Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 309/ШШ2026/00735

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Пагма би,

Нэхэмжлэгч: *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******гийн *******,

Хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 413,400,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.******* нь Ц.******* надаас 260,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, 1 сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу 2 сарын хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон 2024 оны 07 сарын 08-ны өдөр "Зээлийн гэрээ"-г байгуулсан. Мөн зээлийн гэрээний баталгаа болгож Н.******* нь өөрийн "******* ******* *******" ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн сумын 3-р баг " " баг, " "-ын 21 хаягт байрлах нэгж талбарын дугаартай, 10.000 мкв талбай бүхий терминал /ачиж, буулгах талбай/ зориулалттай газрыг барьцаанд тавьж, 2024 оны 07 сарын 08-ны өдөр "Барьцааны гэрээ"-г байгуулсан. Гэвч Н.******* нь зээлсэн мөнгөө гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй бөгөөд мөнгөө авъя гэхэд хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Миний хувьд Н.*******эд итгэж гэрээний хугацааг олон хойшлуулсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй байна. Иймд хариуцагч Н.*******ээс 2024 оны 07 сарын 08-ны өдрийн "Зээлийн гэрээ"-ний дагуу 413,400,000 төгрөг гаргуулах, мөн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн "Барьцааны гэрээ"-нд заасан үл хөдлөх хөрөнгө буюу "******* ******* *******" ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн сумын 3-р баг " " баг, " ”-ны 21 хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 10.000 мкв талбай бүхий терминал /ачиж, буулгах талбай/ зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Yijile буюу Ижлээ нь хадлангийн техник хэрэгсэл түүнийг санхүүжүүлэх мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед ******* ахад Ижлээ мөнгө зээлэх гэсэн юм гэснийг хэлэхэд зээлийн барьцаа байгаа юм уу гэсэн. Тэгээд би өөрийн гэх хүнтэй хамтран эзэмшдэг “******* Идэр *******” гэх компанийн эзэмшлийн сумын 3-р баг энгэр баг хавирга ын 21 хаягт байрлалтай нэгж талбарын дугаар бүхий 10.000 мкв талбай бүхий ачиж буулгах талбайн зориулалтай газрыг барьцаалахаар зөвшөөрсөн. Ингэхдээ компанийн бусад хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй. Нэхэмжлэгчтэй анх 2023 оны 07-р сарын 25-нд дээрх шалтгаанаар зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай нэг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авснаас хойш БНХАУ-ын иргэн Ижлээ нэхэмжлэгчийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр 30,000,000 төгрөгийг хүүнд шилжүүлсэн. Гэрээ нь 2023 оны 12 сары 25-ны өдөр дуусгавар болох ёстой байсан бөгөөд нийт хугацаанд хүүнд 50,000,000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохирсноос Ижлээ 30,000,000 төгрөгийг төлж үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүүний үлдэгдэл 20,000,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөгийн зээлийн тооцоо 2023 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар үлдсэн байсан. Дээрх хугацаанаас хойш буюу 2024 оны 06-р сар орчимд хариуцагч ******* миний бие нэхэмжлэгчид 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ нь өмнөх зээлийн хүүний тооцооны үлдэгдэл 20,000.000 төгрөгийг бүрэн төлж үндсэн зээлээс 40,000,000 төгрөгийг төлсөн гэсэн үг бөгөөд энэ 60,000,000 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгчийн үндсэн зээлээс 40,000,000 төгрөг хасагдаж нийт үлдэгдэл 160,000,000 төгрөг үлдсэн байсан. Түүнээс хойш 2024 оны 07 сарын 08-ны өдөр өмнөх гэрээний үүргийн үлдэгдэл тооцоог тооцож, мөн Матад сумын нутаг дэвсгэр 19-р газрын тосны талбайгаас Улаанбаатар хот руу тээвэр хийлгэсэн 30,000,000 төгрөгийг тооцоод гэрээг шинэчлэхээр болсон. Нэхэмжлэгч нь гэрээний зээлийн дүнг 260,000,000 төгрөг гэж тооцож нийт 2 сарын хугацаатай нэг сарын 4.5 хувийн хүү төлөхөөр тохирсон. Гэхдээ дээрх 260,000,000 төгрөгийн тооцоог буруу тооцож гаргасан байна. Учир нь өмнөх гэрээний үлдэгдэл 180,000,000 төгрөг, тээврийн зардал 30,000,000 төгрөг, нийт 210,000,000 төгрөгийн цэвэр үлдэгдлээр гэрээний үнийн дүн тодорхойлогдох байхад талууд өмнөх тооцооноос хасагдсан дүнг хасаж тооцохгүйгээр гэрээг шинэчлэн байгуулж хариуцагч талыг 50,000,000 төгрөгөөр хохироох нөхцөлд хүргэсэн байна. Гэрээг шинэчлэн байгуулсан бодит дүн нь 210,000,000 төгрөг байх ба үүнээс хүүг тохирсон хугацаанд тооцох ёстой. Мөн гэрээг байгуулснаас хойш нэхэмжлэгчид 2 машин өвс буюу 18,460,000 төгрөгийн төлбөрийг бараа материалаар төлсөн тооцоог мөн хасаагүй байна. Энэ өвсний тооцоог оруулаад тооцоход 191,540,000 төгрөгийн үндсэн зээлийн өр байна. Зээлийн хүүг 210,000,000 төгрөгөөс тооцоход 2 сарын хүү 18,900.000 төгрөг болж байгаа бол 191,540,000 төгрөгөөс тооцвол 17,238,600 төгрөг болж байна. Бидний хувьд 191,540,000 төгрөгийн бодит зээлийн хоёр сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Эндээс тооцвол зээлийн хүү 17,238,600 төгрөг ба нийт 208,778,600 төгрөгийг гэрээний хугацаа дуусахад төлөхөөр байна. Иргэний хуульд зааснаар алданги нь гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн гэж үзвэл 104,389,300 төгрөгийн алданги төлж нийт 313,167,900 төгрөгийг төлөхөөр энгийн тооцооллоор гарч байх ба үүнээс шинэчилсэн гэрээнд хийсвэрээр нэмэгдсэн 50,000,000 төгрөгийг хасвал 263,167,900 төгрөгийг хариуцагчаас төлөхөөр байна. Дээрх төлбөрийг мөн л Ижлээ гэх БНХАУ-ын иргэний хадлангийн үйл ажиллагаанд зориулж байгуулсан ба хариуцагч хуулийн этгээд ямар нэг үр ашиг, шимийг хүртээгүй. Гэрээг тухайн хуулийн этгээдийн бусад эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан нь гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хүргэж байна. Мэдээж нэхэмжлэгчид зохих үндэслэл бүхий өр тооцоог жинхэнэ хариуцагчаас авч өгөхөд бүх талаар дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

...Бид Итгэмжлэлд заасан эрхийн дагуу дараах нөхцөлөөр гэрээ байгуулав.

1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас 43,400,000 төгрөгийг хасаж, 370,000,000 төгрөгийг нэхэмжлэх.

2. Хариуцагч тал нэхэмжилсэн 370,000,000 төгрөгийг 2027 оны 05 дугаар сард багтаан төлөх.

3. Хариуцагч тал энэ гэрээний 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй тохиолдолд 2024 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан 1091 тоот Барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч тохиролцов гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Н.******* болон “******* ******* *******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 413,400,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 43,400,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 370,000,000 төгрөгийг нэхэмжлэх, хариуцагч нь энэхүү төлбөрийг 2027 оны 05 дугаар сард багтаан төлөх, заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд 2024 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан 1091 тоот Барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Н.******* болон “******* ******* *******” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 370,000,000 төгрөгийг 2027 оны 05 дугаар сард багтаан нэхэмжлэгч Ц.*******т төлөх, заасан хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд 2024 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан 1091 тоот Барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,224,950 төгрөгийн 50 хувь болох 1,112,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 1,112,475 төгрөгийг, хариуцагч Н.******* болон “******* ******* *******” ХХК-аас 1,003,975 төгрөг /370,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2,007,950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.******* /РД: /-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.ПАГМА