Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 1046

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 2 дугаар амбулаторын байр, “Б” ХХК,  

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий, Өргөө тоот хаягт байрлах “Эрхт *******” ХХК,  

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж, Хд ордон, Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Замчдын гудамж 3, Баянгол дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 20 дугаар хороо, “С” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар, А/983 дугаар захирамжууд болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-нд олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК-ийн 000, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн бие даасан шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н нарт холбогдох хэсэг, 2015 оны А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК, “Эрхт *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.З, С.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК, “Эрхт *******” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаараа “Эрхт*******” ХХК, “Б” ХХК, иргэн Ггийн Н нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 тоот, “Ч******* Рашаан” ХХК-д газар олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/711 дүгээр захирамжуудыг хүчингүй болгосон. 

Ийнхүү хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг үндэслэл болгосон байна. 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 тоот, А/711 тоот шийдвэрийг хууль бус хэмээн үзэж тэдгээр шийдвэрийг хүчингүй болгож захирамж гаргажээ. Гэвч хүчингүй болгосон үндэслэлээ “С” ХХК-нд эзэмшүүлсэн эмнэлгийн зориулалттай 6205 м2 газрын эзэмших эрхийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар тогтоолыг үндэслэн түр түдгэлзүүлсэн байхад [...] Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дүгээр захирамжаар “Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон байх тул” гээд “Б” ХХК-иас өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлснийг баталгаажуулсан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. 

Гэвч Нийслэлийн Засаг дарга захирамжийнхаа үндэслэл болгосон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар тогтоол, түүнийг хянан шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар тогтоол нь энэхүү газартай хамааралгүй бөгөөд харин тухайн газар дээрх 810 м2 талбай бүхий нэг давхар барилгын хувьчлалтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр юм.

Энэхүү шүүхийн шийдвэрт тухайн барилгын байрлаж буй газрын талаар ямар нэг асуудал хөндөгдөөгүй төдийгүй, газрын асуудлыг түдгэлзүүлсэн зүйл байхгүй.

Мөн түүнчлэн Газрын тухай хуульд газрыг дахин олгохыг хориглох буюу түдгэлзүүлэх тухай зөвхөн ганц заалт байдаг. Тэр заалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасан. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргаас 2015 онд А/561 дүгээр захирамжаар газар олгох улмаар “Б” ХХК-иас өөрийн эзэмшлийн газраа “Эрхт *******” ХХК болон иргэн Ггийн Нт нарт шилжүүлэх үед тухайн газартай холбоотой ямар нэгэн шүүхийн маргаан байгаагүй. 

Мөн “С” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг нь 2014 оны 3 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болгосон бөгөөд үүнийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/7992 тоот албан бичгээр мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Засаг дарга А/561 тоот захирамжаараа “Б” ХХК-д газар эзэмших эрх олгох үед тухайн газар нь бусдын эзэмшилд байгаагүй, мөн энэ талаар шүүхийн маргаан үүсээгүй байсан байна. 

Эндээс Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 тоот захирамж нь хууль зөрчиж гараагүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд, улмаар энэхүү хууль ёсны захирамжийн дагуу эзэмшиж байсан газраасаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу бусдад шилжүүлснийг баталгаажуулсан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 тоот захирамжийн “Эрхт Сэнтий” XXК, “Б” XXК болон иргэн Ггийн Нтод холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх Нийслэлийн Засаг даргад байхгүй байна. 

Иймд “Эрхт Сэнтий” ХХК, “Б” ХХК-ийн хууль ёсоор олж авсан газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалж, улмаар бусдад олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар, А/983 дугаар захирамжууд болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-нд олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК-ийн 000, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газар /хуучнаар/-ын дарга Ш.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Эрхт ******* ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийг хүчингүй болгох, уг захирамжаар “С” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулахаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад доорх хариуг хүргүүлж байна. 

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Барилга хувьчлах тухай 107 дугаар тогтоолоор “С” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хуучнаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг түрээсийн давуу эрхээр хувьчилжээ. 

Уг тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр захирамжаар “С” ХХК-д эмнэлгийн зориулалтаар 6205 м2 газрыг эзэмшүүлсэн байна. 

2013 оны 12 дугаар сард “С” ХХК нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт өгсөн боловч тус газар дээрх барилгын асуудлаар шүүхэд маргаантай байгаа тул шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгч байсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 158 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар тогтоолоор Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 107 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Б” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй хэсгийг хувьчлах тухай тогтоол гарсан ба Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн хуучин амбулаторын барилгаас “С” ХХК-д 540.9 м2, 07 дугаар Өмчлөгчийн эрх олгох тухай тогтоолоор “Б” ХХК-д 189.8 м2, 08 тоот тогтоолоор “Ч******* *******” ХХК-д 101.7 м2 талбайг тус тус өмчлөх шийдвэр гарсан байна. 

Дээрх Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу “С” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүсэлт гаргасан ба тус асуудлыг эмнэлгийн барилгыг хуваан авсан 3 иргэн, аж ахуй нэгж байгууллагын асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулж шийдвэрлэсэн байтал Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар “Б” ХХК-д 2656 м2 газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн газраас “Эрхт *******” ХХК-д 1533 м2, иргэн Г.Нт 200 м2 газрыг шилжүүлэн эзэмшүүлж “Б” ХХК-д 923 м2 газар үлдсэн байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, “Б” ХХК, Г.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Газрын тухай хуулийн 21.2.3 дах заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжаар хувьчилж авсан барилга доорх газрыг орц гарцтайгаар “Б” ХХК-д 280 м2, “Ч******* *******” ХХК-д 120 м2, “С” ХХК-д 5235 м2 газрыг эзэмшүүлсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Нэхэмжлэгч “Эрх *******” ХХК, “Б” ХХК-ийн /цаашид “Нэхэмжлэгч нар” гэх/ нэгтгэн гаргасан нэхэмжлэлийг уг хэргийн гуравдагч этгээд “С” ХХК-иас эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн талаар:

“С” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх өөрийн өмчлөлийн эмнэлгийн барилгын орчны 6205 м2 газрыг эзэмших эрх олж авч, улмаар Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн газрын албатай 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан билээ.

Нэхэмжлэгч “Эрх *******” ХХК, “Б” XXК нь эмнэлгийн барилгын хувьчлалын талаар захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэж, үүнээс үүдэн “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг Нийслэлийн Засаг даргаас маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түр хойшлуулж, “гэрээ, газар эзэмших гэрчилгээний хугацааг” түдгэлзүүлсэн байсан юм.

Иймд “С” ХХК-ийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх эмнэлгийн барилгын зориулалттай 6205 м2 газрыг эзэмших эрх дуусгавар болоогүй байсан болно. 

Улмаар өмч хувьчлалын асуудал шийдвэрлэгдэсний дараа Нийслэлийн өмчийн харилцааны газраас “С” ХХК, “Эрх *******” ХХК, “Б” ХХК-ийн төлөөллийг байлцуулан газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх талаар ярилцан тохиролцож, талуудын харилцан зөвшөөрсний үндсэн дээр “С” ХХК-д 5235 м2, “Б” ХХК-д 280 м2, “Ч******* *******” ХХК-нд 120 м2 газрыг эзэмшүүлэхээр тохиролцон, энэ талаар уулзалтын тэмдэглэл хөтөлсөн билээ.

Уг тохиролцоог үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамж гарсан болно.

Хоёр. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар: 

Ийнхүү Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших гэрээ, гэрчилгээг сунгах хугацааг түдгэлзүүлсэн байх хугацаанд, манай компанийн эзэмших газартай давхцуулан “Эрх *******” ХХК нь Баянгол дүүргийн Засаг даргатай хуйвалдан өөртөө 2656 м2 газар эзэмшихээр 2015 оны А/561 дугаартай захирамжийг гаргуулсан нь илт хүчин төгөлдөр бус шийдвэр байсан болно. 

Үүний учир манай компани Нийслэлийн Засаг даргад хандан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 дугаартай захирамжид холбогдуулан гомдол гаргасан ба манай гомдлыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамж, А/983 дугаар захирамжийг гаргасан болно. 

Ингэхдээ дээр дурьдсаны дагуу талуудыг байлцуулан “С” ХХК-д 5235 м2, “Б” ХХК-д 280 м2, “Ч******* *******” ХХК-д 120 м2 газрыг эзэмшүүлэхээр А/983 дугаар захирамжийг гаргасан. 

“Б” ХХК захирамжийн талаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн, түүнд газар эзэмших эрхээ шилжүүлсэн “Эрх *******” ХХК мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан бөгөөд уг захирамжийг эс зөвшөөрсөн бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу захиргааны актыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Гурав. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй талаар: 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд, мөн зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд тус тус хамаарахаар хуульчилсан. 

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “С” ХХК эмнэлгийн байрших газар нь Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам  сүлжээ бүхий газарт хамаарах тул Баянгол дүүргийн Засаг дарга нь уг газар дээр газар эзэмшүүлэх эрх байхгүй юм.

Иймд нэхэмжлэгч “Эрх *******” ХХК-д 2656 м2 газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэгчийн “сэргээгдэх эрх” гэж байхгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “С” ХХК-иас шүүхэд гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг; 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхэт *******” ХХК, Г.Н нарт холбогдох хэсэг, 2015 оны А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох. 

Энэхүү захиргааны хэргийн гуравдагч этгээд “С” ХХК нь шүүхэд өмнө гаргасан бие даасан шаардлагынхаа үндэслэлээ дэмжиж байгаа бөгөөд харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан бие даасан шаардлагаа уг хуульд нийцүүлэн тодруулж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.7, 9.1.9, 70 дугаар зүйлийн 70.2.3-д захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх шийдвэрийг захиргааны байгууллага, эсхүл шүүхээс гаргаж болохоор заасан байсан. 

Шинэчлэгдэн батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх заалтыг өөрчлөн шүүхээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж болохоор заасан байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инжөнерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх” нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулахаар хуульчилсан. 

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “С” ХХК эмнэлгийн байрших газар нь Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарах тул уг газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрх нь Нийслэлийн Засаг даргад байхаар эрх зүйн үндэслэлийг тогтоож өгсөн. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд тус тус хамаарахаар хуульчилсан байдаг.

Хуулийн энэ заалтын дагуу дүүргийн Засаг дарга нь хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй этгээд учир Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н нарт холбогдох хэсэг, 2015 оны А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсэг нь захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны албан тушаалтан гаргасан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэлтэй юм. 

Мөн Баянгол дүүргийн Засаг дарга нь дээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа “Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх үүссэн “С” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоосон шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “С” ХХК-ийн бие даасан шаардлагатай холбоотой хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар “Б” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2656 м2 газрыг эзэмшүүлсэн бөгөөд “Б” ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх газрыг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжаар “Эрхт *******” ХХК-д 1533 м2, иргэн Г.Н нарт 200 м2,”Б” ХХК-д 923 м2 газрыг тус тус эзэмшүүлсэн болно. 

Газар эзэмшүүлсэн дээрх захирамжийн “Б” ХХК, “Эрхт *******” ХХК, иргэн Г.Н нарт холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаар хүчингүй болгосон. 

Гуравдагч этгээд “С” ХХК нь “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасны дагуу илт хүчин төгөлдөр бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Дээрх заалт бүхий Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаар зохицуулаагүй болно.

Мөн маргаан бүхий дээрх дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаят шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “С” ХХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхэт *******” ХХК, иргэн Г.Н нарт холбогдох хэсэг, 2015 оны А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэжээ. 

Баянгол дүүргийн Засаг дарга нь “Б” ХХК, “Ч******* ******* *******” ХХК-иудаас хандаж гаргасан хүсэлт, холбогдох бичиг баримт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25, 26 дугаар тогтоолууд, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаар тогтоол, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Барилга хүлээлгэн өгсөн акт”, 02/2015, 03/2015 дугаартай өмчлөгчийн эрхийн гэрчилгээ зэргийг үндэслэж “Б” ХХК-д тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2656 м.кв газрыг 2015 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар, “Ч******* *******” ХХК-д 485 м.кв газрыг 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар тус тус эзэмшүүлсэн байдаг. 

Улмаар “Б” ХХК-иас нэр шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу дээрх газрыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжаар “Эрхт *******” ХХК-нд 1533 м.кв, иргэн Ггийн Нт 200 м.кв, “Б” ХХК-д 923 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн болно. 

Газар эзэмшүүлсэн дээрх захирамжуудыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Иймд маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсэг нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон байх тул гуравдагч этгээд “С” ХХК-ний бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахгүй бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүх хуралдаанд миний бие оролцохгүй. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Б” ХХК, “Эрхт *******” ХХК нь: 

“Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар, А/983 дугаар захирамжууд болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож, 

Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах,

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд “С” ХХК нь: 

“Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 

2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н, “Б” ХХК-д холбогдох хэсэг, 

2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргуулах” тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ. 

1. “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар захирамж болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Барилга хувьчлах тухай 107 дугаар тогтоолоор “С” ХХК-д Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хуучнаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг түрээсийн давуу эрхээр хувьчилж, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр захирамжаар “С” ХХК-д эмнэлгийн зориулалтаар 6205 м2 талбай бүхий орчны газрыг эзэмшүүлжээ. 

Гэвч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 158 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 158 дугаар тогтоолоор Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны 107 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор Нийслэлийн Өмч хувьчлах комисс дахин хувьчлалын асуудлыг шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “С” ХХК, 25 дугаар тогтоолоор “Б” ХХК, 26 дугаар тогтоолоор “Ч******* *******” ХХК-ийн түрээсээр эзэмшиж буй хэсгийг тус тус хувьчилж, мөн Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 06 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн хуучин амбулаторын барилгаас “С” ХХК-д 540.9 м2, 07 дугаар тогтоолоор “Б” ХХК-д 189.8 м2, 08 дугаар тогтоолоор “Ч******* *******” ХХК-д 101.7 м2 талбайг тус тус өмчлүүлэх шийдвэр гаргасан байна. 

“С” ХХК нь нэгэнт 2009 оны 91 дүгээр захирамжаар уг барилгын эргэн тойрны газрыг эзэмших эрхтэй болсноор 2013 оны 12 дугаар сард, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах, газрыг баталгаажуулах хүсэлтүүдийг удаа дараа өгсөн боловч тус газар дээрх барилгын асуудлаар шүүхэд маргаантай, эмнэлгийн барилгыг хуваан авсан 3 иргэн, аж ахуй нэгж байгууллагын асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхтэй холбогдуулан хүсэлт хэлэлцэхийг хойшлуулсан гэх зэргээр Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 5/4588 тоот албан бичгээр болон амаар хариу өгч байжээ.

Харин Нийслэлийн Өмчийн харилцааны газар /хуучнаар/-аас 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/7992 тоот албан бичгээр “С” ХХК-нд эзэмшүүлсэн эмнэлгийн зориулалттай 6205 м2 талбай бүхий газар эзэмших эрх дуусгавар болсныг мэдэгдсэн, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучнаар/-ны 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 955 тоот албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хүлээн авч “С” ХХК-ийн эзэмшлийн 18634309512772 нэгж талбарын дугаар бүхий 6205 м2 газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгасан зэрэг нь гуравдагч этгээд “С” ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. 

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 107 дугаар тогтоолоор “С” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг хувьчилсан нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон хэдий ч тус компанид эмнэлгийн зориулалтаар 6205 м2 газрыг эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр захирамж нь тухайн үед хуулийн хүчин төгөлдөр хэвээр, мөн газрын төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нэхэмжлэлийн дагуу төлсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/973 дугаар захирамжийн 3 дахь заалтаар уг захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна. 

Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдоржийн өрөөнд болсон хуралдаанд “С” ХХК-ийн төлөөлөгч Ж.Тамир, Ц.Ганболд, “Б” ХХК-ийн захирал Н.Н*******, “Ч******* *******” ХХК-ийн захирал Д.Р******* нар оролцсон бөгөөд “...Барилгын талбайг өрөөгөөр нь өгөхөөс гадна доорх газрыг өгнө үү. Бас та нар энэ хоёр эмнэлгийн орц гарцын газрыг гаргаж өгөх хэрэгтэй. Энэ эмнэлгийн захирлууд барилгын талбай, газрын талаар ойлгосон биз. Өмчийн газраас шинээр албан ёсоор барилгын талбайг хувьчилж, эзэмшил газрыг та бүхэнд ном ёсоор нь шилжүүлж өгнө. Одоо барилгын өрөөний талбай болон эмнэлгийн газрын талаар ямар ч асуудал байхгүй шүү. Эмнэлгийн захирлууд үүнийг бүрэн хүлээн зөвшөөрнө гэж ойлголоо. Та нар өрөөний талбай, газрын талаар олон жил маргалдлаа. Одоо өмчийн газраас энэ асуудлыг хэлэлцээд ингэж шийдлээ...” гэж хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд дээрх компанийн захирлууд болон төлөөлөгчид барилгын хувьчлал, эргэн тойрны эзэмшлийн газрын асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д “Хувьчлал хүчингүй болсон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг зөрчлөөс үүссэн хохирлыг арилгах, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч, цаашид уг эд хөрөнгийг хэрхэх тухай шийдвэр гаргана” гэсний дагуу Нийслэлийн өмч харилцааны газар шийдвэрлэхээр тохиролцсон гэж ойлгогдохоор байна. 

Гэтэл Баянгол дүүргийн Өмч газрын албанд “Б” ХХК-ийн захирал Н.Н******* 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 2656,0 м2, “Ч******* *******” ХХК-ийн захирал Д.Р******* 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 828,5 м2 талбай бүхий газрыг өмч хувьчлалын дагуу эзэмшүүлэх хүсэлтийг гаргаснаар тус дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар “Б” ХХК-д 2656 м2, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар “Ч******* *******” ХХК-д 485 м2 талбай бүхий газрыг тус тус  эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар бүрэн эрхэд “... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэсний дагуу маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн тус газрын ойр орчмын шугам сүлжээг харуулсан зураг, “С” ХХК-ийн Ус сувгийн удирдах газар болон “Таван шар өргөө” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай хийсэн Дулааны эрчим хүч, цэвэр бохир усаар хангах, татан зайлуулах гэрээнүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Ийнхүү дээрх нөхцөл байдлууд үүссэн байхад “Б” ХХК, “Ч******* *******” ХХК-уудын газар эзэмшүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн Өмч газрын алба хүлээн авч, тус дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар “Б” ХХК-д, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар “Ч******* *******” ХХК-д холбогдох бичиг баримтын дагуу тус тус  эмнэлгийн зориулалтаар орчны газрыг бусдад эзэмшүүлэх асуудал Баянгол дүүргийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байхад Дээд шатны удирдах байгууллага болох Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргатай харилцан зөвшилцөөгүй, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамж хүчинтэй эсэхийг тодруулалгүйгээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг мөн зөрчсөн байх тул нэхэмжлэгч “Б” ХХК, “Эрхт *******” ХХК-иудын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар захирамж болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв. 

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, “Б” ХХК, Г.Н нарт, 2015 оны А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэстэй байна. 

2. “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11/65 дугаар “Нийслэлийн өмчөөс 2008 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай” тогтоолоор Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн Баянгол дүүрэгт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хуучин амбулаторийн барилгыг хувьчилсан нь уг обьект Нийслэлийн Өмч хувьчлах товчооны эрх мэдлийн хүрээнд нийслэлийн өмчийг захиран зарцуулсны зэрэгцээ түүний орчны тохижилт, орц гарцын асуудал, автомашины зогсоолын зориулалтаар эргэн тойрны газрыг бусдад эзэмшүүлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад олгогдож байгааг үгүйсгэх боломжгүй. 

Энэ үндэслэлээр Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Барилга хувьчлах тухай” 107 дугаар тогтоолоор “С” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг түрээсийн давуу эрхээр хувьчилж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 91 дүгээр захирамжаар “С” ХХК-д эмнэлгийн зориулалтаар 6205 м2 орчны газрыг эзэмшүүлж, Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн газрын албатай “С” ХХК нь 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан нь бусдын эзэмшил газартай давхцаагүй, уг газар нь Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарах тул иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах бүрэн эрх нь Нийслэлийн Засаг даргад байхаар хуульд тусгагдсан тул нэхэмжлэгч нарын “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн 3 дахь заалтаар тухайн газрыг өмчлөгч компаниудын эзэмшлийн газрын асуудлыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан “С” ХХК-д эмнэлгийн зориулалтаар 6205 м2 орчны газрыг эзэмшүүлсэн 2009 оны 91 дүгээр захирамжийг Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль тогтоомжид заасан эрхийн хүрээнд хүчингүй болгосныг дурьдах нь зүйтэй болно.  

3. “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/983 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Хэдийгээр дээр дурьдсан үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг тус тус баримтлан өөрийн эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2014 оны 24, 25, 26 дугаар, 2015 оны 06, 07, 08 дугаар тогтоолын дагуу “Б” ХХК-д 280 м2, “С” ХХК-д 5235 м2 газрыг тус тус эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар олгосон боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.З-д заасан тухайн газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа зэргийг тусгасан аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг Нийслэлийн өмч харилцааны газар захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу хүлээж аваагүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасны дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг аваагүй зэрэг хууль зөрчсөн нөхцөл байдлууд үүссэн, хариуцагч төрийн захиргааны байгууллагад зарим аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшүүлсэн хувийн хэрэг байхгүйгээс шүүхэд ирүүлээгүй, хүсэлт гаргаагүй байхад захиргааны байгууллагаас сайн дураар газар эзэмшүүлсэн зэрэг нь хэргийн оролцогчдын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4/4829 тоот, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8/2671 тоот албан бичгүүдээс харахад дээрх компаниудад газар эзэмших эрх олгох асуудал нь Газар баталгаажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, дүгнэлт гарсан нь эсэх нь ойлгомжгүй, газрын талбайн хэмжээ зөрүүтэй байгааг залруулах, холбогдох аж ахуйн нэгжүүдээс хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлтийг хүлээн авч, тэдний өмчилж буй орчны газрыг хэрхэн хуваах тал дээр саналыг сонсож, тэгш байдлын зарчмыг хангаж, Нийслэлийн Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

4. Гуравдагч этгээд “С” ХХК-ийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н, “Б” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” бие даасан шаардлагын тухайд: 

Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжаар “Б” ХХК-ийн газраас “Эрхт *******” ХХК-д 1533 м2, иргэн Г.Нт 200 м2 газрыг шилжүүлэх хүсэлтийг үндэслэн эзэмшүүлж, “Б” ХХК-д үлдэх 923 м2 газрыг эзэмшүүлсэн  байна.

Нэхэмжлэгчээс “...Баянгол дүүргийн Засаг даргаас 2015 онд А/561 дүгээр захирамжаар газар олгох улмаар “Б” ХХК-иас өөрийн эзэмшлийн газраа “Эрхт *******” ХХК болон иргэн Ггийн Нт нарт шилжүүлэх үед тухайн газартай холбоотой ямар нэгэн шүүхийн маргаан байгаагүй. Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/561 тоот захирамж нь хууль зөрчиж гараагүй байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд, улмаар энэхүү хууль ёсны захирамжийн дагуу эзэмшиж байсан газраасаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу бусдад шилжүүлснийг баталгаажуулсан Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/586 тоот захирамжийн “Эрхт Сэнтий” XXК, “Б” XXК болон иргэн Ггийн Нод холбогдох хэсгийг хүчингүй болгох эрх Нийслэлийн Засаг даргад байхгүй” гэж маргаж байгаа хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2009 онд “С” ХХК-нд эмнэлгийн зориулалтаар 6205 м.кв орчны газрыг эзэмшүүлсэн 91 дүгээр захирамж нь тухайн үед хүчин төгөлдөр хэвээр, түүнийг Засаг дарга захирамжаараа хүчингүй болгоогүй байсан байна. 

Нэгэнт Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжаар “Б” ХХК-д 2656 м2, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжаар “Ч******* *******” ХХК-д 485 м2 газрыг эзэмшүүлсэн захирамж нь бусдын хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрх ашгийг хөндсөн, уг захирамжийг гаргах эрхгүй этгээд гаргасан үндэслэлээр илт хууль бус болох нь тогтоогдож байх тул “Б” ХХК-ийн газраас хуваан шилжүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК-д 1533 м2, иргэн Г.Нт 200 м2, “Б” ХХК-д 923 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг илт бус бусад тооцох үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохыг заасан байна. Дээрх тохиолдолд “Б” ХХК-ийн эзэмшиж байсан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөнөөс хүчин төгөлдөр бус болж байгаа тул “Б” ХХК нь тухайн газрыг бусдад шилжүүлэх эрх зүйн чадамжгүй болжээ. 

Нийслэлийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/982 дугаар захирамжаар, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н, “Б” ХХК-д, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосон, мөн уг захирамж гарах үндэслэл болсон Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр “Б” ХХК-д анх 2656 м2 газрыг эзэмшүүлсэн захирамжийг дүүргийн Засаг даргын А/586 дугаар захирамжийн 3 дахь хэсгээр хүчингүй болгосон нь Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын хуульд заасан эрх хэмжээний хүрээнд үйлдэгдсэн хууль ёсны үйлдэл болжээ.

Ийнхүү дээрх захирамжуудад Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжаар хүчингүй болсон хэдий ч тухайн захирамжуудыг эхнээсээ гаргах эрхгүй субьект гарсан, уг захирамжуудын үйлчлэлээс гуравдагч этгээд болох “С” ХХК-ийн газар эзэмших эрх нь ноцтой зөрчсөн учир захиргааны актыг илт хууль бусад тооцуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н, “Б” ХХК-д, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бусад тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг захиргааны хэрэгт “Ч******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэгтгэгдэж ирсэн боловч нэхэмжлэгч “Ч******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 882 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 28 дугаар зүйлийн 28.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг тус тус баримтлан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсгийг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүх энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/983 дугаар захирамжийн “Б” ХХК, “С” ХХК-иудад холбогдох хэсэг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 21 дүгээр зүйлийн 21.2.3,  31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК, “Эрхт *******” ХХК-иудын “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/982 дугаар захирамж болон тэдгээрийг үндэслэн “С” ХХК-д олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамж болон түүнийг үндэслэн гаргасан “Эрхт *******” ХХК, “Б” ХХК-ийн газар эзэмших эрх, гэрчилгээнүүдийг тус тус сэргээж дахин гаргуулах, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд болох “С” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн “Б” ХХК-д, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/586 дугаар захирамжийн “Эрхт *******” ХХК, Г.Н, “Б” ХХК-д, 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/711 дүгээр захирамжийн “Ч******* *******” ХХК-д холбогдох хэсгүүдийг илт хууль бусад тооцсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас 70,200 төгрөгийг гаргаж, гуравдагч этгээд болох “С” ХХК-д олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА