Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2018/0239/З |
Дугаар | 221/МА2018/0515 |
Огноо | 2018-09-20 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2018/0515
С.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн тээврийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн тээврийн газрын даргын2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-г тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник, технологи, инновацийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож ,ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч давж гомдолдоо: “Нийслэлийн Тээврийн газар нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар “Бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” захирамжийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/76 дугаар тушаалаар газрын бүтэц, орон тоог баталж дотооддоо шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
С.Н нь Тээврийн хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байх хугацаандаа “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.7-д заасан хууль тогтоомж, захиргааны шийдвэр, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр тогтоосон бусад үүргээ чанд биелүүлэх үүргийг биелүүлээгүй, мөн 9.1-д заасан Ажил олгогч болон өөрийн шууд удирдлагын зааварчилгаа, зөвлөгөө, хууль ёсны үүрэг даалгаврыг үндэслэлгүйгээр сөргүүлэн тайлбар тавьж, үл ойшоон, хайхрамжгүй хандаж биелүүлээгүй тул тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалын 2 дахь хэсэгт “Цаашид төрийн албаны тухай хууль болон төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чандлан сахиж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн зорилтоо биелүүлж ажлаа сайжруулахыг Тээврийн хяналтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/С.Н/-д даалгасугай” гэсэн байдаг.
С.Н-н өөрийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн стандарт, техник технологийн мэргэжилтнээр томилсон.
Гэвч С.Н нь мэргэжилтнээр томилогдсон өдрөөс эхлэн буюу сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сар бүрийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг гарын үсгээр баталгаажуулан шууд удирдах албан тушаалтанд өгөөгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж, ажил төрлийн бус яриа өрнүүлж, дэмий сэлгүүцэж, ажлын байраа орхин ажил тасалсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт, тус газрын 2016 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.7, 9.5 дахь заалтууд, 2014 оны А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам”-ын 13.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байдаг.
Дээрх асуудлыг тус газрын Захиргааны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр хурлаар тус тус хэлэлцэн С.Н-г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтэн С.Н-г ажлаас халах сахилгын Шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн:
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0356 дугаартай Шийдвэрийн үндэслэх хэсэгт:
1. “Харин С.Н-н гүйцэтгэж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам зэргээс үзэхэд 2 цаг тутам ажлаа тайлагнах талаар үүрэг ногдуулаагүй атлаа дээрх зөрчлийг гаргасан гэх нотлох баримтгүйгээр С.Н-г удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэж дүгнэсэн байна” гэж дүгнэсэн нь С.Н нь Тээврийн газрын шууд харьяалан удирдах албан тушаалтан болон бусад дээд шатны албан тушаалтнаас амаар болон бичгээр гаргасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй ба мэргэжилтнээр томилогдсон өдрөөс эхлэн Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин сар бүрийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг гарын үсгээр баталгаажуулан шууд удирдах албан тушаалтанд хугацаандаа өгөөгүй зэрэг холбогдох нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.
2. “... ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ажил, үүргийг хэрхэн биелүүлээгүй талаар хариуцагчийн тайлбар болон бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. ..." гэж дүгнэсэн нь шүүгч Б.А нь хэргийн материал, нотлох баримттай бүрэн танилцаж шийдвэрлээгүй нь харагдаж байна.
Уг шүүх хуралдааны явцад хариуцагчийг төлөөлөн оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бүрэн гүйцэд хүлээж аваагүй ба Техник технологи, инновацийн мэргэжилтэн С.Н нь хугацаандаа сар бүрийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг гарын үсгээр баталгаажуулан өгөөгүй нь тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны хэлтсийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлээгүй дээрх зөрчилтэй нэгэн адил холбогдох нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.
3. “... С.Н-с 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулахаар гэрээний төсөл өгснийг хэлтсийн дарга Д.Г авч гараар засвар хийсэн боловч баталгаажуулаагүй, мөн 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулаагүй нь хэрэгт авагдсан гэрээний төсөл, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас болон тайлангийн төслүүдээр нотлогдож байна. ..." гэж тодорхойлж, дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэн тодорхойлсон бөгөөд энэхүү асуудал нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-аар зохицуулагдах ба С.Н нь үр дүнгийн гэрээ байгуулахаар гэрээний төсөл өгснийг хэлтсийн дарга Д.Г авч гараар засвар хийсэн нь гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байх ба уг журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй” гэж заасан үүргийг С.Н нь хүлээсэн боловч биелүүлээгүй гэрээний төслийг эргэн танилцуулаагүй, гэрээний төслөө өгөөгүйгээс үүдэн үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй болно.
4. “... нэхэмжлэгч С.Н-той үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх үүргээ хариуцагч биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм” гэсэн нь төрийн албан хаагч С.Н-той үр дүнгийн гэрээ байгуулах асуудал нь “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-аар хүлээсэн үүргээ аль тал нь биелүүлээгүйг тодорхойлоогүй хирнээ хариуцагч С.Н-той үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байх бөгөөд шүүгч Б.А нь хэргийг нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүйгээс хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь харагдаж байна.
5. Ажлын цагаар бүрэн ажиллаагүй, ажил тасалсан гэх зөрчлийн тухайд шүүх дүгнэхдээ “...11 дүгээр сард 8 хоног /16-ны өдөр ажлаас халагдсан ажиллаж 1 хоног ажил тасалсан гэж цагийн бүртгэлд бүртгэгджээ.” гэж шүүх худал бичсэн байна. Энэ нь тус газрын 2017 оны 11-р сарын цагийн мэдээнд С.Н нь 88 цаг 11 өдөр ажиллахаас 8 өдөр 64 цаг ажиллаж 24 цаг тасалсныг нотлох баримтаар хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх зориудаар тухайн нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
6. “... нэхэмжлэгчийг 24 цаг ажил тасалсан гэж үзэн ажлаас халахдаа нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулалгүйгээр түүний эзгүйд захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ” гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн судлаагүйгээр хуулийг буруу тайлбарлан шийдвэр гаргасан байна. Тухайн албан хаагчид сахилгын шийтгэл тооцоход заавал хэлэлцүүлэн шийдвэрлэх тухай аль нэг хууль тогтоомжоор тогтоосон, зохицуулсан зүйл байхгүй бөгөөд хэд хэдэн удаа тус газрын зөвлөлийн хурал зохион байгуулагдсан хэдий ч тухайн үед С.Н нь ажлын цагийг баримтладаггүйгээс шалтгаалан уг хурлуудад оролцоогүй болно. Оролцоогүй гэснээр шийдвэр гаргахыг хойшлуулах боломжгүй ба хөөн хэлэлцэх хугацаанд багтаан шийдвэрлэсэн болно.
7. “... С.Н-ийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг хэзээ, хэрхэн зөрчсөнийг тогтоолгүйгээр, түүнчлэн эрх нь хөндөгдөж байгаа албан тушаалтныг өөрийг нь байлцуулан зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;" төрийн албан хаагчийн баталгааг хангалгүй ажил албан тушаалаас халахаар Шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Н-ийн төрийн алба хаших, хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ” гэж дүгнэсэн нь шүүх буруу дүгнэсэн.
Нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасныг зөрчсөн талаарх холбогдох нотлох баримтуудын хамт гаргасан байтал шүүх үүнийг хүлээн авч нягтлан шалгаагүй.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид 26.1.1, 26.1.2, 26.1.3-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар хуульчилсан байдаг. С.Н нь 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй ба түүнд Төрийн албаны тухай хуулийн 20.1.3-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан нь мөн хуулийн 27.2.1-д заасан нөхцөл байдал үүсгээгүй юм. Энэ нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
8. “...Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёс, төрийн албаны ил тод байх, төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах зарчмууд, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д "Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг хууль тогтоомж стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна гэжээ.
Гэтэл тухайн зарчмууд болон Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг хэрхэн зөрчигдсөнийг тогтоогоогүй мөн шүүх хурлаар энэ талаар хэлэлцээгүй болно.
Иймд хэргийг бүхэлд дахин хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Н-ийг Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй, ажлын цагаар бүрэн ажиллаагүй, ажил тасалсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч С.Н нэхэмжлэлийн үндэслэлээ маргаан бүхий актыг гаргахдаа хуулийн зүйл, заалтын илэрхий алдаатай бичсэн, баримталсан зүйл заалт нь тодорхойгүй, хүчингүй болсон захирамжийг үндэслэсэн, хууль, дотоод журам нь зөрчлийн шинж байдалтай нийцэхгүй, ажлаас халах зорилгыг илэрхийлсэн, актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр “Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Н нь Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Тээврийн хэлтсийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн стандарт, техник технологийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн баталж, ажилд томилох тухай” А/42 дугаар тушаалаар Техник, технологи инновацийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад маргаан бүхий Б/141 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан байна.
Анхан шатны шүүхээс “Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Техник технологийн хэлтсийн мэргэжилтэн С.Н-ийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдэд заасныг хэзээ, хэрхэн зөрчсөнийг тогтоолгүйгээр, түүнчлэн эрх нь хөндөгдөж байгаа албан тушаалтныг өөрийг нь байлцуулан зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчийн баталгааг хангалгүй ажил албан тушаалаас халахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Н-ийн төрийн алба хаших, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргахдаа урьдчилсан нөхцөл, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулах зэрэг бүхий л шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан.
Гэтэл Нийслэлийн тээврийн газраас С.Н-ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа өөрт нь мэдэгдэж тайлбар, санал авахгүйгээр түүний эрх, ашгийг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий акт гаргасан гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч С.Н-н гүйцэтгэж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам зэргээс үзэхэд 2 цаг тутамд ажлаа тайлагнах талаар үүрэг ногдуулаагүй атлаа дээрх зөрчлийг гаргасан гэсэн нотлох баримтгүйгээр С.Н-г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.
Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэх үүргээ биелүүлээгүй нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үр дүнгийн гэрээ байгуулахаар гэрээний төсөл өгснийг хэлстийн дарга Д.Г авч гараар засвар хийсэн боловч баталгаажуулаагүй, мөн 2017 оны эхний хагас жилийн ажлын тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулаагүй нь хэрэгт авагсдан гэрээний төсөл, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үр дүнгийн гэрээний илтгэх хуудас болон тайлангийн төслүүд зэргээр нотлогдож байхад энэ талаар нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Нийслэлийн тээврийн газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын цаг ашиглалтын журмын 4.5-д “сард 1440 минутаас хэтэрсэн дутуу гүйцэтгэлтэй хүнийг 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсанд тооцон ... сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгчийн тайлбараас болон ажлын цаг ашиглалтын бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч С.Н нь дээрх журамд заасан хугацааг хэтрүүлээгүй байхад шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх үйл баримтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт бичвэрийн алдаа гаргасан байх тул түүнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2016...” гэснийг “...2017..”. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ