| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/08272/И |
| Дугаар | 192/ШШ2026/03105 |
| Огноо | 2026-03-19 |
| Маргааны төрөл | Компанийг үүсгэн байгуулсан буюу өөрчлөн байгуулсан маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2026/03105
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***************** Ц /рд: *************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************************* М /рд: *****************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:“Т” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирал Б.М-ийн эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
хариуцагчийн өмгөөлөгч Б.Г,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Т хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Б.М-т холбогдуулан “Т” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 001 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирал Б.М-ийн эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 2013 онд Т ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаартай шийдвэрээр Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М-д шилжүүлэхийг Д.Ц-д даалгасан. Гэтэл Б.М- нь 2024.06.15-ны өдрийн 001 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 08:30 цагт Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Булган Өгөөж майнинг ХХК-ийн аж ахуйн хашаанд байрлах оффисын байранд болохоор шийдвэрлэжээ.Улмаар 2024.06.17-ны өдөр Б.М- нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ганцаараа оролцож, мөн өдрийн 01 дугаартай Т ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 02 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батлах тухай, 03 дугаартай гүйцэтгэх захирлыг томилох тухай болон тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолуудыг тус тус баталсан нь хууль бус байна.Тодруулбал, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж заасан байхад хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2 хоногийн дараа хуралдуулж, хувьцаа эзэмшигч Д.Ц- намайг оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.Түүнчлэн 2024.06.17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдиййн ээлжит бус хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргээгүй нь Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг зөрчжээ. Б.М- нь дээрх байдлаар хууль бусаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, шийдвэр гаргасан нь Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц- миний Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан эрхийг бүдүүлгээр зөрчсөн байна.Мөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М- нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулаагүй тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасны дагуу түүний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болжээ.Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.4, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 6 дугаар зүйлийн 15-ны өдрийн 001 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, Т ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 02, 03 дугаартай тогтоолууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.М-ийн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг Б.М-д даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Т ХХК-ийг 2013 онд Д.Ц- үүсгэн байгуулж, 2016 оны 9 дүгээр сард Б.М- нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутагт байрлах хайгуулын тусгай зөвшөөрлийг Т ХХК-ийн нэр дээр шилжүүлж улмаар 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Ц-, Б.М- нар Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж, 95 хувийн хувьцаа эзэмшигч Б.М- болсон. Т ХХК нь 2017 оны хавраас хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж 2018 онд хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тухайн үед Д.Ц- нь тухайн уурхайд ерөнхий геологич, уурхайн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан. Б.М-, Д.Ц- нарын хооронд 2019 онд гарсан маргаан нь уурхайн талбайгаас олборлосон их хэмжээний ашигт малтмалыг тухайн уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНХАУ-ын иргэдтэй хуйвалдан авч явсан асуудлаас үүссэн. Д.Ц- нь 2020 оны 2 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М-д шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 764 дугаар шийдвэрээр Д.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0076 дугаар магадлалаар Б.М-ийг Т ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ 2017 оны 01 сарын 09-ний өдөр Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлэхээр талууд тохирч дээрх гэрээг байгуулсан боловч хувьцаа эзэмшигч Д.Ц- тухайн үед 95 хувийн хувьцаагаа Б.М-д шилжүүлэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргахдаа “бэлэглэх” гэрээгээр шилжүүлсүгэй гэж шийдвэрлэж байсан байна, өөрөөр хэлбэл улсын бүртгэгч зөрүүтэй баримт хүлээн авч улсын бүртгэл хийсэн гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд талууд тухай үед Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ эсвэл бэлэглэлийн гэрээний алинаар шилжүүлсэнээ иргэний хэргийн шүүхэд хандаж эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй, улсын бүртгэлийг хүчингүй болгосноор Д.Ц-ийн эрх сэргэхгүй гэж магадлалдаа дурдсан. Тухайн үед давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандсан боловч манай гомдлыг хэлэлцэхээс татгалзсан. Б.М- 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ц-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан “компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу Т ХХК-ийн 95 хувийн хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М-д буцааж шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 03973 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М-д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц-д даалгаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн алба 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М-ийн нэр дээр шилжүүлж, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б.М-ийг Т ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн, Б.М- Т ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн учир компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж компанийн шинэчилсэн дүрэм, гүйцэтгэх удирдлага, хаягийн мэдээлэл зэрэгт өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага үүссэн. Тухайн үед компанийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Д.Ц-д компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлэхэд татгалзсан мэдэгдэл ирүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Д. Ц- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Талс молор ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн шинэчилсэн дүрмийн өөрчлөлт, компанийн удирдлага болон хаягийн өөрчлөлт оруулсаныг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон тус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд нь Компанийн тухай хуульд нийцэж гаргасан шийдвэрүүд бөгөөд тухайн компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон Б.М-ийн хувьд өөрийн компанийн удирдлага болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулсан үйлдэл нь Д.Ц-ийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд:Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, иргэний үнэмлэхийн лавлагаа, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай 2024 оны 6 сарын 15-ны өдрийн 001 тоот тогтоол, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын ирц бүртгэх хуудас, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн тэмдэглэл, мөн өдрийн Т ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай 01 тоот тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батлах тухай 02 тоот тогтоол, гүйцэтгэх захирал томилох тухай 03 тоот тогтоол, Т ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол, тэмдэглэл, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн./хх 11-13, 14, 15, 16, 17, 18, 19-22, 23-24, 25, 26, 27-28, 29-30, 31-33, 34-40/
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд:Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2024/00021 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаар магадлал, Д.Ц-д хүргүүлсэн шаардлага, Д.Ц-ээс ирүүлсэн мэдэгдэл, Д.Ц-д хүргүүлсэн хурлын зар, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай 2024 оны 5 сарын 13-ны өдрийн 001 тоот тогтоол, хэлэлцэх асуудал, төлбөрийн баримт, Д.Ц-д хурлын зар хүргүүлэх тухай баримт, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай 2024 оны 4 сарын 18-ны өдрийн 24/01 тоот тогтоол, хэлэлцэх асуудал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0660 дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн./55-61, 62-70, 71-77, 78-82, 106,107, 108-109, 110, 111, 112, 113, 114, 115, 116-122/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.М- 2024.06.17-ны өдөр Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ганцаараа оролцож, Т ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг батлах тухай, гүйцэтгэх захирлыг томилох тухай болон тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг батлахдаа намайг хуралд оролцуулаагүй, хурлын товыг нийтэд мэдээлж, зар хүргээгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д зааснаар түүний хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 60.4, 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 6 дугаар зүйлийн 15-ны өдрийн 001 дугаартай Хувьцаа эзэмшигчдийн хурлын ээлжит бус хурал зарлан хуралдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, Т ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 02, 03 дугаартай тогтоолууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.М-ийн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг Б.М-д даалгаж өгөх гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Үүнд: Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж компанийн шинэчилсэн дүрэм, гүйцэтгэх удирдлага, хаягийн мэдээлэл зэрэгт өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага үүсэж, Д.Ц-д ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлагыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн, Д.Ц- татгалзсан мэдэгдэлийг ирүүлсэн, Б.М- Компанийн тухай хуулийн 61.7-т зааснаар ээлжит бус хурлыг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хийхээр товлож, Д.Ц-д 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Д.Ц- нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Талс молор ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр компанийн шинэчилсэн дүрмийн өөрчлөлт, компанийн удирдлага болон хаягийн өөрчлөлт оруулсаныг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хуралдаан болон тус хуралдаанаас гаргасан шийдвэрүүд нь Компанийн тухай хуульд нийцэж гаргасан шийдвэрүүд бөгөөд тухайн компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигчээр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон Б.М- өөрийн компанийн удирдлага болон бусад мэдээлэлд өөрчлөлт оруулсан үйлдэл нь Д.Цогтгэрэлийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Б.М-ийн нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Талс молор ХХК-ийн 95 хувьцаа шилжүүлэх үүрэг хариуцагчид үүссэн болохыг тогтоолгож, Т ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М-д буцааж шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, Д.Ц- нь 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Талс молор ХХК-ны 95 хувьцааг Б.М-д шилжүүлэх үүргийг хүлээсэн болохыг тогтоож, Талс молор ХХК-ийн 95 хувьцааг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц-д даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрт “Б.М-, Д.Ц-д нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Талс молор ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.М-д шилжүүлэхийг хариуцагч Д.Ц-д даалгасугай” гэх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2024/00021 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/02025 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаанд Т ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь Б.М- гэж бичигдсэн байна.
4.2. Т ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 001 тоот тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.9-д заасан үндэслэлд нийцэж байна.
Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын товыг Д.Ц-д 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр tsoggerel [email protected] гэх цахим хаягаар хүргүүлсэн байна.
Д.Ц- хурлын товыг мэдсэн атлаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хүрэлцэн ирээгүй байгаа нь Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан түүний хуралд оролцох, хэлэлцэж байгаа асуудалд санал өгөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах, 60 дугаар зүйлийн 60.1, 60.3, 60.4-т хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах хугацаа, хурлын зарыг хувьцаа эзэмшигчид хүргэх зэрэг зохицуулалт нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах үйл ажиллагаанд хамааралгүй байна.
Иймд Т ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус гэж үзэх, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 02, 03 дугаартай тогтоолууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Дээрх дурдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд Б.М-ийг Т ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байхад Б.М-ийн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсон гэж үзэх боломжгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасан үндэслэлгүй тул Т ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль бус болохыг тогтоож, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 01, 02, 03 дугаартай тогтоолууд болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Б.М-ийн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ дуусгавар болсныг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг Б.М-д даалгах тухай Д.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 561,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН