Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 274

 

 2018          09           21                                                     2018/ШЦТ/274

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөрөнг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, хохирогч Ж.Чинзориг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

     Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Билэг овогт Б-Б холбогдох эрүүгийн 1803570240 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн  суманд 19 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот -48 тоотод оршин суух, Алтан гадас одонгоор шагнагдсан, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, 1 регистрийн дугаартай, Билэг овогт Б-Б.

       Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Чингисийн далан” өртөөн дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогч Ж.Ч-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалз орчмын няцарсан шарх, дээд уруулын цус хуралт, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүдний сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ асуудал их олон жилийн өмнөөс улбаатай. Энэ Тачбин компани нь бид 2-ийн дундын 50%, 50%-ийн хөрөнгө оруулалттай компани байгаа. 2007 онд байгуулж байсан. Нийт 93 км зам байсан. Чинзориг нь 2013 оноос хойш 3-4 удаагийн үйлдлээр 46 км замыг надад хэлээгүй зарсан байсан ба үүнээс маш их хэмжээний ашиг олсон байсан. Үүнээс болж шүүхээр маш олон удаа орж байсан ба шүүхээс бид хоёрын 50%, 50%-ийн хөрөнгө байна гэсэн шийдвэр гарсан. Шүүх дээр байх хугацаанд замын үлдсэн хэсгийн битүүмжлүүлсэн байсан. Тус шийдвэр гарсны дараа Чинзориг, Эрдэнээ нар нь тухайн битүүмжилсэн замаас 10 км замыг 2 талаас нь хуулаад хурааж тавьсан байсан. Эрдэнээ дэр мод, жижиг хэрэгслийг нь зарсан, Чинзориг нь дэр мод, хорих хашааны бетон шонгуудыг зарсан байсан. 6 дугаар сарын 28-нд шүүх хурал болсны дараа хоёулаа энэ талаар маргахаа больё гэсэн. Гэтэл Чинзориг 6 дугаар сарын 30-нд наашаа ирээд 6 дугаар сарын 06-нд ачиж байна гэсэн мэдээлэл авсан. Тэгээд би 03-нд ирсэн. Цагдаад хэлсэн боловч авч хэлэлцээгүй. Тэгээд би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаад үлдсэн зүйлээ битүүмжлэх гэж очсон. Тухайн үед Чинзориг байсан. 10 км жижиг хэрэгсэл нь 10 гаран тонн болдог, үүнийг 5-6 машинд ачсан  байсан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 хүнтэй Чингисийн өртөө далан дээр Чинзоригтой уулзсан. Харин эхнэр нь нилээн хол машин дотор байсан. Тэгээд би уулзаад бид 2 50%-ийн эзэмшлээр авсан, чи надад хэлэлгүй яагаад дагалдах хэрэгслийг авч явж байгаа юм бэ? хоёулаа хэрүүл хийхгүй ярилцъя гэхэд тэгье гэсэн. Тэгээд хураалттай төмрийн тэнд зэрэгцэж суугаад ярилцсан. Ингэж суухын өмнө намайг очиход хэл амаар доромжлоод 2-3 удаа цохих гэж гараараа далайсан. Би энэ чинь миний бизнес, чи булааж аваад маш их ашиг олсон одоо энийгээ боль гэхэд Чинзориг энд байгаа хураалтай зүйл минийх би бүгдийг нь авна гэсэн. Тэгэх үедээ дахин далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод нэг удаа түүнийг цохисон. Тэгж цохихдоо хүчтэй цохиогүй дахин цохисон зүйл байхгүй, зодоон болоогүй. Чинзориг эхнэрээ дуудаад зураг ав гэсэн. Тухайн үед Чинзориг одоо ажил бүтсэн, ийм үед тэвчээртэй байх ёстой гэж амандаа үглээд байсан. Би тухайн үед цусаа цэвэрлэж угаах гэж байна гэж бодсон. Гэтэл цусаа арвижуулж их болгож байсныг нь би сүүлд мэдсэн. Тэгээд эхнэр нь зураг авах гэтэл болоогүй гээд усаа гар дээрээ асгаад цустайгаа хольж байгаад нүүрэндээ түрхээд одоо зураг ав гэсэн. Ийм л юм болсон, нэмж зодож цохисон зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Ж.Чинзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Чингисийн далан өртөө дээр миний бие өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө авах гэж ажил хийж байхад Б гэгч хүрч ирсэн. Б бид 2 нэлээн сайн танилууд. Хэрэг маргаан болсон шалтгаан нь 10 жил хөдөлгөөнгүй байсан хөрөнгөө би хөдөлгөөнд оруулж эхэлсэн. Гэтэл хүний өмч рүү дайрсан мэтээр гүтгэсэн. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчим Б шүүхийн шийдвэрийн 2 хүнтэй ирсэн. Миний ажлыг зогсоох гээд над руу довтолсон, маргасан. Намайг цохих гээд далайсан гэдэг. Гэтэл намайг цохих гэж байсан, би үүнд нь аргагүй хамгаалалт хийсэн гэж ярьж байна. Энэ бол худал. Тухайн үед Б миний баруун гар талд сууж байгаад баруун гараар миний нүүрэн хэсэгт хүчтэй цохисон. Маш их хэмжээний цус гарсан, өвдсөн. Тухайн үед  4 хүн байсан гэдэг. Харин эхнэр маань 7-8 метрийн цаана байсан. Надад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хувьд маш их хохирол учирсан. Хохирлыг минь барагдуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Гэрч Н.Ичинноров мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б, Чинзориг нар төмөр замын өмчлөл буюу ажил хэргийн асуудлаас болж хоорондоо маргаж муудалцаад зогсож байсан. Гэтэл Б нь гэнэт манай нөхөр Чинзоригийн нүүрэн тус газарт гараараа цохьсон. Гэтэл манай нөхрийн хамар, амнаас их хэмжээний цус гарсан. Тэгээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явахад нь бие нь их зовиуртай толгой тархиар нь өвдөөд байна гээд хий огиод бөөлжөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч Д.Аюурзана мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Чинзориг, Б хоёр төмөр замын төмөр дээр ертөнцийн зүгээр урагш хараад Б баруун гар талд нь Чинзориг Б-ийн зүүн гар талд нь сууж байгаад тухайн сууж байгаа газраасаа босолгүй баруун гараараа Чинзоригийн хамар хэсэгт цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Д.Мядагсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Чойбалсан сумын нутаг “Чингисийн өртөө” гэх газар төмөр замыг битүүмжлэх ажиллагаанд жолооч Аюурзана, төлбөр авагч Б нарын хамт очиход Чинзориг төмөр замын дагалдах хэрэгсэл ачуулаад дуусаж байсан. Тухайн үед Батаа, Чинзориг нар хоорондоо маргалдсан. Чинзориг нь Б-г цохих гээд 2-3 удаа зангаад, хэл амаар доромжилсон. Чинзориг Б-г хоёулаа ярилцья гээд...биднээс холдож төмөр замын хураалттай төмөр дээр суусан....Чинзориг нь Б-г хэл амаар доромжлоод муудалцаад байсан. Гэтэл гэнэт Б Чинзоригийг нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 428 дугаартай дүгнэлтэд: “1. Ж.Чинзориг-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалз орчмын няцарсан шарх, дээд уруул орчмын цус хуралт, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүднүүдийн сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23/

-Хохирогч Ж.Чинзоригийн мэдүүлэг /хх-ийн 8-9/\

-Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 20/

-Шинжээч Ж.Жаргалангийн мэдүүлэг /хх-ийн 27/

-Шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-32/

-Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-ийн 39/

-Шүүгдэгч Б.Б-гийн Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 50-51/

-Хүсэлт хангахаас татгалзсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 52/,

-Хохирогчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн хохирлын баримтууд /задгай/, амбулаториор  эмчлүүлэгсдийн карт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт байрлах  “Чингисийн далан” нэртэй төмөр замын өртөөн дээр хохирогч Ж.Чинзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний Ж.Чинзоригийн нүүрэн тус газарт гараараа цохиж  биед нь “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалз орчмын няцарсан шарх, дээд уруулын цус хуралт, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүднүүдийн сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Чингисийн Далан” өртөөн дээр байхад Чинзориг намайг хэл амаар доромжлоод 2-3 удаа цохих гэсэн. Би арай ч цохихгүй байх гэж бодсон. Тэгээд би энэ чинь миний бизнес, чи булааж аваад маш их ашиг олсон одоо энийгээ боль гэхэд Чинзориг энд байгаа хураалтай зүйл минийх би бүгдийг нь авна гэсэн. Тэгэх үедээ дахин далайхаар нь би цохих гэж байна гэж бодоод нэг удаа цохисон. Тэгж цохихдоо хүчтэй цохиогүй дахин цохисон зүйл байхгүй, зодоон болоогүй...” гэж, түүнийг давхар нотолж баталсан хохирогч Ж.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... Б миний баруун гар талд суусан. Тэгээд баруун гараар хүчтэй цохисон. Маш их хэмжээний цус гарсан, өвдсөн...” гэж,  гэрч Н.Ичинноровын  өгсөн: “...Б, Чинзориг нар төмөр замын өмчлөл буюу ажил хэргийн асуудлаас болж хоорондоо маргаж муудалцаад зогсож байсан. Гэтэл Б нь гэнэт манай нөхөр Чинзоригийн нүүрэн тус газарт гараараа цохьсон. Гэтэл манай нөхрийн хамар, амнаас их хэмжээний цус гарсан. Тэгээд аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явахад нь бие нь их зовиуртай толгой тархиар нь өвдөөд байна гээд хий огиод бөөлжөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Д.Аюурзанын өгсөн: “...Чинзориг, Б хоёр төмөр замын төмөр дээр ертөнцийн зүгээр урагш хараад Б баруун гар талд нь Чинзориг, Б-гийн зүүн гар талд нь сууж байгаад тухайн сууж байгаа газраасаа босолгүй баруун гараараа Чинзоргийн хамар хэсэгт цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Д.Мядагсүрэнгийн өгсөн: “...Чойбалсан сумын нутаг “Чингисийн өртөө” гэх газар төмөр замыг битүүмжлэх ажиллагаанд жолооч Аюурзана, төлбөр авагч Б нарын хамт очиход Чинзориг төмөр замын дагалдах хэрэгсэл ачуулаад дуусаж байсан. Тухайн үед Б, Чинзориг нар хоорондоо маргалдсан. Чинзориг нь Б-г цохих гээд 2-3 удаа зангаад, хэл амаар доромжилсон. Чинзориг, Б-г хоёулаа ярилцья гээд... биднээс холдож төмөр замын хураалттай төмөр дээр суусан.... Чинзориг нь Б-г хэл амаар доромжлоод муудалцаад байсан. Гэтэл гэнэт Б Чинзоригийг нүүрэн тус газар нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 428 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Ж.Чинзоригийн биед учирсан “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалз орчмын няцарсан шарх, дээд уруул орчмын цус хуралт, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүднүүдийн сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал бүхий хөнгөн зэргийн хохирол /гэмтлүүд/ нь шүүгдэгч Б.Б-гийн хохирогч Ж.Чинзоригийг санаатайгаар нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б “...Миний цохьсон үйлдлээс Чинзоригийн шүд хугарсан гэдгийг зөвшөөрөхгүй байна” гэж байгаа, мөн түүний өмгөөлөгч М.Энхтуяа “миний үйлчлүүлэгч хохирогч Чинзоригийг нэг удаа цохисон асуудлаа хүлээн зөвшөөрдөг. Харин шинжээчийн дүгнэлтээр шүд хугарсан” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тус тус мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас үзэхэд тухайлбал, анхны үзлэгийн тодорхойлолтод “...12, 11, 21, 22 шүднүүд тогшилтод өвчтэй, I хөдөлгөөнтэй, 21 шүдний сурвалжийн  1/3 хугарсан... гэж  /хх-ийн 20/, Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 428 дугаартай дүгнэлтэд: “1. Ж.Чинзориг-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалз орчмын няцарсан шарх, дээд уруул орчмын цус хуралт, дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүднүүдийн сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэж /хх-ийн 23/, шинжээч эмч Ж.Жаргалангийн өгсөн “ Нүүр хамран тус газарт цохиход дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүдний сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал гэмтэл үүсэх боломжтой. ... дээд уруулын дотор салст, буйлны цус хуралт, 12, 11, 21, 22 шүдний сулрал, 21 шүдний сурвалжийн хугарал гэмтэл нь шинэ гэмтэл. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч Б.Б-ийн цохисон үйлдээс хохирогчийн шүд хугарсан болон бусад хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын дээрх гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй  байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож. эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

       Шүүхээс дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.        

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч нь гэм хорын хохиролд  нотлох баримттай нийт 1,660,081 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогчийн гаргаж өгсөн дээрх төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэх үндэслэлтэй байх ба төлбөрийн баримтуудыг нэг бүрчлэн бодож тооцож үзэхэд 16600176 төгрөг буюу илүү 95 төгрөгийн зөрүү гарч байх боловч хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд буюу 166081 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Чинзоригт олгохоор шийдвэрлэв.  

     Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

      Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

 

1. Шүүгдэгч Билэг овогт Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуу тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн  цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-гаас гэм хорын хохиролд 1,660,081 /нэг сая зургаан зуун жаран мянга наян нэг/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Чинзоригт олгосугай.

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч, түүний өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР