Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 00080

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Б.Эрхэмбаатар

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

                         Шүүгдэгч                                          В.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн В.Вт холбогдох 1832000580067 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл-4 ээж, дүү нарын хамт *тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Глазунов овгийн Валентина овогтой В.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.В.В нь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д.Ухгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.В мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүгээр сард Цогтбаатар гэх ахтай 0,75 граммын шилтэй архи хувааж уучихаад гэртээ харих замдаа Ух ахтай таарч Төрөө гэх айлынд орж дахин 1 шил архи хувааж уугаад Ух ахтай маргалдсан. Бид хоёрыг маргалдаад байсан болохоор гэрийн эзэн гэрээс гар гээд хэлсэн тул бид хоёр Төрөөгийн гэрээс гарч гудамжинд зодолдсон. Тэгээд гэртээ харьсан. Маргааш өглөө нь манайд цагдаа ирж би цагдаа дээр очиж байцаалт өгсөн. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

Хохирогч Д.Ух мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Бт гэртээ байна хүрээд ир гэхээр нь ганц шил 0,5 литрийн архи аваад Бтийн гэр лүү очсон чинь Бт гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд Бт бид хоёр юм ярьж суух даа Бтийн гаргаж өгсөн 2,5 литрийн “Боргио” шар айргийг хувааж ууж дуусчихаад миний авч ирсэн 0.5 литрийн “Хараа” архийг ууж байх үед В гэгч залуу орж ирчихсэн сууж байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш яг юу болсныг би сайн санахгуй тасарчихсан байсан нэг сэргэсэн чинь Нарангийн гудамжинд Втой ноцолдож байх үед В миний толгой руу яг юугаар цохисоныг нь санахгүй байна ямар ч байсан толгойноос цус гарч нүүр лүү урссан тэгээд би цагдаа руу зугтаж цагдаа дээр ирээд би гудамжинд хүнд зодуулчихлаа гэж мэдүүлээд эмнэлэг рүү явсан надаас эмчилгээнд гарсан 450000 төгрөгийг өгчихвөл гомдол санал гээд байх зүйлгүй ... гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч Ц.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 04 дүтээр сарын 02-ны өдөр санагдаж байна. Тэр орой манай хүргэн Ух 95090219 дугаартай утаснаас миний 99894909 тоот дугаар луу залгаж хаана байна гэж асуухаар нь гэртээ байна гэж хэлсэн чинь манай хүргэн Ух ганц юм уумаар байна гэхээр нь би уумааргүй байна гэж хэлсэн чинь дандаа уудаг биш ганц удаа юм чинь гэсэн тэгэхээр нь би Ухг за за манайд хүрээд ир гэж хэлээд гэрийн хажууд байдаг “Од-2” дэлгүүрээс 2.5 литр “Боргио” шар айраг аваад гэртээ хүлээж байсан. Тэгээд байж байтал гаднаас Ух ганцаараа 1 шил 0.5 литрийн “Хараа” архи аваад орж ирсэн тэгээд бид хоёр өнөөх шар айраг, архиа ууж байгаад би нойргүй явсан болохоор нэг хэсэг унтчихсан байсан нэг сэртэл манайд В орж ирчихсэн сууж байсан тэгээд гурвуулаа нийлж улдэгдэл архи, шар айргаа ууж байгаад би дахиад хэсэг унтчихсан байсан. Тэгтэл гэрт чимээ гарахаар нь сэртэл В, Ух хоёр манай гэрт хоорондоо зодоон хийж сандал, гар нүүрний угаалтуур эвдчихсэн байсан болохоор би тэр хоёрыг гэрээсээ гар гээд салгаад бүр хашаанаасаа гаргаж хашааны хаалгаа цоожилж гэртээ ороод унтсан ...гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №62 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-ийн дүгнэлт хэсэгт:

1. Д.Ухгийн биед тархины зүүн талын зулайн урд хэсгийн яс 2,7см өргөнтэй тархины эд рүү 1,2 см гүн цөмөрсөн ясны сэтэрхий бүхий бяцарсан хугарал, тархины эдийн дарагдал, толгойн орой зүүн хэсэгт хуйханд шарх, дух хэвлий, баруун зүүн гарын тохойнд зулгаралт баруун нүдний салст толгойн хуйхан дор цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/

          В.В мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Тэгээд би өөрийнхөө гудамжинд явж байгаад Ух ахтай таарсан тэр үед Ух ах надаас тамхи байна уу гэж асуухаар нь нэг ширхэг тамхи өгч тэр тамхиа хувааж татсан тэгээд Бт ахын гэр лүү Ух ахтай хамт орсон чинь Бт ах бага хүүтэйгээ байсан. Тэгээд нэг шил архи уусан тэгээд юунаас болж Ух ахтай маргалдсанаа сайн санахгүй байна. Ямар ч байсан Бт ах Ух ах бид хоёрыг гэрт зодоон хийхгүй шүү гар гээд гэрээсээ гаргасан. Тэгээд Ух ах бид хоёр гудамжинд зодоон хийсэн. Тэгээд би гэртээ ороод унтсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 23 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 23 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

В.В нь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Д.Ухгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Д.Ухгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Тэгээд тэрнээс хойш яг юу болсныг би сайн санахгуй тасарчихсан байсан нэг сэргэсэн чинь Нарангийн гудамжинд Втой ноцолдож байх үед В миний толгой руу яг юугаар цохисоныг нь санахгүй байна ямар ч байсан толгойноос цус гарч нүүр лүү урссан тэгээд би цагдаа руу зугтаж цагдаа дээр ирээд би гудамжинд хүнд зодуулчихлаа гэж мэдүүлээд эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/, Гэрч Ц.Бтийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгтэл гэрт чимээ гарахаар нь сэртэл В, Ух хоёр манай гэрт хоорондоо зодоон хийж сандал, гар нүүрний угаалтуур эвдчихсэн байсан болохоор би тэр хоёрыг гэрээсээ гар гээд салгаад бүр хашаанаасаа гаргаж хашааны хаалгаа цоожилж гэртээ ороод унтсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №62 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд “...Д.Ухгийн биед тархины зүүн талын зулайн урд хэсгийн яс 2,7см өргөнтэй тархины эд рүү 1,2 см гүн цөмөрсөн ясны сэтэрхий бүхий бяцарсан хугарал, тархины эдийн дарагдал, толгойн орой зүүн хэсэгт хуйханд шарх, дух хэвлий, баруун зүүн гарын тохойнд зулгаралт баруун нүдний салст толгойн хуйхан дор цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/, В.Вын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч В.Выг хохирогч Д.Ухгийн биед хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч В.Выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ухгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогч “Миний хохирол бүрэн барагдсан. Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх нотлох баримтийг гаргаж хавтаст хэрэгт хавсаргасанг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хөнгөрүүлэн 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, В.В урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Глазунов овогт Валентина овогтой Выг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар В.Выг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар В.Вт оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй В.В нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол В.Вт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, В.Вын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.