| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2510033261545 |
| Дугаар | 2026/ДШМ/207 |
| Огноо | 2026-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/207
2026 02 12 2026/ДШМ/207
Г.Б-өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
цагаатгагдсан этгээд Г.Б-,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2788 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Нансалмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Б-өд холбогдох эрүүгийн 2510033261545 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З- овгийн Г-ын Б-,........, урьд ял шийтгэлгүй, /Г-/,
Г.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Н.А-д “гар утсанд суурилсан үйлчилгээний мобайл аппликейшн хийж, хөгжүүлж өгнө” гэж гэрээ байгуулан хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.А-аас 1.500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос З- овгийн Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Г.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Т.Нансалмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, “шүүгдэгч Г.Б- нь эдийн засагч мэргэжилтэй боловч хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд “Т-” ХХК-д IT /мэдээлэл технологийн мэргэжилтэн/-ийн чиглэлээр ажиллаж байсан” гэж хийсвэр дүгнэлт хийж, хэргийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Улсын яллагчийн зүгээс хэрэгт авагдсан иргэн Н.А-аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн 3 удаагийн мэдүүлэг, Т-, Т- дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Н.А-, Г.Б- нарын хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №2024/01 дугаартай гэрээний хуулбар, яллагдагч Г.Б-ийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тодруулбал, Г.Б- нь IT /мэдээлэл технологийн мэргэжилтэн/-ийн чиглэлээр ажилладаг гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, гэрээ болон түүний хавсралтад заасан даалгаварт заасан ажиллагаанаас огт хийж гүйцэтгээгүй байдал, хохирогчийн зүгээс гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш удаа дараа мөнгөө авахаар холбогдсон боловч өгөөгүйн улмаас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгагдаж байх хуагцаанд буюу гэрээ байгуулагдсанаас хойш 1 жилийн дараа прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа хохирлыг барагдуулсан байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г.Б- нь анхнаасаа хохирогчид гар утсанд суурилсан аппликейшнийг хийж өгөх зорилгогүй, гэрээгээр халхавчилж залилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, шүүх Г.Б-ийг эдийн засагч мэргэжилтэй боловч хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд “Т-” ХХК-д IT /мэдээлэл технологийн мэргэжилтэн/-ийн чиглэлээр ажиллаж байсан учраас залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн, хэрэгт Г.Б-ийг “Т-” ХХК-д IT-ийн чиглэлээр ажиллаж байсан гэх нотолсон баримт байхгүй, “Т-” ХХК нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй, тухайн компанид IT-ээр ажиллахдаа программ хангамж, аппликейшн зохиох чадвартай гэж дүгнэн хохирогчийг залилаагүй байна гэж үзсэн нь хийсвэр дүгнэлт болсон.
IT гэдэг нь мэдээллийн технологийн салбарт ажилладаг хүнийг хэлдэг ба компьютер, программ хангамж, сүлжээ, сервер, мэдээллийн систем, өгөгдөл, кибер аюулгүй байдал зэрэгтэй холбоотой ажил хийдэг мэргэжилтэн юм. Тухайн IT-ийн чиглэлээр ажиллахдаа мэргэжлийн сургуульд сурч төгсөх, эсвэл өөрөө бие даан суралцаж болох боловч хэрэгт Г.Б-ийг дээрх чиглэлээр бие даан суралцсан, программ зохиох чадвартай гэх нэг ч баримт байхгүй, гагцхүү өөрийнх нь мэдүүлэг, хохирогчийн IT гэж итгэсэн мэдүүлгээс өөр баримт байхгүй байхад шүүх түүнийг IT мэргэжилтэй гэж үзсэн нь нотлогдохгүй, таамаг төдий байна. Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалд нийцээгүй буюу хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Цагаатгагдсэн этгээд Г.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагчаар төгссөн. 2015 оноос хойш бие даан өөрийгөө хөгжүүлж, программистаар ажилласан. 2022 онд “Т- ББСБ” ХХК, 2024 онд “Т- ББСБ” ХХК гэх мэт том компаниудад программистаар ажиллаж байсан. Мөрдөгчөөс “Т- ББСБ” ХХК руу “энэ хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг явуулж өгнө үү” гэсэн ганц албан тоот явуулсан бол өнөөдөр миний мэргэжилд эргэлзэх шаардлага гарахгүй байх байсан. Эдийн засагч хүн өөрийгөө хөгжүүлээд, программистаар ажиллаад явж болохгүй гэсэн зүйл байхгүй. Хохирогчтой гэрээ байгуулахаас 30 минутын өмнө хохирогч намайг “Т- ББСБ” ХХК-д ахлах программист хийдгийг олж мэдсэн байсан. Би хохирогчид нэг зүйл ч худлаа яриагүй, гэрээний үүргийг биелүүлээгүй нь миний буруу, гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрөөд, 2025 оны 10 дугаар сард “Т-” ХХК-д мэдээллийн технологийн инженерээр ажиллаж байхдаа цалингаасаа буцаан төлсөн. Би хохирогчийг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй, код бичиж чаддаггүй байж код бичдэг гэж хэлээгүй, “Т- ББСБ” ХХК-д ажилладаггүй байж ажилладаг гэж төөрөгдүүлсэн зүйлгүй. 2024 оны 12 дугаар сарын 31-нд би ажлаасаа гарч, мөнгөний бололцоогүй болсон тул хохирогчийн мөнгийг буцаан өгч чадаагүй. Хүний нөөцийн аппликейшн нь хийх ажлын цар хүрээ ихтэй байсан тул эхний ээлжинд 1.0 хувилбар буюу хүн нэвтэрч ороод, ажлын захиалга аваад явдаг хамгийн энгийн хувилбарыг хийх талаар тохиролцсон байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-өд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Б-ийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Н.А-д “гар утсанд суурилсан үйлчилгээний мобайл аппликейшн хийж, хөгжүүлж өгнө” гэж гэрээ байгуулан хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Н.А-аас 1.500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны, үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой уялдаа холбоотой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан процессын хэлбэрийн дагуу явагдана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн буюу зохих ёсоор процессын хэлбэрийг хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.
Анхан шатны шүүх Г.Б-өд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Б.Б-ыг томилсон шийдвэрийг тухайн шүүхийн шүүгч Х.Одбаяр албажуулжээ /хх 147/.
Гэтэл шүүх хуралдаан даргалагчийг албажуулах бүрэн эрхийг шүүгч Х.Одбаярт шилжүүлсэн талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б- даргалан явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан ноцтой зөрчилд хамаарна.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах бүрэн эрхтэй”, 17.3 дахь хэсэгт “Ерөнхий шүүгч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.9 дэх хэсэгт “...хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох;” нь шүүгчийн нийтлэг бүрэн эрхэд хараарах хэдий ч Ерөнхий шүүгчийг орлох эрхийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч дээрх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гарган шийдвэрлэх учиртай.
Дээрх хуульд зааснаар, ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулдаг, тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх үүрэгтэй. Хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнийг “хууль бус” гэж үзэх бөгөөд “шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн” нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Г.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2788 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Г.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН