Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2017/00394

 

“Өгөөмөр-9” СӨХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2016/05722 дугаар шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 269 дүгээр магадлалтай,

“Өгөөмөр-9” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

С.Энхтуяад холбогдох,

тамга, тэмдэг, гэрчилгээ гаргуулах, ажлын байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Энхтуяа, өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч С.Энхтуяа түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Өгөөмөр-9” СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбамаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би СОТ-2 байрны 23 тоотод амьдардаг. 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны СӨХ-дуудтай уулзсан. Уг хурал дээр СӨХ-ны дарга С.Энхтуяатай сууц өмчлөгч нар маргалдаж тэрээр хурлыг хаяж явсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг сууц өмчлөгчдийн 1/3 хувь нь зарлан хуралдуулж, захирлыг халах асуудлыг хэлэлцэж болно гэсэн тул бид хурлаа зарлаж, товоо тогтоож, орцуудад хурлын зар, хэлэлцэх асуудлын талаар бичиж наасан. 4 дүгээр хорооны Засаг даргаас хурлын байр хүссэн бөгөөд сууц өмчлөгч 60 орчим хүн ажилтай, шалтгаантай байсан тул СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн н.Уранбилэг бид хоёр 60 орчим хүний саналыг бичгээр авсан. Хурал зарласан тов дээр албан ёсны хурал биш гээд гараар бичиж будсан байсныг Хорооны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга надад өгч үзүүлсэн. 4 дүгээр сарын 18-ны өдөр хурлын цаг болсон. Хүмүүс цуварсаар 16 цаг гэхэд 96 хүн ирсэн. Хурлын тэргүүлэгчээр 3 хүнийг сонгоход би багтсан. Хуралд Хорооны Засаг дарга болон СӨХ-ны эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Баатаржав зэрэг хүмүүсийг урьж оролцуулсан. Иргэний танхимийн 4 дүгээр хорооны зохион байгуулагч н.Анхчимэг оролцож, хөндлөнгийн хүн тул хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Хурлаас удирдах зөвлөлийн гишүүдээ сольж, шинээр сонгосон. Гүйцэтгэх захирал С.Энхтуяаг огцруулж, н.Батдөлийг гүйцэтгэх захирлаар сольсон шийдвэр гарсан. Удирдах зөвлөлд Б.Бямбамаа, н.Отгон, н.Мөнхөө, н.Пүрэв-Очир, н.Ариунболд нарын 5 хүн  сонгогдсон. Удирдах зөвлөл хуралдаж, намайг даргаар сонгосон тул гүйцэтгэх захирал С.Энхтуяаг ажлаас чөлөөлж, ажлаа өгөхийг түүнд хэлсэн. С.Энхтуяа хуралд суугаагүй, хурлын тогтоолыг гэрт аваачиж өгөхөд нөхөр нь авч, та нар юу юм гээд тогтоолыг урж хаясан. н.Батдөлд бүх гишүүдийн хурлын баримтыг өгч, айлуудаар танилцуулахаар явуулахад С.Энхтуяагийн нөхөр түүнийг  зодож, бичиг баримтыг урж, улмаар  эрүүгийн ял шийтгэл хүлээсэн. Иймд “Өгөөмөр-9” СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, ажлын байр болох СОТ-1 байрны 1 давхрын 0 тоот өрөөг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: би 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Өгөөмөр-9 СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа тул Б.Бямбамаа нэхэмжлэл гаргах эрхгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Б.Бямбамаа сууц өмчлөгч биш, нөхөр С.Баатар нь 23 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан. Энэ хүн СӨХ-ны мөнгө 312.500 төгрөгийг төлөөгүй,  2013 оны 09 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр саруудын хөлсийг шүүхийн шийдвэрээр авсан. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралд 4 дүгээр хорооны зохион байгуулагч н.Анхчимэгийн бичсэн тэмдэглэлээс харахад 38 хүн ирсэн байсан, 96 хүн ирээгүй. Би хуралд суугаагүй, хуралд суугаарай гэж гарын үсэг авсан гэсэн. Иймд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. СӨХ-ны мөнгө төлдөггүй 10 гаруй хүн нийлж тогтоол гарган, хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Сая бүх гишүүдийн хурал хийж, 10 дугаар сарын 24-ний өдөр 2015 он ба 2016 оны хагас жилийн тайланг тавьсан. Удирдах зөвлөл хэвээрээ, намайг гүйцэтгэх захирлаар томилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2016/05722 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10.7-д заасныг баримтлан хариуцагч С.Энхтуяагаас “Өгөөмөр-9” СӨХ-ны тамга, тэмдэг, гэрчилгээг гаргуулж “Өгөөмөр-9” СӨХ-д олгож, СӨХ-ны ажлын байр болох СОТ-1 байрны 1 давхрын 0 тоот өрөөг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 269 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/05722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/05722 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 269 дугаар магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үзэж  гэж  дараах гомдлыг гаргаж байна.

ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан заалтыг хангаагүй, илтэд хууль зөрчсөн үйлдэл болсон. 2016 оны 10 сарын 24-ны СӨХ-ийн хуралд  155 гишүүн / оролцсон 81, бичгээр 74/ буюу 59,6 хувийн ирцтэй болсон хурлыг шүүх дүгнээгүй. Хөдөлмөрийн гэрээгээр ажлаа хийж байгаа гүйцэтгэх захирал намайг ажлаас чөлөөлөгдсөн гэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан үйлдэл боллоо. Иймд дээрхи шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/05722 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 269 дугаартай магадлалд дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэтэл 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяалалыг доор дурдсанаар тогтооно гэсний 2 дахь заалтаар Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны гэсэн нэрээр нэршиж, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шүүхүүдийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үед Баянгол гэсэн нэртэй шүүх байхгүй байхад тухайн үеийн шүүх харьяалал зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хууль бус. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг 2015 оны 11 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32015/3082 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 сарын 16 ний өдрийн нэхэмжлэлийг хариуцагч С. Энхтуяа нь гардаж хүлээн аваагүй, тамгатай нэхэмжлэл өгсөн байгаатай хариуцагч тал танилцаагүй байгаа, ИХШХШТ хуулийн 25 зүйлийн 25.1.1-д зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээр хангаагүй, тамгатай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн зарим нэгэн агуулга нь зөрчигдсөн гэж үзэж байна. “Өгөөмөр-9” СӨХ-тэй С.Энхтуяа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа бөгөөд С.Энхтуяаг хариуцагчаар татсан нь хуулийн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

“Өгөөмөр-9” СӨХ-ны бүх гишүүдийн 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит бус хурлаар удирдах зөвлөлийг шинээр сонгосон ба удирдах зөвлөлийн мөн өдрийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлыг шинээр томилон, С.Энхтуяаг холбооны гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, холбооны тамга, тэмдэг, гэрчилгээг 2015 оны 4 дүгээр сарын 22-ны дотор хүлээлгэн өгөхийг даалгасан шийдвэр хүчинтэй байна /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.9-т “гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай удирдах зөвлөлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зүйлсийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөх”-өөр заасан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Дээрх хурлаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон Норовбанзад даргатай удирдах зөвлөлийг татан буулгасан, нэр бүхий хүмүүс нь холбооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах эрхгүй байх тул “...2016 оны 10 сарын 24-ны өдрийн СӨХ-ны хурлыг шүүх дүгнээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 102/ШШ2016/05722 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 269 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.Энхтуяа, өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ