| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2409040551328 |
| Дугаар | 2026/ДШМ/201 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/201
2026 02 12 2026/ДШМ/201
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил,
хохирогч Г.Н-,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2746 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Н-гийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Д-д холбогдох эрүүгийн 2409040551328 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Т-ийн Д-, ......., ял шийтгэлгүй, /РД:Т-/;
Т.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т-” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Г.Н-г найз охин болох Г.Х- хардсаны улмаас таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүр, толгой хэсэгт гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын хянга, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хохирогч Г.Н- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Анхан шатны шүүхийн шийдвэртэй би хохирогчийн хувиар санал нийлэхгүй байна. Тухайлбал шүүхээс тогтоосон хохирлын хэмжээ нь уг хэргийн улмаас надад учирсан бодит эд материалын, эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг бүрэн тусгаагүй, нотлох баримтуудыг хангалттай үнэлээгүй байна. Уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирол барагдуулахтай холбоотой заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 56 дахь талд авагдсан өргөдөлдөө баримтууд болон эмнэлэгт хэвтсэн хугацааны лист болон эмчийн магадлагааг бүрэн хавсаргасан байгаа. Иймд надад учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр буюу 7.355.000 төгрөгөөр гаргуулан барагдуулах буюу хохирлын хэмжээг дахин тогтоохоор хэргийг дахин хэлэлцэж өгнө үү” гэв.
Прокурор Г.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Хохирогч Г.Н- нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор эмчилгээнд зарцуулсан 3.105.509 төгрөгийн баримт, мөн шатахууны төлбөрт 391.789 төгрөгийн баримтыг тус тус гаргаж өгч, хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Д- нь эмчилгээний зардал болох 3.105.509 төгрөгөөс 2.150.000 төгрөгийг хохирогч Г.Н-д нөхөн төлсөн. Иймд анхан шатны шүүхээс үлдэгдэл 955.509 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгасан. Харин шатахууны зардалтай холбоотой баримтыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хохирогчоос эмнэлэгт хэвтсэн хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлыг нэхэмжилсэн боловч тухайн хугацаанд хэдэн төгрөгийн цалин авдаг байсан, хэдэн өдөр ажилгүй байсан, хэдий хэмжээний орлого алдсан зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Түүнчлэн хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байсан учраас шүүх хэлэлцээгүй орхиж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг цаашид иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан бөгөөд энэ талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Д-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, Т.Д- нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т-” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Г.Н-г найз охин болох Г.Х- хардсаны улмаас таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүр, толгой хэсэгт гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын хянга, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Н-гийн “...би ажлаа дуусгаад лифтэнд суух гээд зогсож байхад таньдаг үйлчлүүлэгч таарсан. Би “сайн байна уу” гээд харилцаа үүсгэсэн. Тухайн үед намайг танихгүй эрэгтэй хүн шууд цохисон. Би хамгаалагч дуудаад такс тасалдаг хэсэг дээр зогсож байхад үл таних залуу мөргөсөн. Хамгаалагч нар ирээд салгаад цааш нь тэр хоёр залууг аваад явсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг найз охинтойгоо хардаад цохисон. Миний зүүн хацар руу баруун гараараа нэг удаа цохисон, нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн...” /хх 11-12/,
гэрч Г.Х-гийн “...найз залуу болон найз Г-ийн хамт тухайн баарнаас гарах гээд хувцсаа өмсөөд доошоо буух гэж лифт хүлээгээд зогсож байхад Т--ийн 10 давхарт ажилладаг танил болох Н- бууж ирээд Г-тэй мэндлээд дараа нь намайг татаж тэврээд “сайн уу” гэсэн. Тэгээд манай найз залуу Д- “чи хэн бэ” гэж асуухад Н- юу гэснийг санахгүй байна, хэрэлдэж эхэлсэн. Тэгээд манай найз залуу Д-г нэг удаа нүүр тус газарт нь алгадсан. Тэгээд Н- яваад жоохон холдоод манай найз залууг хараасан. Тэгээд Д- очиж нэг удаа нүүрэн тус газарт нь мөргөсөн...” /хх 19-20/,
шүүгдэгч Т.Д-гийн яллагдагчаар өгсөн “...лифт хүлээгээд зогсож байх үед үл таних эрэгтэй ирээд Х-г тэврээд, хацар дээр нь үнсэхээр нь би уурлаад тэр залуутай ярилцсан ч намайг дуудахаар нь би очоод духаараа нүүр рүү нь нэг удаа мөргөсөн...” /хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 14420 дугаартай “...Г.Н-гийн биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын хянга, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 23-24/ гэсэн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Д-гийн найз охиноо хардсаны улмаас таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хохирогч Г.Н-г цохих, мөргөх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх энэ зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, холбогдсон хэргийнх нь зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс Т.Д-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Хохирогч Г.Н-гийн “...шийтгэх тогтоолд уг хэргийн улмаас надад учирсан бодит эд материалын, эмчилгээний болон сэтгэл санааны хохирлыг бүрэн тусгаагүй, нотлох баримтуудыг хангалттай үнэлээгүй, эмнэлэгт хэвтсэн хугацааны болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлыг оруулан надад учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр буюу 7.355.000 төгрөгөөр тооцон, хохирлын хэмжээг дахин тогтоож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, хохирогч Г.Н-гаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан өргөдөлдөө эмчилгээ, эм тариа, унааны мөнгө, 38 хоног эмнэлэгт болон гэрээр эмчлүүлсэн бөгөөд тус хугацааны цалин 3.530.000 төгрөг, нийт 7.355.000 төгрөгийг нэхэмжилсэн бол баримтаар 105.509 төгрөгийн, шатахууны төлбөрт 391.789 төгрөгийн хохирлыг гаргаж өгчээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хохирогч Г.Н-гаас ирүүлсэн хохирлын баримтыг хэлэлцээд хэргийг шийдвэрлэхдээ баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 3.105.509 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Д-гээс төлсөн төлсөн 2.150.000 төгрөгийг /хх 86-91/ хохирол төлбөрөөс хасаж тооцон, үлдэгдэл 955.509 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Харин гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэх баримтгүй нэхэмжилсэн 3.530.000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн шүүгдэгч Т.Д-гийн учруулсан “...хамар ясны зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын хянга, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл...” гэсэн гэмтлийн хохирол, хор уршгийг эмчлүүлэх зорилгоор энэ төлбөрийг төлж эмчилгээ хийлгэсэн, зайлшгүй гарах эмчилгээний зардал мөн байсан гэж үзэх нотолгоо болохуйц баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо жич нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээн шийдвэрлээгүй нь буруу болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хохирогч Г.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2746 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Хохирогч Г.Н- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Г.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ