Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 00105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Шүүгдэгч                                          Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Мад холбогдох 1832001270100 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр баг Арцатын №11 тоотод оршин суудаг, * дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,  /*/ Боржигин овогт Бямбын М.

 

Б.М нь * 2018 оны 07 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эцын эрх чөлөөнд халдан зодож улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Эц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хонины гэдэс дотор янзалж байхад Зж, М, Дн гурав ирчихсэн байсан. Тэгээд бид хэд архи ууцгаасан. Миний мэдэхийн 2 шил 750 граммын архи уусан. Би тасраад гэрт ороод унтчихсан байсан. Тэгтэл миний зүүн шанаан тус газар нэг хүн цохисон. Би гайхаад харах гэтэл дахиад цохисон. Тэгэхээр нь нүүрээ дараад хэвтсэн. Тэгтэл дээрээс хэд хэдэн удаа хавирга нуруу руу цохисон. Ингээд намайг татаж газар шалан дээр унагаагаад хавирга руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгтэл хэн нэгэн хүн бакалаар битгий өшиглөөд бай болиоч дээ гэж хэлж байгаа нь сонсогдсон. Ингээд намайг зодохоо больсон. Намайг зодохоо болингуут би гэрээс гараад явсан. Би дугуйгаа унаад явж байхдаа толгой эргээд унаад байсан. Тэгээд дугуйгаа түрээд ээжийнхээ хашаанд очоод түлээний амбаарт орж унтсан. Ингээд маргааш нь гэрлүүгээ дугуйгаа түрээд явсан. Эхнэр маань миний нүүрийг хараад хэн зодсон юм гэхээр нь би М, Зж хоёр зодсон байх гэж хэлсэн. Ингээд эхнэр түргэн дуудсан. Намайг анх унтаж байхад нүүр лүү цохиход өндийгөөд харахад Зж, М хоёр миний хажууд зогсож байсан. Харин хавирга руу бол М өшиглөсөн. Тухайн үед М бакалан гуталтай явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/

           Гэрч С.АЭ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тус өдөр 19 цагийн үед намайг архинд яваад ир гэхээр нь би архинд яваад иртэл өндөр Мөөгий хочтой залуу, точил Жагаа хоёр Эцыг зодчихсон гээд байж байсан. Тэгээд архиа задлаад уусан нэг мэдсэн орой Эц алга болсон байсан. Би тухайн үед дэлгүүр лүү архинд явсан байсан юм. Мөөгий, Жагаа нар өөрсдөө Эцыг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь Эцыг шургуу хийлээ гэж хэлсэн үүнээс болж зодсон юм шиг байна лээ намайг гарахад уг нь хэрүүл маргаан болоогүй байсан юм. Миний мэдэхийн л Б.М газар унасан байхад нь өшиглөөд байсан. Тэгэхдээ нүүр лүү нь өшиглөчихсөн. Тэгээд бид хэд салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11, 23 дугаар хуудас/

          Гэрч П.Зж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дн ах орж ирээд чи яагаад хүнд хутга өгдөг юм гээд Эцын нүүр лүү нь цохисон хажуунаас нь М өшиглөөд авсан. Тэгээд гараад явсан. Тэд нар гэр дотор маргалдаад байсан. Удалгүй Эц гарч ирээд яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

          Гэрч Д.Дн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би нэг залуутай нь мах идээд байж байтал гэрт түжигнээд чи яахаараа хүн рүү хутга гаргадаг юм бэ гээд хашгиралдаад явсан. Би сандраад очтол Зжын гараас цус гарчихсан. Тэр хэд маргалдаад зогсож байсан. Би очоод Эц гэх залууг нөгөө залуугийнх нь хамт нэг нэг алгадсан. Ингээд байж байтал М Эцыг заамдаад чи яагаад хүнд хутга өгч байгаа юм бэ гээд цохиод байсан. Би нэг их анзаараагүй. Өшиглөж байгаа дуу нь сонсогдоод байсан. Би тэр үед галын өрөөнд нь ороод суусан. Надтай гадаа байсан залуу гэрийн шалан дээр гойжсон цусыг угаасан. Харин нөгөө хэд цаад өрөөнд нь маргалдаад байгаад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

        Гэрч С.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэртээ ороход М, Эцтой маргалдаж байсан. Би гэдэс идэж байсан хутгаа бариад явж байснаа та нар яагаад маргалдаад байгаа юм бэ больцгоо гэж хутгатай гараар өргөөд хэлсэн. Тэр үед миний урд Зж зогсож байсан. Тэгтэл миний араас М миний гарыг бариад авсан. Энэ үед Зж эргэж хараад хутганы ирнээс бариад авсан тэгээд гараа зүсчихсэн. Тэгээд тэнд бөөн бужигнаан болсон. Зж гар гээд цусаа шалаар цацаад М очиж гарыг нь боож өгсөн. Тэр үед Эц орон дээр хэвтэж байсан. Нэг харсан Дн, М хоёр Эцын хажууд оччихсон гурвалжин зодоон болж байсан. Зж очиж тэр хэдийг салгасан. Энэ үед АЭ ах ирээд бид хэд авчирсан архийг нь хувааж уусан. Дараа нь би унтасан. Маргааш өглөө нь сэртэл АЭ ах бид хоёр л байсан. Бусад нь тараад явцгаасан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/

        2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №123 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

  1. Б.Эцын биед зүүн 5,6,7,8-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруу, эрүүний зүүн хажуу хэсэг, зүүн бугалганд зулгаралт, зүүн хацар, чамархайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 26-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 35 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Мын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас/ 39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №118 тоотод 2018 оны 07 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эцын эрх чөлөөнд халдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Эцын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 7-8 дугаар хуудас/, Гэрч С.АЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11, 23 дугаар хуудас/, Гэрч П.Зжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/, Гэрч Д.Днын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Гэрч С.Ббы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №123 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 26-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Мыг хохирогч Б.Эцын биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Б.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №118 тоотод 2018 оны 07 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эцын эрх чөлөөнд халдан зодож улмаар Б.Эцын биед зүүн 5,6,7,8-р хавирганы далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруу, эрүүний зүүн хажуу хэсэг, зүүн бугалганд зулгаралт, зүүн хацар, чамархайнд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Бямбын Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Б.Мын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар ялтан Б.Мыг согтууруулах ундаа хэрэглэхийг 06 /зургаа/ сарын хугацаанд хязгаарлалт тогтоосугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Б.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

8. Б.Мад авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.