| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2503000071120 |
| Дугаар | 2026/ДШМ/203 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/203
А.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
хохирогч Я.Г-,
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2876 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б-т холбогдох 2503000071120 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн А-гийн Б, 2003 онд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “...” тавилгын компанид туслах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Долоон буудлын уулзварын явган хүний гарцан дээр “Toyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө,” 3.4.а-т “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Я.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Б-ыг “тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жил Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
шүүгдэгч А.Б-аас нийт 14,313,776 төгрөгийг гаргуулж, хохирогч Я.Г-д 12,932,369 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1,381,380 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч А.Б-ын хувьд, гомдол мэдээлэл, мөрдөн шалгах ажиллагааны шат, анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Гэм буруугийн асуудлаар маргадаггүй.
Хохирогч Я.Г-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9,900,000 төгрөг, хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 1,381,380 төгрөг, нийт 12,936,396 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. А.Б- нь “...” ХХК-д туслах ажилтан хийдэг. Сарын үндсэн цалин 1,800,000 төгрөг юм. Хохирогчид учруулсан хохирлын үнийн дүн дээр маргахгүй, хүлээн зөвшөөрсөн. Харин цалин дээрээсээ сар бүр төлөөд явна гэдгээ илэрхийлж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульчилсан. Энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэхийг шүүхэд заавал үүрэг болгоогүй хэдий ч эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхээс шүүгдэгч А.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд ялын хугацааг багасгаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
Хэрэв ялын хэмжээг багасгах боломжгүй гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хүртэл хугацаатайгаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулна. ...” гэв.
Хохирогч Я.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлыг хэсэгчлэн төлүүлмээргүй байна. Бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад шүүгдэгч А.Б- надад нэг ч төгрөг хохиролд өгөөгүй. Өчигдөр л надад 2,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Цаашдаа хугацаанд нь хохирлоо барагдуулж чадах уу гэдэг дээр эргэлзэж байна. Би хүнээс мөнгө зээлээд эмчилгээ хийлгэсэн. Тэр мөнгө нэхэгдээд байна. Би өвчин намдаах эм ууж байж хоёр цаг унтдаг. Түүнээс хойш нойргүй хонодог. Янгинаж өвдөөд байдаг. Шүүгдэгч хохирол төлбөрөө барагдуулчих юм бол асуудал байхгүй. Заавал ял эдлүүлэх хүсэл алга. ...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж тогтоосон. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд хохирогчид учирсан хохирол огт төлөгдөөгүй байсан. Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаан эхлэхдээ 5 хоногийн завсарлага өгч хохирогчид хохирол төлөх боломжийг шүүгдэгчид олгосон. Гэвч тухайн 5 хоногийн хугацаанд хохирогчид хохирол төлбөрийг мөн төлөөгүй. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахын өмнө хохирогчид 2,250,000 төгрөг, мөн эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн үйл баримт харагдаж байна. Үүнээс харахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учирсан хохирол хор уршиг төлөгдөөгүй байдал зэрэгт үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Я.Г-гийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед автобуснаас буугаад гэртээ харихаар Долоон буудлын эцсийн явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд гарахаар ирж зогссон. Явган зорчигч нар зам хөндлөн гарахаар нь би дагаад явсан. Тухайн явган хүний гарцын гэрэл дохио ямар өнгөөр асаж байсныг анзаараагүй. Миний баруун талаас машин ирээд намайг мөргөж унагасан. Би тэр машиныг хаанаас хаашаа чиглэлтэй явж байсныг хараагүй. Мөргүүлснээс болж би ухаан алдаад сэрэхэд хөндлөнгийн хүмүүс “хүн мөргөчихлөө, эмнэлэг, цагдаа дуудаач ээ” гэж ярьж байсан. Удалгүй эмнэлэг ирээд миний биеийн байдлыг үзээд “гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй” гэж хэлээд явсан. Тэгээд цагдаа ирэхгүй болохоор нь намайг мөргөсөн жолоочтой хамт машинд нь суугаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” (хх 28),
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ийн: “...Би “Toyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 онд бэлэн мөнгөөр худалдаж авсан, миний өөрийн эзэмшлийн машин юм. Би хөдөө ажилладаг тул өөрийн хүү А.Б-ыг Улаанбаатар хотод унаж байгаарай гээд үлдээсэн. Би хүүгээсээ нэхэмжлэх зүйл байхгүй, шаардлагатай гэвэл хариуцагчаар оролцоход татгалзах зүйлгүй...” (хх 31, 39),
-иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.Г- нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 1,381,380 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” (хх 32-36),
-гэрч Ц.Ц-гийн: “...2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргээс буюу баруунаас зүүн чигт замын зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд зүүн эргэх үйлдэл хийхээр гэрлэн дохион дээр ирж зогссон. Миний урд талд 1 машин зогсож байсан. Зүүн эргэх гэрэл дохио асахын өмнө манай эсрэг урсгалын явган хүний гарцан дээр “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэл хүн мөргөсөн. Гадаа харанхуй замын ачаалал түгжрэл багатай байсан. Явган зорчигч нь настай хүн харагдаж байсан ба замын урдаас хойшоо чиглэлд явж байсан. Манай машиныг ирж зогсоход манай чигийн урсгалыг туулаад эсрэг чигийн урсгалын явган хүний гарцан дээр явж байгаад хоёрдугаар эгнээнд мөргүүлсэн. Нэгдүгээр эгнээнд нь машинууд зогсож байсан. Тухайн хүнийг мөргөх үед түс хийх чанга чимээ гарсан...” (хх 43) гэсэн мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 596 дугаар: “...Я.Г-гийн биед тогтоогдсон баруун сүүжний тогооны урд доод ирмэгийн зөрүү багатай сэлтэрсэн хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” (хх 46-47),
-мөн шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3671 дүгээр Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай: “...Я.Г-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байх ба гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” (хх 71-73) гэсэн дүгнэлтүүд,
-Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1141016320 дугаар: “...“Toyota Prius-30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд буфер зүүн доод хэсэгтээ гол хэсэгтээ хагарсан хуучин сэвтэй, улсын дугаарын гэрлийн ламп зүүн гар тал нь асахгүй, урд их гэрлийн гадна бүрхүүлүүд гандаж муудсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4,1 мм /стандарт 0-5 мм/ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5 кН, баруун талдаа 1,3 кН зөрүү нь 13.0% /стандарт 20.0%/, хойд тоормозны хүч зүүн талдаа 1.0кН, баруун талдаа 0.8 кН зөрүү нь 20.0% /стандарт 30%/ тоормоз стандартын шаардлага хангана. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 500са, хол дээрээ 3600cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 400сd, хол дээрээ 3200сd /стандарт 10000-225000сd/ байгаа нь гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй...” талаарх (хх 57-62),
-шинжээчийн “...Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө”, 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг тус тус зөрчсөн, харин явган зорчигч нь тус дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уг зам тээврийн осол нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь заалтыг зөрчсөнөөс үүссэн...” (хх 68-69) гэсэн дүгнэлтүүд,
-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-аас явуулсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Долоон буудлын эцсийн уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим болон тайлбар (хх 98),
-Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 20-25),
-жолооч А.Б-ын жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа (хх 131-136),
-дуудлагын лавлагааны хуудас (хх 19) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч А.Б- нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Долоон буудлын уулзварын явган хүний гарцан дээр “Toyota Prius” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө,” 3.4.а-т “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар гарч явсан явган зорчигч Я.Г-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.Б-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-ыг “тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй ба харин түүний өмгөөлөгчөөс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргажээ.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын шинж, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүргээ биелүүлээгүйн улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөр барагдуулаагүй болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцжээ.
Учир нь, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих нь хүний эрүүл мэндэд хохирол учруулаад зогсохгүй, бусдын амь насыг хохироох хүртэл хэмжээний аюул, дахин сэргээгдэхгүй хор уршгийг бий болгодог.
Тиймээс жолооч бүр хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, Замын хөдөлгөөний дүрмээр үүрэг болгосон заалтуудыг биелүүлснээр бусдын эрүүл, аюулгүй байх, амьд явах эрхийг хангах баталгаа болно.
Түүнчлэн, хохирогч Я.Г- нь явган хүний зохицуулдаг гарцаар зөвшөөрөгдсөн гэрлэн дохио ассан үед гарч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон төдийгүй, хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.
Явган зорчигч зам хөндлөн гарах ганц боломж нь явган хүний гарц байдаг тул тэдгээрт олгогдож буй энэ эрхийг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч зөрчихгүй байж, зам тавьж өгөх нь жолоочийн нэн чухал үүрэг болохыг анхаарах шаардлагатай.
Хэдийгээр шүүгдэгч А.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалан хохирогчид сүүжний тогооны хугарал буюу амь насанд аюултай хүнд гэмтэл учирснаас тэрээр бие махбодын хувьд өвдөлт, зовуурь, сэтгэл санааны шаналал мэдэрсэн байдал, тухайн гэмтлийн хор уршиг гүйцэд арилаагүй, хохирогчийн биеийн байдал гэмт хэрэг гарахаас өмнөх байдалдаа орж, хэвийн болоогүй байгаагаас гадна шүүхийн шийдвэрээр хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр тооцон, шүүгдэгч А.Б-аас 9,900,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь дээрх хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцсэн байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч А.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд, анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний зардалд 1,381,380 төгрөг, хохирогч Я.Г-гийн баримтаар нэхэмжилсэн хохиролд 12,932,369 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, эдгээр төлбөрүүдийг нэмэхдээ тооцооллын шинжтэй алдаа гаргажээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч А.Б-аас гаргуулах нийт хохирлын хэмжээг 14,313,776 төгрөг гэснийг 14,313,749 төгрөг гэж зөвтгөсөн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/2876 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН