Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/209

 

2026            02            12                                                                        2026/ДШМ/209

 

 Я.Ч-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа,

шүүгдэгч Я.Ч-, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, С.Оюунцэцэг, Э.Чулуунцэцэг

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2732 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Ч-, түүний өмгөөлөгч Ж.Дамбажийжин, С.Оюунцэцэг, Э.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Я.Ч-д холбогдох эрүүгийн 2408000001478 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Я-ын Ч-, ......., ял шийтгэлгүй, /РД:Я-/;

Шүүгдэгч Я.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02:00-04:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй шинэ гүүрний орчимд таксигаар хүргүүлж ирээд, амь хохирогч 81 настай Г.О-ыг “унтаж байхад халаас ухлаа” гэх шалтгаанаар зодож, хүнийг алах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Я.Ч-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Б- овогт Я-ын Ч-г “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар Я.Ч-г 16 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Я.Ч-гийн цагдан хоригдсон 68 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-гээс 99.000.0000 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-д олгож, шүүгдэгч Я.Ч-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тухайн өдрийн 21:00 цагийн орчимд Цамбагаравын “С-” кинотеатрын “С-” караокед орж, найз Т.Э-ийн хамт пиво уусан. Тэндээс яаж гарснаа санахгүй байгаа. Нэг мэдэхэд миний цавь орчим тэмтрээд, бэлэг эрхтэнд хүнд хүрээд байх шиг байсан. Өндийгөөд босох гэтэл өмдний тэлээ тайлсан, цахилгаан доошлуулсан, фудболка сөхсөН, би машины арын суудал дээр байсан. Би цочсондоо гарыг нь түлхэн машинаас буутал араас “хөөе, байж бай чи” гэж муухай орилж, намайг түлхэж унагаагаад, цохих шиг болсон. Түүнээс хойшхи үйл явдлыг салхинд цохиулаад, тодорхой санахгүй байгаа. Би караокед найз Т.Э-ийн хамт 26 шил “Сэнгүр” пиво авсан, 16 шилийг нь намайг уусан гэж хэлсэн. Мөн хажуу өрөөнд орж архи уусан гэсэн. Би ухаангүй болтлоо согтсон байсан. Караокеноос 2025 оны 10 дугаар сарын 08-ны 03:54 цагт 127.500 төгрөгийн тооцоог бармен Э.М-ын данс руу шилжүүлээд гарсан байна лээ. Гэртээ харих гэж машинд нь суусан боловч бэлэг эрхтнээр оролдож байсанд цохирдож, түлхэн, ийм хүнд гэмт хэрэгт холбогдсондоо одоо ч итгэж чадахгүй, маш их харамсч, гэмшиж байна. Би тэр хүний утсаар 102-т дуудлага өгсөн, амь насыг нь хохироох санаа зорилго надад огт байгаагүй,  хэдэн настай, ямар хүн байсныг би мэдээгүй. Би өөрийн үйлдлийг илчилж, өөрөө цагдаа дээр очин хэргээ хүлээж, батлан даалтад байх хугацаандаа барилга, авто угаалга, бараа хүргэлт, ачигч зэрэг ажлуудыг амралтгүй хийж, 20.000.000 гаруй төгрөгийн хохирлыг төлж, уучлалт гуйсан. Надад тохиолдсон ээдрээтэй нөхцөл байдал, гэмт үйлдлийг хянан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хувийн байдалтай холбоотойгоор мэдүүлэг өгсөн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгүүд илтэд зөрүүтэй байна. ...Гэрч Г.З- “7 жилийн өмнө цус харваж, зүүн талын хөлөө чирч алхдаг, өөр өвддөг зүйл байхгүй, унтахын өмнө 100 грамм архи уудаг” гэсэн бол хууль ёсны төлөөлөгч О.Д-, О.Д- нар “10 гаран жилийн өмнө цус харваж, нэг гар нь дээш гардаггүй, нэг тал нь саажилттай, 1 литрээс дээш хүнд юм өргөж чаддаггүй, машиндаа арай гэж хөлөө өргөж суудаг, архи, тамхи хэрэглэдэггүй” гэж мэдүүлдэг. Тус хэрэгт хохирогчийг цус харвасан, нэг тал нь саажилттай байсан, гараа өргөж чаддаггүй, 1 литр зүйл өргөж чадахгүй талаар ямар ч нотлох баримт байхгүй, хэрэгт авагдаагүй. ...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн үеэр олдсон 3 ширхэг тамхины ишинд хийсэн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5752 дугаартай дүгнэлтэд “Пренч балл тамхины иш дээрх шүлс хохирогч Г.О-ынх, Ченж эссэ тамхины иш дээрх шүлс эмэгтэй хүнийх” гэсэн бөгөөд тэнд байсан эсэх нь тодорхойгүй, дараа нь очсон уу гэдэг нь ч тогтоогдоогүй. ...Хохирогчийн юнителийн Д- дугаартай утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Хаан” банкны тэтгэврийн виза карт зэрэг нь хэрэгт байхгүй байна гэж гомдол гаргасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй орхигдуулсан. ...Я.Ч-гийн биед үзлэг хийсэн 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл болон шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13448 дугаартай дүгнэлтэд “Я.Ч-гийн биеийн 12 хэсэг газарт 0.5х4 см хэмжээ бүхий хөхрөлт, зулгаралтууд үүссэн. Уг хөхрөлт, няцралт, зулгаралтууд нь олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байна” гэснийг үнэлж, дүгнээгүй. Хэний үйлдлээс үүссэн нь тодорхой байтал огт харгалзаж, анхаарч үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн. ...Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай тогтоолд “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис, хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис, хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж, санаатайгаар үйлдсэн байдаг” гэж тодорхойлсон. Уг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт байдаггүй. Түүнчлэн, Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 564 дугаартай тогтоолд “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж, үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой гэж тайлбарлажээ. Улсын дээд шүүхийн дээрх албан ёсны тайлбар бүхий тогтоолуудад дурдсаны дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаа байхгүй, шүүгдэгчийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцааг нотлоогүй, хохирогчийг тарчлааж, зовж шаналган алах санаа зорилготой байсан гэдгийг нотолж тогтоогоогүй атлаа яллах талыг хэт барьж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Шийтгэх тогтоолд Я.Ч-г 2024 оны 10 дугаар сарын 07-08-ны 02:00-04:00 цагийн хооронд Г.О-ыг зодож алсан гэж дурдсан нь нотлогдоогүй. Я.Ч- нь “С-” караокед ажилладаг бармен Э-ийн М-ын “Хаан” банк дахь Э- дугаартай дансанд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03 цаг 54 минутад 7500 төгрөгийн үнэтэй 17 шил “Сэнгүр” пивоны үнэд 127.500 төгрөг тушаасан нь дансны хуулгаар нь тогтоогддог. Хэрэгт авагдсан “Дуудлагын лавлагаа” гэх баримтад “2024 оны 10 дугаар сарын 08-ны 04 цаг 03 минут 29 секундэд Э- дугаарын утаснаас дуудлага ирсэн, 04 цаг 10 минутад очсон, 04 цаг 50 минутад явсан” гэх баримтаар таксинд суухад 2 минут гэж тооцоход 5-7 минутын хооронд үйлдэл болж өнгөрсөн нь нотлогдон тогтоогдож байгаа юм. Үүнээс тарчилган зовоосон, алах санаа зорилготой байсан гэх байдал батлагдахгүй байгааг анхаарч үзнэ үү. ...Я.Ч-гийн үйлдлийг хүндрүүлж байгаа нэг шинж болох “хохирогчийн бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан” гэдэгт хохирогчийг бие махбодийн болон сэтгэцийн улмаас өөрийгөө хамгаалах идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болохыг ухамсарлаж үйлдсэн байхыг ойлгодог. ...Я.Ч- 12 шил пиво, архи уусан гэдгээ хүлээж мэдүүлсэн бөгөөд тухайн үед эмгэг согтолтод орсон эсэх, согтолтын хувь ямар зэрэгт хамаарах, согтолтын улмаас болсон асуудлыг ойлгож, ухамсартай үйлдэл хийх боломжтой, чадвартай эсэхийг тогтоолгох үүднээс Химийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. ...Нотлох баримтын шаардлага хангаагүй, бүх бичиглэл нь арилсан 11 ширхэг тамга тэмдэггүй, үнийн дүнг гараар бичсэн баримтуудыг яаж үнэлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-гийн нэхэмжилсэн 20.621.347 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хэрэгт 85 ширхэг хохирлын баримт авагдсанаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5 удаа 48.222-558.960 төгрөгийн кофе худалдан авч, нийт 862.554 төгрөг болгож тооцсон баримтууд, мөн өдөр 693.000 төгрөгөөр үзгэн бал, тооны дэвтэр нийт 420 ширхэгийг бөөндөж авсан, 2024 оны 10 дугаар сарын 10-нд 54.000 төгрөгөөр гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авсан, “Богд хаан” банк гэх 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 481.200 төгрөгийн тооцооны баримтыг давхардуулан 2 удаа хавсаргаж, хохирлыг 962.400 төгрөг гэж тооцсон, “Шөлөндө” 229.000 гэх баримт зэрэг нийт 2.800.954 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. ...Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй атал 150 дахин өсгөн тооцож 99.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой. ...Амь хохирогч нь толгой, цээжний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ гэсэн дүгнэлт байх ба аль гэмтэл нь үхэлд хүргэсэн талаар тодруулсан зүйл байдаггүй, үхэлд хүргэсэн гэмтэл нь шууд үхэлд хүргэх үү, зовж зүдрэхээр гэмтэл байсан бол ямар хугацаанд зовж зүдэрсэн бэ гэх асуулт үүсэх ба үүнтэй холбоотой цаг хугацааг бодитоор тогтоогоогүй. ...Шүүгдэгч нь гэмт үйлдэлдээ ямар сэтгэл зүйгээр хандсан эсэх, тухайн хэрэг эхэлсэн болон төгссөн цаг хугацааг хөдөлбөргүй тогтоох нь энэ хэргийн зүйлчлэлд онцгой ач холбогдолтой. Цаг хугацааг тогтооход зайлшгүй хийгдэх ажиллагаа нь Я.Ч- баарнаас хэдэн цагт гарсан, баарны камерын бичлэг, тооцоо хийсэн баримт, энэ нь хэдий хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг шууд тогтоох, хэрэг үйлдсэн цаг хугацааг эргэлзээгүй тогтоох, шүүгдэгчийн согтолтын зэргийг тогтоох гэх мэт олон зүйлийг нотлон тогтоох баримт болно. ...Я.Ч-гийн биед үзлэг хийж, олон тооны гэмтэл тогтоогдсон хэдий ч шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ба энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. ...Я.Ч-гийн хэрэг гарах өдөр өмсөж явсан хар өнгийн куртка дээр 75 мм хэмжээтэй чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт зэргийг үзвэл амь хохирогч Г.О-оос хариу үйлдэл үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх ба хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна. ...Дээрх үйл баримт болон хэрэгт цугласан нотлох баримтыг нэгтгэн дүгнэж үзвэл дараах зүйлийг тогтоох шаардлагатай. Үүнд: гэмт хэрэг гарсан цаг хугацааг бодитой тогтоох, амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг тогтоож, тухайн гэмтлийг авсан даруйдаа нас барсан эсэх, хэдий хэр хугацаанд зовж зүдэрсэн, шүүгдэгч энэ үйлдэлдээ ямар сэтгэлзүйгээр хандсаныг, химийн шинжээчээр шүүгдэгч шиг биеийн үзүүлэлттэй хүн ямар хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсний дараа орчны мэдрэмж алдах, шүүгдэгч нь хэдий хэмжээний согтууруулах ундаа худалдан авсан, хэрэглэсэн талаар тодруулах, Я.Ч-гийн биед учирсан гэмтэл, хувцасны урагдал зэргийг хэн учруулсан болохыг тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...”Онц харгис хэрцгий арга” гэдэг нь гэмт хэрэг үйлдэж буй этгээдийн хүсэл зоригийг илэрхийлсэн, субъектив шинжтэй үйлдэл юм. “Харгис, хэрцгий” гэх ойлголтыг гэмт хэрэгтэн хохирогчид увайгүй, харгис хэрцгий хандсаны улмаас түүнийг бие махбодийн болон сэтгэцийн, түүнчлэн сэтгэц-биеийн хувьд тарчлаан зовоохуйц сэтгэл зүйн хандлага илэрхийлсэн үйлдэл гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт хэрэг гэдгийг зөвхөн олон тооны гэмтэл учруулсан эсэхээр бус харин гэмт хэрэгтний субъектив санаа зориг, хохирогчийг тарчлаан зовоох, шаналгах сэдэл, уг шаналал, тарчлаан зовоосон байдлыг ухамсарлаж, түүнийг зориудаар бий болгох хүсэлтэй байсан эсэх гэж хоёрдмол утгагүйгээр тайлбарладаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд амь хохирогчийг огт танихгүй атлаа түүнийг онц харгис хэрцгий аргаар хөнөөх шалтаг, шалтгаан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Шүүх сэтгэц судлалын 1037 дугаартай дүгнэлтэд “тэлээ тайлагдсан, өмдний товч, цахилгаан тайлагдсан, цамцыг дээш сөхсөн байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Хохирогчийн зүй бус үйлдэл байсан эсэхийг тодруулах шаардлагатай баримтууд хэрэгт авагдсан байхад уг нөхцөл байдлыг бүх талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. ...Амь хохирогчийг ямар хугацаанд тарчлаан зовоосон гэж үзэж байгаа талаар тогтоогоогүй. Мөн насжилтаас хамаарах физиологийн эмзэгшлийг харгалзан үзэхийг шүүхээс хүссэн. Өндөр настай хүний биед ясны сийрэгжилт, зөөлөн эдийн уян хатан чанар буурах, тархины хатингаршил, судасны ханын хатуурал, зүрх, уушги, бөөрний нөөц чадамж буурах зэрэг өөрчлөлтүүд ажиглагддаг. Амь хохирогчийн биед үүссэн олон тооны гэмтлийн шалтгаан нөхцөлийг илүү бодитой тогтоох боломжтой ба энэ асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, шинжээчээс асууж тодруулах шаардлагатай. ...Я.Ч-гийн хэрэглэсэн согтууруулах ундааны бодит хэмжээ, согтолтын түвшинг тодорхойлох ажиллагаа хийгдээгүй. Миний үйлчлүүлэгчийн тайлбарласнаар 12 шил пиво, 300 грамм архи хэрэглэсний дараа караокеноос хэзээ гарснаа тодорхой санахгүй байгаа бөгөөд ийм хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд тухайн үед болж өнгөрсөн нөхцөл байдлыг бүрэн ухамсарлан ойлгож байсан эсэх нь эргэлзээтэй юм. ...Шүүгдэгч нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг тухайн үед бодитоор ухамсарлан мэдсэн, түүнийг ашигласан эсэх асуудлыг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогоогүй. Хохирогчийг саажилттай, алхаж гишгэж чадахгүй, харвасан талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Тийм байхад хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэнд гомдолтой байна. ...Хохирогч сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй тээврийн хэрэгсэл жолоодож, жилд доод тал нь 3, дээд тал нь 15 удаа зөрчил гаргаж, нийт 51 удаа торгуульсан баримт бий. Эдгээр баримт нь амь хохирогч өвчин эмгэгтэй, биеэ хамгаалж чадахгүй байсан гэх дүгнэлтийг няцаах үндэслэл болно. ...Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо харгалзвал зохих нөхцөл байдлуудлыг харгалзаагүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн, шүүх “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн”, гэмт хэрэг үйлдэх үедээ 21 нас хүрээгүй байсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлүүдийг болон хүндрүүлэх нөхцөл байхгүй зэргийг харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ял оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.Ч-г 03 цаг 54 минутад тооцоо хийсэн гэж яриад байна. Гэтэл тухайн өдрийн буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг 06 минутын үед гэрийнхээ ар талаас цэнхэр машиндаа сууж хөдлөөд, Цамбагарав руу эргэсэн. 02 цаг 23 минутад тухайн караокены текэн дээр Я.Ч- найзтайгаа маргалдаад зогсч байсан, цаана нь бармен зогсч байсан бичлэгийг би харсан. Тэгээд 02 цаг 38 минутад 34 дүгээр байрны ар талын гүүрээр цэнхэр машин дээшээ аажуухан өгсөөд явсан. 05 цаг 08 минутад тэр машин хар хурдаараа бууж ирээд зогсоолд зогссон. 04 цаг 02 минутад дуудлага өгөөд, цагдаагийнхан очоод, 04 цаг 50 минутад машин байхгүй байсан учраас хэргийн газраас явсан байдаг. Манай аав харваад тал мэдээгүй, машиныхаа рулийг баруун, зүүн гараараа бариад, нэг хөлөө оруулаад, нөгөө хөлөө бүр өргөж оруулдаг хүн байсан. Шүүгдэгч хойноос бууж ирээд намайг заамдаад авсан, эсхүл машин дотор намайг оролдоод байсан гэж яриад байгаа нь худлаа. Я.Ч- “би согтоод, юу ч мэдэхгүй байсан” гэж ярьдаг. Би тэрийг нь үгүй гэж бодож байна. Машиныг бид зогсоолоос авахад бүр загалтуулаад, тойруулаад арччихсан байсан. Тэрийг нь алчуур норгоод арчихад цус байсан. Машины хойд талын баруун, зүүн талын шилнүүд хоёулаа, урд талын жолоочийн тал, жолоочийн эсрэг тал бүгд цус болоод, тэрийг нь арчиж, цэвэрлэсэн байсан. Тэгээд дээрээс нь хурууныхаа хээнүүдийг бүгдийг нь арилгасан байсан. Шүүгдэгчийг би согтуу байсан гэдэгт итгэхгүй байна. Яагаад гэвэл тэр хугацаанд маш түргэн ажиллаад, өөрийнхөө ул мөрийг арилгасан. Яагаад цагдаа дээр өөрөө ирж мэдүүлэг өгсөн бэ гэхээр цагдаагийн байгууллагаас өөрийг нь тогтоогоод, эрэн сурвалжилсан учраас ахтайгаа хамт очсон. Хэрвээ тогтоогоогүй байсан бол энэ хүн ирэхгүй байсан. Хүний нүүр, амыг ном шиг хавтгайлаад, бяцлаад, нүдээд хаясан байсан. Бид нар очиж харахад талийгаачийн ам нь байдгаараа ангайчихсан, бүх шүд нь байхгүй, сэт цохичихсон, маш аймшигтай болгосон байсан тул ямар их зовж, шаналсан бэ гэдэг нь ойлгомжтой. Өмгөөлөгч нар талийгаачийн хэр шаналсныг тогтоо гэж яриад байна. Хүн хэдхэн минут ч болов өвдөхөд маш их шанална. Энэ хүний ялыг хамаагүй бага өгсөн гэж бодож байна. Энэ хэргээс болоод ээж маань зовж шаналсаар байгаад сая 10 сард нас барсан. Аав маань 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цус харваад, Гуравдугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт очиж байсан. Харвалт нь хүнд, хагалгаа хийлгэх боломжгүй байсан учраас хагалгаа хийлгээгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу шүүгдэгчийг өсвөр насны хүнд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалтыг шүүгдэгчийн тухайд хэрэглэх үндэслэлгүй. ...Сэтгэл санааны хохирлын тухайд шинжээчийн дүгнэлт гаргуулсан эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүх дүгнэлт хийгээд, сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Өмгөөлөгч нарын хийлгэх гээд байгаа нэмэлт ажиллагаанууд нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг бий болгохооргүй буюу шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хэмжээний үндэслэлүүд биш. Анхан шатны шүүхийн хувьд 2 хүндрүүлэх шинжийг нэг бүрчлэн тайлбарлаад, өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага тохирсон, хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодорхойлохдоо “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02:00-04:00 цагийн хооронд таксигаар хүргүүлж очоод...” гэж тодорхойлсон. Түүнээс биш 02:00-04:00 цагийн хооронд тарчлаан зовоосон гэдэг агуулгаар тодорхойлоогүй. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг гарсан даруйд хэргийн газар очиж, нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Учир нь шүүгдэгч 2 хоног гэмт хэргийг нуун далдалсан ба амь хохирогчийн ар гэрийнхэн тухайн машиныг өөрсдөө олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр энэ гэмт хэрэг илэрсэн. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээд, энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шууд тэр дор нь тогтоогоогүй, 2 хоногийн дараа тогтоосон. Хоёр хоногийн дараа шүүгдэгч хэдий хэр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг тогтоох, драггер үлээлгэх зэрэг ажиллагааг явуулах боломжгүй. Харин ч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгч тухайн үед бааранд найзтайгаа согтууруулах ундаа хэрэглэснийг мэдүүлэг авах замаар тогтоосон.  С.Оюунцэцэг өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд 2 гэрч гарын үсэг зураагүй гэж яриад байан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар мөрдөгч тухайн ажиллагааг бие даан явуулах эрхтэй. Ямар нэгэн байдлаар хөндлөнгийн гэрч оролцуулна гэсэн ойлголт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид олон тооны шарх гэмтэл учирсан гэж тодорхойлсон боловч дан ганц энэ дүгнэлтээр бус, хэргийн газрын үзлэг, гэрэл зураг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан бүхий л баримтуудыг харьцуулан шинжлэх замаар онц харгис хэрцгий шинжийг тогтоосон. 81, 82 настай хүнийг харахад илтэд хөгшин хүн харагдана. Биеэ хамгаалах чадваргүй гэдгийг нь зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг харгалзаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэрэгт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй. Эрх нь хууль ёсны төлөөлөгчид нээлттэй, эрхийг нь танилцуулсан байгаа. Хохирогч талаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй, энэ асуудал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шийдвэрлэгдсэн. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг үндэслээд сэтгэцэд учирсан хор уршигт 99.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжтой, хууль ёсны, үндэслэл бүхий, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Я.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг Я.Ч-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Дамбажийжин, Э.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Я.Ч- нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02:00-04:00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй шинэ гүүрний орчимд таксигаар хүргүүлж ирээд, амь хохирогч Г.О-ыг “унтаж байхад халаас ухлаа” гэх шалтгаанаар зодож “их, бага тархины оройн аалзан хальсан доор тархмал цус харвалт, нүүрний ясны нийлмэл хугарал, ил шарх, зулгаралт, эрүү яс, шүд, өвчүү, олон хавирга ясны хоёрлосон хугарлууд, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учруулж, амь хохирогч нь толгой, цээжний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-гийн “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 12 цаг 28 минутын үед залгахад аав утсаа авахгүй байсан. Тэр өдөр би аав руу 5-6 удаа залгасан боловч утсаа аваагүй. Маргааш нь ээжээс асуухад “...аав чинь ирээгүй...” гэж хэлсэн. ...Бид нар хуваагдаад хайсан. Манай ах О.Д- 1 дүгээр хорооллын арын дэнж орчмоор хайж байгаад 34-р гүүрний арын далан дээр цэнхэр машин харагдахаар нь очиход машин нь мөн байсан. “...Машины арын хаалгыг онгойлготол аав нил цус болчихсон, арын суудал дээрээ ухаангүй байна, түргэн дуудчихлаа, хурдан ир” гэж хэлсэн. Бид нарыг очиход цагдаа нар ирчихсэн байсан. ...Талийгаач нь 10 гаран жилийн өмнө цус харваж, нэг гар нь дээш гардаггүй, хүнд юм өргөж чаддаггүй, нэг тал нь саажилттай, нэг хөлөө байнга чирч алхдаг байсан. Алхахдаа их удаа алхдаг, 81 настай хүн байсан. Машиндаа арай хийж хөлөө өргөж суудаг, суусны дараа тээврийн хэрэгсэл жолоодоход асуудал байдаггүй. Талийгаач аав маань багш хүн болохоор төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, хүнтэй ерөөсөө маргалддаггүй байсан. Хааяа нэг Цамбагарав орчмоор такси үйлчилгээнд явдаг байсан. ...Талийгаачийн нүүр ам, эрүү, хавирга, толгой гэх мэт бүх зүйлд бүрэн бүтэн зүйл үлдээгүй. Харахад нүд хальтирмаар тийм аймаар болгосон байсан. Хөгшин настай, биеэ авч явах чадваргүй хүнийг яаж ингэж зоддог байнаа. Харваас өндөр настай, нэг тал нь саажилттай, догонцож явдаг хүнийг ийм болгож, амь насыг нь харгис аргаар хохироосонд маш их гомдолтой байна. ...” /1-р хх 34-36, 48-50, 2-р хх 126-127/,

гэрч О.Д-ийн “...манай ах, дүү нар цагдаагийн байгууллагад хандаж зарлуулаад, бүгдээрээ хайгаад, Баянхошуу явсан сураг гарахаар нь Баянхошууны гудамжуудаар хайгаад олдоогүй. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хамбын овооноос доошоо уруудаад явж байтал 34-р гүүрний зүүн талын шороон зогсоол дээр аавын машин харагдахаар нь яваад очтол нас барсан байдалтай, хөх өнгийн Э- УНУ улсын дугаартай машин дотроо байсан. ...” /1-р хх 44-45/,

гэрч Т.Э-ийн “...Я.Ч- бид хоёр 4 номерын өрөөнд ороод 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй шилтэй пиво 14 шилийг буюу нэг хүний 7 шилийг уугаад, 08-нд шилжих шөнө 02:00 цаг өнгөрч байхад караокеноос гарсан. Гараад Я.Ч- гэр лүүгээ алхаж харина гэхээр нь “таксинд суугаад яв” гээд гар өргөхөд цэнхэр өнгийн дөрвөлжин машин ирж зогсохоор нь арын хаалгыг нь онгойлгоод Я.Ч-г суулгаад явуулсан. ...” /1-р хх 146-147/,

Я.Ч-гийн яллагдагчаар өгсөн “...би караокед орж суугаад 12 шил пиво уусан. Ширээн дээр 0.75 литрийн архи байсан ба архинаас уусан. Нэг мэдэхэд шөнө болсон байсан ба миний халаасыг нэг хүн ухаад байхаар нь сэрээд хартал машин дотор сууж байсан бөгөөд тэр хүний гарыг нь түлхэж болиулаад, шууд буугаад явтал араас бууж ирээд, намайг барьж аваад, бид хоёр маргалдаж эхэлсэн. Тухайн маргаан эхлэх үед би дахиад ухаан балартсан байсан. Нэг мэдсэн тэр хүн машинаасаа нэлээд хол хэвтэж байсан бөгөөд би хажууд нь сууж байгаад ухаан ороод хартал нүүр ам нь цус болсон байдалтай байсан. Тэр хүнийг “сэрээч ээ, босооч ээ” гэж дуудахад сэрэхгүй байхаар нь тэнд үлдээгээд, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Э- тоот гэр рүү алхаад явсан. Гэртээ очиход манай ээжийн дүү С- найз охиныхоо хамт унтаж байгааг харчихаад буцаж гэрээс гараад, нөгөө хүнийг үлдээсэн газраа очиход дээш хараад хэвтэж байсан. Тэгээд би машиных нь жолооны хүрдний ард суугаад, найз Т- рүү фэйсбүүк чатаар залгаж яриад, “би хүн алчих шиг боллоо, яах вэ” гэхэд “цагдаа дууд” гэхээр нь би жолоочийн эсрэг талын суудал руу харахад цагаан өнгийн утас байхаар нь аваад цагдаагийн байгууллагын 102 дугаар луу залгаж, “согтуу хүн машин дотроо цус болсон байдалтай арын суудал дээр хэвтэж байна” гэж дуудлага өгөөд, найзтайгаа ярьж байсан утсаа таслаад, хохирогчийн хэвтэж байсан газарт очоод хохирогчийг өргөж, машины арын суудал дээр хэвтүүлээд, машиныг нь бариад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 34-ийн гүүрний баруун талын шороон зогсоол дээр аваачиж тавиад, шууд гэр лүүгээ явсан. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгах гээд хуруугаа хамар орчимд нь тавьж үзэхэд амьсгалж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Би их айж сандарсан байсан учраас амьсгалж байгаа эсэхийг нь мэдэж чадаагүй. ...Би 2024 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 02:00 цагийн үед хохирогчийг машинтай нь үлдээсэн газарт очиж, жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож харахад нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь буцаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш би тухайн газарт очоогүй. Би тухайн үед юугаар, яаж цохиж гэмтэл учруулснаа санахгүй байна. Миний хоёр гар нэлэнхүйдээ будагт дүрээд авчихсан юм шиг цус болчихсон байсан. ...” /1-р хх 92-95/ гэсэн мэдүүлгүүд,

“...Амь хохирогчийн цогцсын шинжилгээгээр их, бага тархины оройн аалзан хальсан доор тархмал цус харвалт, нүүрний ясны нийлмэл хугарал, ил шарх, зулгаралт, эрүү яс, шүд, өвчүү, олон хавирга ясны хоёрлосон хугарлууд, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх учирсан гэмтлүүд нь үхэлд хүргэжээ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл ба 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай. Эсэргүүцэн тэмцэлдсэн гэх зүйл тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь 1-р бүлгийн цустай байна. Амь хохирогч нь толгой, цээжний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13448 дугаар дүгнэлт /1-р хх 156-157/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хар куртканд үүссэн 50х45 мм, цэнхэр өмдөнд үүссэн 5х5 мм, 30х15 мм, 20х10 мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ зургаралт, хар хантаазанд үүссэн 30 мм, цэнхэр өмдөнд үүссэн 45 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт, цагаан цамц товчнууд татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарсан, цагаан цамцанд үүссэн 55х15 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3116 дугаар дүгнэлт /1-р хх 188-196/,

“...Шинжилгээнд ирүүлсэн цементэн чулуу мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Цементэн чулуу мэт зүйл дээрээс цус илэрсэн. Уг илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.О-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг. ...” тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5751 дүгээр дүгнэлт /1-р хх 216-217/,

“...Шинжилгээнд ирүүлсэн хөрсний дээж, чулуу, №1, №1 гэж дугаарласан цаас, ногоон өнгийн асаагуур зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Хөрсний дээж, чулуу, №1, №2 гэж дугаарласан цаас дээрээс цус илэрсэн. Илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Г.О-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг. ...” тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5754 дүгээр дүгнэлт /1-р хх 223-224/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “French ball” гэх бичиглэлтэй тамхины иш, “Parliament” гэх бичиглэлтэй 1 ширхэг тамхи зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. “French ball” гэх бичиглэлтэй тамхины иш дээрээс шүлс болон цус илэрсэн. “Parliament” гэх бичиглэлтэй 1 ширхэг тамхи дээрээс цус илэрсэн. “French ball” гэх бичиглэлтэй тамхины иш дээрээс илэрсэн шүлснээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Я.Ч-гийн ДНХ-ийн тогтоцтой тохирно. “French ball” гэх бичиглэлтэй тамхины иш дээрээс  илэрсэн цус, “Parliament” гэх бичиглэлтэй 1 ширхэг тамхи дээрээс илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь Г.О-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг. ...” тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5752 дугаар дүгнэлт /1-р хх 238-239/,

“...Шинжилгээнд эд мөрийн баримтаар ирүүлсэн Я.Ч-гийн өмсөж байсан хар өнгийн куртка, хар хөх өнгийн жинсэн өмд зэргээс цус илэрч байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 24 локусаар тогтоов. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Г.О-ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгааг. ...” тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 5746 дугаар дүгнэлт /2-р хх 28-30/,

“...Я.Ч- нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. Я.Ч- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. Я.Ч- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Я.Ч- нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд гадаад орчин  болон өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай байсан байна. Тухайн нөхцөлд ухамсартай үйлдэл хийх боломжтой байсныг. ...” тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1037 /2-р хх 54-56/ дугаартай дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1р хх 6-25/, аудио бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 57-58/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 73-76/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 77-80/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 96-104/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 81-89/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Я.Ч-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биеэ хамгаалж чадахгүй өндөр настай /81 настай/ Г.О-ыг зодож, улмаар их, бага тархины оройн аалзан хальсан доор тархмал цус харвалт, нүүрний ясны нийлмэл хугарал, ил шарх, зулгаралт, эрүү яс, шүд, өвчүү, олон хавирга ясны хоёрлосон хугарлууд, мөчдийн зулгаралт, цус хуралт бүхий олон тооны шарх, гэмтэл учруулан алсан үйлдсэн үйдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Я.Ч- болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Дамбажийжин, Э.Чулуунцэцэг нар “...амь хохирогчийн буруутай үйл ажиллагаанд цО-дсон, ...хэдэн настай, ямар хүн байсныг нь мэдээгүй, амь хохирогчийн эрүүл мэндийн байдлын талаар холбогдох баримтууд авагдаагүй, ...гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа тодорхойгүй, ...амь хохирогчийн биед үүссэн олон тооны гэмтлүүдийг түүний хөгшрөлтийн физиологийн өөрчлөлтүүдтэй уялдуулан харгалзаагүй, ...Я.Ч-гийн биед үүссэн гэмтлүүдэд дүгнэлт өгөөгүй, ...онц харгис хэрцгийгээр алсан гэж дүгнэхдээ оюун санааны элемент, гэмт хэрэг үргэлжилсэн цаг хугацааг харгалзаагүй, шүүгдэгчийн тухайн үеийн согтуурлын хэмжээг тогтоогоогүй, ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчээр тогтоолгоогүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлууд гаргажээ.

1. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-гийн “...машины арын хаалгыг онгойлготол аав нил цус болчихсон, арын суудал дээрээ ухаангүй байна, түргэн дуудчихлаа, хурдан ир” гэж хэлсэн. Бид нарыг очиход цагдаа нар ирчихсэн байсан. ...Талийгаач нь 10 гаран жилийн өмнө цус харваж, нэг гар нь дээш гардаггүй, хүнд юм өргөж чаддаггүй, нэг тал нь саажилттай, нэг хөлөө байнга чирч алхдаг байсан. Алхахдаа их удаа алхдаг, 81 настай хүн байсан. ...Талийгаачийн нүүр ам, эрүү, хавирга, толгой гэх мэт бүх зүйлд бүрэн бүтэн зүйл үлдээгүй. Харахад нүд хальтирмаар тийм аймаар болгосон байсан. ...”, гэрч О.Д-ийн “...34-р гүүрний зүүн талын шороон зогсоол дээр аавын машин харагдахаар нь яваад очтол нас барсан байдалтай, хөх өнгийн Э- УНУ улсын дугаартай машин дотроо байсан. ...”, гэрч Т.Э-ийн “...Я.Ч- гэр лүүгээ алхаж харина гэхээр нь “таксинд суугаад яв” гээд би гар өргөтөл цэнхэр өнгийн дөрвөлжин машин ирээд зогсоход нь арын хаалгыг нь онгойлгоод Я.Ч-г суулгаад явуулсан. ...”,  Я.Ч-гийн яллагдагчаар өгсөн “...би машиных нь жолооны хүрдний ард суугаад, найз Т- рүү фэйсбүүк чатаар залгаад “би хүн алчих шиг боллоо, яах вэ” гэхэд “цагдаа дууд” гэхээр нь би жолоочийн эсрэг талын суудал руу харахад цагаан өнгийн утас байхаар нь аваад цагдаагийн байгууллагын 102 дугаар луу залгаж, “согтуу хүн машин дотроо цус болсон байдалтай арын суудал дээр хэвтэж байна” гэж дуудлага өгөөд, найзтайгаа ярьж байсан утсаа таслаад, хохирогчийн хэвтэж байсан газарт очоод хохирогчийг өргөж, машины арын суудал дээр хэвтүүлээд, машиныг нь бариад Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 34-ийн гүүрний баруун талын шороон зогсоол дээр аваачиж тавиад, шууд гэр рүүгээ явсан. ...Би тухайн үед юугаар, яаж цохиж гэмтэл учруулснаа санахгүй байна. Миний хоёр гар нэлэнхүйдээ будагт дүрээд авчихсан юм шиг цус болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлгүүд,

“...Амь хохирогчийн цогцсын шинжилгээгээр их, бага тархины оройн аалзан хальсан доор тархмал цус харвалт, нүүрний ясны нийлмэл хугарал, ил шарх, зулгаралт, эрүү яс, шүд, өвчүү, олон хавирга ясны хоёрлосон хугарлууд, мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Амь хохирогч нь толгой, цээжний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13448 шинжээчийн дүгнэлт, хэргийн газар болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Я.Ч- нь найзын хамт караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэн, караокеноос гарч амь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд суун харихаар явж байх замдаа “унтаж байхад халаас ухлаа” гэх шалтгаанаар /өөрөө ингэж мэдүүлсэн/ хохирогчийг зодож, амь хохирогч нь толгой, цээжний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд амь насанд аюултай олон тооны гэмтлүүд нь бүгд тухайн цаг хугацаанд учирсныг тогтоосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

2. Анхан шатны шүүх Я.Ч-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үндэслэлтэй харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоосон, хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилжээ.

Учир нь, хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан “онц харгис хэрцгий” гэх ухагдахуунд хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, сэтгэл зүйн хүнд шаналал бий болгох зорилгоор зориуд ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд алсан зэрэг нөхцөл байдлуудыг хамруулдаг.

Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгааныг толгой, цээжний хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан гэж тодорхойлсон, цогцост хийсэн үзлэг, шүүх эмнэлгийн шинжилгээгээр их, бага тархины оройн аалзан хальсан доор тархмал цус харвалт, нүүрний ясны нийлмэл хугарал, ил шарх, зулгаралт, эрүү яс, шүд, өвчүү, олон хавирга ясны хоёрлосон хугарлууд, мөчдийн зулгаралт, цус хуралт зэрэг олон тооны гэмтэл учирсан нь тогтоогджээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогчид /шинжээчийн дүгнэлтэд тусгасан/ эрүү яс, ооч болон эрүүний зүүн булан хэсгийн хугарал, хоншоор яс, ухархай яс, хамар яс цөмөрч үйрсэн хугарал, өвчүү 1, 2-р хавирга, 4, 5-р хавирганы түвшинд хоёрлосон хугарал, зөөлөн эдэд цус хуралт, зүүн 1-7-р хавирга өвчүү болон эгэмний шугамаар хоёрлосон, баруун 1-8-р хавирга өвчүүний шугамаар шууд, эгэмний шугамаар 3-9-р хавирга шууд бус хугарал бүхий гэмтэл учирсныг анхан шатны шүүх олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг алсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь зөв байна.

Дээрх гэмт үйлдлүүдийг ялган зүйлчлэхэд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас үхэлд хүргэсэн, шалтгаант холбоогүй бусад хүндрэл үүссэн эсэх зэргээр ялгагдана.

Энэ хэргийн тогтоогдсон нөхцөлд байдалд дүгнэлт хийхэд Я.Ч- нь өөрийнх нь эсрэг илт эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хохирогчид олон удаагийн цохих, зодох зэрэг балмад үйлдлээр эрүүл мэндэд нь халдаж уг үйлдлийн улмаас гэмтэл учрах, хүнд хохирол, хор уршиг бий болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ойлгох боломжтой, тэрээр ийнхүү ухамсарлаж байгаа аюулыг олон удаагийн давтамж бүхий үйлдлээрээ шууд бий болгосон байна.

Түүнчлэн хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдал гэж ойлгоно.

Амь хохирогч нь өндөр настай буюу 81 настай, гэрч нарын мэдүүлгээр 10 гаран жилийн өмнө цус харваж, нэг тал нь саажилттай, ердийн хүний хэвшмэл үйл хөдлөлийг хийхэд хязгаарлагдмал буюу хүнд эд зүйл өргөж чадахгүй, нэг хөлөө чирч, удаан алхдаг байсан талаарх мэдүүлгүүд, “...цогцосны урт 163 см, 53 кг жинтэй, мах мариа, өөхөн эдийн хөгжил сул...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг авагджээ.

Тодруулбал, шүүгдэгч Я.Ч- нь бие махбодийн хувьд өөрөөс нь илтэд ялгаатай /60 насны зөрүүтэй/, өндөр настай хохирогчтой харгис хэргций байдлаар харьцан, зодож, улмаар амь хохирогч нь олон тооны гэмтэл авч нас барсан үйлдэл нь хохирогчийн “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх дээрх ойлголтод хамаарахаас гадна гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зэрэг бусад нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлтэй тогтоосон байх ба эдгээрийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Я.Ч-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Шүүгдэгч Я.Ч-гийн биед шинжээчийн дүгнэлтээр баруун сарвууны алга, бугуй, баруун сарвууны чигчий хуруу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байх бөгөөд энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.

Шүүгдэгчийн биед учирсан дээрх гэмтлийг амь хохирогч учруулсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд бий болсон байх боломжтой гэж тодорхойлоод, хохирогч эсэргүүцэн тэмцэлдсэн шинж тэмдэг тогтоогдоогүй гэжээ.

Шүүгдэгч Я.Ч- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө амь хохирогчийг “...миний халаасыг ухаад байсан”, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...миний энгэр ухаад байж байхаар нь”, давж заалдах гомдолдоо “...миний цавь орчим тэмтрээд, бэлэг эрхтэнд хүн хүрээд байх шиг байсан” хэмээн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээ өөрчилсөн нь шүүхээс хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон субъектив санаа зорилгыг тогтоолгох үндэслэл болохгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүйгээс гадна мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үндэслэл болохгүй.

4. Прокуророос гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2024 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02-04 цагийн хооронд гэж тодорхойлсон байх бөгөөд гэрч Т.Э- “...Я.Ч- бид хоёр ...08-ныг шилжих шөнө 02:00 цаг өнгөрч байхад караокеноос гарсан...” гэж мэдүүлснээс гадна, амь хохирогчийн Э- дугаарын утаснаас 10 сарын 08-ны шөнийн 04 цаг 03 минутад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байх ба үүний дагуу ирсэн цагдаагийн алба хаагч Х.Тулга, Ж.Уртнасан нарын гэрчээр өгсөн “...”Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 34 дүгээр байрнаас хойш дэнж рүү өгсөөд баригдаж байгаа гүүрэн дээр зодуулсан байдалтай, нүүр, ам нь цус болсон хүн хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг 04 цаг 08 минутад хүлээн авч, дуудлага өгсөн газар ирэхэд Э- УНУ дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй байсан. дуудлага өгсөн Э- дугаар луу удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан учир ойр орчимд 300-400 метрийн зайд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд тухайн тээврийн хэрэгсэл олдоогүй. ...” /1-р хх 115, 120/, Я.Ч-гийн “...Т- рүү фэйсбүүк чатаар залгаад “би хүн алчих шиг боллоо, яах вэ” гэхэд “цагдаа дууд” гэхээр нь би жолоочийн эсрэг талын суудал руу харахад цагаан өнгийн утас байхаар нь аваад цагдаагийн байгууллагын 102 дугаар луу залгаж, “согтуу хүн машин дотроо цус болсон байдалтай арын суудал дээр хэвтэж байна” гэж дуудлага өгөөд..., нэг тамхи татчихаад 5 орчим минутын дараа хохирогчийг өргөж, машины арын суудал дээр хэвтүүлээд, машиныг нь бариад 34 дүгээр байр руу яваад гүүрний баруун талын шороон зогсоол руу оруулж тавиад, шууд гэр рүүгээ явсан. ...” гэсэн мэдүүлэгүүд /1-р хх 93-94, 135-138/, камерийн бичлэгт үзлэг хийсэн “...2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 02 цаг 06 минутад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээр цэнхэр өнгийн Chevrolet Cruze маркийн Э- УНУ тээврийн хэрэгсэл явж байсныг харуулав. ...2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 05:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрээр цэнхэр өнгийн Chevrolet Cruze маркийн Э- УНУ тээврийн хэрэгсэл явж байсныг харуулав. ...2024 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 04:42 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гудамжинд сэжигтэн Я.Ч- явган алхаж байв.” гэсэн тэмдэглэл /1-р хх 81-88/ зэргээр гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2024 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн 02-04 цагийн хооронд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн хэргийн үйл баримт, цаг хугацааны дарааллыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхийг анхаарч, хэргийн бодит байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг бүхэлд нь үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй тул “...гэмт хэрэг гарсан цаг хугацааг зөв тодорхойлоогүй” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар 16 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн...” гэж зааснаар бүх насаар хорих ял оногдуулж болохоор заасан гэмт хэрэгт дээрх ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглэхгүйн дээр “...Я.Ч-г сэтгэхүйн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд авч үзэх, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй.” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгах боломжгүй талаар хийсэн анхан шүүхийн шийдвэр тухайн хуулийн зорилго, жинхэнэ агуулгад нийцжээ.

6. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.2-т “...Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”, 2.10-т “Энэ журмын 2.1.1.-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус зааж тодорхойлсон байна.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт гаргах ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-гийн сэтгэцэд учирсан хор уршиг ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д- нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршигт баримтаар 20.621.347 төгрөг нэхэмжилж, шүүгдэгч 20.621.463 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн Д- дугаартай гар утас, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Хаан” банкны тэтгэврийн виза карт зэргийг нэхэмжлээгүй гэж тайлбарласан болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2732 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д- нь сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Ч-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ж.Дамбажийжин, Э.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ч-гийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 66 /жаран зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР

            ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН