Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/205

 

2026           02           12                                                                         2026/ДШМ/205

 

 

П.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мандуул,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч П.А- /хорихоос цахимаар/, түүний өмгөөлөгч П.Аюушжав, Д.Жаргал,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2025/ШЦТ/2710 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч П.Аюушжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.А-д холбогдох 2305037030751 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт П-ын А-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:П-).

Шүүгдэгч П.А- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас их хэмжээний буюу нийт 709,810,329 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Алтанбаганы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт П-ын Алтанбаганыг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б- овогт П-ын А-ыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А-ас 709,810,329.00 (долоон зуун есөн сая найман зуун арван мянга гурван зуун хорин ес) төгрөгийг гаргуулж хохирогч “Н-” ХХК (хууль ёсны төлөөлөгч)-нд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.А-ын өмгөөлөгч П.Аюушжав шүүгдэгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.А- нь “Н-” ХХК-д 2015 оны 08 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл бүтэн 8 жил ажилласан. Энэ найман жил энэ компанид ажиллаж байх хугацаанд “Н-” ХХК-ийн захирал Б- нь нэг ч удаа тооцоо нийлж тооцоо нийлсэн акт үйлдэж байгаагүй, тухайн жил бүр тооцоо хийгээд албан ёсны нягтлангаар тооцоо тайлангаа хийлгэж байгаагүйн улмаас өнөөдрийн байдалд хүрсэн. Шүүгдэгч П.А-ын хувьд тухайн борлуулалт хийж байх үед кимчи муудах, хугацаа хэтрэх болон дэлгүүр болон лангуунууд кимчи авчихаад тооцоо төлбөрөө төлөхгүй зугтаасан болон алга болсон зөндөө тохиолдлууд гарч байсан. 8 жилийн дараа баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байсан. П.А- нь ийм их буюу 709,000,000 төгрөгийг завшиж идээгүй, цалин өгөхгүй хувь өгнө гэж ажиллуулдаг байсан. Иймд гомдолтой байна гэж тайлбарлаж байна. “Н-” ХХК-ийн захирлын татвараас зугтааж нэг ч тайлан тооцоо татварт тайлагнаж байгаагүй болон орлогыг компанийн данс болон өөрийн хувийн дансаараа авдаг байсан үйлдэл нь өөрөө гэмт хэргийн шинжийг агуулж байгаа үйлдэл гэж үзэж байна. Санхүүгийн анхан шатны баримтууд нь хууль бус байсан хэрэгт хяналт тавьж байсан прокурор гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар огт шалгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Анх гомдлоор 342,000,000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн гэж “Н-” ХХК-иас гомдол гаргаж байсан боловч шинжээчийн дүгнэлтээр үнийн дүн зөрүүтэй гарч байгаа нь хохирлыг бодитоор үнэн зөв тогтоож чадаагүй. Шүүх дээр ирээд 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан боловч үнийн дүн зөрүүтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бодит хохирлыг үнэн зөв тогтоосон уу гэдэг дээр анхаарал хандуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан. Гэтэл прокурор яллах дүгнэлтээ хууль ёсны дагуу бүрдүүлсэн нотлох баримт гаргаж ирж чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, ар гэрийн гишүүн болох шүүгдэгчийн төрсөн эх байнгын асаргаанд байдаг талаарх баримт, шүүгдэгчийн гурван хүүхдийн төрсний гэрчилгээ, эхнэр болон шүүгдэгчийн өөрийнх нь иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг шинээр гарган өгч байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө миний бие уг баримтуудыг гаргаж өгөх гэсэн боловч мартсан байна. Нийт 7 хуудас баримт байгаа. Анхан шатны шүүхэд хэрэг ирж шүүх хуралдаан зарлахаас өмнө буюу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч П.А-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаанд оролцсон. Би хэргийн материалтай бүрэн танилцсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад П.А- нь 8 жилийн хугацаанд тухайн албан тушаалд ажилласан байдаг. “Н-” ХХК-ийн зүгээс цагдаагийн байгууллагад анх гомдол гаргасан. Хууль ёсны төлөөлөгчөөр “Н-” ХХК-ийн захирал Д.Б- тогтоогдож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Санхүүгийн тайланд дүгнэлт хийсэн нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Ингэхдээ иргэн Д.Б-ын Хаан банкны дансаар орсон орлогыг хохирлын тооцоог гаргахдаа ашигласан байдаг. Мөн санхүүгийн баримтууд Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй талаар нь шүүх хуралдаанд шинжээчээр оролцсон шинжээч тайлбарласан. Миний үйлчлүүлэгч хасагдах ёстой тооцооны талаар хэлдэг. Өөрөөр хэлбэл муудсан кимчи болон үлдэгдэл төлбөр зэрэг нь төлбөрүүдийн баримтыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлж ирсэн баримт гэж дүгнэхгүй байгаа. Тиймээс эдгээр баримтуудыг хасалтад тооцоогүй гэдгийг тайлбарлаж хэлээд хохирлыг 2,200,000,000 төгрөг гэж дүгнэсэн. “Н-” ХХК үүсгэн байгуулагдсанаасаа хойш Санхүү, нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлангаа гаргаж байсан боловч улсад үнэн зөв тайлангаа мэдүүлж байгаагүй. Мөн энэ хугацаанд хувийн дансаар оруулж байсан орлогыг хууль бус орлого гэж миний зүгээс үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтүүдээс яг аль шинжээчийн дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх 709,000,000 төгрөгийг миний үйлчлүүлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. 2,200,000,000 төгрөгийг яагаад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаарх няцаалтаа тодорхой дурдаж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарч чадаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө хамтран гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдолдоо жил бүр тооцоо нийлж байгаагүй, нягтлангаар тооцоогоо гаргуулдаггүй байсныг энэ гэмт хэргийн шалтгаант нөхцөл болсон гэж тайлбарлаж байна. Жил бүр тооцоо нийлсэн, эсхүл нийлээгүй нь П.А- 7 жилийн хугацаанд 709,000,000  төгрөгийг завшина гэсэн үг биш. Тооцоо нийлсэн эсэхээс үл хамаараад тухайн байгууллагад ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үргэлжилж байсан. Үүнтэй холбоотой маргадаггүй. Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг тооцоо нийлсэн эсэхээс үл хамаараад завших эрхгүй. Өөрөөр хэлбэл тооцоо нийлээгүй нь гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх үндэслэл болохгүй. Кимчи муудсан, дутагдал гардаг байсан, лангуунуудаас төлбөрийг авч чаддаггүй байсан гэх асуудал яригддаг. Хэргийн үйл баримтыг аваад үзэх юм бол П.А- тухайн борлуулалтыг хариуцаж хийдэг байсан. Бусдад худалдан борлуулсан кимчиний  төлбөр орж ирээгүй тохиолдолд тухайн байгууллагадаа тайлагнах ёстой. Хэрэгт авагдсан баримтаас харахад огт тайлагнаж байгаагүй болох нь харагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэр хэмжээний кимчи, хэзээ, хэрхэн муудсан, үүнийгээ ажил олгогч болох тухайн байгууллагад хэрхэн яаж тайлагнаж байсан юм бэ гэх үйл баримт мөн адил хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргаж ажиллагаа хийлгэсэн зүйл байдаггүй. Мөн шүүгдэгч талаас хохирол төлбөрийн асуудал ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй. 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлгээс эхлээд Г.Нацагдорж өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж эхэлсэн. Үүний дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Энэ үед урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй буюу урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар өнөөдрийн шүүх хуралдаанд тайлбарлаж буй асуудлаа ярих хууль зүйн боломж байсан. Гэвч энэ эрхийг хэрэгжүүлээгүй. Хэрэг анхан шатны шүүх дээр ирсний дараа 60 хоногийн хугацаатай шүүх хуралдааныг хойшлуулж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ талаарх ажиллагаа бүрэн хийгдсэн. Тус шинжээчийн дүгнэлтээр 34 хуудас баримтыг санхүүгийн баримт гэж үзэхгүй гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэж тайлбарлаж байна. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийн ямар хэсэг, ямар байдлаар зөрүүтэй юм бэ гэдэг асуудлыг давж заалдах гомдолд дурдаагүй. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гэх үндэслэл нь гэмт хэрэг гэдгийг үгүйсгэх нөхцөл байдал юм уу, эсхүл зөвхөн хохирол төлбөртэй холбоотой асуудлын хүрээнд яригдаж байгаа юм уу гэдэг талаар бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо тодорхой дурдаагүй байсан. Хэрэгт нийт гурван удаагийн шинжээчийн дүгнэлт бий. Эдгээрээс харахад 4,000,000 төгрөгийн хэмжээнд зөрүүтэй дүгнэлт гарсан байсан болохоос 400,000,000 төгрөгийн зөрүүтэй шинжээчийн дүгнэлт гараагүй. Энэ нь өөрөө бага хэмжээний мөнгө биш. Нэг жилийн хугацаанд болсон асуудал биш 7 жилийн хугацаанд үүссэн асуудал учраас 4,000,000 төгрөгийн зөрүү байх боломжтой. Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот дүгнэлтэд заасан хохирлын хэмжээгээр төлбөрийг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эдгээр дүгнэлтүүдэд анхан шатны баримт дээр үндэслээд нэгтгэлээ гаргаад анхан шатны баримтыг аваагүй ч гэсэн тухайн анхан шатны баримтуудад дүгнэлт хийсэн талаар дурдсан байсан. Тиймээс шүүгдэгч талаас гаргасан анхан шатны баримт байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нийт 7 жилийн хугацаанд 709,000,000 төгрөгийн хохирол учруулсан талаарх асуудал яригддаг. Үүнийг нь сараар хувааж үзэхэд нэг сард 8,300,000 төгрөг завшсан харагдаж байна. Сард 8,300,000 төгрөгийн кимчи дутагдах, төлбөр авч чадахгүй байх нөхцөл байдал байх боломжгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт П.А- өөр орлогын эх үүсвэртэй буюу ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Давж заалдах гомдлыг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгаар гаргасан. Хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс ял хөнгөдсөн, эсхүл хүндэдсэн гэдэг асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй гэдгийг анхаарах ёстой. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Прокурор Э.Мандуул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гэх байдлаар тайлбарлаж үүнд үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эдгээрээс 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд үндэслэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хоёр жилийн дараагаар шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдааны явцад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч П.А-ыг 2,000,000,000 төгрөгийн өртэй гэж тодорхойлсон. Энэ талаар шинжээч шүүх хуралдаанд ирж тайлбараа гаргасан. П.А-ы гаргаж өгөөгүй материалыг хохирогчийн хохирсон байдлаас хасаж байж хохирол гарна гэж хөдлөх ёсгүй тооноос хөдлөх тоог хасаж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг прокурорын зүгээс хүлээж авах үндэслэлгүй, хоёр дахь дүгнэлтийн дагуу шийдвэр гаргуулъя гэж саналаа илэрхийлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээрээ маргадаггүй. Зөвхөн хохирлын зөрүүтэй холбоотой тайлбар хэлсэн. Прокурорын зүгээс 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтийг үндэслээд яллах дүгнэлт үйлдсэний дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч П.Аюушжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.А- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас их хэмжээний буюу нийт 709,810,329 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н- ХХК нь 2002 онд байгуулагдаж байсан, кимчиний үйлдвэрийн компани ба, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс Н- тоотод үйл ажиллагаа явуулдаг. 2012 онд Ө- гэх залууг борлуулалтын ажилтнаар, 2015 онд А-ыг, А-ийг 2019 онд тус тус борлуулалтын ажилтнаар авч ажиллуулж байсан. Ө-, А-, А- нарыг анх ажилд авахад аман гэрээ хийж, гэрээнд тухайн үед цалинг өөрсөдтэй нь тохироод борлуулалтын орлогоос 2.5 хувь бодож өгөхөөр болсон. Бичгээр гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Манай компани нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг руу кимчигээ унаанд тавьж өгч борлуулалт хийдэг. Нийт 10 орчим ажилтантай, 3 борлуулагч, үйлдвэрийн ажилчидтай. Харин нягтлан байхгүй учир цалинг би тавьдаг байсан. Борлуулалтын орлогыг өдөр болгон хийдэг байсан, харин сүүлд хэд хоногт нэг удаа тооцоог тулахад борлуулагч нар хувь хүнээс авлагатай, тухайн дэлгүүр мөнгөө өгөөгүй гэх шалтгаан хэлдэг байсан. Борлуулалтын орлого дутаж худлаа хэлэх болсон. А-д 2018 оноос хойш цалин тавиагүй. Тэрнээс хойш гурван борлуулагч цалингүй явсаар байгаад борлуулалтын орлогоос хэдэн жилийн хугацаанд их хэмжээний мөнгө завшсан байсан. Ө- 636,477,120 төгрөгийг хувьдаа завшиж манай компанид их хэмжээний хохирол учруулж ажиллах хугацаандаа байр, граш, машин авч мөн 2022 оны 04 сараас кимчиний үнээ нэмж борлуулахаар болоход уг мөнгөн дүн дээр ширхэг бүр дээр 100 төгрөг нэмж зарж борлуулж ашиг унагаадаг байсан. Энэ талаар 2023 оны 10 сарын 14-ний өдөр дараагийн борлуулалт хийхдээ мэдсэн. А- ажиллах хугацаандаа 82,829,717 төгрөгийг хувьдаа завшсан. Энийгээ өөрөө хүлээн зөвшөөрч юунд зарцуулсан талаар асуухад юу ч хэлэхгүй байгаа. Дансны хуулгыг нь хальт харахад эхнэр гэр бүл, ээждээ өгч, лизингийн машины өрөө дарсан харагдсан. Тэгээд байраа зараад төлөөд ажиллая гэсэн боловч хадам ээждээ байраа барьцаалаад мөнгө өгчихсөн, өрөө төлж чадахгүй болчихсон гэж хэлээд ажпаасаа гарсан. А- 713,820,129 төгрөгийн мөнгө хувьдаа завшсан байсан. Эхнэр нь С- захад хиамны лангуу ажиллуулдаг болсон байна лээ. Хашаагаар нь дүүрэн машин байгаа. 10 га гаруй газар авсан, тэрийгээ өгье гэж байснаа сүүлд өмгөөлөгч аваад мөнгө төгрөг, өрөө төлөхгүй зугтаад алга болчихсон, одоо утсаа авахгүй байгаа. Манай компанид борлуулалтын ажилтны ажлын газрын тодорхойлолт гэж байгаа. Тодорхойлолт дээр борлуулагч нь машинаа бариад нэг төрлийн бараагаа худалдан борлуулаад тухайн мөнгө, падаан, баримтыг компанид тушаах ёстой гэж заасан.” (1 хх 18-19),

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст “Н-” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гомдол (1 хх 11),

“Н-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ гүйцэтгэх захирал Д.Б-, П.А-ыг ажилд авах тухай “Н-” ХХК-ийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1508/0310 дугаартай тушаал (1 хх 12, 28),

“Н-” ХХК-ийн борлуулалтын ажилтан П.А-ын 2017-2023 оны тооцооны жагсаалт, авлагын үлдэгдэл баталгаажуулалт (1 хх 33-37),

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл борлуулагч П.А-ын “Н-” ХХК-ийн захирал Д.Б-ын данс руу шилжүүлсэн орлогын хуулга (1хх 38-46, 48),

“Н-” ХХК-ийн захирал Д.Б-ын эзэмшдэг Хаан банкны А- тоод дансны хуулганы орлогын гүйлгээний тооцоо, Н- ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байсан П.А-ын бараа, материалын борлуулалт болон төлбөрийн тооцоо (1 хх 56-93),

“А-” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/36 дугаартай: “...Борлуулагч П.А- 2017оны 1 дүгээр сарын 01-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 03 өдрийг хүртэлх хугацаанд нийт 5,866,939,000 /Таван тэрбум найман зуун жаран зургаан сая есөн зуун гучин есөн мянган/ төгрөгийн үнэ бүхий кимчиг хүлээн авч борлуулалт хийсэн. ...Тус компанид борлуулагчаар ажиллаж байсан П.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 03 өдрийн байдлаар нийт 713,820,129 төгрөгийн борлуулалтын орлогын мөнгийг компанид тушаагаагүй дутагдуулсан нь тогтоогдсон. ...” гэх дүгнэлт /шинжээч Б.Б-/ (1 хх 25-27),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №14 дугаартай:

“...“А-” ХХК-ийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/36 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Тус компанид борлуулагчаар ажиллаж байсан П.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 03 өдрийн байдлаар нийт 713,820,129 /Долоон зуун арван гурван сая найман зуун хорин мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийн борлуулалтын орлогын мөнгийг компанид тушаагаагүй дутагдуулсан нь тогтоогдсон.” гэж дүгнэсэн нь тооцооллын хувьд зөрүүтэй боловч үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь: Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Н-” ХХК-ийн борлуулалтын ажилтан П.А- нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс (СБ-7, 02/17/001 хуудаст авагдсанаар эхний үлдэгдлийг тооцсон) 2023 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн хоорондох хугацаанд ажиллахдаа нийт 5,866,939,000.00 төгрөгийн бараа, материалыг худалдан борлуулснаас захирал Д.Б-ын тооцсоноор нийт 546.335.705.00 /399,608,230+146,727,475/ төгрөгийг зардалд тооцсон, бэлэн мөнгөөр 1.387.598.846.00 төгрөг тушаасан, Д.Б-ын Хаан банкны А- дансанд 3.225.871.320.00 төгрөг шилжүүлсэн байна. ...Иймд П.А-ын “Н-” ХХК-д компанид төлөх төлбөр нь 709,810,329.00 төгрөг гарч байна. ...” гэх дүгнэлт (1 хх 49-55),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Баяраагийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №159 дугаартай:

- “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол, санхүүгийн гэх 35 хуудас баримт ирүүлснийг судлан үзэж, тогтоолд тавигдсан асуултад үндэслэлтэй хариулт өгч, дүгнэлт гаргах зорилгоор Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2023 оны А/3148, А/178 тоот тушаалаар батлагдсан “Эдийн засгийн шинжилгээ хийх журам", Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2021 оны А/30 тоот тушаалаар батлагдсан "Эдийн засгийн шинжилгээнд тавигдах шаардлага байгууллагын стандарт"-ыг тус тус баримтлан шинжилгээ хийж, энэхүү дүгнэлтийг гаргав.

- Нэмэлт шинжилгээнд ирсэн санхүүгийн баримт гэх 34 хуудас нь ямар нэгэн баримт биш А4 хэмжээтэй цагаан цаасан дээр гараар бичсэн тоонууд байна. Харин 1 хуудас цаасанд наасан зогсоол, талбайн хураамж гэх төлбөрийн тасалбаруудаас 4 ширхэг нь шинжилгээний хугацаанд хамааралгүй буюу 2024 оны 08 дугаар сарынх байна. Мөн 6 ширхэг тасалбарууд нь он сар, өдөр нь тодорхойгүй байна. Иймд нэмэлт шинжилгээнд ирүүлсэн 35 хуудас нь шинжилгээний объектын шаардлага хангаагүй болно.

-Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн 35 хуудас нь шинжилгээний объектын шаардлага хангаагүй тул нэмэлт шинжилгээгээр өмнөх шинжээчийн 14 дугаартай дүгнэлтээр гарсан тооцоонд өөрчлөлт орохгүй болно. ...” гэх дүгнэлт (1 хх 170-173) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.А-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 “Завших” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” хэмээн тодорхойлж, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол. ...” гэж тус тус хуульчлан заажээ.

"Завших” гэмт хэргийн объект нь өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний өмчлөх эрх байдаг бол субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өмч хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд заасны дагуу бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн хүн байхаар заасан, хохирогчийн  эд хөрөнгө гэмт этгээдэд шилжсэний дараа уг эд хөрөнгийг хууль бусаар дур мэдэн өөрийн үзэмжээр захиран зарцуулж, шамшигдуулан гэмт санаагаа хэрэгжүүлж эхэлснээр гэмт хэргийн шинж хангагдана.

Шүүгдэгч П.А- нь “Н-” ХХК-нийн гүйцэтгэх захирлын тушаалаар тухайн байгууллагад борлуулалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас их хэмжээний буюу нийт 709,810,329 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.А- болон түүний өмгөөлөгч нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шинжээчийн дүгнэлтээр үнийн дүн зөрүүтэй гарч байгаа нь хохирлыг бодитоор үнэн зөв тогтоож чадаагүй. Хэрэг шүүх дээр ирээд 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан боловч үнийн дүнг бодитой тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан бодит хохирлыг үнэн зөв тогтоож чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

“А-” ХХК-ийн гаргасан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/36 дугаартай шинжээчийн “...Тус компанид борлуулагчаар ажиллаж байсан П.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 03 өдрийн байдлаар нийт 713,820,129 /Долоон зуун арван гурван сая найман зуун хорин мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийн борлуулалтын орлогын мөнгийг компанид тушаагаагүй дутагдуулсан нь тогтоогдсон...” гэх дүгнэлт,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №14 дугаартай дүгнэлтээр “...П.А- нь 2023 оны 09 дүгээр сарын 03 өдрийн байдлаар нийт 713,820,129 төгрөгийн борлуулалтын орлогын мөнгийг компанид тушаагаагүй дутагдуулсан гэж дүгнэсэн “А-” ХХК-н дүгнэлт нь тооцооллын хувьд зөрүүтэй боловч үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь: Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “Н-” ХХК-ийн борлуулалтын ажилтан П.А- нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс (СБ-7, 02/17/001 хуудаст авагдсанаар эхний үлдэгдлийг тооцсон) 2023 оны 9 дүгээр сарын 03-ний өдрийн хоорондох хугацаанд ажиллахдаа нийт 5,866,939,000.00 төгрөгийн бараа, материалыг худалдан борлуулснаас захирал Д.Б-ын тооцсоноор нийт 546.335.705.00 /399,608,230+146,727,475/ төгрөгийг зардалд тооцсон, бэлэн мөнгөөр 1.387.598.846.00 төгрөг тушаасан, Д.Б-ын Хаан банкны А- дансанд 3.225.871.320.00 төгрөг шилжүүлсэн байна. ...Иймд П.А-ын “Н-” ХХК-д компанид төлөх төлбөр нь 709,810,329.00 төгрөг гарч байна. ...” Иймд П.А-ын “Н-” ХХК-д компанид төлөх төлбөр нь 709,810,329.00 төгрөг гарч байна...” гэж дүгнэсэн мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 14-ний өдрийн 159 дугаартай дүгнэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос шинээр өгсөн баримтаар нэмэлт шинжилгээ хийлгэхэд ирүүлсэн баримт нь шинжилгээний обьектын шаардлага хангаагүй гэж үзэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №14 дугаар дүгнэлтэд өөрчлөлт орохгүй талаар дүгнэсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж заасан. Шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай харилцуулан Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №14 дугаартай дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэнг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, шүүгдэгч П.А- нь 7 жилийн хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 709,810,329 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.А- нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас их хэмжээний буюу нийт 709,810,329 төгрөгийн хохирол учруулсан нь завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байгаа төдийгүй завших гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол учруулж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.А- болон түүний өмгөөлөгч П.Аюушжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.А- 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2025/ШЦТ/2710 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-, түүний өмгөөлөгч П.Аюушжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ы цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

 

ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН

 

                       ШҮҮГЧ                                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

 

        ШҮҮГЧ                                                                  П.ГАНДОЛГОР