Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                            

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Н.Мөнхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

Хохирогч Т.Д

Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Н-т холбогдох 1816001500076 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: А. Н

Шүүгдэгч А.Н-н 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ******** баарны гадна байсан иргэн Т.Д-н Даюун маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би тэр үедээ согтуу байсан.Тэгээд хүний мотоцикль аваад явсан байсан. Гэртээ очоод ахаараа  яриулж цагдаад мэдэгдсэн. Энэ үйлдэлдээ гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Т.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 07 сарын 02  шөнө 02 цагт нагац ахындаа ирээд хонох гэсэн чинь хаалга нь түгжээтэй байхаар нь ********* орж хоноод өглөө сэрсэн чинь мотоцикль алга болсон байсан... Мотоциклио авчихвал өөр зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ ,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.А-н “...2018 оны 07 дугаар сарын 04-ний өглөө хөдөөнөөс ирэхэд А.Н-н гэрийн гадаа нэг шинэ хятад мотоцикль байхаар нь би очоод мотоциклийн хажууд зогсож байтал А.Н хүрээд ирэхээр нь энэ одоо хэний мотоцикль юм гэхэд А.Н мэдэхгүй өчигдөр би энэ мотоциклийн согтуугаар унаад хүрээд ирсэн байна. Эзнийг нь мэдэхгүй гэхээр нь би цагдаагийн 102 утсаар мэдэгдээд удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ21/,

Гэрч Д.Х-н “... 2018 оны 07 дугаар сарын 04-ний өглөө би гэрээсээ 09 цагийн орчим гараад “*****” төв дээр очоод тэнд архи ууж байсан 2 хүнтэй тааралдаад тэнд нэг том шилтэй 750 грамтай архи уугаад сууж байгаад “********” төвөөс доошоо уруудаад ********* баарны хажуугаар гарах үед Н нэг улаан өнгийн мотоцикль уначихсан зам руу орох гээд зогсож  байхаар нь би очоод юу байна гэхэд Н суучих гэхээр нь би суугаад ****** багт нэг айлын хашаанд очоод мотоциклио тавиад бид хоёр зах орох гээд явж байтал Н алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ25/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /ХХ6/, Есөнбулаг сумын Үнэлгээний комиссын 2018 оны 07 удгаар сарын 06-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ29/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Н нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах ********** баарны гадна байсан иргэн Т.Д-н Даюун маркын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх сэтгэц гэм судлалын “... 1. А.Н нь F10  хүрээ ба архины хамааралт өвчтэй байна. Өвчтөнтэй ярилцаж байхад тухайн үед болсон хэрэг үйлдлээ тодорхой ярьж байна.

2. А.Н нь архины хамааралт ба архинд донтох өвчний үед өөрийнхөө хийсэн үйлдлийг мэдэхгүй байх тохиолдол байж болно.

3. А.Н нь архины хамааралт өвчинтэй боловч хэрэг хариуцах чадвартай...” гэсэн магадлагаа /ХХ33-34/,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн шинжээч эмч Б.Б-н“...  Н нь F10 өвчтэй, хэрэг хариуцах чадвартай хүн...” гэсэн мэдүүлэг /ХХ71,

шинжээч эмч Б.О-н “... Энэ онош өвчний олон улсын ангиллаар архинд донтох буюу архины хамааралтай эмгэг өвчин юм... А.Н нь хэрэг хариуцах чадвартай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч А.Наранбаатар нь хэдийгээр F10 хүрээний архины хараат байдлын сэтгэцийн эмгэгтэй боловч өөрийн үйлдлийн бодит шинж чанарыг ухамсарлах, удирдан жолоодох оюун ухааны бололцоотой буюу хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Иймээс шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч А.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “0000”  арлын дугаартай,  0000 моторын дугаартай Даюун маркын улаан өнгийн мотоциклийг хохирогч Т.Д-д буцаан олгож, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч А.Н нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт ирээгүй зэргийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч А.Н-т сануулсугай.

4. Шүүгдэгч А.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт хэрэгт ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “0000”  арлын дугаартай,  “00000” моторын дугаартай “Даюун” маркын улаан өнгийн мотоциклийг хохирогч Т.Д-нд буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА