| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/01022/И |
| Дугаар | 309/ШШ2026/00734 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 309/ШШ2026/00734
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******гийн *******эд холбогдох,
Ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу 346,436,514 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.******* нь 2024 оны хавар надтай ирж уулзаад "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Бичигтийн боомт руу 500 килограммаар боосон өвс тээвэрлэж гаргах ажил байна" гэж хэлсэн. Бид 2 ярилцаж тохиролцоод 500 килограммаар боосон өвс нэг бүрийг нь 50 юаниар буюу 1 тонн өвсийг 100 юаниар тээвэрлэхээр тохиролцсон. Н.******* нь "та эхлээд тээвэрлээд явж бай би удаахгүй мөнгийг нь гаргаад өгье" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд өвсийг нь тээвэрлэж эхэлсэн. Би 2024 оны хавраас 2024 оны 07 сар хүртэлх хугацаанд нийт 9252 ширхэг 500 килограммаар боосон өвсийг газрын тосны 19 дүгээр талбайн ойр хавьд байх хадлангийн газраас нь тээвэрлэн Бичигтийн боомтон дээрх зааж өгсөн газарт нь хүргэж өгсөн. Би анх Н.*******тэй гэрээний төлбөрийг БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юаниар хийхээр тохиролцсон. Иймд би Н.*******ээс авах ёстой 462,600 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2025 оны 06 сарын 25-ны өдрийн Монгол банкнаас тогтоосон хаалтын ханшаар тооцож 1 ширхэг юанийг 499 төгрөг 26 мөнгөтэй тооцож, 230,957,676 төгрөг, алданги 115,478,838 төгрөг, нийт 346,436,514 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч, Н.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.******* миний бие нь Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан суманд БНХАУ-ын иргэн Yijile буюу ******* гэгчид тусалж хадлангийн үйл ажиллагаанд оролцсон. Гэхдээ дээрх хадлантай холбоотой бүхий л зардал, үр ашиг орлогыг миний бие авдаггүй байсан бөгөөд зөвхөн Монгол улс дахь хадлангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, тээвэрлэлт, хил гаалийн бүрдүүлэлт зэрэгт Монгол талын бичиг баримт, гэрээ хэлцлийг хийж өгөх байдлаар хамтарсан. Нэхэмжлэгчтэй бол энэ нөхцлийн үүднээс БНХАУ-ын иргэнийг төлөөлж тээвэрлэлтийн гэрээг байгуулсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч бас сайн мэдэж байгаа. Тээвэрлэлтийн зардлын хувьд бол тухайн үед нэг тонн өвс тээвэрлэх зардал тонн тутамд 70 юань буюу нэг боодол нь 35 юань байсан бөгөөд хадлангийн жинхэнэ эзэн БНХАУ-ын иргэн Yijile буюу ******* хариуцагч миний бие болон нэхэмжлэгч Ц.******* бид харилцан ярилцаад бэлэн бусаар тээврийн зардлыг тооцож байгаа учраас тээвэрлэгч талын эрсдлийг бодолцоод тухайн үеийн бодит зах зээлийн үнээр биш 30 юаниар илүү буюу нэг тонныг 100 юаниар тээвэрлүүлэхээр тохирсон. Бодит байдал дээр 9252 боодлыг 35 юаниар тооцоход 323,820 юань буюу 161,670,373 төгрөгийн тээвэрлэлтийн зардал гарах байсан. Хэрвээ нэхэмжлэгч нь алданги нэхэмжилж байгаа бол бидний зүгээс тээвэрлэлтийн зардлыг тухайн үеийн зах зээлийн бодит үнээр бодож тооцож түүнээс алдангийг тооцуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Түүнээс бодит үнэлгээнээс дараа төлбөрт нөхцлөөр ачуулсан ашгийг тооцож тээвэрлэлтийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээс алданги тооцсоноор хариуцагч нарыг даруй үндсэн төлбөрийн зөрүү 115,329,060 төгрөг алдангийн зөрүү 57,664,530 төгрөг, нийт үндэслэлгүйгээр 172,993,590 төгрөгийн хохиролд оруулж хөрөнгөжихөөр нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Н.******* миний хувьд бодит байдал дээр энэ хадлангийн өвснөөс ямар нэгэн үр ашгийг хүртээгүй бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэний хувьд төлөөлөх байдлаар гэрээнд гарын үсэг зурсан тул жинхэнэ хариуцагчийг олж гэрээний үүргийг шаардах нь зөв болно. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт 2024 онд 500 килограммаар боосон нэг боодол өвсийг боодол тутамд нь 35 юаниар тооцож тээвэрлэж байсныг тухайн үеийн өвс тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн бүх хүмүүс мэдэж байгаа учраас үүнийг гэрчлэх хүнээр үнэ тарифийг гэрчлүүлэх болно. Иймд миний хувьд жинхэнэ хариуцагч биш, гэрээний үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч гэрээний үнийн дүнг тухайн үеийн бодит үнэлгээгээр тооцож, эсвэл гэрээнд заасан үндсэн үнээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нөхцөлд харилцан ойлголцолд хүрэх, жинхэнэ хариуцагчтай зөвшилцөж төлбөрийг төлөх асуудалд дэмжлэг үзүүлэх бол боломжтой. Нэхэмжлэгчийн байр суурь өөрчлөгдөөгүй нөхцөлд бид зохих хууль зүйн туслалцаа авч сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээний үнийн дүн дээр маргах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
...Бид Итгэмжлэлд заасан эрхийн дагуу дараах нөхцөлөөр гэрээ байгуулав.
1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 116,436,514 төгрөгийг хасаж, 230,000,000 төгрөгийг нэхэмжлэх.
2. Хариуцагч тал энэхүү гэрээний 1-д тохирсон төлбөрийг 2027 оны 05 дугаар сард багтаан төлөхөөр тус тус тохиролцов гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.*******эд холбогдуулан ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу 346,436,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 116,436,514 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 230,000,000 төгрөгийг нэхэмжлэх, хариуцагч нь энэхүү төлбөрийг 2027 оны 05 дугаар сард багтаан төлөх”-өөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.******* нь ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 230,000,000 төгрөгийг 2027 оны 05 дугаар сард багтаан нэхэмжлэгч Ц.*******т төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,890,132 төгрөгийн 50 хувь болох 945,066 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 945,066 төгрөгийг, хариуцагч Н.*******ээс 653,975 төгрөг /230,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,307,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.******* /РД: /-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ПАГМА