Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2022/00865

 

 

 

М- ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00787 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М- ХК-ийн хариуцагч Ө- СӨХ-д холбогдуулан гаргасан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 713,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Эд хөрөнгийн даатгалын гэрээт даатгуулагч Ө.Б-нийн Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 20 дугаар байр, 215 тоот хаягт байрлах орон сууцанд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр их хэмжээний бороо орж дээврээс ус нэвтэрсний улмаас ус алдаж жижиг өрөөний таазны замаск хуурч шарласан, коридорын таазны замаск хуурч шарласан, ханын цаас хуурсан, гал тогооны хана, таазны замаск хуурч нийт 713,250 төгрөгийн хохирол учирсан байдаг. Хохирол учирсан нь Ө- СӨХ-оос гаргасан тодорхойлолт, даатгуулагчийн засвар хийсэн зардал, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байгаа. Даатгуулагч Ө.Б-нийн амьдардаг тус байрны СӨХ нь Ө- СӨХ бөгөөд Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, дэх хэсэгт зааснаар Ө- СӨХ нь тухайн орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээг хийх үүрэгтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.8, 12 дугаар зүйлийн 12.4.2-т зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулахаар заасан. Гэтэл Ө- СӨХ нь энэ үүргээ хангаж, мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээгээ хийлгэхгүйгээр, ажилтнуудаараа жил болгон засвар хийлгэдэг, энэ нь чанарын баталгаагүй юм. Манай байгууллагын хувьд бодит гарсан даатгалын тохиолдлыг очиж үзээд, үнэхээр хохирол учирсан байвал нөхөн төлбөр олгодог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр 625,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дээрх үнийн дүнгээр багасгаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М- ХК нь хэдэн төгрөгийн хохирол учруулсныг яаж тооцсон болох нь тодорхойгүй байна. Ө.Б-нийн гэрт орж үзэхэд 00 өрөөний гаднах коридорын булан, жижиг өрөөний баруун хойд өнцөг, гал тогооны зүүн хойд өнцгийн дээрээс өмнө нь ус гоожсоноос болж шарласан байдалтай байсан. Гэхдээ ханын обойнуудыг солих хэмжээний хохирол учраагүй байсан. Дээрх бодит байдлыг Ө.Б-нэ өөрөө хүлээн зөвшөөрч Ө- СӨХ-ны 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 254 дугаартай албан баримт бичиг дээр гарын үсэг зурсан. Хэргийн оролцогчид шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 20 дугаар байр, 215 тоот орон сууцанд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр их хэмжээний бороо орж дээврээс ус нэвтэрсний улмаас ус алдаж, жижиг өрөөний таазны замаск хуурч, шарласан, ханын цаас хуурсан, гал тогооны хана, таазны замаск хуурч нийт 713,250 төгрөг шаардсан. Даатгалын тохиолдол гэдэг нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан болзол бүрдэхийг хэлнэ гэж заасан. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр их хэмжээний бороо ороогүй гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газар тодорхойлолт гаргаж өгсөн. Нэхэмжлэгч буюу М- ХК даатгалын тохиолдлыг шалгасан эсэх нь эргэлзээтэй. Үнэн зөв баримт бүрдүүлсэн, зайлшгүй нөхцөл байдал тогтоогдсон үед даатгал өгөх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бороо ороогүй байхад даатгал олгосон нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа. М- ХК-ийн ослын дуудлага авдаг мэргэжилтэн н.Эрдэнэбатад СӨХ-ны зүгээс хуурамч баримт бүрдүүлэн даатгал авах гээд байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд энэ мөнгө танаас гарахгүй, даатгалаас гарна гэж Б.Наранцацралд хэлсэн байдаг. Ө- СӨХ нь удирдах зөвлөл, хяналтын зөвлөлгүй байж байгаад 2020 оны 04 дүгээр сард шинэ захирал нь орон сууцны дээврийг үзэн, усанд автсан айлуудыг бүгдийг баталгаажуулсан байдаг. 6 дугаар сард ус алдаж байгаа хэсгийг бүрэн засварласан. Үүнээс хойш тасралтгүй борооны улирал үргэлжилсэн. Тэгэхэд борооны ус орлоо гэж гомдол огт гараагүй. Өөрөөр хэлбэл, СӨХ-ны зүгээс өөрийн хөрөнгөөр дээврийг засварласнаас хойш наадам хүртэл дээврээс бороо орлоо гэж огт мэдэгдээгүй. Ө.Б-нэ бол даатгалаас мөнгө авах гэсэн юм, тодорхойлолт хийгээд өг гэхэд нь хуурамч баримт өгөхгүй гэхэд хэл ам хийгээд байсан учир цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд Ө.Б-нийг хууль бус шаардлага тавьж байна гэдгийг хэлснийг гэрч нотолно. Тэгэхээр даатгалын тохиолдлыг санаатайгаар бий болгохыг оролдож байгаа даатгуулагч Ө.Б-нэ болон даатгалын газрын н.Эрдэнэбат нар хуйвалдсан байх магадлалтай. Ийм нөхцөл байдал үүсэж байхад шалгаж тогтоогоогүй байж даатгалын төлбөрийг бүрэн олгоод буруутай этгээд хэмээн Ө- СӨХ-оос нэхэмжилж байгаа нь хууль бус. Даатгалын тохиолдол үнэхээр тогтоогдлоо гэхэд 100 хувь олгох уу, 50 хувь олгох эсэх нь тодорхойгүй байхад даатгалын мөнгө өгсөн нь өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс Ө.Б-нэтэй 2013 оноос хойш даатгалын гэрээ хийсэн гэдэг. Тэгэхээр анх даатгал хийхдээ л тухайн газарт очиж үзсэн байх ёстой. Мөн жил бүр гэрээг сунгахдаа очиж үзэн, фото зургаар баримтжуулах ёстой. Өөрөөр хэлбэл 2018 онд байдал ийм байсан. 2019 онд ингэж өөрчлөгдсөн гэдгээ баримтжуулах ёстой. Бороо ус ороогүй гэх мэтээр нотлох ёстой нөхцөл байдлаа нотолж чадаагүй учир нөхөн төлбөр гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Даатгалтай учраас даатгал авах ёстой, СӨХ хариуцлага хүлээх ёстой гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ө- сууц өмчлөгчдийн холбооноос 625,000 төгрөгийг гаргуулж М- ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 21,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө- сууц өмчлөгчдийн холбооноос 19,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М- ХК-д, мөн М- ХК-аас 9,920 төгрөг, Ө- сууц өмчлөгчдийн холбооноос 70,080 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

5.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт ач холбогдолтой гэрч М-ХК-ийн шуурхай дуудлагын менежер н.Эрдэнэбатыг оролцуулах хүсэлт гаргасныг ач холбогдолгүй өмнө нь гаргах боломжтой байсан гэж үзсэн нь оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гэж үзэж байна.

5.б.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчид ашиг сонирхлын зөрчилтэй тул өөр шинжээч томилж өгөхийг шүүхэд хүссэн. Гэтэл шүүх Хөтөл шохойн цементийн үйлдвэрийг хямдаар үнэлсэн хууль зөрчиж үнэлгээ хийдэг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг үндэслэснийг зөвшөөрөхгүй.

5.в.Гэм хорын хохиролтой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг шүүх анхаараагүй. Даатгуулагч Ө.Б-нэ гэрчийн мэдүүлэгтээ 2010 оноос даатгуулсан, шинэ засвар хийсэн гэж мэдүүлсэн бөгөөд СӨХ-нд ус алдсан талаар дуудлага өгсөн нотлох баримт байхгүй. Харин 2020.08.04-ний өдөр ус алдаж хохирсон гэдэг нь УЦОШГ-ын тодорхойлолтоор үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ус алдсанаас гэм хор учирснаас үүдэн шаардах эрх хэзээнээс тоологдохыг шүүх тогтоож чадаагүй.

5.г.Уг маргаан даатгуулагч Ө.Б-нэд учирсан хохирлыг нөхөн төлсөнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх байтал СӨХ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргаан гэж шийдсэнийг зөвшөөрөхгүй. Харин Ө.Б-нэ өөрөө хохирлоо шууд нэхэмжлэн Ө- СӨХ-оос хохирол шаардсан тохиолдолд бид маргах боломж хомс.

5.д.Нэхэмжлэгч тал даатгалын тохиолдлыг бий болохоос өмнөх засвар хийсэн шинэ байрны талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, харин 2018, 2019 онд М--ын гэрээ байгуулахдаа угаас 2010-2015 онд ус алдчихсан байсан айлд даатгал хийж, хуйвалдан нөхөн төлбөр өгсөн болж таарлаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: М- ХК-ийн шуурхай дуудлагын менежерийг гэрчээр дуудахад анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэсэн гэж байна. Талууд даатгалын тохиолдол бий болсон талаар маргаагүй. Даатгуулагч н.Бат-Эрдэнэ нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед даатгалын тохиолдол гарах үед цугларсан баримт материал өгч, хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэсэн. Дахин томилсон шинжээчийн дүгнэлтээр ямар хэмжээний хохирол гарсан болохыг тодорхойлсон учраас заавал шуурхай дуудлагын дагуу очиж ажилласан менежерээс давхар гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж дүгнэсэн. Мөн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Хөрөнгийн үнэлгээ зөв, буруу үнэлсэн, ямар компани үнэлгээ хийсэн талаарх нь энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн гэм хорын хохиролтой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Даатгуулагч банкнаас зээл авч орон сууцаа даатгасан асуудал байгаа. Даатгалын тохиолдол 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гарсан хохирол байгаа. Тэгэхээр даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэдэг асуудал ярих ямар ч шаардлагагүй. Даатгалын гэрээ хэзээ байгуулагдсан гэрээтэй холбоотой маргаан биш. Энэ нь даатгуулагчид учирсан даатгалын тохиолдолтой холбоотой маргаан юм. Нэхэмжлэгч тал гэм хорын хохирлыг даатгуулагчаас шилжүүлж авсан эрхийн дагуу СӨХ-ноос шаардаж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал огт хамааралгүй. Мөн нэхэмжлэгч тал даатгалын тохиолдол бий болохоос өмнө засвар хийсэн эсэх. Даатгуулагч өөрийн орон сууцыг авсан зээлийн хэмжээгээр зах зээлийн үнэлгээгээр одоо үнэлүүлж даатгалын хураамж төлсөн асуудалд даатгалын байгууллагаас ипотекийн зээл авч даатгуулж байгаа хүн болгоны гэрт нь очиж ямар хэмжээтэй, засвар хийсэн эсэхийг үзэх шаардлагагүй. Даатгалын тохиолдол болохоос өмнө даатгуулах үед анхны хэмжээ ямар байсныг нотлох зураг байх шаардлага байхгүй. Иймээс даатгалын тохиолдол болох үед манайхаас шуурхай албаны менежер очиж үзсэн. Даатгал шинэ байсан. СӨХ-ны байгууллагаас өөрсдөө бороо орсны улмаас эд хөрөнгөд хохирол учирсан нь үнэн байна гэж тодорхойлсон. Манай байгууллагын хувьд мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, үнэлгээний байгууллагын үнэлгээг тодорхойлж нөхөн төлбөр олгодог. Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд заасны дагуу олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр буруутай этгээдээс гаргуулахаар шаарддаг. Энэ шаардлагын хүрээнд нэхэмжилсэн. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М- ХК нь хариуцагч Ө- СӨХ-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 713,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийг багасган, 625,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 216-р тал/

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Хариуцагч Ө- СӨХ-нд хамаарах орон сууцны өмчлөгч Ө.Б-нэ нь нэхэмжлэгч М- ХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч Ө.Б-нэ нь Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 1 дүгээр хороолол, 20-р байрны 215 тоот хоёр өрөө орон сууцыг даатгуулж даатгалын хураамж төлөх, нэхэмжлэгч буюу даатгагч М- ХК нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 187-р тал/

3.б.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дах хэсэгт зааснаар хариуцагч Ө- СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах үүрэгтэй. Хариуцагч уг үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор 2020 оны 04 07 дугаар сард бороо орсны улмаас орон сууцны дээврээс ус алдаж, даатгуулагч Ө.Б-нийн орон сууцны коридор, гал тогооны өрөөний тааз, ханын цаас норж хууларсан, гал тогооны өрөөний ханын будаг болон тагтны таазны хэсэг норж хөндийрсөн, мөн паркетан шал хөндийрч нийт 625,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 33, 92-100-р тал/

3.в.Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор даатгалын тохиолдол бий болж, нэхэмжлэгч М- ХК нь даатгуулагч Ө.Б-нийн эд хөрөнгөд учирсан хохиролд 713,250 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 7-р тал/

3.г.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ ... гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус зааснаас гадна Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 6.1.6-д даатгагч даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгосны дараа буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгуулагчид олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заажээ.

Иймд дээрх хууль болон гэрээнд зааснаар хохирлыг буруутай этгээдээс нөхөн төлөхийг шаардах эрх нэхэмжлэгч М- ХК-д шилжсэн байх тул хариуцагч Ө- СӨХ-оос 625,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- ХК-д олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасанд нийцнэ.

Нэхэмжлэгч М- ХК нь Ө.Б-нэтэй Иргэний хуульд зааснаар даатгалын гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь түүнд учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шаардах эрх үүссэн байна. Өөрөөр хэлбэл, талууд хариу төлбөртэйгөөр тодорхой үүрэг хүлээхээр тохиролцож даатгалын гэрээний харилцааг үүсгэж, нэхэмжлэгч нь даатгалын гэрээний үндсэн дээр хохирлыг шаардсан байхад анхан шатны шүүх гэм хор учруулснаар үүсэх үүрэгтэй холбоотой хуулийг хэрэглэсэн нь учир дутагдалтай болсон байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээ тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь ашиг сонирхлын зөрчилтэй, тус компанийн үнэлгээг зөвшөөрөхгүй, гэм хорын хохиролтой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч тал даатгалын тохиолдол бий болохоос өмнөх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

4.а.Анхан шатны шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэлийг урьдчилан тодруулж, худал дүгнэлт гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээчид сануулсан байх бөгөөд шинжээч нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй /хх-ийн 106-р тал/, мөн 2020 оны 04 - 07 сард даатгалын тохиолдол бий болсон үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Орон сууцны дээврээс ус алдсантай холбоотойгоор даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, Ө- СӨХ-ны тодорхойлолт зэргээр тогтоогдсон тул даатгалын тохиолдол бий болохоос өмнөх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй гэх гомдол үндэслэлгүй.

4.б.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд даатгалын гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байхад нөхөн төлбөр шаардсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан боловч Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 3.1-т Даатгалын гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл хүчинтэй хэвээр байна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн гэрээ дуусгавар болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүх талуудын мэтгэлцсэн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд нийцсэн гэж үзнэ.

5.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн даатгалтай учраас даатгал авах ёстой, СӨХ хариуцлага хүлээх ёстой гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт нийцсэн байх тул давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/00787 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д ... гэснийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт тус тус гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ Г.ДАВААДОРЖ