Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/200

 

2026             02             12                                                                        2026/ДШМ/200

 

Э.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

хохирогч Д.А-, Д.М-,

хохирогч З.Ц-ын өмгөөлөгч Л.Соёмбо,

шүүгдэгч Э.Д-н өмгөөлөгч Ж.Жаргалбаяр,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2735 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Д-д холбогдох эрүүгийн 2309000311210 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О- овгийн Э-ын Д-, ....., /РД:Э-/;

Э.Д- нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хугацаанд хохирогч З.Ц-ыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нэгдүгээр эмнэлэгт байхад нь “хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э-, А-, Д- дугаарын данснуудаар дамжуулан 8 удаагийн гүйлгээгээр 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Д.М-ийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Ц- тауер” ажил дээрээ байхад нь “хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг өсгөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Ц- дугаарын дансаар дамжуулан 1 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Д.А-ыг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах ажил дээрээ байхад нь “хөрөнгө оруулалт хийж ашиг олох боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Д- дугаарын дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр 8.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 68.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 65.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч 3.Ц-д 37.000.000 төгрөг, хохирогч Д.А-д 8.000.000 төгрөг, хохирогч Д.М-т 20.000.000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Д- болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Жаргалбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгч Э.Д- нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хурал дээр өөрт холбогдох хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2408019882598 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг гардуулж өгсөн байна. Шүүх дүгнэлт өгөхдөө “хэдийгээр шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд шалгагдаж буй хэрэг байгаа гэх боловч өнөөдрийг хүртэл түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагчдын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм бурууг хүлээн нотлох үүрэг хүлээгээгүй ч үйлдсэн гэмт хэргээ хүлээж илчлэн нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх эсэх нь гагцхүү яллагдагчийн хүсэл зоригоос хамаарах хууль зүйн боломж юм” гэсэн. Шүүгдэгч Э.Д- нь хууль зүйн мэдлэггүйн улмаас тухайн үед өмгөөлөгчгүй оролцсон мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлт гардаж авсан ч тухайн үедээ өгөөгүй. Иймд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг бүрэн харгалзан үзээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Улсын дээд шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тайлбараар “шүүгдэгч хэдийгээр хуульд заасан гэм буруугаа хүлээгээгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтээр дүгнүүлж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх зэрэг хууль зүйн боломжтой бол хамтад нь шийдвэрлэнэ” гэж тайлбарласан. Тиймээс шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргүүдийг нэмж нэгтгүүлэн хамтад нь шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан” гэв.

Хохирогч З.Ц-ын өмгөөлөгч Л.Соёмбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны явцад Э.Д- нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар ярьж байсан боловч бичгийн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Тус шүүх хурал нь өмнө хоёр удаа хойшлогдсон. Эхний удаа шүүгдэгч өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, 14 хоногийн хугацаа авсан. Гэвч дараагийн хуралдаанд мөн өмгөөлөгчгүйгээр ирсэн. Шүүгдэгч урьд нэг удаа ял шийтгүүлж байсан тул хуулийн мэдлэггүй гэж үзэх боломжгүй. Анхан шатны хуралдаанаар шүүгдэгчид хохирол төлөх 5 хоногийн хугацаа олгосон боловч уг хугацаанд хохирлыг төлөөгүй. Мөн дээрх 5 хоногийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татсан гэх тогтоолыг шүүхэд гаргаж өгөх боломж байсан гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогч Д.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шүүгдэгчийн асуудал нь зөвхөн Сонгинохайрхан дүүргээр хязгаарлагдахгүй. Өргөдөл гаргасан иргэд Чингэлтэй, Баянгол, Хөвсгөл аймагт байгаа бөгөөд энэ нь ганц хоёр, гурав, дөрвөн хүний асуудал биш, нийтдээ 600.000.000-700.000.000 төгрөгийн хохиролтой холбоотой олон хүний асуудал юм. Хамгийн анх өргөдөл гаргасан газар нь Хөвсгөл аймаг бөгөөд тэнд олон хохирогч бий. Дараа нь Чингэлтэй дүүрэгт очиж, тухайн үед О- гэх хүнтэй уулзсан. Тухайн үед Э.Д- нь эрэн сурвалжлагдаж байсан гэх мэдээлэл өгч, харьяаллын дагуу өргөдлөө гаргахыг зөвлөсөн. Хохирогч хууль зүйн мэдлэггүй тул Хөвсгөл аймгаас зарим хүмүүс Чингэлтэй дүүрэгт өргөдлөө өгсөн гэж сонсоод хэрэг нэгтгэгддэг гэж ойлгон Чингэлтэй дүүрэгт очсон. Мөн Хан-Уул дүүрэгт хохирогчид өргөдөл гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн цагдаагийн алба хаагчид Э.Д-г гэрээс нь авчирч шалгасан, тодорхой хугацаанд хорьсон боловч хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр суллаж байсан. Би Э.Д-тай өмнө нь огт уулзаж байгаагүй, хараагүй байсан бөгөөд шүүхээс дуудах үед, хоёр дахь шүүх хуралдаанд анх очихдоо л царайг нь харж байсан. Давж заалдах гомдлын тухайд, 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч өр барагдуулах зорилгоор 7 хоногийн хугацаа авсан боловч өр төлбөр төлөгдөөгүй. Шүүгдэгч ял авах нь надад хамааралгүй, зөвхөн мөнгөө авах нь чухал. Э.Д- хохирогч нарын мөнгөөр тээврийн хэрэгсэл, орон сууц худалдан авч, зарим эд хөрөнгийг эцэг, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн талаар бүгд мэдэж байгаа. Эдгээр худалдан авалт нь 2022 оны 05 дугаар сард хийгдсэн бөгөөд холбогдох баримтыг шүүгдэгч өөрөө гаргаж өгсөн, мөн аавынхаа нэр дээр авсан автомашиныг зарж, өр барагдуулна гэж хэлээд 7 хоногийн хугацаа авсан ч төлөөгүй. Хохирогч нар зээлийн хүү, хадгаламжийн хүү нэхэмжлээгүй, зөвхөн үндсэн төлбөрөө нэхэмжилсэн. Э.Д-н ялыг нэмүүлэх хүсэлтэй байна. Хэдэн ч хэрэг байсан тус тусдаа, ялаа аваад 20 жил байна уу, хамаагүй шоронд байсан нь зүйтэй. Мөн 2 жилийн хугацаанд өргөдөл гаргахгүйгээр өрөө барагдуулах боломж олгож, удаа дараа гуйсан, ял эдлүүлэх зорилго агуулаагүй, залуу хүний хувьд өрөө барагдуулаасай гэж хүссэн боловч шүүгдэгч төлбөр барагдуулах санаачилга гаргаагүй. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дараа ч тодорхой хугацаа авч, биелүүлээгүй, хүндэтгэлгүй хандсан. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт шалгагдаж байгаа хэрэг бодитой байсан бол холбогдох материалыг шүүхэд гаргаж, нөхцөл байдлаа тайлбарлах боломжтой байсан. Шүүх хуралдааны үед шүүгдэгч Сонгинохайрхан дүүрэгт шалгагдаж байгаа талаар хэлж байсан ч баримтаа гаргаж өгөөгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Д.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Өмгөөлөгч Л.Соёмбын тайлбартай санал нэг байна. Нэмж хэлэхэд, Э.Д-г хууль зүйн мэдлэггүй гэх тайлбартай санал нийлэхгүй байна. Учир нь, би мөнгөө өгсний дараа Э.Д-тай нэг удаа биечлэн уулзаж байсан. Тухайн уулзалтаар Э.Д- хүмүүсийг ятгаж аргалахдаа дадлагажсан байдалтай, хууль зүйн талаар нэлээд ярьж байсан. Яг ямар зүйл, заалт дурдсаныг тодорхой санахгүй байгаа ч хууль хяналтын байгууллагын ажиллагааны талаар сайн мэдэж байсан. Мөн өмнө нь хохирогч нарыг нэг группэд оруулж, тухайн группэд хууль, хуулийн зүйл заалт, шалгалтын явцын талаар янз бүрийн мэдээлэл, тайлбаруудыг тогтмол нийтэлдэг байсан. Тухайлбал “ийм хуулийн, ийм заалтын дагуу шалгагдаж байна” гэх зэргээр мэдээлэл өгдөг байсан тул Э.Д-г хохирогчдоос илүү мэдээлэлтэй, тодорхой хэмжээний хууль зүйн ойлголттой байсан гэж үзэж байна. Мөн 2025 онд болсон шүүх хуралдааны үеэр Э.Д- нь шүүх хуралд тоомжиргүй хандсан бөгөөд эхний шүүх хуралд 20 орчим минут хоцорч ирсэн. Хохирогч, өмгөөлөгч, шүүгч нар түүнийг хүлээж хурлыг эхлүүлсэн. Түүнчлэн хохирлыг нөхөн төлөхөөр олгосон 7 хоногийн хугацаанд ямар нэгэн бодитой оролдлого, санаачилга гаргаагүй” гэв.

Прокурор Г.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь өөрт холбогдох өөр хэрэг байгаа талаар амаар тайлбарласан. Гэвч эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол болон холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх үед тухайн баримт хэрэгт авагдаагүй, мөн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хугацаанд өөр хэрэгт яллагдагчаар татагдсан эсэхийг шүүх мэдэх боломжгүй байсан. Ийм нөхцөлд шүүхээс хэргийг нэмж нэгтгэн нягталж шийдвэрлэх боломж бүрдээгүй. Шүүхэд авагдаагүй, зөвхөн аман тайлбар болон шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан хэргийг шүүхийн шатанд нэгтгэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэж байна. Мөн энэ талаар шийтгэх тогтоолд үнэлэлт, дүгнэлтийг хийсэн. Хэдийгээр тухайн хэргүүдийг нэгтгэн шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд тодорхой хэмжээнд нөлөөлөх боломжтой боловч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах, тухайн нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай байдлаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл бий болсон бөгөөд энэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно.

Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог бол шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол тус тусын хэргүүдэд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан байдаг.

Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч холбогдсон хэргүүдээ нэг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэн эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн үйлдсэн хэргүүдээ илчлэн, эрх бүхий албан тушаалтанд мэдээлэх хүсэл зоригоос хамаардаг ба энэ нь хожим ял шийтгэгдсэний дараа өмнө үйлдсэн нэг ижил төрлийн хэрэг нь илэрч, хүнд ял шийтгүүлэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй байх нөхцөл болдог байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч, тогтоогдоогүй тохиолдолд мөрдөгч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.

Нэг ижил зүйл, хэсгээр зүйлчлэгдэх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн, энэ талаарх мэдээлэл, баримтыг гарган өгсөн тохиолдолд прокурор тэдгээр үйлдлүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлүүлэх үүрэгтэй ба энэ хүрээнд ял оногдуулах нь гагцхүү гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах зорилгод суурилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхад чиглэнэ.

Харин өөр зүйл, хэсэгт хамаарах хэргүүдийг нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд аль ч тохиолдолд ашигтай байдлын асуудал хөндөгдөхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх боломжтой.

Хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Д-г үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарт “хөрөнгө оруулалт хийж мөнгийг өсгөж өгнө, ашиг олох боломжтой” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад нийт 68.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 569 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Д-гаас “...Би 2022 онд 600.000.000-700.000.000 төгрөгийн өрөнд орж, хүмүүсийг эрсдэлд оруулсан. Одоо 68.000.000 төгрөгийн өр байгаа боловч давхар 100.000.000 гаруй төгрөг, нийтдээ 200.000.000 төгрөгийн хохиролтой удахгүй яллагдагчаар татахад бэлэн болсон хэрэг гарч ирсэн. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд яллагдагчаар татахад бэлэн болсон хэрэг байгаа, ...Би Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас бичиг хийж өгөөч гэсэн боловч 5 дахь баярын өдөр байсан болохоор бичиг хийж өгөөгүй. Өглөө очиж уулзахад завгүй байна, чамайг яллагдагчаар татах процесс явагдаж байгаа учраас бичиг хийж өгөх боломжгүй гэсэн, ..над дээр үүссэн хэргүүдийг нэгтгэж өгнө үү, ...энэ хэрэг дээрээ ял сонсоод дараа нь шүүхээр орвол миний эрх зүйн байдал дордох учраас нэг мөсөн шийдүүлэхийг хүсэж байна...” гэсэн тайлбарыг /2хх 146-155/ гаргасан боловч анхан шатны шүүх “өнөөдрийг хүртэл түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдээгүй байна” гэх үндэслэлээр хүлээж авахаас татгалзжээ.

Гэтэл хэрэгт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2408019882598 дугаартай хэрэгт Э.Д-г 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлсэн бөгөөд /2хх 187-188/ уг тогтоол хэрэгт авагдсан байх ба тус тогтоол дахь үйлдэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн үйлдлүүдтэй нэг цаг хугацаанд буюу 2022 онд үйлдэгдсэн, мөн шүүгдэгч Э.Д- нь өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа, яллагдагчаар татсанаа илэрхийлж, өөрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хүсэл зоригоо илэрхийлж байсан боловч шүүх хэргийг нэмж нэгтгэх ажиллагаа хийгээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдлыг үүсгэж байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаяр нарын хамтран гаргасан “...хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.А-, Д.М- нар нь “Э.Д-н үйлдлийн улмаас хохирсон орон нутгийн иргэд байгаа, тэд хаана гомдлоо гаргахаа мэдээгүй” гэх зэргээр тайлбар гаргаж байх тул нотолбол зохих байдлыг нотлох бүхий л ажиллагааг хийж энэ талаар нэг мөр шалгаж хэрэгт нэгтгэвэл зохих үйлдэл холбогдол байгаа тохиолдолд энэ талаарх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатайг прокурор анхаарах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2735 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

        ШҮҮГЧ                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ