| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 19390078504229 |
| Дугаар | 2026/ДШМ/01 |
| Огноо | 2026-01-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/01
2026 01 19 2026/ДШМ/01
Р.З-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,
Прокурор: Д.Ч,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.М,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгч: Р.З,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.З, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлоор, Р.З-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Хэнтий аймгийн прокурорын газраас Р.З-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: шүүгдэгч Р.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “ онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д ...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй... гэж заасан
Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэхдээ 1хх-ийн 111 талд байх насанд хүрээгүй гэрч 3. Н-н мэдүүлэг болон 113-р талд байх гэрэл зургийн үзүүлэлтийг нотлох баримтаар тооцсон бөгөөд ингэхдээ 1хх-110-р хуудсанд байх насанд хүрээгүй гэрч 3.Э-н таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй гэрч З.Н 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ ...аав нэг ахыг зодсон талаар манай дүү Э надад хэлсэн би бол аавыг зодсон хүнийг хараагүй гэж мэдүүлсэн атал таньж олуулах ажиллагаагаар талийгаач Ө-г мөн гэж заасан тэмдэглэлийг үндэслэл болгосон хэрнээ тухайн нөхцөл байдлыг нүдээр харсан гэх насанд хүрээгүй гэрч 3.Э-н аавын зодсон гэх хүн энэ дунд байхгүй байна гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл нотлох баримтыг хэрхэн яаж үгүйсгэж байгаагаа тусгаагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан... гэж заасан. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэрч Д.Б гэх хүнээс мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт Би 2019 оны 11 сараас хойш Х ХХК-ны Х сумын Э захын баруун талын уурын зууханд хүний оронд 2 удаа гарсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2-р баг 99 супер маркетийн гаднаас бор саарал өнгийн приус-20 маркийн такси бариад Ө овогтой З-н хамт З-д очсон. Тэгээд яваад очтол талийгаач П.Ө, Р.З-н гэрээс нүүр ам нь цус болчихсон гарч ирсэн... Би эндээс цааш мэдүүлэг өгөхгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэж мэдүүлсэн байдаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ...Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээс бусад тохиолдолд 9.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэрч шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг хамааралгүй мөртлөө мэдүүлэг өгөхөөс татгалзсан явдал нь дээрх хуулийг зөрчиж байгаа, үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй юм. Гэтэл гэрч Д.Б нь Р.З-тай гэр бүлийн хамааралгүй бөгөөд цагдаа, прокурорын байгууллага хэргийн бодит байдлыг тогтоохын тулд цааш нь шалгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд гэрч Б-с мэдүүлгийг бүрэн гүйцэт авах, уг мэдүүлэгт дурдагдсан Ө.З гэх хунийг олж тогтоон мэдүүлэг авах мөн тухайн 2 хүний сууж ирсэн гэх машин болон жолоочийг олж тогтоон хэргийг бүрэн гүйцэт шалгах ёстой байсан гэж үзэж байна.
Мөн 2019 оны 11 сарын 27-ны өдөр Р.З ээлжийн ажилд гарч 28, 29-ний өдрүүдэд амарч байх хугацаандаа О, Т, Ц нартай өөрийн гэртээ архи ууж байсныг гэрч Г мэдүүлсээр байхад гэрчүүдээс энэ талаар асууж тодруулж цаг хугацааг нарийвчлан тогтоохгүй орхигдуулсан, хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тогтоож чадаагүй юм. Иймд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...“ гэжээ.
Шүүгдэгч Р.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би “Х” ХХК-д машинистаар олон жил тууштай 24 гарч 48 цаг амардаг байсан. Бид сардаа нэг удаа хуралдаж ээлжинд гарсан өдөр болгондоо цагаа бүртгүүлж цалингаа тооцуулдаг байсан. 2018 оны 12 дугаар сард гэнэт Цагдаагийн байгууллагаас намайг хүн амины хэрэгт мөрдөн шалгаж саатуулснаас би анх удаа манай байгууллагад Ө гэх залуу ажиллаж байсан талаар мэдсэн. Үүнээс өмнө би Ө гэж ямар хүн болох манай байгууллагад ажиллаж байсан эсэх талаар огт мэдээгүй. Би нэг ч удаа Ө гэх залуутай архи ууж, маргаж, зодолдох, гэртээ авч ирэх битгий хэл уулзаж мэндэлж ч үзээгүй нь үнэн. Би “Х” ХХК-д олон жил ажилласан болохоор нэг зууханд гардаг залуучууд маань ирж архи уудаг байсан нь үнэн боловч Ө-н хувьд манайд ирж байгаагүй. Сүүлд сонсох нь талийгаач манай нэг уурын зууханд ажиллаад удаагүй байсан юм байна лээ.
Хэрэг явдал болсон гэх цаг хугацаанд би 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ээлжинд гарч 28, 29-өдрүүдэд амарсан бөгөөд амралтын 2 өдрийнхөө аль нэгэнд өөрийн танил ах О түүний найз Т гэх ах, эхнэр Д-н хамт гэртээ архи ууж өнжсөн байдаг. Олон жил өнгөрсөн учир би яг 28, 29-ний өдрүүдийн алинд нь эдгээр хүмүүстэй архи ууснаа санахгүй байна. О тэр бүр манайхаар орж гараад байдаггүй. Хааяа нэг таарч архи уухаараа агсарч, хүнтэй хэрүүл хийж маргаад байдаг байсан бөгөөд тухайн үед хамт архи уучихаад надтай маргаад бид хоёр зодолдож муудалцаж, би уурандаа ...толгойг нь цохиод хагалсан асуудал байдаг. Үүнээс өөрөөр би хүнтэй маргаж муудалцаж явсан зүйлгүй.
Тухайн үед намайг цагдаагаас хорьж эхнэр, хүүхдүүдийг маань хоол ундгүй, өдөржин цагдаа дээр байлгаж, эхнэр Д-г маань загнаж, дарамталж хүүхдүүдийг чинь асрамжинд өгнө. Чамайг хүн алсан гэж хамт явуулна гэх зэргээр айлгаж сүрдүүлж мэдүүлэг авсан байсныг би сүүлд эхнэртэйгээ утсаар ярих үедээ мэдэж авсан. Хүүхдүүд маань тухайн үед мөн хар нялхаараа нэг нь 9 настай, нэг нь 6 настай бөгөөд О-тай маргаж зодолдсон зүйлийг маань хараад цагдаад тэр талаар хэлсэн байх гэж бодсон. ...Манай амьдралын боломж тааруу, хүүхдийн мөнгө, миний сарын цалингаар амьдардаг. Сэтгэцийн өвчтэй ээж, бие муутай ахынхаа хамт амьдардаг байсан учир байнга хонь, ямаа, үхэр гээд амьтдын гэдэс бойноос авч цэвэрлэж хоол хийж иддэг байсан. ...хашааны гадна цус байгаа нь малын цус байсан гэж үзэж байна. Магадгүй тухайн гэдсийг нохой шувуу хог дээрээс зөөж ийш тийш нь зөөхдөө цусыг нь дусаасан болов уу? гэж бодох юм.
Би эхнэр Д-т О-н толгойг нь цагдаад харуул, болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэл, айх зүйл байхгүй гэж олон удаа хэлсэн байсан, яагаад эхнэр маань худал хуурмаг мэдүүлэг өгснийг одоо ч ойлгохгүй байна.
Манай гэрээс Ө-г цус, хөлс болчихсон гарч ирсэн гэж миний огт танихгүй Б гэж хүн гэрчээр мэдүүлэг өгснийг би бодоод олохгүй байна. Би Б болон түүний мэдүүлэг дээр гарсан З гэх хүнийг огт танихгүй бөгөөд Б мэдүүлэгтээ уурын зууханд хүний оронд хоёр удаа гараад таньдаг болсон гэсэн. Б, талийгаач Ө бид нар өөр өөр уурын зууханд ажилладаг байсан бөгөөд талийгаачийг ажилд орсон цаг хугацаанаас хойш бид нэг ч удаа хурал хийгээгүй учир танилцах ямар ч боломжгүй.
Мөн би хоёр хүнийг хувьдаа сэжиглэж явдаг. Тухайн үед П.Ө-тай хамт уурын зууханд гарч байсан гэх Б юм. Учир нь манай гэрт Б 5 сараас хойш амьдарч, өвчтэй ээж, эхнэр, хүүхдийг минь айлгаж дарамталж, танай хүү чинь, нөхөр чинь одоо шоронгоос гарахаасаа өнгөрсөн, та нар миний атганд орсон. Шоронгийн ялтанг эргэх гэлээ гэж эхнэр Д-г маань зодсон талаар шүүх хурлын өмнө охин Н хэлсэн. Нөгөөх нь Б.М гэх залуу бөгөөд манайхаар ирэхгүй олон жил болсон мөртлөө хэрэг явдал болсон гэх тэр үеэр хоёр удаа намайг ээлжинд гарах үеэр ирж хоносон байсан. Би энд нэр гарсан хүн бүрийг шалгуулмаар байна. Б, Б, М нарыг бүгдийг нь татаж шалгуулмаар байна.
Би хүн алаагүй. Хэрэв алсан бол миний гэр орноос тухайн хүний цус илрэх байсан биз, мөн хашаан дотор байсан болон хашааны гадна байсан цус мэт зүйлийг хүн малын аль болохыг тогтоож чадаагүй хэрнээ, намайг хилс хэрэгт гүтгэж амьдралыг минь дуусгаж байгаад гомдох юм. Энэ хэрэгт хилсээр гүтгэгдсэнээс хойш амьдрал минь орвонгоороо өөрчлөгдсөн. Эхнэр маань архичин болж, хүүхдүүд маань гадуурхагдаж, өвчтэй эх маань бие нь улам муудаж, гэр оронд гадны эр ноёлж, ажил амьдрал юу ч үгүй болсон. Би хэрэг хийсэн бол хүлээнэ, гэвч хэрэг хийгээгүй. Хэргийн төлөө бүх зүйлээ алдаж байгаад маш их гомдож байна. Мөн би М болон Н нарт хүн алсан гэж хэлж байгаагүй. Намайг гүтгэж байна. Эрхэм шүүгчид минь үнэн зөвийг олж тогтоож, хуулийн дагуу дахин шалгаж, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж шударгаар шийдвэрлэж өгнө үү...“ гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Р.З-н хувьд 2015 оноос анх Х компанийн уурын зуухны машинистаар ажиллаж эхэлсэн. Харин талийгаач Ө-н хувьд 2019 оны 11 дүгээр сараас ажилд ороод амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн үед Р.З нь 2 дугаар уурын зууханд ажилладаг байсан бол талийгаач Ө 7 дугаар уурын зууханд ажиллаж байсан. Талийгаач Ө-г ажилдаа орсноос хойш тухайн байгууллагын машинистуудын дунд ямар нэгэн хурал цуглаан зохион байгуулаагүй талаар тухайн үед инженерээр ажиллаж байсан М гэрч гэрчилдэг. 2 дугаар уурын зуух болон 7 дугаар уурын зуух нь хоорондоо нэлээн зайтай 2 талд байдаг. Х компанийн машинистууд Бэрхийн уурын зуухнуудтайгаа нийлээд 6 тооны машинист ажилладаг.
2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.З тухайн уурын зууханд ээлжинд гарсан байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амраад 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эргээд ажилдаа гарсан. Харин талийгаач Ө 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажилдаа гараад 2019 оны 11 дүгээр сарын 27, 28-нд амарч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарах байсан. Өмгөөлөгчийн зүгээс Х компанид хүсэлт гаргаж албан ёсны цагийн хуваарь, бүртгэлийг нь шүүхэд өгсөн бөгөөд энэ дээр тодорхой харагддаг. Хэрэг учрал 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон гэж улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ дурдаж, шүүгч мөн адил болсон асуудлыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон гэж тэмдэглэсэн.
Шүүхээс гэм буруутай гэж тогтоохдоо гэрч Д-н мэдүүлгийг үндэслэл болгосон. Д 2 удаа мэдүүлэг өгсөн боловч хоёулаа зөрүүтэй мэдүүлэг байдаг. Д эхний мэдүүлэгтээ “би 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цаг 30 минутын үед эцэг эхийн хуралд суугаад 19 цаг 35 минутад ирсэн. Гэртээ ороход чихрийн таваг цус болчихсон, хагарчихсан байдалтай байсан. Хадам ээж рүү ороод юу болсон талаар асуухад хадам ээж уйлаад хойно хүмүүс зодолдоод, маргалдаад байсан гэж хэлсэн. Тэгээд би *******аас өөрөөс нь болсон асуудлын талаар асуухад манай бие муутай ах орж ирээд тамхи нэхээд байхаар нь би зодчихсон юм гэж надад хэлсэн” гэж мэдүүлдэг бол дараа нь “намайг гэрээс гараад явахад Р.З согтуу гэртээ ганцаараа унтаад үлдсэн, 16 цагийн алдад Р.З р өөрөөсөө дүү хүнтэй гэртээ орж ирсэн. Тэгээд нөгөө хүн нь нэг шил архи тавиад энэ 2 үлдсэн. Тэгээд намайг 18 цагийн үед ирэхэд Р.З байхгүй байсан гэж ярьдаг. Р.З-г хаашаа явсан юм бэ гэж асуухад нөгөө найзтайгаа цуг гараад явсан” гэж хэлсэн байдаг. Ийм 2 өөр эсрэг тэсрэг мэдүүлэг өгчихөөд байхад энэ мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон.
Даваацэцэгийн хувьд бага боловсролтой, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, юмсыг ойлгох чадвар муутай хүн юм. Жишээлбэл 2019 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 00:00 цагийн орчим манай гэрийн гадаа Ц , Ц гээд дуудаад байсан. Манай нөхрөөс өөр хүн тэгж дууддаггүй, манай нөхөр байсан байх гэж мэдүүлэг өгсөн байсан. Гэтэл хэргийн материалыг уншиж үзэхээр н.М гэдэг З-н зүс таньдаг гэр оронгүй, айл амьтнаар унтаж хонож өнжөөд явдаг залуу 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу Р.З-г ээлжиндээ гарсан үед гэрт нь ирж нэг удаа хоносон. Дараа нь 12 дугаар сарын 01-ний шөнө 00:00 цагийн алдад гэрт нь ирж хоносон асуудал байдаг. Ийм зүйлийг тайлбарлаж ярихдаа хольж сольж ярьдаг юм уу, өөрийгөө илэрхийлэх, мэдээлэл өгөх чадвар сул хүн юм гэдгийг хэлмээр байна.
Насанд хүрээгүй гэрч Э , Н гэдэг Р.З-н хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдийг хууль ёсны төлөөлөгч гэж хэн нь мэдэгдэхгүй, сургуулийн багш юм уу, цэцэрлэгийн багш юм уу гэдэг нь ч мэдэгдэхгүй, хаанаас олоод ирсэн юм гэмээр хүн авчраад сурган хүмүүжүүлэгч гэж оролцуулаад эцгийнх нь эсрэг мэдүүлэг авчихсан. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч өөрийн гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. Үүнийг ойлгох чадваргүй хүүхдүүд дээр сурган хүмүүжүүлэгч гэх хүнийг оролцуулаад эцгийнх нь эсрэг мэдүүлэг авчихсан байдаг.
...Гэрчийн мэдүүлэг өгсөн Н, М нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр нөхөр хүмүүс юм. Д согтуудаа Р.З хүн алсан гэх зүйлийг ярьсан байдаг. Д, Р.З нар нь ийм зүйлийг хэлсэн үгүй нь тодорхойгүй, шууд нотлох баримт гэж үзэх боломжгүй зүйлийг хэлсэн байна гэж үзээд үндэслэл болгоод байдаг. Д-н хувьд архины хамааралтай, баг хорооныхоо нутаг дэвсгэр дэх нэгж, удирдлагад байнгын хяналтад байдаг хүн юм. Гэтэл Н, М 2-т хүн алсан талаар эхнэр нь хэлсэн юм чинь гээд нотлох баримтаар тооцож яллах дүгнэлт дээрээ дүгнэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлтэд Р.З-н гэрээс хураан авсан эд зүйлээс цус, арьсны эд, биологийн гаралтай толбо илрээгүй, мөн 2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд Өлзийхутагийн баруун, зүүн гарын 2 ширхэг хумсанд цус болон арьсны эд илрээгүй гэж дүгнэсэн. Хэрэв З талийгаач Ө-тай зодолдож маргалдаж, хоорондоо барьцалдаж авсан асуудал байдаг бол яагаад илрэхгүй байгаа юм.
Анхан шатны шүүх хуралдаанд хашааны чинь тэнд цустай байсан, гэр дотор чинь цус байсан гэж яриад байгаа боловч цусны шинжилгээгээр яагаад гарахгүй байгаа юм. Хүний цус уу, малын цус уу гэдгийг ялгах боломж байгаа шүү дээ. Гэрээс нь хурааж авсан, хэрэгт ач холбогдолтой гэж үзээд байгаа нотлох баримтуудаас биологийн гаралтай цус илрээгүй.
...гэнэт Б гэдэг гэрч гарч ирсэн. ...Энэ хүнийг яаж авчирсан бэ гэхээр 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 419 дүгээр ангид ял эдэлж байсан хүн байдаг.
...Талийгаач тухайн нөхцөл байдалд оршуулгын газраас олдсон гэдэг. Р.З үнэхээр талийгаачийг зодож цохиод алчихсан юм бол яаж зөөсөн юм, юугаар зөөсөн юм, ямар машинаар явсан юм, хэнтэй хамт явсан юм, ул мөр нь байгаа юм уу гэхээр огт баримт байдаггүй. Чирч явсан юм уу, үүрээд явсан юм уу гэдэг нь тодорхой биш.
...Р.З ...талийгаач Ө-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байхгүй байна. Иймд өөрийн гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг дэмжиж оролцож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Р.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Өлзийхутаг гэдэг хүнийг алаагүй, энэ гэмт хэргийг үйлдээгүй. Бид хоёр өөр өөр уурын зууханд ажилладаг байсан. Би М гэдэг хүнийг шалгуулмаар байна. ...Н, М гэх хүмүүс намайг хүн алж байсан гэх худал мэдүүлэг өгсөн байсан. Би тийм зүйл яриагүй, энэ хүмүүсийг таньж мэдэхгүй. ...Би адуу, үхрийн гэдэс гэсгээх гээд оруулсан байсан. Цагдаа нар намайг 12 дугаар сарын 03-ны өдөр авчирч хийгээд 12 дугаар сарын 09-ний өдөр байцаасан. Эхнэр хүүхдийг маань хүртэл авчирч байлгаад, хоол ундгүй хэдэн цагаар хорьж тус тусад нь хүчээр мэдүүлэг авсан. Хүүхэд хөгжлийн төвд хүүхдүүдийг маань хорьж байгаад 6-лангаас нь мэдүүлэг авсан байсан. Тэгэхэд эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч Б, прокурор Ч нар байсан. Би хүүхдээсээ асуухад би тийм зүйл яриагүй, надаас тэгээ биз дээ ингээ биз дээ гээд мөн чихэр боов авч өгнө гэж хэлээд мэдүүлэг авсан гэсэн. Би энэ хэргийг хийгээгүй учраас хэргийг маань цагаатгаж өгнө үү...“ гэв.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан 15 төрлийн нотлох баримт, мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнд тогтоогдсон баримтууд зэргээр анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь тогтоож үндэслэлтэй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч Р.З нь амь хохирогч Ө-г танихгүй, уулзаж байгаагүй гэдэг нь дараах нотлох баримтуудаар няцаагддаг. Гэрч Д , насанд хүрээгүй гэрч Э , таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. ...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тухайн хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Г гэдэг хүн 2019 оны 11 дүгээр сарын 27 юм уу 28-нд очиж мод хөрөөдсөн гэж байна. Тэгэхээр энэ хүн болсон үйл явдлыг хараагүй болох нь тодорхой болж байгаа юм. Учир нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 11 дүгээр сарын 29-ний өдөр гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч зөвхөн Д-н мэдүүлгийг үндэслэж ялласан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Д-с дахин мэдүүлэг авахад би байлцсан, мөн өмгөөлөгч байлцуулсан. Тэгэхэд хагарсан тавгийн талаар, цус нөж болсон талаар, хойд талын байшинд хүмүүс зодолдсон талаар тодорхой мэдүүлгүүд өгсөн нь өмнөх мэдүүлэгтэйгээ таарч тохирч байдаг. Энэ дээр ямар нэгэн ноцтой зөрүүтэй зүйл байхгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 173-177, 179-182 дугаар талд авагдсан Даваацэцэгийн 2 удаагийн мэдүүлгээр хангалттай нотлогддог.
Насанд хүрээгүй гэрч Э-с дахин мэдүүлэг авахдаа миний бие болон өмгөөлөгч байлцуулсан, 1 дүгээр хавтаст хэргийн 192-194 дүгээр талд авагдсан. Ингэхдээ болсон үйл явдлын талаар маш тодорхой дурдсан байдаг. Аав зодсон хүнтэйгээ араас орж ирсэн, би ямар ч байсан хутга нууж байсныг санаж байна гэдэг. Иймд дээрх мэдүүлэг болон Д-н дахин өгсөн мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагааны үр дүн зэрэг нотлох баримтууд бие биеэ нотолж байдаг. Дээрх баримтуудаар болсон үйл явдлыг сэргээн дүрслэхэд хангалттай нотлогдон тогтоосон гэж үзэж байгаа.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Д-н мэдүүлэг зөрүүтэй байсан гэж яриад байна. Гэхдээ дахин өгсөн мэдүүлгээр өмнө яриагүй зүйлийг ч юм уу, эсхүл дутуу асуусан асуултыг илүү дэлгэрэнгүй байдлаар авсан нь харагддаг. Иймээс ямар нэгэн зөрүүтэй зүйл болон нэг зүйлийг 2 өөр янзаар ярьсан зүйл огт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр амьтны эсхүл хүний цус илрээгүй гэж байна. Гэхдээ илрээгүй байх нь үндэслэлтэй. Д-н мэдүүлэгт тухайн үйл явдал болсны дараа гэрээ угааж цэвэрлэе гээд бүх зүйлийг угааж цэвэрлэсэн болох нь тогтоогддог.
...Б гэх хүн худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон. Тэр хүн болсон асуудлаас цааш юу ярих вэ гэдгээ мэдэхгүй тийм нөхцөл байдал үүссэн учраас тухайн мэдүүлгийг мөрдөгч, прокурорын зүгээс яллах талын нотлох баримт болгоогүй. Дээрх гэрчийн мэдүүлэг өгч байгаа биеийн хэлэмж, хувийн байдал, ярьж байгаа зүйл нь хэргийн бодит байдал, цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй байдал үүссэн учраас тухайн мэдүүлгийг яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд огт дурдаагүй.
...Насанд хүрээгүй гэрч болон Д-н мэдүүлэг дээр бордуу царайтай, өөрөөс нь дүү хүн байсан гэдгийг чухалчилж авч үзэх нь зүйтэй. Гэрч Н-н мэдүүлэг дээр “Д нь манай гэрт очоод Р.З хүн алчихлаа гэж чангаар хэлж байсан. Өөдөөс нь Р.З уурлаж танай нөхрийг ална, би өмнө хүн алж байсан хүн шүү гэх утга агуулгатай зүйл ярьсан” гэдэг. Энэ мэдүүлгийг Н-н нөхөр болох М мөн адил хэлсэн байдаг. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг өмгөөлөгч ямар үндэслэлээр худал мэдүүлэг гэж үзэж байгаагаа тайлбарлаж хэлэхгүй байна. Энэ асуудал анхан шатны шүүх хурал дээр хүртэл яригдсан. Тэгэхэд шүүгдэгчийн зүгээс тодорхой үндэслэлтэй хариулт өгөөгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаагаар тогтоосон нөхцөл байдал, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 15 төрлийн бичгийн нотлох баримтуудыг үндэслэхэд шүүгдэгч Р.З дээрх гэмт хэрэгт гэм буруутай. Анхан шатны шүүх хангалттай хүрэлцэхүйц нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн Ш-н мэдүүлэг, Н-н мэдүүлэг, М нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж оролцож байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.З , түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Р.З нь согтуугаар Хэнтий аймгийн Х сум, ...дугаар баг ... тоотод өөрийн гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр П.Ө-тай маргалдаж, улмаар зодож, түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож буюу онц харгис хэрцгийгээр алсан болох нь:
-Гэрч Г.Д-н “...Тэгээд гарах гээд үүд рүү эргээд хартал нөгөө чихрийн таваг маань их цус нөж болчихсон хагарчихсан байсан ...зогсож байхад З гэр рүү орж ирсэн. Ханиа юу болсон юм бэ? Халуун сав хагарчихсан байна гэсэн чинь манай хүн согтуу өөдөөс “...мэдэхгүй, мэдэхгүй...” гээд байсан. Тэгээд араас нь 2 хүүхэд маань ягаан өнгийн халаад нөмөрчихсөн орж ирсэн. Миний хүүнүүд хаана байсан юм бэ гэж асуухад том охин Н "Ээжээ би ааваас айгаад байшингийн ард зогсож байсан юм аа" гэж хэлсэн.
2019 оны 11 сарын 30-ны өглөө ...өөрөөс нь "энэ юу болсон юм бэ, яасан юм бэ?" гэж асуусан, тэгсэн эхлээд надад "би шүүгээнээс халуун сав авах гэж байгаа хагалчихсан юм аа" гэхээр нь би "тэгээд яагаад цус болсон юм бэ" гэж асуухад "бие муутай ах маань орж ирээд тамхи нэхээд байхаар нь тамхи байхгүй гэж хэлээд зодсон, хамраас нь цус гарсан" гэж хэлсэн. Тэгээд би тэр өглөө өөрөөс нь зөндөө олон удаа асуусан, надад өөр юу ч хэлээгүй. Тэгээд манай нөхөр "2-лаа ханиа гэрээ цэвэрлэе" гэж надад хэлсэн, ...тэгээд нөхрөөс юу болсон юм бэ гээд байн байн асуусан боловч юу ч хэлээгүй. ...Охин Н ...аав энэ 2 хоорондоо зодолдоод байсан, тэгээд аавын зодсон ахаас их цус гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173-177-р хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч З.Н-н “...аав нөгөө хүний ...гарнаас хүлсэн, тэгээд дараа нь гэдэс рүү өшиглөөд, дараа нь нүүр рүү нь гараараа цохисон ...манай шүүгээний энд цус, дээрээс нь шил хагарчихсан байсан. ...аавд зодуулсан хүн ...жоохон дүү хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185-р хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч З.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав тэр ахыг гараас нь дүүжлээд зодсон. Гэдэс рүү нь 4 удаа, нүүр рүү нь 5 удаа цохисон. ...тэр өдөр 2 шил архи /тэр хүнтэй/ уусан. дүү хүн байсан... .../аав нь Э- ахтайгаа маргалдаж муудалцсан уу гэсэн асуултад/ үгүй гэж хариулсан...” мэдүүлэг /1-р хх-ийн 188-190-р тал/,
-Насанд хүрээгүй гэрч З.Э-н “... Манай гэрт манай аавд зодуулсан хүн хоёр бие биетэйгээ хараалын үг хэлж маргалдаад, заамдалцсан, тухайн үед...аав зөрүүлээд цохисон, шүүгээний хажуу талд байсан цус бол тэр хүнийг манай аав түлхэхэд цааш унахдаа шүүгээ мөргөөд хажуу тийшээ унасан, тэгэхэд толгойных нь араас цус гарсан байх,...аав зодуулсан хүнтэйгээ хамт араас орж ирсэн...ямар ч байсан хутга нууж байсан гэдгээ санаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 192-194-р хуудас/,
-Гэрч А.Н-н “...Д нь...манай гэрт бага зэрэг архи уучихсан ганцаараа орж ирээд “манай нөхөр З хүн алчихлаа” гэж чангаар хэлж байсан...өөдөөс З уурлаж танай нөхрийг ална, би өмнө нь хүн алж байсан хүн шүү гэх утгатай зүйл хэлж хараагаад бахираад байхаар нь би айгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32-р хуудас/,
-Гэрч Ю.М-н “...Р.З нь архи их уудаг,...би хүн алсан хүн, цагдаа нь намайг тогтоож чадаагүй байгаа, би чамайг алж чадна гэж хэлж намайг байнга занаж байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38-р хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 92-103-р хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Э , Б.Д , С.Ч нарын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүүнэлт /2-р хх-ийн 110-118-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 39-61-р хуудас/,
-Амь хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 104-109-р хуудас/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 111, 113-р хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-126-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-н мэдүүлэг /1-р хх-ийн 131-132-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.З , түүний өмгөөлөгч Б.Б нар нь “...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, болж өнгөрсөн үйл явдлыг бодитойгоор тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим нэг ажиллагааг дутуу дулимаг явуулсан, хуульд заасан журмыг зөрчсөн, бүрэн тодруулвал зохих зүйлийг гүйцэд шалгаагүй зэрэг алдаа зөрчил харагдаж байгаа боловч эдгээр нь хэргийг удаан хугацаанд шалгах явцад ач холбогдлоо алдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байгаа тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Р.З, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.З, түүний өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/245 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.З-н цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.