Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01017

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01017

 

 

*** ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00613 дугаар шийдвэртэй,

*** ХК-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

Фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй

Зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *** ХК-тай зээлийн гэрээ байгуулан Б- нь 100,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хар өнгөтэй, .... УНА улсын дугаартай, Тоёото ланд круизер 200 маркийн автомашин, бор саарал өнгөтэй, .... УНК улсын дугаартай, Порше макан маркийн автомашиныг тус тус *** ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй, үүрэг биелүүлэх нэмэлт хугацаанд үүргээ биелүүлээгүй тул эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.5-д заасны дагуу автомашинуудыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөх тухай шаардах хуудсыг хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагч нь шаардах хуудас хүлээн авсан боловч шаардлагыг биелүүлээгүй.

Иймд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.5 дахь заалт болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу дээр дурдсан автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б- нь *** ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөгийг сарын 4.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосон. Нэхэмжлэгч автомашинуудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсныхаа дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийн зээлийг олгохоос үндэслэлгүй татгалзсан.

Нэхэмжлэгч эхлээд зээлийг шаардах ёстой ба зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд автомашинуудыг бодитоор гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах ёстой.

Хариуцагч зээлийн төлбөрийг төлж барагдуулах боломжтой байтал зээлийг шаардахгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг бодитоор гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосон. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг шаардсан байх ба зээлийн барьцааны гэрээний үүрэг шаардаагүй нь зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгож байна гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг нь .... УНА улсын дугаартай, Тоёото ланд круизер 200 маркийн автомашин болон .... УНК улсын дугаартай, Порше макан маркийн автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулснаар хангагдана гэж үзэж байгаа тул зээлийн барьцааны гэрээний барьцаалсан эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүрэгтэй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, .... хаягт байршилтай, 55,0 кв.м талбайтай орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг даалган шийдвэрлэж өгнө үү.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч *** ХК нь тус шүүхэд гагцхүү фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн суудлын автомашинуудыг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн эзэмшилд бодитоор гарган өгөх үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нь зээлийн гэрээг дуусгавар болгох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага биш. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өмчлөх эрхийг нь шилжүүлсэн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагчид уг үүргээ биелүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл болно.

Гэтэл хариуцагч уг шаардлагыг зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн автомашинуудыг тооцон авч байна гэж буруу ойлгож, тайлбарладаг. Түүний улмаас зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөс чөлөөлөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад уг гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлөх нэхэмжлэл Иргэний хуулийн 168.1 дэх хэсэгт заасан ипотек өмчлөгчид шилжих урьдчилсан нөхцөлийг хангаагүй гэж үзнэ.

Фидуцийн гэрээ дуусгавар болсон нь шууд зээлийн гэрээ, барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний 3.1.8, 3.1.9, 3.2.5 дахь заалтын агуулгаас харахад талууд фидуцийн зүйлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар харилцан тохиролцсон байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-гаас .... УНА улсын дугаартай, Тоёото ланд круизер 200 маркийн автомашин болон WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, .... УНК улсын дугаартай, Порше макан маркийн автомашинуудыг бодитоор гаргуулж, нэхэмжлэгч *** ХК-д олгож,

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б-гийн сөрөг нэхэмжлэл болох 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 байрны .... хаягт байршилтай 55 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай Ү-2204054546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг хариуцагч *** ХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөг, хариуцагч Б-гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 479,000 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б-гаас 657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХК-д олгож, нэхэмжлэгч *** ХК-иас 479,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч *** ХК нь анхан шатны шүүхэд фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн суудлын автомашинуудыг зээлдүүлэгчийн эзэмшилд бодитоор гарган өгөх үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх, төлбөрийг гаргуулах талаар нэхэмжпэлийн шаардлага биш болно.

Б- болон *** ХК-ийн байгуулсан зээлийн гэрээ, түүнтэй холбогдуулан байгуулсан зээлийн барьцааны гэрээ, фидуцийн гэрээний харилцаа дуусаагүй, зээлдэгч нь зээлийн өр төлбөрөө бүрэн барагдуулж дуусаагүй.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Б-гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, зээлийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй буюу зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй фидуцийн зүйлийг нэхэмжлэгчид бодитоор гарган өгөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Зээлийн барьцааны гэрээний 4.1.1-д Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлсэн бол барьцааны зүйлийг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг барьцаалагчаас шаардах, 5.2.1-д Барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд гэрээний 3.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийг барьцааны бүртгэлээс чөлөөлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байхад шүүх барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 төрлийн аргыг сонгосны үндсэн дээр эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу автомашинуудыг хариуцагчийн эзэмшлээс бодитоор гаргуулахаар нэхэмжилсэнийг шүүхээс ханган шийдвэрлэсэнг буруу гэж үзэж байна.

7.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02695 дугаартай захирамжийн 4 дэх заалтаар дээрхи тээврийн хэрэгслүүдийг барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсоныг баталгаажуулсан байдаг ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Харин нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэж буй эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдсан байдаг ба энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш эвлэрэн хэлэлцэж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамж гарсан. Тодруулбал, шүүгчийн захирамжаар барьцаанаас чөлөөлөгдөхөөр эвлэрэн хэлэлцэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад бодитоор эд хөрөнгийг гаргуулахаар шүүхээс шийдсэн нь буруу болсон ба барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсоноор эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авч хэрэгт хавсаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Б-д холбогдуулан фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслүүдийг түүний эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцон барьцаанаас үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.1. *** ХК болон Б- нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг, бизнесийн зориулалтаар, сарын 4,40 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 100,000,000 төгрөгийг, хамтран зээлдэгчээр Ж.Сансар оролцож, барьцаа хөрөнгө нэмэгдүүлсний дараа үлдэгдэл 100,000,000 төгрөгийг зээлдэгчид олгохоор харилцан тохиролцсон байна.

 

3.2. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.3. Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгөөс *** ХК 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 99,000,000 төгрөгийг Б-д шилжүүлсэн, зээл болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан 200,000,000 төгрөгийн хэмжээнд зээл олгогдоогүй.

 

3.4. Дээрх гэрээнд заасан үүргээс 99,000,000 төгрөгийн хэмжээнд *** ХК биелүүлсэн учир зээлдэгч Б-гаас холбогдох үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

4. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (фидуци) гэрээгээр зээлдэгч Б- нь JTMHV05J504106619 арлын дугаартай, ....УНА улсын дугаартай, Тоёото ланд круизер 200 маркийн автомашин болон WPIZZZ95ZFLB1695 арлын дугаартай, .... УНК улсын дугаартай, Порше макан маркийн автомашинуудыг *** ХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэх, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгчээс гаргуулан авахаар харилцан тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

5. Мөн талууд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн барьцааны гэрээгээр байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 байрны .... хаягт байршилтай 55 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай Ү-2204054546 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6.1. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан аргаас хэд хэдийг хэрэглэж болно.

 

6.2. Зээлдэгч болох хариуцагч Б- нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлбөр төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан, гэрээ сунгагдаагүй талаар талууд маргаагүй.

 

7.1. Б- нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100,000,000 төгрөг, хүү 77,043,013.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,068,602.74 төгрөг, нийт 179,111,616.44 төгрөгийг төлөөгүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд энэ талаар дурдаагүй тул талууд мэтгэлцээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч тодруулж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...зээлийн үлдэгдлийг 179,987,452 төгрөг... гэж хариулдаг. Энэ шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй байна.

7.2. Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 1.1 дэх хэсэгт талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор фидуцийн гэрээг байгуулсан гэж тохиролцсоноос дүгнэвэл зээлийн гэрээний хугацаан дахь үүрэгт фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэл хангагдах эсэх нь тодорхой байх учиртай. Энэ талаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

.

Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнд 2 автомашиныг нийт 100,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч хариуцагч Б- нь Тоёото ланд круизер автомашины зах зээлийн ханш нь 115-124.5 сая төгрөг байгаа талаар баримт гаргасныг шүүх үнэлээгүй байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг бодитойгоор гаргуулж авснаар фидуци дуусгавар болохоор зохицуулсан боловч тодорхой хэмжээтэй зээлийн үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд уг зохицуулалтыг шууд утгаар тайлбарлан хэрэглэх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх тэгш байдалд нөлөөлөх юм.

 

8.1. Түүнчлэн талууд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

8.2 Барьцааны гэрээний 4.1.1-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн, зохих ёсоор биелүүлсэн бол барьцааны зүйлийг барьцааны бүртгэлээс чөлөөлөхийг барьцаалагчаас шаардах, 5.2.1-д барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд гэрээний 3.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийг барьцааны бүртгэлээс чөлөөлөх үүрэгтэй гэж талууд тохиролцжээ.

 

9. Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон тохиолдолд зээлийн гэрээний үлдэх үүрэг тодорхой болж, улмаар энэ үүргийг барьцааны зүйлээр хангагдах эсэхийг дүгнэх боломжтой. Иймд үндсэн үүрэг тодорхойгүй. Энэ талаар бичгээр тайлбар гаргаагүй тохиолдолд эсрэг талд тайлбар гаргах эрх үүрэг үүсэхгүй, маргааны зүйл тодорхойгүй нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/00613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,055,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА