтоогдсон. Мөн хохирогч Д.Д-гийн данс руу нийт 28,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь харагддаг. Хохирогч Д.Д- гомдол гаргахдаа шалтгаант холбоогоо зааж явсны үндсэн дээр мөрдөн байцаагч үүнтэй холбоотой ажиллагааг хийсэн. Ингэхдээ мөрдөгч дансны хуулгануудыг шүүгээд Г.Э-, Д.Д- нарын дансанд хэдэн төгрөг орсныг тодорхой заагаад 28,000,000 төгрөг гэж өмгөөлөгч нартай адил хэмжээгээр тогтоосон. Гэтэл прокурорын зүгээс зөвхөн байртай холбоотой асуудлыг нь аваад залилах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзсэн нь шударга бус байна. НК ББСБ-д Г.Э- хэдэн төгрөг төлсөн, Ц.Ц- гэх этгээдэд мөн хэдэн төгрөг төлснийг нарийн тогтоох шаардлагатай. Хэрвээ шүүгдэгч Г.Э-ын үйлдсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх юм бол Ц.Ц- гэх этгээд иргэний хариуцагчаар орж ирэх ёстой. Г.Г- гэх этгээд орон сууцаа авсан гэж байгаа боловч мөнгийг нь бүрэн гүйцэт төлөөгүй. 155,000,000 төгрөгөөр зарсан байрыг 148,000,000 төгрөгөөр авчхаад шударга өмчлөгч болж байна. Авсан мөнгөн дүнг нь харахад 100,000 төгрөг, 50,000 төгрөг зэргээр шилжүүлсэн байдаг. Орон сууц ингэж худалдаж авдаггүй байх. Хохирогч Д.Д- “бид автобус авахын тулд ингэсэн” гэх байдлаар гомдлоо анх гаргасан. Харин анхан шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлуудыг нь тогтоож шийдвэрээ гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэснээр Г.Э-ын эрх ашиг ноцтойгоор хөндөгдсөн. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн шалтгаант нөхцөлийг анхаарч үзэх шаардлагатай. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй. Хохиролтой холбоотой асуудлыг дутуу шийдвэрлэсэн. Бусад өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Ямар аргаар хуурсан нь тодорхойгүй. Анх автобус тээвэрт явуулна гэж талууд тохиролцсон . Тухайн автобус нь тээвэрт явсан юм уу. Тухайн тээврийн хэрэгсэл өөр байгууллагын нэр дээр явж байсан гэж яригддаг. Гэтэл тухайн байгууллагын нэр бүхий хүмүүсээс энэ талаар гэрчийн мэдүүлэг аваагүй. Үнэхээр тухайн тээврийн хэрэгсэл тээвэрт явсан эсэх, хэдэн төгрөгийн орлого олсон, ямар дугаартай тээврийн хэрэгсэл байсан талаар тодруулаагүй. Хохирогч Д.Д- сүүлд өөрөө автобус очиж авсан гэж мэдүүлдэг. Гэвч яг автобус авсан юм уу, тухайн автобус хэдэн төгрөгийн үнэлгээтэй байсан, хохирлоос хасагдах ёстой юм уу гэдгийг мөн тодруулах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Байр шилжсэн гэх асуудалтай холбоотой нотариатч Ц.А- “Д.Д- хажууд сууж байгаад Г.Э- гэх хүний дансаар авна шүү гэдгээ хэлсэн” тухай мэдүүлдэг. Гэтэл өөрөө үүнээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Залилах гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг шилжүүлэхгүй байх санаа зорилготой идэвхтэй үйлдэл байдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Г.Э- хохирол төлөх идэвхтэй үйлдлийг удаа дараа хийж байсан. Тухайлбал, Ц.Ц-ын байртай холбоотой нийт 18 удаагийн гүйлгээгээр 83,730,000 төгрөгийг шилжүүлсэн буюу илүү төлөлттэй. Мөн охин Э-ийн дансаар Д.Д- болон түүний хүүхдүүдийн данс руу нийт 41,944,279 төгрөг, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ гэж 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэ мэт шүүгдэгчийн идэвхтэй үйлдэл дээр анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Нийт хэдэн төгрөг төлснийг тогтоогоогүй. 7,900,000 төгрөг төлсөн гэж буруу байдлаар тайлбарлаж, 160,000,000 гаруй төгрөгийн хохирол дутуу гэсэн байдлаар дүгнэсэн. Дансны хуулгаар, эсхүл аудитын дүгнэлтээр бүрэн тодруулах боломжтой. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Мөн өмнө нь хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ялын саналыг гаргаж байсан. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-д 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Тиймээс хэргийг прокурорт буцааж автобустай холбоотой хохирлын асуудлыг нэг мөр шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс талуудын хооронд үүссэн харилцааг өмнө нь үүссэн болон бусад харилцаануудтай төлбөр тооцоог хольж тайлбарладаг. Хохирогч Д.Д- болон шүүгдэгч Г.Э- нарын хооронд харилцан тохирсон, автобус худалдан авсан, хамтран ажиллах тухай тохиролцоо, зээлийн гэрээтэй холбоотой үүссэн харилцаа байсан. Эдгээрийг харилцаагаар нь ялгаад үзвэл автобус худалдаж авсан харилцаа нь хамтран ажиллах буюу иргэний эрх зүйн харилцаа байдаг. Бусдаас зээл авч байгаа харилцаа ба энэ нь зээлийн гэрээний харилцаа юм. Анхан шатны шүүх дээр яригдсан асуудал нь зөвхөн орон сууцны үнийг яасан юм бэ гэх асуудал юм. Д.Д- итгэмжлэл өгөөд Г.Э- Г.Г- гэх хүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Үүнтэй холбоотой үнийг нь яасан юм бэ, би огт аваагүй шүү дээ гэх агуулгаар гомдол гаргасан. Орон сууцны үнэтэй холбоотой асуудал гэмт хэрэг байна гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх орон сууцны үнийг 170,000,000 төгрөг юм байна, 170,000,000 төгрөгөөс 2023 оны 06 дугаар сард гэрээ байгуулсан өдөр Д.Д-д 5,000,000 төгрөг өгөөд үлдсэнийг нь өгөөгүй гэж дүгнэсэн. Шүүх хуралдааны завсарлагын 5 хоногт 2,900,000 төгрөгийг шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хохирлыг зөв тооцоолсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар автобусны үнэ болон бусдаас авсан зээлийг яах ёстой юм бэ гэж маргаж байна. Энэ асуудал нь тусдаа иргэний эрх зүйн харилцаа юм. Гэм буруугийн шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцож байсан боловч анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлөх гэсэн боловч чадсангүй гэх байдлаар ял шийтгэлийн шүүх хуралдаанд оролцсон. Тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон боловч өнөөдрийн байр суурь өөр байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгч талаас хэргийг буцааж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасанд хамаарахгүй. Анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийж хохирлын хэмжээг зөв тогтоосон. Тийм учраас шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв. 

Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч болон шүүгдэгч нар автобус оруулж ирээд бизнес хийх зорилгоор анх тохирсон. Автобус худалдан авах үйл ажиллагаа 2023 оны 05 дугаар сард болсон. Ц.Ц- гэх хүнээс орон сууцыг нь барьцаалж авсан 65,000,000 төгрөгийн асуудал 2023 оны 05 дугаар сард дууссан. Орон сууцыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсан буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нотариатаар гэрээ байгуулсан. Автобус авч байгаа асуудал бол энэ гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө болоод дууссан харилцаа байна гэж үздэг. Анхан шатны шүүх мөн энэ талаарх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн. Анх Г.Г-ээс урьдчилгаа 70,000,000 төгрөг орж ирсэн. Тухайн 70,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг нь хохирогч Д.Д-гийн дансанд шилжүүлсэн. Үлдэх 65,000,000 төгрөгийг Ц.Ц-ын орон сууцны зээлийг төлөх замаар Г.Э-д үлдээсэн. Гэвч Г.Э- тухайн 65,000,000 төгрөгийг Ц.Ц-ын зээлийг төлөлгүйгээр хувьдаа ашигласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг шалтгаант нөхцөлийг огт дүгнээгүй гэж тайлбарлаж байна. Энэ талаар би тодорхой тайлбар хэлсэн ба шалтгаант нөхцөл тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батбаяр хор хохирлын асуудлыг тайлбарласан. Энэ талаарх тайлбарыг мөн тодорхой хэлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний болон эрүүгийн эрх зүйн харилцааг салгаж өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш байдаг бол автобустай холбоотой асуудал нь тухайн цаг хугацаанаас өмнө болсон. Тиймээс тусдаа хоёр асуудал гэж үзэж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:

-хохирогч Д.Д-гийн: “...Би Г.Э-ын аавтай 2001 онд танилцаж, Г.Э-ыг таньдаг болсон. 2023 оны 04 дүгээр сард Г.Э- “уулзмаар байна” гэж байн байн залгаад шалаад байсан учир уулзахад “манай нөхөр автобус компанид ажилладаг, хоёулаа нийлж автобус оруулж ирээд манай нөхрийн ажилладаг автобус компанид тээвэрт явуулаад ашиг олъё, би өөрөө “Драгон”-д ачаа тээш хариуцан ажиллаж байгаа” гэсэн. Би “мөнгө байхгүй” гэхэд намайг “байраа барьцаанд тавьчих” гэсэн ба “миний байр банкны барьцаанд байгаа, барьцаанд тавих боломжгүй” гэж хэлсэн. Тэгээд мөнгө олох гээд 10 завхайтай Батноров хэрэглэлтэй эмээлийг 10,000,000 төгрөгөөр, шүрэн толгойтой цагаан шүрэн хөөргийг 3,000,000 төгрөгөөр ломбардад тавьж, банкнаас 8,000,000 төгрөгийн тэтгэврийн зээл авч, Г.Э-д өгсөн. Автобус авч хүрэхгүй байсан учир нутгийн залуу н.М-аас байраа барьцаанд тавихыг гуйсан. н.М- 2023 оны 05 дугаар сард эхнэрийнхээ нэр дээрх байрыг ББСБ-ын барьцаанд тавьж, 65,000,000 төгрөг зээлсэн, мөнгийг нь Г.Э- авсан. Би н.М-ын байрыг барьцаанд тавиулсан мөнгийг нь өгөх ёстой болоход мөнгө олдохгүй байсан. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн байрыг 175,000,000 төгрөгөөр зарахаар болж Г.Э-аар дамжуулж Г.Г-тэй танилцсан ба байраа тэр хүнд зарахаар тохиролцож, эхлээд урьдчилгаа 65,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл төлбөрийг оны дараа байраа барьцаанаас чөлөөлүүлснийхээ дараа авч байрны гэрчилгээг өгөхөөр тохиролцсон. Байрны түлхүүрийг Г.Э-д өгч Г.Г-т байрыг үзүүлсэн. Г.Г- урьдчилгаа 65,000,000 төгрөгийг Э-д өгсөн ба би мөнгө авах талаар хэлэхэд “удахгүй өгнө” гээд байсан, би итгэсэн. 2023 оны 12 дугаар сард байрандаа очиход Г.Э- миний байрыг Г.Г-т аль хэдийн 155,000,000 төгрөгөөр зарсан, өгөх ёстой үлдсэн мөнгийг Г.Э- аваад гэрчилгээ нь Г.Г-ийн нэр дээр шилжсэн байсан. Г.Э- надад “урьдчилгаа 65,000,000 төгрөгөө авч байгаа учир тэр асуудал дээр гэрээ байгуулж байгаа” гээд надаар гарын үсэг зуруулсан. Би итгэмжлэл дээр гарын үсэг зурж байна гэж мэдээгүй. 65,000,000 төгрөгтэй холбоотой гэрээ л гэж бодсон...” (1хх 25-27, 29-30, 54-56, 2хх 94-95, 124-125),

-гэрч Ц.Ц-ын: “...2023 оны 05 дугаар сарын дундуур манай нөхөр н.М- надад “чиний нэр дээрх Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “...”-ийн ... дугаар байрны ... тоот 54.98 м.кв байрыг барьцаанд тавьж, 65,000,000 төгрөгийг Д.Д- ахад зээлэх хэрэгтэй байна, автобус худалдан авч тээвэрт явуулах гэж байгаа юм байна” гэж хэлсэн. Анх би дургүй байсан, нөхөр гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Д.Д- нь Г.Э- гэх эмэгтэйн хамт ирсэн, “байраа удахгүй авна шүү” гэж хэлээд “НК” ББСБ-аас гарсан 64,278,000 төгрөгийг Д.Д-гийн данс руу шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа байраа барьцаанаас чөлөөлүүлж авахаар Д.Д-тэй уулзахад “Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах ... дүгээр байрны ... тоот байраа зарахаар урьдчилгаа 65,000,000 төгрөгийг Г.Э- авсан, удахгүй та хоёрт өгнө” гэж хэлээд алга болсон. Банк бус санхүүгийн байгууллагаас “зээл төл” гэж удаа дараа залгасан бөгөөд арга бараад Г.Э- руу залгаж хэлэхэд “надад машин байгаа, түүнийг зараад өгнө” гэж хэлээд зарсан урьдчилгаа 20,000,000 төгрөгийг ББСБ-ын дансанд шилжүүлсэн. Ингээд дахин мөнгө хийгээгүй. Г.Э- надад 40,000,000 төгрөгийн үнэтэй “Toyota Alphard” загварын тээврийн хэрэгсэл өгсөн. Тухайн байрыг нийт 63,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд үүнээс 4,838,000 төгрөгийг би төлж, Г.Э- үлдэгдлийг нь төлж дуусгасан...” (1хх 32-33, 50),

-гэрч Ц.А-гийн: “...Д.Д- “орон сууц зарна, байрны урьдчилгаа авч, үлдсэн төлбөрийг дараа нь авна” гээд гэрээ хийсэн. Гэнэт Д.Д- “энэ гэрээг би хийхгүй, манай энэ дүү хийнэ” гээд нэг эмэгтэйг заасан. Тэр эмэгтэй “гэрээг би хийнэ” гэхээр нь “байрны эзэн өөрөө байхад яагаад энэ хүн хийх гээд байна вэ” гэхэд “манай энэ дүү мөнгө төгрөгийг хариуцаад надад авчирч өгөх юм, зүгээр” гэж хэлсэн. Г.Э- “эхлээд над дээр итгэмжлэл хийнэ, дараа нь тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээ хийнэ” гэсэн. Ингээд байрны эзэн өөрөө зөвшөөрсөн учраас итгэмжлэлийг Г.Э-ын нэрээр хийсэн. Гэрээ хийгээд өөр хүнд байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. Тухайн үед Д.Д- өөрөө байсан, мөнгө аваагүй. Гэрээн дээр Г.Э-ын дансны дугаар бичигдсэн байсан бөгөөд “байрны эзэн өөрийн дансаар авахгүй юу” гэхэд Д.Д- “манай дүү, зүгээр” гэж байсан...” (1хх 35-36),

-гэрч Г.Г-ийн: “...2023 оны 05 дугаар сард зүс таних Г.Э- манай ажил дээр ирж “хороололд байрлалтай манай ахын 3 өрөө байр байна, авах уу” гэж асуусан. Удалгүй тухайн байрыг очиж үзээд 170,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Байрны гэрчилгээ Д.Д-гийн нэр дээр байсан. 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Д.Д-, Г.Э- нарын хамт гэрээ хийхээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Хуучин Драгоны “Золт” төвд байрлах нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийж, сар бүрийн 25-ны өдөр 5,000,000 төгрөг өгөхөөр 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа Драгон төвийн киоск машинаас 20,000,000 төгрөгөөр 3 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа, нийт 70,000,000 төгрөгийг Г.Э-ын дансанд шилжүүлсэн. 08 дугаар сард Г.Э-д “байрны 170,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөг хасаж тооцох боломжтой юу, би байранд засвар хийсэн” гэхэд Г.Э- “за хэлье” гээд хэсэг хугацааны дараа зөвшөөрсөн. тэгээд 155,000,000 төгрөгөөр байрыг авахаар тохиролцсон. Г.Э- надаас байнга бага, багаар мөнгө авдаг байсан. Байнга мөнгө өгөх хэцүү байсан учир өөрийн хашаа байшингаа зараад 59,400,000 төгрөгийг Г.Э-ын дансанд шилжүүлснээр төлбөр дуусаж, би гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Бага, багаар өгдөг байсан мөнгөө байрны төлбөрөөс хассан. Байрандаа орсны дараа 2023 оны 09 дүгээр сард Д.Д- манай гэрт ирээд “мөнгө төгрөгөө өгч байна уу” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ, би мөнгөө өгөөд гэрчилгээгээ гаргуулаад авчихсан” гэхэд тэрээр “Г.Э-тай уулзана” гээд явсан. Нийт 153,155,000 төгрөгийг Г.Э-д өгсөн. Д.Д- Г.Э-ын дансанд мөнгөө хийгээрэй гэж хэлсний дагуу бүх төлбөрөө Г.Э-ын дансанд шилжүүлсэн. Д.Д- өөрөө Г.Э-д итгэмжлэл хийж өгсөн учир би асуудалтай гэж бодоогүй байрыг нь худалдаж авсан...” (1хх 40-42),

-гэрч Ц.Т-ийн: “...2023 оны 04 дүгээр сард эхнэр Г.Э- нь өөрийн аав, ээжийн танил Д.Д-тэй уулзсан. 2023 оны 06 дугаар сард Г.Э-, Д.Д- хоёр надад “чамд автобус авч өгнө, чи тээвэрт оруулах ажлаа бод” гэж хэлсэн. Тухайн сард Монелоос Солонгос Улсын 2014 онд үйлдвэрлэгдсэн, 45 хүний суудалтай автобус орж ирсэн, би очиж авсан, мөнгө төгрөгийн асуудлыг мэдэхгүй. Автобусны бүрээс, шинэ дугуй, шинэ аккумлятор, GPS, камер, хийн нум, амортизатор, дугуйн калпак, их гэрэл, рулийн чайк, далд наалгасан, цонхны борооны хаялга, салхины шилний нарны хаалт, наклад, түлк, паар зэвэрсэн байсан тул шинэ паар авч тавьсан, эйркондишн мөн шинээр авч тавьсан, тосол сольсон, цонхны дулаалга, түлхүүр багаж, дугуйн эвүүр, сэйф, галын хор гэх мэт компаниас шаардсан бүх зүйлийг хийж бэлэн болгосон. Энэ бүх мөнгийг манай эхнэр бид хоёр хувиасаа гаргасан, Д.Д- мөнгө өгсөн зүйл байхгүй. Нийт зардал нь 22,000,000 төгрөг болсон. Д.Д-д автобусанд 22,000,000 төгрөгийн техник үйлчилгээ хийсэн талаар хэлээгүй...” (1хх 128-130),

-шүүгдэгч Г.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би Г.Г-ээс нийт 155,000,000 төгрөгийг өөрийн дансаар авсан, надад ББСБ-д төлсөн төлбөрийн баримт байна, сэлбэг авсан баримт байхгүй. Г.Г- гуйгаад байхаар нь би өөрөө дур мэдээд 15,000,000 төгрөг хасаж, 155,000,000 төгрөг болсон. Тэр мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан, үлдсэнийг нь байрны зээлийн төлбөр болон автобусны төлбөрт бодож авсан. Би тухайн байрыг Г.Г-т зарахдаа Д.Д-гийн байр гэдгийг мэдэж байсан. Ах бид хоёр наашаа, цаашаа олон явна энэ хооронд урсгал зардал, бензин тосны мөнгө, өвс тэжээлийн мөнгө, хүүхдүүдэд нь өгөх мөнгө зэргээр их зардал гарсан. Уг мөнгийг 20,000,000 төгрөгөөс зарцуулсан. 2023 оны 04 дүгээр сард би Д.Д- ахад “миний түрээсэлж байгаа газраас намайг хөөгөөд байна, таньдаг хүн байвал туслаач” гэсэн. Бид хоёр гадуур зөндөө яваад ажил бүтээгүй. Тэр явдлаас хойш Д.Д- ах надад “нэг байр байна, засвар оруулаад зармаар байна, энэ байрыг зараад өгөөч, би харин нэг автобус аваад, хүн тээвэрт оруулаад өгье, ашгийг нь хувааж авъя” гэхэд зөвшөөрөөд автобус нь 07 дугаар сарын сүүлээр “...” ХХК-ийн тээвэрт явж эхэлсэн. Энэ хооронд би Д.Д-гийн бүх ажилд тусалж байсан. Автобусыг авах гэхэд мөнгө байгаагүй тул Д.Д-гийн танилын байрыг ББСБ-д барьцаанд тавьж, 65,000,000 төгрөгийн зээл авсан. Автобус нийт 83,000,000 төгрөгийн үнэтэй байсан ба үлдэгдэл 20,000,000 төгрөгийг Д.Д- бид хоёр мөнгөө нийлүүлж байгаад өгсөн. Барьцаанд тавьсан байрны сард төлөх ёстой зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг би 6-10 дугаар сарын хугацаанд “Ц” гэсэн гүйлгээний утгатайгаар төлдөг байсан. Харин 11, 12 дугаар сарын төлбөр болон зээлийн үлдэгдэл нийт 11,400,000 төгрөгийг Ц.Ц-ын дансанд шилжүүлсэн. Тэгээд зарах гэж байсан Д.Д-гийн байрыг 2023 оны 06 дугаар сарын дундуур Г.Г-т зарахаар болоод 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г.Г-, Д.Д- бид гурав Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариат орж Д.Д- надад итгэмжлэл хийгээд, дараа нь би Г.Г-тэй худалдах, худалдан авах гэрээ хийж, байрны төлбөрийг өөрийнхөө дансаар шилжүүлж авсан...” (1хх 45-47, 173-176, 2хх 85-86, 97-99) гэсэн мэдүүлгүүд,

-хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн БГ1-24-36 дугаар: “...Тус орон сууцны 2023 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 188,292,500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт (1хх 57-62, 63-66),

-Д.Д-, Г.Г-, Ц.Ц-, Г.Э- нарын дансны хуулга, Г.Э-аас Ц.Ц-д, Г.Г-ээс Г.Э-д мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллүүд (1хх 70-82, 114, 118-133, 137-139, 187-250, 2хх 1-23, 24-25, 3хх 2-71),

-дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 26-28, 35-38),

-үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (1хх 83),

-Д.Д-гийн Г.Э-д олгосон итгэмжлэл (1хх 89-90, 97, 109),

-зээлээр худалдах, худалдан авах гэрээ (1хх 98-100),

-Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дүгээр байрны ... тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (1хх 156-157) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Э- нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.Д-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар Д.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 188,292,500 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Г.Э-ыг хохирогч Д.Д-г залилж, 188,292,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн зүгээс “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаж гомдол гаргажээ.

“Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ эхлээд хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүйгээр өөртөө хууль бусаар бүр мөсөн шилжүүлэн авч, ашиглаж, захиран зарцуулах гэмт санаа төрсний улмаас бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө авахын тулд хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авсан үйлдэл байдаг.

“Хуурч мэхлэх” гэдэг нь гэм буруутай этгээд эд хөрөнгө хариуцагч буюу эзэмшигчийг үгээр буюу үйлдлээр үнэн байдлыг гуйвуулж буюу нуун дарагдуулж, төөрөлдүүлснээр уг эд хөрөнгийг авах эрхтэй гэж хууртагдсан этгээд эд хөрөнгийг сайн дураараа шилжүүлэн өгсөн,

“итгэлийг эвдэх” нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг авахын тулд талуудын итгэлд үндэслэн тодорхой гэрээний харилцааг ашиглах буюу эд хөрөнгийг хариуцагч, эзэмшигч зохих баримт бичиг бүрдүүлэлгүй буюу тогтсон журмыг мөрдөлгүйгээр шилжүүлснийг ашиглан түүнийг өөрийн өмчлөлд авах үйлдлээр тус тус илэрнэ.

Шүүгдэгч талаас “Д.Д- өөрөө байраа зарахыг зөвшөөрч, итгэмжлэл хийж өгсөн, түүний дагуу Г.Г-т зарсан тул Д.Д-г залилаагүй” гэж маргадаг.

Хохирогч Д.Д- өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг зарж борлуулах хүсэл зорилготой байсан, ийнхүү бусдад худалдах, түүнтэй холбогдох гэрээ хэлцэл хийх үүргийг Г.Э-д “итгэмжлэл”-ээр олгосон нь гэрч Г.Г-, Ц.А- нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Гэвч хэрэгт авагдсан бүхий л баримтууд нь шүүгдэгч Г.Э- хохирогчийн энэ нөхцөл байдлыг далимдуулан түүний өмчлөлийн орон сууцыг бусдад зарж, төлбөрийг нь өөрийн хэрэгцээнд зарцуулах санаа зорилго үүссэний улмаас орон сууцыг хохирогчид мэдэгдэлгүйгээр анх тохиролцсоноос бага үнээр Г.Г-т худалдаж, түүний шилжүүлсэн 155,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан үйл баримтыг нотолсон байна. 

Ийнхүү шүүгдэгчийн дээрх санаа зорилго нь түүний гэм бурууг нотолж байх ба давж заалдах гомдлуудад Г.Э- нь Ц.Ц-ын байрыг барьцаанаас чөлөөлсөн, түүнчлэн, олон удаагийн гүйлгээгээр бензин шатахуун, өвс тэжээл авах мөнгө, хүүхэд Д.С-гийн данс руу 8,000,000 шилжүүлсэн, маргаан бүхий орон сууцанд засвар хийлгэсэн, автобусны сэлбэгт зарцуулах зардал шаардаж авсан, хийлгэсэн зэргийг дурдаж байгаа нь түүний “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа шүүгдэгч Г.Э-, хохирогч Д.Д- нар хамтран хөрөнгө гаргасны үндсэн дээр автобус тээвэрт явуулж, ашгийг хуваан авахаар тохиролцсон болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон.

Гэтэл зөвхөн хохирогч Д.Д- өөрийн танил н.М-ын байрыг барьцаанд тавиулан, 65,000,000 төгрөгийг гаргаж автобус авсан ба үүний хариуд Ц.Ц-ын байрыг барьцаанаас чөлөөлсөн, мөн Д.Д-д тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн байна.

Тиймээс дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч, хохирогч нарын хоорондоо тохиролцсон автобус тээвэрт явуулах, түүнтэй холбоотой гарсан зардлууд нь шүүгдэгч Г.Э-д үүссэн хохирогчийн өмчлөлийн байрыг бусдад худалдаж, төлбөрийг хохирогч Д.Д-д өгөхгүй байх гэмт санаа, үүнийгээ хэрэгжүүлсэн “залилах” гэмт хэргийн үйл баримтад хамааралгүй болно.

Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дурдаж буйгаар “хохирогч Д.Д-д автобусыг өгч явуулсан, хохирогч өөрөө автобусыг зарсан” гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс хийсвэр дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5485 дугаар захирамжаар “хохирол төлбөрийн зөрүүтэй байдалд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах”-аар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газарт дүгнэлт гаргуулах талаар албан бичгийг хүргүүлсэн боловч тус газраас “эдийн засгийн шинжилгээний объектын хувьд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гараагүй байх тул шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ.

Тиймээс шүүх шаардлагатай арга хэмжээг авсан боловч шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байсан тул хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдүүдийг оролцуулан, тэднээс тайлбар, мэдүүлэг авах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм. 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулдаг бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал байдаг. Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хандсан сэтгэхүйн харьцаа болон өөрийн аюултай, хууль бус үйлдлийг ухамсарлаж дүгнэлт хийлгүйгээр гэм буруу дээр маргасан болон бусад хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг сонгон, тухайн зүйл хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүх шүүгдэгчид ямар гэмт санаа хэзээ үүссэн, түүнийгээ ямар аргаар бодит байдалд хэрхэн хэрэгжүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрэлцээтэй хэмжээнд тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнэлт хийсний эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг болно.

Иймд шүүгдэгч Г.Э-ын анхнаасаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.Д-гийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулаад, түүний төлбөрийг хохирогчид буцааж өгөхгүйгээр өөртөө зарцуулах санаа зорилгоо хохирогчийг хууран мэхлэх замаар хэрэгжүүлсэн үйлдэл тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Э-ыг “бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 79 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2629 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Д.Энхтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ын цагдан хоригдсон нийт 79 (далан ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            П.ГАНДОЛГОР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН