Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн  

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

                         Шүүгдэгч                                         Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Тт холбогдох 1832000000077 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, */ тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 capын хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Дэлгэрсайханы Т.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Д.Т нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Хар морьт” гэх газар 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Осийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Батмөнх ах болон түүний найзтай хамт гурвуулаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хар морьт гэдэг газарт гар аргаар алт олборлохоор явсан. Тэнд очоод Остэй таарсан. Ос араваад хүмүүсийн хамт байсан. Өмнө нь Ос надруу шал согтуу гар утсаараа залгаад намайг нохой Таа гэж доромжлоод байсан юм. Би тэгээд жоохон архи уусан байсан болохоор тэрийг нь санаад Осийг алт гаргахаар ухаж байсан нүхний хажууд сууж байхаар нь очоод малгайных нь саравчруу гараараа цохиод чи муу согтчихоороо их новшийн гар даа чи босоод ир хоёулаа уулзая гээд дагуулаад нүхнээс холдоод доошоо явсан. Тэгтэл Ос юм ярилгүй доор байсан машинд очоод суучихсан. Тэгэхээр нь би араас нь очоод чи намайг яахаараа нохой, гахай гэж дууддаг юм гээд Осийг 2 удаа алгадсан. Тэгтэл Ос машинаас бууж ирээд миний хоёр гарыг бариад авсан тэгэхээр нь би Осийг толгойгоороо нүүрэн тус газарт нь мөргөсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Ос мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр таньдаг Мөнхтүвшин гэдэг хүний хамт гар аргаар алт олборлохоор Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хар морьт гэдэг газар луу явсан. Тэнд очоод нүх ухаад байж байтал Таа нэг хүний хамт ирсэн. Намайг нүхнийхээ амсар дээр сууж байтал Таа миний малгайны саравч руу гараараа цохиод чи бол хогийн бацаан, хогийн банди шүү дээ, чи амьсгаа шүү дээ гээд намайг босоод ир хоёулаа уулзаадахъя гээд нүхнээс жаахан холдож уулнаас доошоо буусан. Доошоо буугаад Таа тамхи татаад нэг их юм яриагүй. Намайг хөгийн амьтан гээд байхаар нь би бүр доошоо яваад цуг ирсэн хүнийхээ автомашинд очиж суусан. Тэгтэл Таа араас ирээд намайг чи бол лалрын банди шүү дээ гээд миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Би автомашинаас буугаад Таагийн гарыг гараараа бариад автал намайг шууд 1 удаа мөргөчихсөн. Тэгтэл Таагийн ах ирээд Тааг салгаад аваад явсан. Ингээд би Баянгол сум руу явган алхаад явсан. Би замдаа эгчрүүгээ утсаар яриад такси явуулаадахаач Таа намайг зодчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/

          Гэрч Д.Бг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ямар шалтгааны улмаас маргалдсаныг нь мэдэхгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим Ос, Т хоёр юм яриад сууж байгаад нэг харахад хоорондоо барьцалдаад хоёр биенийгээ 1-2 удаа цохисон шинжтэй зууралдаад байхаар нь би очоод салгасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

          Гэрч Л.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … машины хажууд хоорондоо барилцаад байж байсан. Яг хэн нэгнийгээ цохисоныг нь бол хараагүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16- р хуудас/

          Гэрч С.Ст мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ос, Т нар машины хажууд юм яриад сууж байсан. Бид нар нүхэн дээр ажиллаж байсан. Тэгээд л нэг харахад хоорондоо маргалдсан гээд Ос явна гээд байж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/

           Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /ХХ-ийн 23-р хуудас/

           2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №113 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

                  1. Б.Осийн биед хамар ясны хугарал, баруун чихний омогт цус хурсан, зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 25- р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 32 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Тын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /36 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 37-39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Т нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Хар морьт” гэх газар 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Осийн эрх чөлөөнд халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч Б.Осийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгтэл Таа араас ирээд намайг чи бол лалрын банди шүү дээ гээд миний нүүр лүү 2-3 удаа алгадсан. Би автомашинаас буугаад Таагийн гарыг гараараа бариад автал намайг шууд 1 удаа мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/,

■F

Гэрч Д.БгТын мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 06 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчим Ос, Т хоёр юм яриад сууж байгаад нэг харахад хоорондоо барьцалдаад хоёр биенийгээ 1-2 удаа цохисон шинжтэй зууралдаад байхаар нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Л.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн “...машины хажууд хоорондоо барилцаад байж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16- р хуудас/, Гэрч С.Стийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Ос, Т нар машины хажууд юм яриад сууж байсан. Бид нар нүхэн дээр ажиллаж байсан. Тэгээд л нэг харахад хоорондоо маргалдсан гээд Ос явна гээд байж байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /ХХ-ийн 23-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №113 дугаартай Шинжээчийн дүгнэлт “...1.Б.Осийн биед хамар ясны хугарал, баруун чихний омогт цус хурсан, зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /ХХ-ийн 25- р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Тыг хохирогч Б.Осийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Т нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Хар морьт” гэх газар 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Осийн эрх чөлөөнд халдан зодож, Б.Осийн биед хамар ясны хугарал, баруун чихний омогт цус хурсан, зөөлөн эдийн няцралттай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дэлгэрсайханы Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Д.Тыг торгох ялыг 04 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.