Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 270

 

“О о” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

 Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Нэхэмжлэлийн шаардлага: ”Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн 18-д “О о” ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах МV-... төрөлтэй,1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0218 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 305 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

            Хариуцагч Д.О-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0218 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “О о” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийн 18-д “О о” ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах МV-... төрөлтэй,1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын 1701А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 305 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О о” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “О о” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

          3. Хариуцагч Д.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 305 дугаар магадлалын хянавал хэсэгт “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцээгүй. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлсөн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагч байгууллага зөрчил нэгэнт арилсан буюу нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсний дараа 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч 9 хоногоор хэтрүүлж төлбөрөө төлсөн байх боловч хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу цуцлах шийдвэр гаргаагүй атлаа төлбөр нэгэнт төлөгдсөний дараа тусгай зөвшөөрлийг цуцалж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна...” гэж үзэж анхан шатны шүүхийн 218 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг тус тус хангахгүй байна.

         4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг гаргаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн, тайлбарлаж /шийдвэрийн 5-10 хуудас/ нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж шийдвэрлэсэн.

          5. “О о” ХХК нь ашигт малтмалын МV-... тусгай зөвшөөрлийн 18 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн 34.7-д заасан хугацаанд төлөөгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр М\/-... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

        6. Ашигт малтмапын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 34.2 тусгай зөвшөөрөл эээмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6 энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.4-д Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөс тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно, 34.7-д энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй... Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий байна.

       7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.2 тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

        8. Хууль тогтоогч дээрх зохицуулалтыг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа этгээд тусгай зөвшөөрлийн төлбөрийг анх олгосон өдрөөс эхлэн тооцож жилийн 365 хоногийн аль ч өдөр урьдчилан төлөх, заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алдангийн хамтаар 30 хоногийн хугацаанд багтаан төлөх төлөөгүй нөхцөлд мөн хуулийн 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцлах үүрэгтэй байхаар хуульчилсан. Бүрэн гэдэг үгийн агуулга нь төлбөр, алдангийг хамтад нь ойлгохоор хуульчилсан байна.

        9. Мөн “О о” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, хугацаа хэтрүүлсэн 30 хоногийн алдангийн хамтаар төлөх үүргээ биелүүлэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах үеэс болон хэрэгт авагдсан нотлох (хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас болон бусад баримтаар нотлогдож байгаа) баримтуудаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн үнэлж хэргийг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж үнэлэлт өгч дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

        10. Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчөөгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн, Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед болон шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгааг давж заалдах шатны шүүх үл харгалзан 305 дугаар магадлалыг гаргаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэспэл бүхий байх” шаардлагыг тус тус хангахгүй байна.

        11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 305 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.      

ХЯНАВАЛ:

12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

13. Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан, “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг /хуульд заасан хугацаанд нь/ алдангийн хамт бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр, Орхон аймгийн Жаргалант сумын нутаг, “Чингэлийн голын хөндлөн намаг” нэртэй, 54 га талбайд, “О о” ХХК-д олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын МV-... дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

14. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулиар ... түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-т “түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж,  Улсын Их Хурлаас 2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу жил бүр төлнө”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14.5, 19.3.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 24.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 37 дугаар зүйлийн 37.1.2-т “... тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй /бол аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцална/” гэж тус тус заажээ.

            15. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг “хугацаанд нь бүрэн төлсөн эсэх” талаарх маргаанд            холбогдуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтуудыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, ингэхдээ дээрх байдлаар хуулиар тусгайлан зохицуулсан зохицуулалтад холбогдуулж дүгнэлт хийгээгүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн заалтууд энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй байх үндэслэлүүдийг заагаагүй, дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

            16. Түүнчлэн дээрх хуулийн зохицуулалтад холбогдуулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлт, холбогдох бусад хяналтыг манай байгууллага хийж байгаа” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, хэрэгт энэ талаар баримт байхгүй, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлүүлэх, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үндэслэл, тэдгээрт холбогдох баримтуудыг хариуцагчаас гаргуулах, нэхэмжлэгчээс мөн энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг аль хуулийн дагуу ямар үндэслэлээр, хаана, хэдэн төгрөгөөр тооцож төлдөг болох талаар баримт гаргуулж, холбогдох дүгнэлт хийх нь зүйтэй.

            17. Иймд, хэргийг хяналтын шатны шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2020/0218 дугаар шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 305 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА