Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01016

 

 

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01016

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00806 дугаар шийдвэртэй,

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

А-, Б- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 83,133,601 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хэнмэдэх, хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А-, Б- нар нь *** ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчсөн, уг зөрчлөө арилгаагүй.

1.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээгээр А-гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны ***од байршилтай, 108 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 400 м.кв талбай бүхий газар, Х-гийн өмчлөлийн, тус хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан.

1.3. Иймд хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 83,133,601 төгрөгийг гаргуулж, хариуцагч үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, 65,000,000 төгрөгийг жилийн 22.80 хувийн хүүтэй зээлж авсан.

2.1. А- нь их хэмжээний төлбөрийн дарамтад орсны улмаас 2020 оны 10 дугаар сараас хэвтэн эмчлүүлэх шаардлага үүссэн, мөн Ковид-19 цар тахлын улмаас зээл авах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, зээл төлөх боломжгүй болсон. Гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагч нараас шалтгаалаагүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

2.2. Нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрээгээ цуцласан болохыг мэдэгдсэн. Иймд тухайн өдрөөр гэрээ цуцлагдсан, үүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

2.3. Цар тахалтай холбоотой гарсан хуулийн зохицуулалт, нөхцөлөөр хангаагүй буюу зээл төлөх хугацааг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг олгоогүй. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах боломжтой.

2.4. Барьцааны зүйл нь хэд хэдэн өмчлөгчтэй бөгөөд эдгээр өмчлөгч нарт холбогдуулж шаардлага гаргаагүй. Тиймээс барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага биелэгдэх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-, Б- нараас 67,942,175.84 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15,191,425.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох А-гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны ***од байршилтай 108 м.кв талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-2205028603 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Х-гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны ***од байршилтай 50 м.кв талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-2205045506 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, А-гийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж ***од байршилтай, нэгж талбарын 18639311261980 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205002301 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 643,818 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А-, Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 567,861 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнээгүй байх тул шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж зохицуулсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/Ш32022/02059 захирамжаар Х-г бие даасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч Х-г гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 46 дугаар зүйлийн 46.7, 46.12-т тус тус зааснаар эрхээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө хэдийд ч, гэхдээ баръцааны зүйлийг дуудлага худалдаагаар, эсхүл шууд худалдахаар товлосон өдрөөс өмнө барьцаалагчийн шаардлагыг хангах замаар барьцааны зүйлийг худалдах ажиллагааг зогсоох эрхтэй тул Х- нь барьцааны зүйлийг худалдах ажиллагааг зогсоох эрхтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээд Х- нь 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гадаад улс руу яваад буцаж ирээгүй. Монгол Улсад байхгүй хүнд шаардлага хүргүүлэх боломжгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 он 01 дүгээр сарын 31-ний өдрийн гуравдагч этгээдээр Х-г оролцуулахаар захирамж гаргасан. Энэ үед Монгол улсын хилээр гарсан талаарх баримт байгаагүй. Харин 2020 оны 3 дугаар сард болсон шүүх хуралдаанд Монгол улсын хилээр гарч яваад орж ирээгүй гэдгийг нотолсон. Ийм учраас гуравдагч этгээдэд шаардлага хүргүүлэх, хүсэлт гаргахийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Анхан шатны шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч талын гомдолд Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 болон мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.7, 46.12 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэхээс өмнө зогсоох хэрэгтэй учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хүчингүй болгох хүсэлт гаргасан энэ нь өөрөө барьцааны хөрөнгийн гүйцэтгэлийг дуудлага худалдаанд оруулах, уг дуудлага худалдаанд хариуцагч оролцоогүй бол үнийн дүнг 40 хувиар бууруулж худалдан, борлуулна гэсэн заалт байгаа. Иймд шүүх үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг хангуулахаар шийдвэр гаргасан байхад үүнийг худалдан борлуулахтай холбоотойгоор гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч А-, Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,133,601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар нь 65,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1,90 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *** ХХК нь А-, Б-, Х- нартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Сувдаагийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны ***од байршилтай 108 м.кв талбай бүхий хувийн сууц, тус хаягт байрлах 400 м.кв талбай бүхий газар, Х-гийн өмчлөлийн тус хаягт байрлах 50 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан байна. .

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШЗ2022/02059 дугаар захирамж гарчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр нь Х-гийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж дүгнэж, түүнийг гуравдагч этгээдээр оролцуулахаар болсон байна.

 

5. Дээрх захирамжийг гаргахаас өмнө буюу 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Х- нь Монгол Улсын хилээр гарсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр тогтоогдсон байна.

 

6. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ барьцааны гэрээний нэг тал болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Түүнээс гадна Х-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь А-гийн өмчлөлийн газарт байрлалтай байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х-г оролцуулаагүй, түүний эрхийг зөрчсөн байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул талуудын хоорондын гэрээний хүчин төгөлдөр байдал, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/00806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Э.ЗОЛЗАЯА