Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00103

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Д.Уранчимэг

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

             Шүүгдэгч                                         Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Гт холбогдох 1832000000099 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Өөлд овогт Буяннэмэхийн Г.

 

Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Худгийн №33 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Ж.Гшийн эрх чөлөөнд халдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 08 дугаар сарын 15-нд найз Дг өөр нэг найзын хамт Тарни голын эрэг дээр 2 шил 0,75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад Дгий хамт гэр лүү явъя гээд алхаж байх явцдаа согтсон. Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд шөнө гэртээ унтаж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.Гш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай нөхөр Б.Г өөрийн найз Дгий хамт 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирэхээр нь би цай, хоол хийж өгсөн чинь манай нөхөр Б.Г би будаатай хоол идэхгүй гэхээр нь би буцаагаад ширээн дээр тавьчихаад найзад нь хийж өгсөн хоолоо бас ширээн дээр тавьсан чинь “чи миний найзад болохоор гарт бариулчихаад надаа бариулсангүй” гэж хэлсэн. Тэгээд намайг хэрэгцээгүй хоолны сав, янхан гичий гэх зэргээр агсарсан. Би тэгэхээр нь өөдөөс нь хэрүүл хийсэн. Тэгтэл босч ирээд намайг орон дээр сууж байтал үснээс зулгаагаад газар унагаасан. Ингээд гараараа нүүр лүү 6-7 удаа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/

Гэрч Х.Дг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Манай найз Б.Г “чи миний найзад болохоор гарт бариулж өглөө надад болохоор гарт бариулж өгсөнгүй” гээд эхнэрийгээ 2-3 удаа алгадаад авчихсан юм. Тэгэхээр нь би босоод хувцасаа өмсөх хооронд Б.Г эхнэрийнхээ хүзүүн дээр нь дарж байгаад түлхчих шиг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/

           2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №137 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ... 

         1. Ж.Гшийн биед уруулын баруун буланд шарх, баруун нүдний доод зовхи, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, толгойн хуйх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/

         Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /ХХ-ийн 20 дугаар хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 37 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Гын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас/ 31 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг Худгийн №33 тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Ж.Гшийн эрх чөлөөнд халдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ж.Гшийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/, Гэрч Х.Дгий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №137 дугаартай Шинжээчийн дүгнэлт  /ХХ-ийн 19-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /ХХ-ийн 20 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Гыг эхнэр Ж.Гшийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож”, биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Г нь * тоотод байрлах өөрийн гэртээ 2018 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Ж.Гшийн эрх чөлөөнд халдан зодож улмаар Ж.Гшийн биед уруулын баруун буланд шарх, баруун нүдний доод зовхи, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, толгойн хуйх, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өөлд овогт Буяннэмэхийн Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Б.Гын торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.