Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 269

 

Б.Л-ийн гомдолтой,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

Дэд бүтцийн хяналтын хэлтсийн

Барилгын техникийн хяналтын

улсын ахлах байцаагч Д.Д-д

холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ч.Тунгалаг

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0206 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.У, хариуцагч Д.Д нарыг оролцуулж,

            Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.У-ын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0206 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Д-гийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Б.Л-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Б.Л-ийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Д-ийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар 3.000.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг 300.000 төгрөг болгон хэмжээг багасгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүхээс зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай болон гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлгүй тухайд:     

         4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0206 дугаар шийдвэрээр “... гомдол гаргагч Б.Л нь шийтгэлийн хуудсаар иргэн Б.Л надад 3,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсныг 300,000 төгрөг болгон төлбөрийн хэмжээг багасгуулах гэж гомдлын шаардлагаа өөрчилснөөс үзэхэд “У г” ХХК дулаан хязгаарлах зөрчил гаргасныг гомдол гаргагч зөвшөөрсөн” гэж дүгнэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

         5. Гомдол гаргагч Б.Л нь анх 2011 оны 09 дүгээр сараас эхлэн “У г” ХХК-ийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 04 дүгээр сард ажлаа өгч, Д.Содцэцэг захирлын албан тушаалыг шилжүүлэн авсан.

         6. Б.Л нь 2002 оноос “Т-У” ХХК-ийг анх хувьцаат компани байх үеэс нь хамгийн их буюу 32 хувийн хувьцааг дангаар эзэмшиж байгаа бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааны улмаас дулаан хязгаарлах үйлдлийг хийсэн байдаг.

7. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Д-гийн шийтгэлийн хуудсаар холбогдогч нь “У г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Л гэж тодорхойлон шийтгэл ногдуулсан.

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “У г” ХХК-тай ямар ч хамааралгүй болсон иргэн Б.Л нь “Т-У” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тухайн зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохоос “У г” ХХК нь зөрчил гаргасан болохыг зөвшөөрөөгүй. Тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Л биш байхад зөрчил гаргасан гэдгээ “У г” ХХК зөвшөөрсөн мэтээр шүүх дүгнэсэн нь буруу юм.

9. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас төлбөр тогтоосон захиргааны актын хэмжээг багасгах шийдвэр гаргуулахыг хүсч гомдлоо гаргасан байхад анхан шатны шүүх нь гомдлын шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж (гомдол гаргаагүй “У г” ХХК нь тухайн зөрчлийг гаргасан байна гэж дүгнэн) шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байна.

         10. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалаар шийтгэлийн хуудаст “У г” ХХК-ийн захирал Б.Л гэж бичсэнийг иргэн Б.Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй, тэрээр энэхүү шийтгэлийн хуудастай маргах эрхгүй” гэж дүгнэж Б.Л-ийн гомдлоор үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үээж байна.

        11. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 17 дугаар зүйлийн 17.3-д “энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус зааснаар иргэн Б.Л нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

        12. Тодруулбал, маргаан бүхий шийтгэлийн хуудсанд “У г” ХХК-ийн захирал Б.Л гэж бичигдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж иргэн Б.Л-ийн дансыг битүүмжилж шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгэсэн. Түүнчлэн бодит байдал дээр “У г” ХХК бус, иргэн Б.Л нь тухайн зөрчлийг гаргасан бөгөөд иргэний гаргасан зөрчилд ямар ч хамааралгүй хуулийн этгээдийг буруутган 3,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй.

       13. Хариуцагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, Улсын ахлах байцаагч Д.Д нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар “эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 2-т “эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно” гэж тус тус зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “У г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал нь хэн болохыг тодруулж, холбогдогчийг тогтоон тэдгээрт мэдэгдэж, ажиллагаанд оролцуулж байж шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.

      14. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дараах ажиллагаануудыг огт хийгээгүй байсан. Тухайлбал, “У г” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болохыг тодруулаагүй, зөрчил үйлдсэн этгээд буюу холбогдогчийг олж тогтоогоогүй. (ЗШШтХ-н 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) Холбогдогчид эрх, үүрэг тайлбарлаагүй, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломж олгоогүй, хохирогчийн гомдолтой танилцуулаагүй, тайлбар, мэдүүлэг гаргах боломжоор хангаагүй, зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хүсэлт гаргах боломжоор хангаагүй. (ЗШШтХ-н 3.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.4, 2.6, 2.7 дахь хэсэг) Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд “У г” ХХК-ийн захирал Б.Л нь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн байх боловч “Шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж зөрүүтэй дүгнэсэн байдаг.

       15. Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 3.1 дүгээр зүйлийн 1-д “шийтгэлийн зорилго нь ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхэд ... оршино” гэж зааснаар зөрчил үйлдсэн нь тогтоогдвол шийтгэл хүлээх нь зайлшгүй боловч тухайн шийтгэлийг үйлдсэн холбогдогч нь хэн болохыг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тохирсон шийтгэлийг ногдуулах ёстой юм.

       16. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийи 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0206 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

17. Давж заалдах шаны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь зөв байна.

18. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0065786 дугаар шийтгэлийн хуудсаар “... хангагчийн зөвшөөрөлгүй дулаан хязгаарласан” гэх зөрчил тогтоон,  Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу “У г” ХХК-ийг  3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, уг шийтгэлийн хуудсанд “... “У г” ХХК-ийн захирал Б.Л” гэж бичсэн, нэхэмжлэгч Б.Л-ээс “... “У г” ХХК-ийн /эрх бүхий этгээд нь/ Б.Л мөн эсэхийг хариуцагч шалгах ёстой байсан, ... миний бие “У г” ХХК-ийн хувь нийлүүлэгчээс хасагдаж, захирлын ажлаа өгөөд удаж байхад хамааралгүй болсон компанийн үйл ажиллагаатай холбогдуулан Б.Л надад торгох шийтгэл ногдуулсан, ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр хэнийг тогтоосон нь тодорхойгүй” гэх зэргээр маргасан, харин “зөрчил гаргасан” буюу маргааны үйл баримтад холбогдох “...”У г” ХХК-иас “Тэнхлэг-Ус” ХХК-ийн халаалтыг хаасан” үйл баримттай маргаагүй байна.

19. Хариуцагч мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн маргаан бүхий 0065786 дугаар шийтгэлийн хуудас нь иргэн Б.Л-д чиглээгүй, “У г” ХХК-д хариуцлага оногдуулсан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ тохиолдолд, Б.Л уг захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан /бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзах/”-аар заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу юм.

20. Шүүх Б.Л-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэсэн хариуцлага нь иргэн Б.Л-д хамааралгүй болохыг тогтоосон байхад Б.Л-ийн  өмгөөлөгч Ч.У-аас хяналтын журмаар гомдол гаргаж, “... Б.Л надад 300,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах /ёстой/, ... Б.Л-ийн гомдлоор үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, ...  шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 310 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Б.Л-ийн өмгөөлөгч Ч.У-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Б.Л-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                                                                      

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА