| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 2439005700436 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2026-01-19 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
2026 01 19 2026/ДШМ/02
Ц.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Г.Уртнасан, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: Прокурор Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Н ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мөнхзул нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлоор, шүүгдэгч Ц.Ч-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Ц.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х аймгийн Д сумын ... багийн хөдөө хэсэг “Ө эх” гэх газарт үхрийн дулаан байр барих зорилгоор мэргэжлийн байгууллагаас тодруулга авалгүйгээр экскаватор ашиглан ухуулж, нийтийн эзэмшлийн холбооны шилэн кабелийн утсыг болгоомжгүйгээр тасалж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 1,124,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Ч-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул өөрийн үйлчлүүлэгч Ц.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхдээ үндэслэсэн нотлох баримтуудын хувьд М ТӨХХК-ны гомдол, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б , гэрч Д.Г нарын мэдүүлэг, "Бодит үнэлгээ" ХХК-ны дүгнэлт, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шийтгэх тогтоолд дурдаж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэсэн байна. Хэрэг учрал болсон газар нь шүүгдэгч Ц.Ч-н эзэмшлийн, өөрөөр хэлбэл Ц.Ч-н байгуулсан "Амьжиргаа дэмжих хоршоо" гэх нэртэй хуулийн этгээдийн нэр дээр байдаг болох нь улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээгээр тогтоогддог ба хэрэг болсон гэх газарт шилэн кабель газраар явагдаж байгааг анхааруулсан тэмдэгт шон байрлуулаагүй, зурвас газар стандартын дагуу нуруулдсан шороо байгаагүй зэрэг нь хэргийн үзлэгийн тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байх ба нутгийн иргэдэд анхааруулга таниулах үйл ажиллагаа явуулж байсан талаар М ТӨХХК өөрөө л хэлж ярьдаг болохоос энэ үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, стандарт журмын дагуу шилэн кабель суурилуулаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шилэн кабель суурилуулалт, техникийн шаардлага MNS 520752011 стандартад "Кабелийг суурилуулахдаа кабелийг гаднын халдагад өртөхөөс сэргийлж дээд талд анхааруулсан хамгаалалтын шар тууз байрлуулж, улмаар кабелийг булсны дараа 20-30 см хэмжээтэй нуруулдаж, кабелийн шугам явж байгааг анхааруулсан шонг байрлуулна гэж заасан байна. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт явуулсан тэмдэглэлээр кабелийн шугам явж байгааг анхааруулсан тэмдэгтэй шон байрлуулаагүй, анхааруулсан шар тууз байрлуулаагүй байгаа нь шилэн кабелийг суурилуулах стандарт журмыг зөрчсөн байна.
Шилэн кабель булж стандартын дагуу хөрсийг нуруулдаагүй болох нь шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гаргасан “Хамгаалалтын зурвас газар гэж мэдэгдэхгүй, нарийн сайн ажиглаж харвал зурвас төдий ором харагдаж байна" гэж дүгнэсэн нь мөн л хамгаалалтын зурвас газар нуруулдсан шороо стандартын дагуу 20-30 см байгаагүй болох нь нотлогдож тогтоогдож байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар М-ны зүгээс нутгийн иргэдэд болон ойр хавьд нутаглаж байгаа иргэдэд таниулга анхааруулга хийсэн талаарх үйл баримт хэрэгт байхгүй. М ТӨХХК холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Зөвхөн М ТӨХХК-ны хууль ёсны төлөөлөгч Т.Б нь "500 м тутамд тэмдэгтэй шон байрлуулсан, жилдээ 1-2 удаа нутгийн иргэдэд таниулга анхааруулга өгч, засвар үйлчилгээг явуулдаг" гэж мэдүүлдэг болохоос тус хууль ёсны төлөөлөгч Т.Б-н мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.
Хууль ёсны төлөөлөгч Т.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй, нөхөн хэргийн үзлэг болон мөрдөн шалгах туршилтын тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр Т.Б-н мэдүүлэг няцаагддаг. Анхан шатны шүүх гэм буруугийн дүгнэлтдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тэмдэгт шон тухайн нүх ухсан газраас хойд тал руугаа байсан болох нь тогтоогдсон" гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар "тэмдэгт шон байрлуулсан" талаар нэг ч гэрч мэдүүлэг өгөөгүй байна.
Мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд "Тэмдэгт шон байрлуулсан" талаар авагдаагүй байна. Шүүгдэгч Ц.Ч нь "Хэрэг явдал болсноос хойш би хайж явж байгаад хугараад газарт унасан шон олсон, нэг шон нь өвсөнд дарагдаад харагдахаа байсан" талаар мэдүүлсэн байна. Гэрч Г нь "Ц.Ч нь шилэн кабель тасалчихлаа гэж ирж мэдэгдсэний дагуу аймаг руу Б-д мэдэгдсэн гэх үйл баримтыг нотолж мэдүүлэг өгсөн нь шүүгчийн шийтгэх тогтоолд дурдсан шиг "тэмдэгт шон тухайн нүх ухсан газраас хойд тал руугаа байсан" талаарх үйл баримтыг нотолсон мэдүүлгийг өгөөгүй байна. Шүүх нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ нотлох баримтад тусгагдаагүй үйл баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн миний үйлчлүүлэгч Ц.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг дээр Ц.Ч-г гэмт хэргийн шинжгүй үйлдэл гаргасан гэж хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцсон. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын газарт гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь Б өөрөө “Х аймгийн Д суманд өмчлөлийн газарт шилэн кабел явдгийг Ц.Ч сайн мэднэ. Хууль журмынхаа дагуу 500 метр орчим газар шон байрлуулсан. Энэ нөхцөл байдалд таниулах ажиллагаа хийсэн учраас нутгийн иргэд манай шилэн кабелийг мэдэх боломжтой” гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ тал дээр ажиллагаа хийлгэхээр манай талаас удаа дараа гомдол гаргасан. Тэгээд дахин ажиллагаа хийсэн. Ц.Ч гэдэг хүн анх үйлдэл хийхдээ шилэн кабел явж байсан эсэхийг мэдэж байсан эсэх, мэдэх боломжтой байсан гэдгийг тухайн нөхцөл байдалд яаж хайхрамжгүй хандсан юм бэ? гэдгийг шалгаад өгөөч гэж хүсэлт гаргасан.
Ингээд Б-с хохирогчоор мэдүүлэг авсан. Шинжээчийн дүгнэлт гарсан. Хэргийн газрын нөхөн үзлэг хийгээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн хэргийн газрын нөхөн үзлэгээр хэрэг гарсан газраас Б-н хэлсэн 500 метр орчим байрлуулсан шон байхгүй болох нь тэмдэглэгдсэн байдаг. Б гэдэг хүн мэдүүлгийн эх сурвалжаа заах ёстой. Хоёрдугаарт журмаараа мэдүүлэг өгөгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Тэгэхээр Б-н мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэгээр Ц.Ч-н үйлдэл нотлогдоогүй.
Дараагийн асуудал нь тухайн нутгийн иргэд мэднэ. Танилцуулах ажиллагаа хийсэн гэдэг нөхцөл байдлыг Б ярьдаг. Гэтэл таниулах ажиллагаа хийсэн зураг, гарын үсэг протокол байдаггүй. Тэгэхээр Б гэдэг хүний мэдүүлгээр энэ хэргийг нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлт хийж байгаа нь өрөөсгөл байна гэдэг гомдлын нэг үндэслэл гарсан. Нөгөөтэйгүүр Ц.Ч “тухайн үед би дулаан пүнз хашаа барих гээд экскаватороор ухуулахад кабел явж байна гэдгийг мэдээд тэр даруй харьяа газар нь мэдэгдээд арга хэмжээ авсан” гэдэг зүйлийг ярьдаг. Тэгэхээр Ц.Ч нь газар ухахаасаа өмнө газар доогуур кабел явсан гэдгийг мэдээгүй гэдэг нь нотлогддог.
Б-н зүгээс “таниулах ажиллагаа хийсэн. Тэгээд мэдэх боломжтой” гэдэг. Стандарт журмаараа “тухайн кабел гарсан газарт 20-30 см овоолсон шороо байна. Хоёрдугаарт кабел явж байгаа газар шон байрлуулна” гэж байгаа. Бүх стандарт журмын дагуу шон, 20-30 см овоолсон шороо ч байгаагүй. Энэ нөхцөл байдалд Ц.Ч гаднаас нь хараад кабел байгаа гэдгийг мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Холбооны газар стандартын дагуу ажиллаагүй гэдэг дүгнэлт гарсан. Тухайн газарт “стандартын дагуу кабел байрлуулаагүй. 20-30 см овоолсон шороо байгаагүй. Сайн ажиглах юм бол зурвас төдий зүйл ажиглагдаж байсан” гэдэг дүгнэлт гарсан.
Тухайн шинжээчийн дүгнэлтээр гарсан сайн ажиглах юм бол зурвас төдий ул мөр байгаа гэдгийг Ц.Ч хараад кабел явж байгаа гэж мэдэх боломж байхгүй. Тухайн үед таниулах ажиллагаа хийсэн протокол, тэмдэглэл байхгүй. Ийм газар үхрийн дулаан байр, хашаа барих газар ухахдаа кабел тасалсан үйлдлийг болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж шийдэж байгаа нь хууль ёсны үндэслэл бүхий биш байна.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ хэргийн газрын үзлэг, Б-н мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон гэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан байх ёстой. Хэргийн газрын үзлэгээр тухайн газарт кабел, 500м орчим газар шон байрлуулсан, овоолсон шороо байгаа гэсэн нотлох баримт байхгүй. Энэ хэргийн газрын нөхөн үзлэг Б-н мэдүүлгийг няцаасан байгаа юм. Үүнийг яллах талын нотлох баримт болгож оруулж байгаа нь анхан шатны шүүх хуулийн шаардлага хангаагүй байна.
Дараагийн асуудал нь Ц.Ч тухайн кабелийг мэдэх боломжтой байсан юм уу, мэдсээр байгаад хөнгөмсгөөр найдсан үйлдэл байгаа эсэх асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан. Энэ дээр дүгнэлт хийгээгүй. Зөвхөн хохирогч Б-н мэдүүлэгт тулгуурлаж шийдсэн байгаа нь хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ хэргийг бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэх үндэслэл байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон.
Дадал сумын өвс өвдөгнөөс дээш ургадаг. Ц.Ч өвсөнд дарагдаад хугарсан шонг хэрэг болсноос хойш өөрөө явж хайж олсон гэдэг. Хэргийн газарт 2 удаа үзлэг хийсэн байдаг. Хэргийн газрын үзлэгээр кабелийн утас байгаа. Анхаараарай гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ бүх зүйлээ огт хийгээгүй байж өнөөдөр Ц.Ч-г буруутгасан. Энэ хэрэг бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэл байхгүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдлоо дэмжиж байна...” гэв.
Прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйл буюу нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоог устгасан гэж буруутгасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт хамаарч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Тэгэхээр хэргийн бодит байдал, нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээс харахад тухайн газар зурвас тэмдэг байсан. Тухайн газар унасан байсан шон нь байгаа. Мөн Ц.Ч нь тухайн газар кабелын шон явж байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан. Тухайн орон нутагт анхан шатны шийтгэх тогтоол дээр дурдсанчлан 10-аад жил амьдарсан. Кабелийн шон явж байсныг мэдэх боломжтой байхад болгоомжгүйгээр хандсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааны туршилт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг зэрэг баримтуудаар үйл баримтыг үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Огт шон, таних тэмдэг байхгүй байсан гэж байна. Энэ дээр унасан байсан шон байдаг. Зурвас байгаа нь тодорхой байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр шон байгаа нь нотлогдож тогтоогдсон байдаг. Ийм учраас Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.Ч-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Ц.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х аймгийн Д сумын ... дүгээр багийн хөдөө хэсэг “Ө” гэх газарт үхрийн дулаан байр барих зорилгоор мэргэжлийн байгууллагаас тодруулга авалгүйгээр экскаватор ашиглан ухуулж, нийтийн эзэмшлийн холбооны шилэн кабелийн утсыг болгоомжгүйгээр тасалж гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 1,124,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ...гэмт хэрэг гарсан байдал, ...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, ...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг ...нотолно...” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж заасан бөгөөд хэрэгт зайлшгүй шалгаж тодруулах дараах ажиллагааг нэмж хийх шаардлагатай байна.
1. Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд “...Шүүгдэгч Ц.Ч нь ...мэргэжлийн байгууллагаас тодруулга авалгүйгээр экскаватор ашиглан ухуулж, нийтийн эзэмшлийн холбооны шилэн кабелийн утсыг болгоомжгүйгээр тасалсан...” талаар дурдсан ба ямар хууль, журмын дагуу тодруулга авах үүрэгтэй байсныг дурдаагүй, тухайн газар нь хувийн эзэмшлийн харьяанд байсан уу, нийтийн эзэмшлийн газар байсан уу гэдгийг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл газрын солвилцол, байршлын талаар зохих байгууллагаас лавлагаа тодорхойлолт гаргуулж шалгаагүй байна.
2. Хэрэв газрыг хувь хүний эзэмшилд шилжүүлсэн бол эзэмшүүлсэн үйлдэл, үйл ажиллагаа нь хууль журам зөрчсөн эсэх, энэ нь нийтийн эзэмшлийн холбооны шилэн кабелийн утсыг тасалж гэмтээх шалтгаан нөхцөлд хамаарах эсэхийг гүйцэд шалгах,
3. Хэргийн газрын үзлэгийг хийхдээ хэрэгт ач холбогдолтой байж болзошгүй нөхцөл байдлуудыг бүрэн тусгаагүй, тэмдэглэлийг гараар, гаргац муутай бичсэн, хавсаргасан зураг нь ойлгомжгүй, цасанд дарагдсан газрын зургийг хавсаргасан нь шаардлага хангахгүй, мэдээлэл нь дутуу, хаана юу байгаа нь тодорхойгүй, тэмдэгт шон болон бусад эд зүйл хаана нь ямар зайд байсныг бүрэн тусгаагүй байх тул дахин хуульд заасан журмын дагуу хийж хэрэгт хавсаргах.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б “...ойр хавийн айлуудад хавар, намар 2 удаа, эсвэл хаврын улиралд засвар үйлчилгээ хийдэг. ...айлуудад хэл хүргэж өгдөг Ч...шилэн кабел байдаг гэдгийг сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг өгсөн тул энэ талаар баримт, материал байгаа эсэхийг тодруулж шалгах, шаардлагатай бол бичиг баримтад үзлэг хийх зэрэг ажиллагаа болно.
Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх байдлуудыг бүрэн шалгаагүй, нотлох баримтуудыг ирүүлээгүй байхад гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдсан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-н давж заалдах гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/267 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг ду