| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2410044750320 |
| Дугаар | 2026/ДШМ/204 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/204
Т.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Л.Б-,
иргэний нэхэмжлэгч Д.О-, тэдгээрийн өмгөөлөгч Я.Энхжаргал,
шүүгдэгч Т.Э-гийн өмгөөлөгч Г.Эсэн, Б.Отгонтөгс,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2517 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн, Б.Отгонтөгс нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Э-д холбогдох 2410044750320 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Т-ын Э, 2006 онд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик мэргэжилтэй, ам бүл 5, эмээ, ээж, ах, дүү нарын хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягтай боловч одоо эмэг эхийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);
Шүүгдэгч Т.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Nissan Skyline” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д “Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Toyota Prado” загварын ..., “Volkswagen Touareg” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, улмаар жолооч Л.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Т.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Э-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
шүүгдэгч Т.Э-, иргэний хариуцагч Ц.Б- нараас эмчилгээний зардалд 8,421,154 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 27,722,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт нийт 46,703,154 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Л.Б-т, 2,450,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.О-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г шүүгдэгч болон иргэний хариуцагч нар хэн аль нь хэрхэн төлж барагдуулах тухай шийдвэрлэлгүй шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж буюу гэм буруугийн шүүх хуралдаан дууссаны дараа эрүүгийн хариуцлага оногдуулах хурлаар иргэний хариуцагчийн талаар дурдаж, улмаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний хариуцагчаас зохих төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн, нөлөөлж болох ноцтой зөрүүтэй баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр тухайн зүйл ангид заасан эрх хасах болон зорчих эрх хязгаарлах ялын дээд хэмжээ тус тус оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглосон байдаг бөгөөд яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд “Шийтгэх тогтоол” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэх шаардлагыг дүгнэсэн, эсхүл үгүйсгэсэн үндэслэл хийгээгүй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан “шаардлага”-уудыг хангаагүй.
Иймээс дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй буюу анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.1 дүгээр зүйлийн 5, 39.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд, эргэлзээгүйгээр тогтоолгуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хүний халдашгүй байх эрхийг хангах, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх зарчмуудыг хангуулж, шударга ёсны зарчим болох хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулах зорилгоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах гомдол гаргав. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
Анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дараах заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэрэг нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгмийн аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж тус тус заасан.
Т.Э-гийн хувьд, гэм буруу дээр мөрдөн шалгах шатнаас эхлэн маргаагүй. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлыг өөрийн боломж, нөхцөлд тохируулан хөдөлмөрлөж 23,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэхгүйгээр дутуу үнэлэлт өгч, хууль зүйн үндэслэлээ буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хүндрүүлэн шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг ба Т.Э-гийн хувьд, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 10 сартай буюу насанд хүрээгүй байсан. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” зохицуулалтыг хэрэглэхгүй, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, шүүгдэгч Т.Э-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн хувийн байдал зэргийг үл харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, 3 жил зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Шүүгдэгч Т.Э- нь эмээтэйгээ хамт амьдардаг бөгөөд эцэг эх нь тус тусдаа амьдралтай, түүний хувьд өндөр настай эмээгээ асран тэтгэж, ажил хөдөлмөр эрхлэн, цаашид мэдлэг боловсрол эзэмших зорилготой учир гэмт хэрэгт холбогдсоноо ухамсарлан ойлгож, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж байсан, хувийн байдлын тухайд, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй атал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.3, 8.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх үндэслэл, боломжийг харгалзаагүйд гомдолтой байна.
Иймд шүүгдэгч Т.Э-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг хэрэглэж, оногдуулсан хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй гэж тайлбарлан, өөрсдийгөө зөвтгөж, өөрөөр хэлбэл, шүүгдэгч залуу хүүхэд, мөн хөдөлмөр эрхлэх нөхцөлгүй болж байна зэргээр тайлбарлаж байна. Гэтэл би эрүүл мэндээрээ хохирч хөдөлмөр эрхлэх чадвараа тодорхой хэмжээнд алдсан байхад үүнийг яагаад анхаарч үзэхгүй байгаа юм бэ. Өмнө нь өгсөн 23,000,000 төгрөгийн төлбөрийг яг өөрөө өгсөн эсэх нь эргэлзээтэй. Ах нь гэх тээврийн хэрэгслийн эзэн өгсөн эсэхийг би мэдэхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг би удаа дараа бичгээр гаргасан. Гэвч тухайн этгээд ирээгүй ба өнөөдрийг хүртэл би царайг нь хараагүй. Би тухайн этгээдийг мөн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Л.Б-тай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Т.Э- тухайн үед насанд хүрээгүй гэх нөхцөл байгаа хэдий ч манай гэр бүлийн 5 гишүүн энэ гэмт хэргийн улмаас хөнгөн болон хүнд гэмтсэн. Гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг одоо хүртэл хэвээрээ байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн ар гэрийн байдлаар тайлбарлаж байна. Гэвч үүнээс илүү хэцүү ар гэрийн нөхцөл бидэнд учирсан. Олон хүүхэдтэй учраас миний хувьд ажил хийх боломжгүй байдаг. Миний нөхөр ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг байсан. Энэ гэмт хэргийн улмаас хүнд гэмтсэн учраас ар гэр, амьдралаа авч явахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Тийм учраас би одоог хүртэл гомдолтой байгаа. ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Я.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцээгүй боловч тогтоох хэсэг уншихдаа иргэний хариуцагчаас хохирол гаргуулж шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Гэвч тийм зүйл болоогүй. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө буюу эцсийн шийдвэр гараагүй байхад шүүх хуралдаан завсарлаж орж ирээд иргэний хариуцагчаас хохирол гаргуулах асуудал яригдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр 315,000 төгрөгийг хохирогчид, 1,125,000 төгрөгийг иргэний хариуцагчид олгохоор шийдвэрлэгдсэн төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны өмнө “315,000 төгрөгийг чинь шилжүүлье” гээд миний үйлчлүүлэгч Л.Б-аас дансны дугаарыг нь асуусан. Миний үйлчлүүлэгч “ямар учиртай юм бэ” гэж хэлээд өгөхгүй байх шиг байна. Гэм буруу дээрээ маргаагүй гэж амаараа илэрхийлснээр маргаагүй болохгүй. Зам тээврийн гэмт хэрэг санамсаргүй байдлаар үйлдэгддэг гэдэг боловч шүүгдэгч Т.Э-гийн үйлдэл санаатай шүү дээ. Өөрийгөө жолооны үнэмлэхгүй, насанд хүрээгүй гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодсон. Хэрэг гараад 1 жил 4 сарын хугацаа өнгөрсөн. Гэтэл миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгсэл одоог хүртэл засагдаагүй. Мөн эрүүл мэндийн хувьд бүрэн эдгээгүй. Шүүгдэгчийн талаас хэргийг санаатайгаар удаашруулах үйлдэл гаргасаар ирсэн. Тухайлбал, шүүгдэгч Т.Э- Б.Отгонтөгс өмгөөлөгчөөсөө татгалзаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа Б.Отгонтөгс өмгөөлөгчтэйгөө оролцоод явж байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хариуцагчаас хохирол төлбөр гаргах асуудлыг процесс зөрчиж шийдвэрлэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл болон 497 дугаар зүйлд шүүхийн эрх хэмжээнд хэсэгчлэн гаргуулж болно гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар тогтоогоод мэдүүлэг авсан. Шүүх хуралдаанд оролцоогүй хэдий ч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хувь тэнцүүлэх үү, эсхүл 100 хувь шүүгдэгчээс хохирол төлбөрийг гаргуулах уу гэдгийг шийдвэрлэсэн. Энэ талаараа шийтгэх тогтоол уншихдаа тайлбарлаж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-хохирогч Л.Б-ын: “...2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад Зайсан руу уулын замаар явж байтал урсгал сөрөөд нэг машин өндөр хурдтай ороод ирсэн. Урд явж байсан “Toyota Prado” загварын машин тормос гишгэсэн шиг болсон. Би дагаад тормос гишгэсэн боловч юу юугүй л ороод ирсэн. Тэгээд хамт явж байсан хүмүүсээ буулгаад эмнэлэг рүү явуулсан...” (1хх 21-22),
-хохирогч Л.О-ын: “...Тухайн өдөр 13 цагийн үед Яармагаас гэр рүүгээ явж байсан. Би уулын замаар баруунаас зүүн тийш явж байхад гэнэт урдаас нэг машин урсгал сөрөн орж ирээд намайг мөргөж, би хөндлөн болоод хашлага тулаад зогссон...” (1хх 26-27),
-насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн: “...Б.А-, Б.М- хамт сууж байсан. Миний нүд хөхөрсөн талаар ангийн багш Б.А- хараад “юу болсон бэ, цохисон юм уу, яагаад ингэсэн юм” гээд асуухаар нь “уулын замд явж байгаад зам тээврийн осолд орсон” гэсэн...” (1хх 135),
-гэрч Б.М-ийн: “...Тухайн ослын үед би ард сууж байсан. Утсаар оролдоод явж байсан чинь ээж “хүүе” гэхэд нь урагшаа харсан чинь нэг машин өөдөөс ороод ирсэн. Би нүдээ аньсан чинь машин доргисон. Нүдээ нээгээд харахад машин утаа болчихсон, энэ тэнд бужигнаад байсан. Машин шатаж байна гээд буусан...” (1хх 140),
-гэрч Г.Б-ийн: “...Урд орой нь “машин өгөөч” гэхээр нь “үнэмлэхгүй байж яах гээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд “өгчхөөч, би гялс ажил амжуулаад ирье ах” гэхэд нь “ямар нэг юм бол чи өөрөө хариуцлага хүлээж чадах юм уу, дэмий байдаг юм даа” гэсэн. Тухайн шөнө ажиллаад үүрээр унтаж амарсан. Нойрон дунд “ах, түлхүүр чинь хаана байгаа вэ” гэхээр нь “ширээн дээр байгаа” гэж хэлээд буцаад унтсан...” (1хх 149),
-иргэний нэхэмжлэгч Д.О-ийн: “...Тэр өдөр гэр бүлийн зураг авахуулах гээд Яармагаас Зайсан чиглэлтэй явж байсан. Машинд би, нөхөр, Б.М- /18 настай/, Б.Т- /9 настай/, Б.А- /2 настай/ гэсэн 3 хүүхдийн хамт байсан. Хүүхдүүд машины арын суудалд сууж явсан ба хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. Гэнэт нэг машин давхиад ороод ирсэн. “Хүүе, энэ машин уул руу яагаад ингэж дарж байгаа юм бол” гээд хэлэхийн завдалгүй урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэгээд мөргөх үед айгаад нүдээ аниад нэг сэрсэн чинь “машин чинь шатаад байна, буугаач” гээд хүмүүс орилсон. Машин бөөн униар утаа болсон байсан. Бидний урд явж байсан машин эсрэг тал руу хараад зогссон байсан...” (1хх 126-127),
-иргэний хариуцагч Ц.Б-гийн: “...“Nissan Skyline” загварын тээврийн хэрэгсэлд ямар эвдрэл, гэмтэл учирсныг хараагүй, мэдэхгүй байна...” (1хх 113) гэсэн мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3069 дүгээр: “...Б.М-ийн биед тогтоогдсон тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (1хх 173-174),
-мөн шинжээчдийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3070, 3071, 3072 дугаар: “...Д.О-, Б.Т-, Б.А- нарын биед тогтоогдсон тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (1хх 152-153, 159-160, 166-167),
-Л.Б-ын биед тогтоогдсон сээрний 12, бүсэлхий 1 дүгээр нугалмын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13938 дугаар (1хх 39-40) дүгнэлтүүд,
-мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 365 дугаар: “...жолооч Л.Б-, Л.О- нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй, жолооч Т.Э- нь тус дүрмийн 3.7.б, 11.3, 1.3 дахь заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа (1хх 204-205),
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 662 дугаар: “Volkswagen Touareg” загварын тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 25,305,000 төгрөг гарсан” талаарх үнэлгээ болон бусад зардлын баримт (1хх 184-193),
-зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (1хх 5-11),
-дуудлагын лавлагааны хуудас (1хх 4) зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Т.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Nissan Skyline” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас “Toyota Prado” загварын ..., “Volkswagen Touareg” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж, улмаар жолооч Л.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Харин Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” хэмээн жолоо шилжүүлсэн этгээдийн талаар зохицуулсан.
Гэтэл шүүгдэгч Т.Э- нь бусдад жолоо шилжүүлсэн этгээд биш байхад прокуророос түүнийг тус дүрмийн заалтыг зөрчсөн гэж яллаж, анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар гэм буруутайд тооцсон нь Замын хөдөлгөөний дүрмээр жолоочид хориглосон заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Хүүхдийн эрхийн тухай конвенцид зааснаар 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэх бөгөөд 18 насанд хүрснээр түүний хувьд тодорхой эрх, үүрэг тогтож, бие даан эрх зүйн харилцаанд бүрэн оролцох боломжтой “насанд хүрсэн хүн” хэмээх эрх зүйн бүрэн чадамжтай болдог.
Монгол Улсын хувьд, 18 насанд хүрсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нээгддэг. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо бусад хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөө бүрэн бүтэн эзэмшиж, ашиглах, цаашлаад амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал зэрэг жам ёсны болон түүнийг дагалдаж үүсэх бусад эрхийн асуудал шууд хөндөгдөж байдагтай холбоотой юм.
Тиймээс нас, бие, сэтгэхүй, ёс суртахууны хувьд бүрэн төлөвшиж, аливаа эрх зүйн харилцаанд эрх, үүргээ мэдэж оролцохын үр дагаврыг ухамсарлах боломжтой болсон буюу насанд хүрсний дараа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт бүрийг жолоодлогын дадлагаар хэрэгжүүлдэг жолооч бэлтгэх сургалтад хамрагдах эрх үүснэ.
Улмаар жолооны шалгалтад оролцон тэнцэж, жолоодох эрхийн үнэмлэх авсны эцэст тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрх, боломж хуулийн хүрээнд нээгддэг болно.
Гэтэл дээрх журмын дагуу жолоодох эрх үүсээгүй гэдгээ мэдэж байж санаатайгаар жолоо барих нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаад зогсохгүй, бусдын амь насыг хохироох хүртэл хэмжээний аюул, дахин сэргээгдэхгүй хор уршгийг бий болгодог.
Шүүгдэгч Т.Э-гийн хувьд, өөрийгөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, машин жолоодох талаар албан ёсны мэдлэг эзэмшээгүй гэдгийг мэдсээр байж жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсоноор 2 тээврийн хэрэгслийг мөргөж, нэгэнд нь эд хөрөнгийн хохирол, харин нөгөө машинд зорчиж явсан гэр бүлийн 5 гишүүнд буюу 3 хүүхэд, тэдгээрийн эхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эцэг Л.Б-ын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг тул зөвхөн хохирогч Л.Б-ын биед учирсан гэмтлээр түүнийг гэм буруутайд тооцсон. Гэвч гэмт хэргийн шинжгүй боловч шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж Д.О-, Б.М-, Б.Т-, Б.А- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэдгээр нь тодорхой хэмжээнд өвчин, зовуурь, сэтгэл санааны шаналал мэдэрсэн тул Т.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын түвшин, хохирол, хор уршгийн хэр хэмжээ их байна.
Иймд анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиг зэрэгт дүгнэлт хийсний эцэст шүүгдэгч Т.Э-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялыг тухайн зүйл, хэсэгт заасан дээд хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэм буруу, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан.
Тиймээс хэдийгээр шүүгдэгч Т.Э- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй боловч ийнхүү түүнд уг нэмэгдэл ялыг оногдуулснаар ял шийтгүүлснээс хойших цаг хугацаанд жолоодох эрх олж авч, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох боломж, нөхцөл хязгаарлагдах юм.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Т.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж эдлүүлэх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруутай этгээд гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тохиолдолд түүний эрхийг хангах, хамгаалах талаар олон улсын хэмжээнд дараах байдлаар зохицуулсан.
Хүүхдийн эрхийн тухай конвенцын 37 дугаар зүйлийн:
а/ ...18 насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах буюу суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оногдуулахгүй байх;
b/ …хүүхдийг баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх” гэж тус тус заасан.
Тус конвенцид нэгдэн орсон Монгол Улсын хувьд, гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд тусгай үндэслэл, журмыг удирдлага болгон хариуцлага хүлээлгэхийг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан болно.
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон, эрх олгосон гэж ангилдаг. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана.
Энэ хэргийн хувьд, шүүгдэгч Т.Э- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 17 нас 10 сар 7 хоногтой байсан нь иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх 19)-аар тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд тусгайлан заасан зохицуулалт болох Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт заасан өсвөр насны шүүгдэгчид заавал хэрэглэх хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байна.
Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх ёстой тул гэмт этгээд 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж, 18 насанд хүрсний дараа шүүхээр шийтгүүлж буй тохиолдолд ч дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хойшид анхаарвал зохино.
Иймд шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 3 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2 дахин багасгаж эдлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулан, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгсийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Nissan Skyline” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Б- болон тухайн үед уг тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан Г.Б- нарыг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, тайлбар мэдүүлэг авчээ.
Гэтэл анхан шатны шүүх холбогдох аль хуулийн заалтаар, ямар үндэслэлээр хохирол төлбөрийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн талаараа огт дүгнэлт хийгээгүйгээс гадна шууд иргэний хариуцагч Ц.Б-г хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэж заасан.
Дээрх жолоочид хориглосон үүргийг зөрчсөн этгээд нь Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу бусдад учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээдэд өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй ба тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилсон буюу түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зохицуулжээ.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Б- нь Т.Э-д тухайн тээврийн хэрэгслийг ашиглах боломж, нөхцөлийг олгоогүй, томилоогүй, түүний ашиглалтад шилжүүлж өгөөгүй байх ба харин “Nissan Skyline” загварын тээврийн хэрэгслийг тухайн цаг хугацаанд эзэмшиж байсан Г.Б- нь машины түлхүүрийг Т.Э-д өгч, түүнийг жолоодох боломж олгосон нөхцөл байдал Ц.Б-, Г.Б- нарын мэдүүлгээр нотлогдсон болно.
Тиймээс иргэний хариуцагч Ц.Б- нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар хохирлыг хариуцах үндэслэлгүй, харин Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д заасан үүргийг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Т.Э-д автомашиныг ашиглах боломж олгосон иргэний хариуцагч Г.Б-эс бусдад учирсан гэм хорыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгсийн гаргасан гомдлын “Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон өмгөөлөгч Г.Эсэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/2517 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
-2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,
-5, 6 дахь заалтад “...иргэний хариуцагч Ц.Б-гээс...” гэснийг “...иргэний хариуцагч Г.Б-эс...” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эсэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН